“Балдорж" сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслол ес дэх удаагаа өчигдөр "Улаанбаатар" зочид буудалд боллоо. 2017 оны “Балдорж” шагналын эзнээр “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт тодорсон юм. Тэрээр “Нулимстай бөхөн”, “Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охин”, “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” бүтээлээрээ "Балдорж" шагналын “Гранпри”-г хүртсэн билээ. "Ийгл" телевизийн хамт олон сэтгүүлч Б.Энхмартыг урин ярилцлаа.
-Нэг л өглөө бүх өдөр тутмын сонин дээр өөрийн тань зураг хэвлэгдсэн байх ямар байв?
-Одоо хүртэл итгэж чадахгүй явна. Гоё байдаг юм байна. Өнөөдрийг хүртэл “Балдорж” шагналыг авахыг хүсч, хичээж, ажиллаж байсан. Яг шагнал авсан мөчид тулгамдуу байна. Гэхдээ сайхан байна.
-Өнөөдөр сэтгүүл зүйн салбарт орж ирээд ган үзэг бариад магадгүй хамгийн анх би сэтгүүлч гэдэг нэрийг зүүх юм бол ийм л зүйлийг хөндөнө дөө гэсэн тэр бодол юу байсан бол?
-Би сайхан юм хийх юмсан гэж их боддог байсан. Түүнийгээ ярилцлага, нийтлэл гэж онохоосоо илүүтэй гоё зүйл л хийх юмсан гэж боддог байсан. Тэр хөглөлийг маань Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр багш маань нэлээд хурцалж хойноос минь дэмжиж чи ийм чиглэлээр явах ёстой шүү гэж хэлж зөвлөж байсан. Энэ дагуу явсан. Мөн өөрийнхөө чиг шугамыг алдахгүй явсан маань нөлөөлсөн байх.
-Тэр чиглэл юу байсан бэ?
-Байгаль орчны чиглэлээр бичих байсан.
-Б.Энхмарт анх “Өнөөдөр” сонинд ажиллаж байхдаа “Эрэн сурвалжлах алба”, “Монголын эдийн засаг” сэтгүүлд ажиллаж байсан. Сүүлд “Үндэсний шуудан” сонинд ажиллаж байгаад байгаль орчны чиглэлээр өчигдөр шагнал гардан авлаа. Шагнал авсан нийтлэл нь “Нулимстай бөхөн” сурвалжлага. Анх сошиалаар бөхөнгийн талаар мэдээлэл тархаж байсан. Үүнийг хараад тийшээ сурвалжлага хийхээр явж байв уу?
-Сошиалаар бөхөнгийн мэдээллүүд гарсан. Мөн Засгийн газраас хурал зарлагдаад энэ чиглэлээр арга хэмжээнүүд хийгдэж эхэлсэн. Тодорхой хэмжээний төсөв төсөвлөгдсөн байсан. Үүний дагуу нэлээд ажлууд хийгдлээ гээд хэсэг хугацаанд харсан. Тэгээд хараад суухад тэнд бодит байдал дээрээ юу болж байгаа бол оо, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүстэй адил хэмжээнд мэдээлэл аван түүнийг нь л дамжуулаад байхаар жаахан учир дутагдалтай санагдсан. Тиймээс л явъя гэж зовсоор байгаад газар дээр нь очсон.
-Сурвалжлага хийж явахад өөрт анхны сэтгэгдэл төрдөг. Би хил дээр сурвалжлага хийгээд явж байхад яалт ч үгүй “Миний эх орон” гэж дуугармаар санагдаад байсан. Яг тэр газарт очиход хамгийн анх төрсөн сэтгэгдэл юу байсан бэ?
-Их сайхан газар байсан. Дээрээс нь монголд л ганцхан байдаг Монгол бөхөн үй олноороо үрэгдэж байна гэдгийг харах харамсалтай байсан. Бид цаашаа Хүйсийн говь руу дөнгөж ороод л эхнээсээ үхсэн бөхөнтэй таарч эхэлсэн. Тэнд маш харамсмаар байсан учраас үүний учир шалтгааныг олчих юмсан яах ёстой юм бол гаргалгаа нь юу байх ёстой юм бол. Мөнгө зарцуулаад тэнд пост ажиллуулаад ингээд л өнгөрчихгүйгээр дахиад дараа жил үүнийг давтуулахгүй байх юмсан гэдэг үүднээс хийхийг их бодсон.
-Сая мөнгө үрээд гэлээ шүү дээ. Магадгүй мөнгө үрээд хулганын нүх рүү 5 литр ус цутгасан гэдэгтэй адилхан үнэхээр бөхөн хамгаалах үйлсэд тэр нь зарцуулагдаж чаддаг юм уу?
-Дэлхийн байгаль хамгаалах сан болоод өөр зүйлээс түүндээ зарцуулагдаж чаддаг юм байна л даа. Одоогоос 10-аад жилийн өмнө зудад үрэгдэн бөхөнгийн тоо нэлээд цөөрсөн байсан. Тэр үед төрийн бус байгууллагууд авч хамгаалснаараа 11 мянга болон тоо толгой нь өссөн. Харин сая гоц халдварт өвчнөөр 6-7 мянга нь үрэгдсэн.
-Нийтлэлийг уншиж байхад олон цуврал, олон албаны хүмүүстэй очиж уулзсан нь маш их хөдөлмөр харагдаж байсан. Өдөр тутмын сонинд ажиллаж байгаа сэтгүүлчийн хувьд өдөр тутмын үйл явдлаасаа болоод яг сэдвээ дагнаад сурвалжлахад хэр бэрхшээлтэй байдаг бэ. Өөрөөс тань хэр их сорилт шаардав?
-Сэтгүүлч өөрөө зориод орсон энэ сэдвээрээ ийм хүмүүстэй уулзана гээд төлөвлөгөөгөө гаргачихсан байж болох эс сурвалжуудаа гаргачихсан тохиолдолд хэцүү биш. Ямар ч байсан нийтлэл маань сайн гарч чадах болов уу гээд өөрөөсөө хүлээх хүлээлт л хэцүү. Түүнээс биш мэдээллээ цуглуулах, эх сурвалжуудаа олж уулзах нь бэрхшээл биш.
-Байгаль орчны чиглэлээр дагнан сурвалжлахад ямар байдаг вэ. Яагаад ингэж асуугаад байна гэхээр есдүгээр сарын 2-нд Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хурал монголд болсон. Ц.Цэвээнхэрлэн сэтгүүлч ярьж байсан уул уурхай байгаль орчны чиглэлээр дагнан сурвалжлахаар тэр болгонд Улаанбаатараас яваад байх хэцүү. Орон нутгийн сэтгүүлчидтэйгээ хамтарч ажиллах юмсан. Энэ бэрхшээл байв уу. Үүнийг хэрхэн даван туулж байв. Орон нутгийн сэтгүүлчтэй хамтран ажиллах чиг баримжаа харагдаж байна уу?
-Хамтран ажиллах чиглэл хэрэгжвэл гоё байна. Асуудал зөндөө бий. Асуудал бүрд нэг, хоёр хүн гүйгээд очоод байж чадахгүй. Үнэхээр сэтгүүлчийн ажлаа хийгээд зорьж байхад редакциас хамгийн гол нь тэрхүү хүнээ, албаа дэмжиж тухайн асуудлын мөн чанарыг олон гаргахын төлөө явж чадвал болно. Одоохондоо тийм л нөхцөлтэй байна. Цаашдаа хамтарч ажилладаг болоод орон нутгаас мэдээллээ өгдөг, тэндээс сурвалжлагаа хийгээд өгдөг уялдаатай болвол гоё байх.
-Та бол залуу хүн. Гэхдээ энэ салбарт ороод багагүй хугацаа өнгөрлөө. Сэтгүүл зүйн өнөөдөр ямар шатанд явж байна гэж өөрөө харж байна. Магадгүй бид сэтгүүл зүйн дараагийн алхмаа хийхийн тулд юуг хийх ёстой юм бол?
-Сонины салбарт мундаг, гал цогтой, өмнөх алдарт шагналыг авч байсан мундагчууд бүгд дарга болоод хэвлэл мэдээллийн хэрэгсэл удирдаад нийтлэл бичихээ больчихлоо. Тэгэхээр залуус бидний нуруун дээр бичих асуудал ирж байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлэхийн тулд илүү баримт, судалгаа хэрэгтэй байна.
Б.Энхмарт: Өөрөөсөө хүлээх хүлээлт л хэцүү |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |