• Өнөөдөр 2024-04-25

Дэлхийн энхийг сахиулж яваа монгол бүсгүй

“Би үргэлж монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Энэ бол тамирчин, цагдаа хүн бүрийн зүрх сэтгэлд байдаг мэдрэмж байх. Улсынхаа далбааг бариад л шагналын тавцан дээр зогсоод, эх орноо, аавынхаа, өөрийнхөө нэрийг дуудуулах тэр мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй сайхан” хэмээн ярих энэ бүсгүйг Нямдэлэгийн Энхнаран гэдэг. 
 
Тэрбээр Судан Улсын Дарфур мужид НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих үйл ажиллагаанд UNAMID-ын мандатын дагуу Цагдаагийн зөвлөх гэдэг албан тушаалд жил орчим үүрэг гүйцэтгэж буй. Энхийг дэмжих үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцож байгаа цөөхөн эмэгтэйн нэг. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Дарфур дахь нийт үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, цэргийн энхийг сахиулагчдын дунд зохион байгуулсан 12 км-ийн мини-марафонд түрүүлж, алтан медаль, цом хүртжээ. 20 орны 150 орчим цагдаа, цэргийн алба хаагч эрэгтэй, эмэгтэй төрлөөр тэмцээнд оролцоход, улсынхаа нэрийг дуудуулан алтан медаль хүртэхдээ түүний хэлсэн хамгийн эхний үг нь “Монгол Улсын төлөө зүтгэе”. Эх орондоо биш, гаднын улсад үүрэг гүйцэтгэж байгаа ч зүрх сэтгэлийнхээ угт Монголоо үргэлж тээж явдаг нь Н.Энхнарангийн энэ дөрөвхөн үгнээс илт. 
 
Инээмсэглэхэд хацарт нь жижигхэн хонхорхой үүсэж, эмэгтэй хүний ялдам, энхрий ааш аягийг бүхий л биеэрээ илтгэх мэт энэ бүсгүйг дүрэмт хувцас өмсөөгүй үед нь таарвал цагдаагийн алба хаагч гэдэгт нь итгэмээргүй. Гэтэл тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллаад есөн жилийн нүүр үзэж буй. ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлагын хэлтэс 102-ийн мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байгаад цэнхэр дуулгатан болжээ. 2005 оноос хойш таеквондогоор хичээллэж эхэлсэн, спортын мастер, хар бүс нэг дантай тамирчин бүсгүй. 2018 онд Монгол Улсад зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах олон улсын таеквондогийн ес дэх удаагийн тэмцээнд  72 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байжээ. 
 
Эмэгтэй хүүхдүүд ихэвчлэн бүжиг, хөгжим, дуу гэх мэт зүйлийг сонирхдог байхад тулааны спортоор хичээллэж, тэгээд бүр цагдаа болсон шалтгааныг нь лавлахад “Би их өвддөг хүүхэд байсан. Юм л бол унаж татаад, хамраас цус гараад, тогтохгүй эмнэлгээр их явна. Энэ хорвоогоос явчих гээд ээж, аавынхаа санааг их зовоодог хүүхэд байлаа. Тэгээд дунд ангиасаа хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн. Спорт л намайг хатуужуулж, эрүүлжүүлсэн юм шиг санагддаг. Ер нь бол би таеквондогийн спортыг сонгоогүй, таеквондо намайг сонгосон байх гэж боддог юм. Арван жилдээ даруухан, хүнд гар хүрэх нь байтугай бүрэг ичимхий хүүхэд байлаа. Гэтэл эхний оролцсон тэмцээнээсээ л амжилт гаргаж, таеквондогийн спортод шунан дурласан. Харин спорт минь намайг цагдаатай холбож өгсөн” гэж ярьсан юм.
 

Арван жилээ  2005 онд гурван их сургуулийн урилгатай төгссөн ч орохыг хамгийн их хүссэн Цагдаагийн академи нь эмэгтэй сонсогч элсүүлээгүй аж. Ингээд гурван урилгынхаа нэг болох одоогийн Их засаг олон улсын сургуулийг Бие хамгаалах эрх зүйч мэргэжлээр сурч, төгсжээ. Ээж нь охиноо олон улс, бизнесийн удирдлага, эсвэл татвар, санхүүгийн чиглэлээр, эмэгтэй хүнд амар, гоё мэргэжил сонгосонгүй гэж загнаж байсан гэдэг. 
 
Харин одоо охиныхоо сонголтыг юу гэж боддог талаар ээж Л.Түмэнжаргалаас нь утсаар холбогдож асуухад “Ажлаа сайн хийгээд явааг нь хараад охиноороо бахархдаг. Миний охины сонголт зөв байсан” хэмээсэн. Тэрбээр “Хүний нутагт эрчүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа охиндоо цаг үргэлж санаа зовно. Охиндоо санаа  чилээж, нойргүй хоносон шөнө цөөнгүй. Орой болгон охиныхоо буй зүгт сүү өргөн, сэтгэлээ дэвтээдэг” гэсэн юм. Мөн охиндоо зориулан манай сониноор дамжуулан “Миний охин ажлаа сайн хийж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад, үүргээ нэр төртэй  гүйцэтгээд ирээрэй. Ээж, хүүдээ санаа зоволтгүй” хэмээсэн юм.
 
