• Өнөөдөр 2026-06-04

М.НАНДИН-ЭРДЭНЭ: Жюү жицү бол дэвжээн дээрх шатрын нүүдэл

Япон Улсын Нагояа хотноо жюү жицүгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Тус тэмцээний залуучуудын “U21” ангиллын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд алтан медаль хүртсэн Мөнхжаргалын Нандин-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн ““JUMP Mongolia хөтөлбөрийн 1-р курсийн оюутан. Жюү жицүгийн “Ralph Gracie Mongolia клубийн өсөж яваа залуу шилдэг тамирчин юм.

–Жюү жицүгийн Зүүн Азийн аварга болсонд тань баяр хүргэе.

     -Танд маш их баярлалаа.

-Хэдэн барилдаан хийж Зүүн Азийн аваргын алтан медаль хүртсэн бэ?

     -Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн “U21” ангилалд барилдлаа. Тус ангиллын 63 кг-ын жинд  дөрвөн тойрог барилдаан хийж, алтан медаль хүртсэн.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчин байсан бэ?

     -Тэмцээн зохион байгуулагч эзэн орон Японы бөх их их хүчтэй ,техниктэй өрсөлдөгч байсан. Түүнийг буулган авч Зүүн Азийн аварга болсондоо баяртай байгаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?

     -Намайг Мөнхжаргалын Нандин-Эрдэнэ гэдэг. Би айлын дунд хүүхэд.

-Одоо хэдэн настай вэ?

     -Би одоо19 настай.

-Аль сургуулийн хэддүгээр курсийн оюутан вэ?

    -МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “JUMP” хөтөлбөрийн 1-р курсийн оюутан.

-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?

    -Би Завхан аймгийн Отгон суманд Очирваань хайрханыхаа өвөрт нь төрсөн юм билээ. Тийм болохоор үргэлж оройн дээд Очирваань хайрхандаа сүсэглэн, залбирч явдаг даа.

-Бага нас нь хаана өнгөрөв?

     -Миний бага нас Орхон аймгийн Эрдэнэт хотод өнгөрсөн.  Эрдэнэт хотод нэг настайгаасаа хойш амьдарсан. Бага насны минь бүхий л дурсамж Орхон аймгийн газар, нутагтай салшгүй холбоотой.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?

     -Багадаа их хөдөлгөөнтэй, гүйж харайсан хүүхэд байсан.

-Яагаад жюү жицүг сонгож, сонирхон хичээллэх болсон юм бэ?

     -Жюү жицү бол дэвжээн дээрх шатрын нүүдэл.  Хүнийг бүхий л талаас нь бие бялдар, оюун ухааныг нь хөгжүүлж байдаг спорт болохоор хичээллэж эхэлсэн.

-Жюү жицүгийн анхны багш нь хэн бэ?

    -Би жюү жицүгийн “Ralph Gracie Mongolia” клубийн Эрдэнэбаатар багш дээр анх хичээллэж эхэлсэн.

-Жюү жицүгийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

    -Анх 2024 оны тавдугаар сард жюү жицүг сонирхож бүртгүүлээд бэлтгэлд нь явж байсан. Эрдэнэт хотод амьдардаг байсан болохоор тэмцээн болохоос долоо хоногийн өмнө Улаанбаатар хотод ирээд бэлтгэл хийдэг байсан. Харин энэ жил оюутан болоод яг тууштай хичээллээд есөн сар болж байна.

-Жюү жицүгээс өмнө бөхийн өөр төрлүүдээр хичээллэж байсан уу?

    -Жюү жицүгээр хичээллэхээс өмнө жүдо бөхөөр хичээллэдэг байсан. Жүдо бөхийн суурьтай байсан болохоор жюү жицүгээр хичээллэхэд хялбар дөхөмтэй байлаа.

-Одоо ямар клуб дээр хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?

    -Одоо “JUMP Mongolia academy” дээр ОУХМ О.Болд-Эрдэнэ, ОУХМ Г.Монголжин багш нар болон “Ralph Gracie Mongolia” клуб дээр ОУХМ Эрдэнэбаатар багшийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг.

  -Үлгэр дуурайл авдаг тамирчин бий юу?

      -ОУХМ Эрдэнэбаатар багш болон ОУХМ Г.Монголжин багш нараасаа хамгийн их үлгэр дуурайл, урам зориг авдаг. Хоёр багш маань хувь хүн, тамирчин талаасаа тууштай байдал, хичээл зүтгэл амжилтад хүргэж болдогийг биеэрээ үлгэрлэн харуулсан хүмүүс гэж боддог. Тийм учраас алхам тутамдаа хоёр багшийнхаа бүх зүйлээс нь суралцахыг хичээдэг.

-Жюү жицүгийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?

    -Одоогоор миний хувьд Монгол Улсын аварга болсон. Сая Зүүн Азийн аварга болсон маань хамгийн том амжилтууд маань байлаа.

-Сэтгэлд тань хоногшин үлдсэн, дурсамжтай ямар тэмцээн байдаг вэ?

    -Сая болсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн маань хамгийн дурсамж дүүрэн байв. Бүх зүйл анхных байсан болохоор сандралтай, догдлолтой ,бас сонирхолтой байлаа.

-Босоо болон хэвтээ барилдаанд ямар мэхийг гол төлөв хийдэг вэ?

   -Тухайн нөхцөл байдалд өрсөлдөгч тамирчинд тааруулан толгойд орж ирсэн мэх техникүүдийг л хийдэг дээ. Тэрнээс биш хийх мэх, техникээ урьдчилан төлөвлөөд байдаггүй. Өрсөлдөгчөө нарийн судалсан тохиолдолд л бэлдсэн мэх техникийг хийх болов уу.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

     -Чөлөөт цагаараа тэмдэглэл хөтөлдөг. Надтай хамт хөгждөг, суралцдаг, хичээдэг хүмүүстэй цагийг үр бүтээлтэй өнгөрөөх дуртай.

-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?

     -Боломж нь гарвал Азийн аварга, дэлхийн аварга, Азийн наадам зэрэг тэмцээнд оролцох маш их хүсэл эрмэлзэлтэй байгаа.

-Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл юу байна вэ?

     -Дэлхийн аварга болох зорилготой. Ирээдүйд суралцаж ,төгссөн мэргэжлээрээ олон ,олон хүүхдийг мөрөөдөлд нь хүргэх замын гүүр, урам зориг нь болохыг хүсдэг.


 

 


М.НАНДИН-ЭРДЭНЭ: Жюү жицү бол дэвжээн дээрх шатрын нүүдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188