
–Гар дээр суниалтын олон улсын тэмцээнд амжилттай оролцох медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн байна уу. Танд их баярлалаа.

-Хэдэн төрөлд өрсөлдөж, хэдэн медаль хүртэв?
- Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сорил тэмцээнд анх удаа оролцлоо. Би тус тэмцээнд хоёр төрөлд өрсөлдсөн. Гурван минутын төрөлд 94 суниаж алтан медаль хүртсэн. Харин хоёр дахь миний оролцсон төрөл болохоор нэг цагийн суниалт байлаа. Тус төрөлд 486 суниаж мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар тамирчин байсан бэ?
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл Шилийн гол аймгаас оролцсон Хятад тамирчин байсан. Тэр тамирчин фитнесээр хичээллэдэг юм билээ. Тийм болохоор маш хүчтэй тамирчин байлаа.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Отгонхишиг гэдэг. Орхон аймгийн Эрдэнэт хотын Гар дээр суниалтын холбооны тамирчин.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Манайх долоон хүүхэдтэй айл. Би айлын зургаа дахь хүүхэд, дээрээ гурван эгч, хоёр ахтай, доороо нэг дүүтэй. Манай гэр бүл ерөөсөө эрүүл амьдралыг эрхэмлэгч гэр бүл байгаа юм. Ээж маань 90 кг жинтэй байсан. Харин одоо 70 кг болж, өөрийн илүүдэл жин, хөдөлгөөний дутагдалтайгаа тэмцэж чадсан байгаа. Ээж маань фитнесийн спортоор хичээллээд 2-3 жил болсон. Хоёр эгч маань Өмнөд Солонгос Улсад амьдардаг. Тэд бокс жимд явдаг. Миний доод талын дүү бас фитнесийн спортоор хичээллээд 3-4 жил болж байна.

-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Ховд аймагт төрсөн. Сэлэнгэ аймгийн Түшиг суманд өссөн. Багадаа ер нь бол хөдөөний амьдралын зах зухтай танилцсан. Мал хариулж, үхэр саадаг байлаа.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?
-Багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байв. Аавдаа их хайртай, аавын эрх “Амин охин” байлаа. Багын дурсамжаас гэвэл нэлээн бүдүүн, “Унаган мярайтай” яг алим шиг час улаан хацартай охин байсан. Харин ерөнхий боловсролын арван жилийн дунд сургуульд ороод их даруухан сурагч байлаа.
–Яагаад гар дээр суниалтын спортыг сонгож, сонирхон хичээллэх болсон бэ?
-Би өөрийгөө спортын шинэ төрөлд сорьж үзэх зорилго тавиад гар дээр суниалтын спортыг сонирхон, хичээллэж эхэлсэн. Ер нь гар дээр хэд суниаж чадах юм бол гэдгээ харах гээд л Орхон аймгийнхаа гар дээр суниалтын тэмцээнд оролцсон. Манай аймгийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм билээ. Харин энэ жил тус тэмцээнийг хоёр өдөр зохион байгуулан явуулсан. Тэгээд аймгийн гар дээр суниалтын аварга болсон. Аймгийн аваргад түрүүлээд шинэ найз, нөхөд, шинэ хүрээлэлтэй болсон.
- Гар дээр суниалт болон фитнесийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би 2021 оноос хойш эрүүл амьдралын идэвхтэй хэв маягийг эрхэмлэх болсон. Спортоор хичээллэж буй хүн эрүүл, саруул бие бялдартай болж дотроосоо болон гадна талаас гэрэлтэж эхэлдэг юм билээ. Фитнесээр хичээллээд зургаан жил болж байна. Харин гар дээр суниалтын спортоор энэ 2026 оноос эхлэн хичээллэсэн. Хичээллээд удаагүй, эхлэн хичээллээд хэдхэн сар болж байна.
- Өөр спортын төрлөөр хичээллэдэг үү?
- Миний ирээдүйн зорилго тавьсан өөр төрөл гэвэл бодибилдингийн спорт байгаа. Одоогоор долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийж байна. Бэлтгэлийн дараа гар дээр суниалтын бэлтгэлээ давхар хийдэг. Орхон аймгийнхаа марафонд оролцож 10 км-ын зайд гүйж боломжийн амжилт үзүүлсэн.