Харин Н.Энхнаран “Цагдаа болох нь миний мөрөөдөл байсан. Энэ мөрөөдөлдөө хүрээд зогсохгүй одоо бүр дэлхийн цагдаа хийнэ гэж зүүдэлж ч байсангүй. Энэ миний анхны энхийг дэмжих ажиллагаа. Ер нь цагдаа их хүнд алба. Хийж байгаа үйл нь үргэлж ард иргэдийнхээ сайн сайхны төлөө байдаг ч хүмүүс тэр бүр ойлгохгүй. Анх би энэ шалгаруулалтад орохдоо маш их айж байсан. Энэ нь армийн энхийг дэмжих ажиллагаанаас арай өөр, бие даан оролцож байгаа гэдгээрээ онцлог. Бас л хэр баргийн эмэгтэй хүнээс гараад байдаг зориг биш.
 
СААТ-н шалгалт бас тийм ч амар давчих даваа биш. Төдийгөөс энд хүртэл ирэх тийм амар байгаагүй. Гэхдээ энэ бүхнийг даваад, эх орондоо эрүүл саруул, эсэн мэнд очсоны дараа л сэтгэл минь амрах байх” хэмээн ярих бүсгүйгээс шантарсан үедээ өөрийгөө хэрхэн, яаж зоригжуулдаг тухай нь  асуухад “Мэдээж хүн л болсон хойно шантрах үе байна. Тэр үед хүүгээ, ээжийгээ бодоод л зүтгэнэ дээ. Ер нь бол би чинь тангараг өргөсөн Монгол Улсын цагдаа, ээж хүн шүү дээ. Надад шантрах, няцах эрх байхгүй” гэсэн. 

Н.ЭНХНАРАН: МИНИЙ ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ ДЭЛХИЙН ТАВЦАНД ААВЫНХАА, ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ГАРГАХ

Н.Энхнаран өнгөрсөн оны тавдугаар сарын 25-наас хойш Судан Улсын Дарфур мужид үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард эх орондоо ирэх юм. Түүнтэй цахимаар холбогдон, ярилцсанаа хүргэе.
 
-Цагдаагийн зөвлөх гэдэг албан тушаалд үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн. Энэ нь ямар эрх, үүрэгтэй, юу хийдэг албан тушаал вэ?
-Цагдаагийн зөвлөх гэдэг нь бие даасан цагдаа буюу UNAMID ажиллагааны Төв штабаас батлагдсан ажлын байрны тодорхойлолтод зааснаар тус тусын чиг үүргээ гүйцэтгэдэг. Иргэд, дүрвэгсдийн аюулгүй байдлыг хангах, нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулж Төв штабт дамжуулах, энэ зорилгоор иргэд, олон нийтийн болон төрийн байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзаж ярилцах, орон нутгийн цагдаагийн алба хаагчид болон иргэдэд төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Мөн хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулна.
 
-Үүрэг гүйцэтгэж байх явцдаа бослого, хадлага, дайралтад хэр өртсөн бэ?
-Энд ирсэн алба хаагч болгон анх ирээд орчин нөхцөлтэйгээ танилцах зорилгоор эргүүлийн офицероор томилогддог. Ажил үүргийн хүрээнд холын болон газар тариалангийн бүс, гудамж талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Тухайн бүс нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийнэ. Мөн өдөр тутмын нөхцөл байдал, олон нийт, цагдаагийн хамтын ажиллагаа, жендерийн тэгш байдал болон хүчирхийлэл, эрсдлийн танилцуулгыг ажиллагааны Төв штабт хүргэж, зохих журам, заавруудыг мөрдөж ажилдадаг.
 
Халдлага, дайралтад өртөх тохиодол нэлээдгүй гардаг ч миний хувьд эхний гурван сар энэ үүргийг гүйцэтгэхэд азаар муу зүйл тохиолдоогүй. Одоогоор би “JOC officer буюу Joint operation center officer”-оор UNAMID-ын Штабын даргын 82 дугаар тушаалаар томилогдон үүргээ гүйцэтгэж байна. Үүргийн хүрээнд алба хаагчдын албаны бэлэн байдлыг шалгах, өдөр тутмын эргүүлийн хуваарь болон хэргийн мэдээ боловсруулж зохицуулагч офицер, Төв штаб болон холбогдох албан тушаалтан руу илгээх зэрэг үүрэгтэй.
 
-Байгаа газар тань нөхцөл байдал ямар байна вэ?
-Үүрэг гүйцэтгэж буй газар орны хувьд мөргөлдөөний дараах бүс нутагт тулгардаг хүний, тэр тусмаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил ихтэй. Хүч хэрэглэсэн гэмт хэргийн тоон үзүүлэлт хүн амтай нь харьцуулахад харьцангуй өндөр. Иргэд нь цагдаа, эмнэлэг, захиргаа зэрэг төрийн үйлчилгээнээс хол, хүнсний болон цэвэр усны хомсдлын эрсдлийн түвшин өндөр зэрэг хүндрэлтэй зүйл энд маш олон. 
 
-Коронавирус хэр их илэрч байна вэ. Манай энхийг сахиулагчид энэ халдвараас хэрхэн өөрийгөө хамгаалж байна вэ?
-Цар тахал одооноос эрчимжиж байна. Өнөөдрийн байдлаар 533 тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо 36-д хүрээд байна. 
 
-Хүндрэл, бэрхшээл юу байна вэ?
-Хүндрэл, бэрхшээл яривал тоо томшгүй олон. Гэхдээ би тэгж гоншгономооргүй байна. Энд бүх орны алба хаагч нар эх орныхоо далбааг биедээ авч явдаг. Нэг талаар төрийнхөө сүлд, далбаанд өдөр болгон аврал эрэн мөргөж байгаа боловч нөгөө талаар хэрэвзээ тухайн алба хаагчид эрсдэл тохиолдож, амиа алдвал тухайн далбаанд ороож, эх нутагт нь илгээдэг юм л даа. Эх орныхоо далбааг хэрэглэчихгүйхэн шиг, элгэн садантайгаа эрүүл энх учран золгохыг л зорьж ажиллаж байна даа. 
 
-Олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж явахад юу бодогдох юм?
-Миний томилогдон ирж ажиллаж байгаа суурингийн хувьд 13 орны 25 албан хаагч буюу цагдаагийн зөвлөхүүд ажилладаг. Манай баазын аюулгүй байдал, хамгаалалтыг Непалын зэвсэглэсэн цагдаа нар хариуцдаг. Монголын цагдаа нар ур чадвар, сахилга хариуцлагаар хэнээс ч дутахгүй. Бид хичээвэл Монгол Улс нэг дор 150 орчим цагдаагаа энхийг дэмжих ажиллагаанд явуулах бүрэн боломжтой. Үүний цаана цагдаагийн байгууллагын хөгжилд ахиц дэвшил гарах асар том боломж байна гэж харж байгаа. 
 
-Гэр бүл, үр хүүхдээ орхиод алба хаана гэдэг хэр баргийн эмэгтэй хүнээс гарахгүй зориг. Гэрийнхнээ хэр их санаж байна вэ?
-Үнэнийг хэлэхэд, анх их айж байсан. “Би юу хийчих вэ?” гээд л өөртэйгээ ярина.  Нэг үгээр хэлбэл, өөрийн амийг дэнчин тавиад ирж байгаа юм л даа. Хүүгээ, ээжийгээ маш их санаж байна. Гэхдээ боломж олдвол тэдэнтэйгээ ярьж байгаа. 
 
-Эх орондоо ирээд хамгийн түрүүнд юу хийхийг хүсэж байна вэ?
-Ээждээ тэврүүлээд, хүүгээ үнсмээр байна. 
 
-Хамгийн том мөрөөдөл нь юу вэ? 
-Аав минь амьд сэрүүн байхдаа охиноороо их бахархдаг байсан юм. Надад нэг удаа “Нямдэлэгийн Энхнаран гээд л миний охиныг шагналын тавцанд гарах болгонд аав нь давхар гардаг” гэж хэлж байсныг хэзээ ч мартдаггүй. Миний хамгийн том мөрөөдөл, чин хүсэл дэлхийн тавцанд аавынхаа, эх орныхоо нэрийг гаргах. 
 
-Гэрийнхэндээ юу гэж хэлэхийг хүсэж байна вэ?
-Ээждээ “Маш их баярлалаа. Охин нь маш их хайртай” гэж хэлмээр байна. Яагаад гэвэл намайг төрснөөс өдийг хүртэл алдаж, онох бүхий л цаг үед минь дэмжин тусалж, дэргэд минь байгаа цорын ганц хүн бол миний ээж. Харин хүү маань миний хөдөлгөгч хүч, шатахуун, хайр, бахархал минь. Тэднийг минь үргэлж бурхан өршөөх болтугай. Мөн энэ ташрамд, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвасүрэн даргатай Шуурхай удирдлагын төв, хурандаа Б.Хишигбаатар даргатай ажлын хамт олон болон ЦЕГ-ын дарга, удирдлагуудад энэхүү ажиллагаанд оролцоход, мөн бүхий л талаар тусалж, дэмжиж байдагт маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Дэлхийн энхийг сахиулж яваа монгол бүсгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 18:23:01
    Doogii: Mundag busgui shuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-30 13:07:49
    Monhbadrah: Mundag Mongol busguid amjilt daichin Manduhai hatnii urgeljlel ta shuu
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188