• Өнөөдөр 2026-06-25

Г.ХИШИГБАЯР: Барилддаг байхдаа бэлтгэлийн дараа гар дээр суниадаг байсан минь амжилтын үндэс болсон

Гар дээр суниалтын  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сорил тэмцээн Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотод болсон. Тус олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 18-24 насны ангиллын гурван минутын суниалтын төрөлд  алтан медаль, нэг цагийн ангилалд 310 удаа суниаж хүрэл медаль хүртсэн  Г.Хишигбаяртай ярилцлаа. Тэрбээр зэвсэгт хүчний 310-р анги, Баянзүрх дүүргийн гар дээр суниалтын холбооны тамирчин юм.

 –Гар дээр суниалтын олон улсын тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэнд баяр хүргэе.

     -Та сайн байна уу. Танд болон танай сайтын хамт олонд баярлалаа.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

     -Намайг Ганхуягийн Хишигбаяр гэдэг. Би одоо 19 настай.

 -Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?

     -Би Увс аймгийн Баруунтуруун суманд төрж, өссөн.

-Бага нас нь Баруунтуруун суманд өнгөрөв үү. Одоо ямар ажил эрхэлдэг вэ?

   -Тийм ээ. Миний бага нас Увс аймгийн Баруунтуруун суманд өнгөрсөн. Ерөнхий боловсролын дунд сургуулийн 9-р анги хүртлээ Баруунтуруун сумандаа сурсан. Харин ахлах сургуулиа Улаанбаатар хотын Баянгол дүүргийн “Мон-Алтиус” ахлах сургуульд суралцаж төгссөн. Одоо “Цэргийн гавьяаны одон”-т зэвсэгт хүчний 310-р ангид ажилладаг.

 -Гар дээр суниалтын спортоос өмнө ямар спортын төрлөөр хичээллэж байсан бэ?

    -Гар дээр суниалтын спортоор хичээллэхээс өмнө олимпын хүрэл медальт, самбо, жүдо бөхийн дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар дасгалжуулагчийн удирдлага дор жүдо бөхөөр хичээллэж, барилддаг байсан.

-Чухам яагаад гар дээр суниалтын спортыг сонирхож хичээллэх болов?

   -Би гар дээр суниалтын тэмцээн болдог гэж ерөөсөө бодож байгаагүй. Гэтэл интернэтээс улсын аварга шалгаруулах тэмцээн болно гэсэн зарыг олж хараад, УАШТ-д нь орж үзэхээр шийдсэн. Ер нь бол барилддаг байхдаа бэлтгэлийн дараа гар дээрээ их суниадаг байсан болохоор надад их ойр санагдсан. Амжилт гаргасан маань ч үүнтэй холбоотой байх.

-Хэд жилдээ гар дээр суниалтын спортоор хичээллэж байгаа вэ?

    -Гар дээр суниалтын спортоор хичээллээд удаагүй байгаа. Одоо яг нэг жил болох гэж байна.

-Сая Өвөр Монголын Хөх хотод болсон олон улсын тэмцээнд ямар ангиллын хэдэн төрөлд өрсөлдөж, хэдэн медаль хүртсэн бэ?

   Хятадын Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний сорил олон улсын тэмцээнд  эмэгтэйчүүдийн 18-24 насны ангиллын гурван минутын төрөлд 97 суниаж алтан мидаль хүртсэн. Мөн нэг цагийн ангилалд 310 удаа суниаж хүрэл медаль хүртлээ.

-Эмэгтэй хүн хүчний спортоор хичээллэх хэцүү, хүнд биш үү. шантарч, мохож  байв уу?

    -Би өөрөө хүчний спортод сонирхолтой. Бага ангиасаа барилдаж эхэлсэн. Тийм болохоор хэцүү санагдаад байдаггүй. Гэхдээ мэдээж хааяа жаахан шантрах үе гардаг. Тэр мэдрэмжийг даван туулан гарч чадвал, хэцүү зүйл байхгүй. Ер нь техник маш чухал байдаг. Зөв суурьтай. Зөв суниаж, амьсгаа бага байхад хэцүү зүйл байхгүй ээ.

-Гар дээр суниах нь турникэнд суниахаас ялгаатай юу?

     -Мэдээж ялгаатай байлгүй яах вэ. Гар дээрээ суниахад цээжний булчин, гарын шуу хэвлий мөрний урд хэсгийн булчингууд ачаалал авдаг. Харин турник бол нурууны булчин, атгалт гээд өөр байх. Гараараа сайн атгаж байгаад биеийн бүх жингээ гарын хүчээр татах, гараараа тулаад суниах нь ялгаатай.

-Гар дээр суниалтын техник гэж байдаг уу?

     -Гар дээр суниалтын техник гэж байдаг. Техниктэй байж гэмээн цэвэр суниалтыг хийнэ. Зөв суниалтын техник  ядралтыг багасгадаг.

 - Өөр спортын төрлөөр давхар хичээллэдэг үү?

     -Одоогоор гар дээр суниалтын хажуугаар давхар гийрийн спортоор хичээллэж байна.

-Одоо ямар клуб дээр хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?

    -Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн гар дээр суниалтын клуб дээр хичээллэдэг. БЗД-ийн Гар дээр суниалтын холбооны дарга Ганбаатарын удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийдэг.

-Сэтгэлд тань хоногшин үлдсэн, дурсамжтай ямар тэмцээн байдаг вэ?

     -УАШТ болон сая Хөх хотод болсон тэмцээнүүд дурсамжтай санагддаг. Би одоогоор улсын аваргын 18-24 насны рекорд амжилтыг эзэмшигч гэж явж байгаа. Энэ жилийн УАШТ-ээр спортын зэргээ авах байх.

–Гар дээр суниалтын спортыг охид, эмэгтэйчүүд хэр их сонирхож хичээллэдэг вэ?

    -Бүх төрлийн спортын тамирчид гар дээр суниадаг. Тамирчдд гар дээр суниалт маш хэрэгтэй байдаг. Тийм болохоор спорт болгоноос охид, эмэгтэйчүүд УАШТ орж, өрсөлддөг.

-Энэ 2026 онд оролцох ямар тэмцээн, уралдаанууд байгаа вэ?

    -Энэ онд Баянзүрх дүүргийнхээ тэмцээн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох төлөвлөгөөтэй байна.  Мөн цаашаа өөр тэмцээний тов гарвал оролцоно.


 

 


Г.ХИШИГБАЯР: Барилддаг байхдаа бэлтгэлийн дараа гар дээр суниадаг байсан минь амжилтын үндэс болсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188