-Одоо ямар клуб дээр хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Орхон аймгийнхаа Гар дээр суниалтын холбооны тамирчин болохоор Уртнасан багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийдэг.
-Тамирчнаас гадна ямар ажиллаж , хөдөлмөр эрхэлж байгаа вэ?
-Би Орхон аймгийнхаа Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Залуучуудын бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн. Мөн соён гэгээрүүлэх, сургалт, нөлөөллийн ажлууд гэх мэтчилэн залуучуудын тулгамдаж асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажилладаг. Чухам юуг шийдвэрлэмээр байна. Тэр бүх асуудлыг манлайлна. Залуучуудын хөгжлийн гүүр нь болж ажиллахыг хичээж байгаа.
-Үлгэр дуурайл авдаг тамирчин бий юу?
-Үлгэр дуурайл авдаг тамирчин гэвэл дэлхийн аварга, МУГТ Угалзцэцэг эгч байна. Гар дээр суниалтын спортыг Монгол Улсад анх түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх эхлэлийг тавьсан холбооныхоо тэргүүн Отгонбаяр, мөн Уртнасан найзаасаа үлгэр дуурайл, эрч хүч, урам зориг, хүсэл тэмүүлэл авдаг.
- Гар дээр суниалтын спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Хичээлээд удаагүй ч гэсэн 2026 оны гар дээр суниалтын Орхон аймгийн аварга боллоо. Улмаар Азийн аварга шалгаруулах тэмцээний сорил олон улсын тэмцээний хоёр төрөлд оролцож хос медаль хүртлээ. Миний спортын замнал гар дээр суниалтын спортоор амжилттай эхэлж байна. Цааш, цаашдаа спортын олон төрлийн амжилтууд хүлээж байгаа болов уу.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн, дурсамжтай ямар тэмцээн байдаг вэ?
-Сэтгэлд хоногшин үлдсэн дурсамжтай тэмцээн гэвэл ЕБС-ийн сурагч байх үедээ хөнгөн атлетикийн гүйлтийн тэмцээнд оролцож амжилт гаргаж байсан. Тэр тэмцээнд сэтгэл их тод дурсамж үлдээсэн. Сургуулийн охидоос ганцаараа гүйлтийн тэмцээнд орохдоо их сандарч, догдолж байлаа. Тэгээд гүйсэн чинь түрүүлчихсэн. Тэр гоё мэдрэмж, дурсамж болон сэтгэлд үлдсэн байна. Мөн Эрдэнэт марафонд 10 км-ын зайд анх удаа гүйж үзсэн. Тэгсэн 5 км-ийн бариаг андуурч хурдтай гүйгээд, тэгээд буцаж 10 км замаа үргэлжлүүлэн гүйсэн. Бариагаа андуураагүй, гүйлтийн зам, хурд, хүчээ зөв тооцоолж гүйсэн бол амжилт гаргах боломж байжээ гэж боддог. Ийм л дурсамжууд сэтгэлд хоногшин үлдсэн байна.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Би чөлөөт цагаараа ном унших дуртай. Жил болгон өөрийн зорилго, мөрөөдөл, хувь хүнийнхээ хөгжлийн чиглэлийн төлөвлөгөөг гаргадаг. Энэ жилийн хувьд 15 ном унших зорилт тавьсан. Үүнээс одоогоор таван номыг уншаад байгаа. Хувь хүний хөгжлийн болон уран зохиолын чиглэлийн ном унших дуртай. Мөн дасгал, хөдөлгөөнд цаг заваа зарцуулдаг. Зөвхөн чөлөөт цаг, завтай үедээ дасгал хөдөлгөөнийг хийх биш. Өдөр тутам тогтмол хийж, хэвшүүлэхийг зорьж , төлөвлөн хийдэг.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Дараагийн оролцох тэмцээнүүд гэвэл бодибилдингийн тэмцээнд оролцох хүсэл, мөрөөдөлтэй байна. Орхон аймаг зохион байгуулагдах фитнесийн тэмцээнүүд болон УАШТ-д оролцоно. Намар аравдугаар сард гар дээр суниалтын УАШТ-д оролцохоор төлөвлөж байгаа.
| Б.ОТГОНХИШИГ: Өөрийгөө сорьж үзэх гэж гар дээр суниалтын спортыг сонирхон хичээллэсэн |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |