• Өнөөдөр 2024-04-20

Г.Уранбат: Гэр бүлийн хүчирхийлэл хүмүүс хоорондоо ярилцахгүй, ойлголцохгүй байгаатай шууд холбоотой

2021-02-24,   753

-2021 оны эхний нэг сард хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 2834 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ-

Цар тахлын улмаас улс болон нийслэлийн хэмжээнд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш гурван удаа хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Энэ хугацаанд хэдий хөл хориотой байсан ч архидан согтуурч, тэр үедээ гэмт хэрэг, зөрчил гаргасан иргэдийн тоо хоногт 1000-2000-ын хооронд бүртгэгдэж байлаа. Тэр дундаа хоногт бүртгэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 100-гаас буугаагүй юм. Иймд энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийн гол шалтгаан юу болох, хэд орчим насны гэр бүлийн гишүүд үйлдэж байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Уранбаттай цөөн хором ярилцлаа.

-Хатуу хөл хорионы хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хэчнээн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бэ?  

-Цагдаагийн байгууллагад 2021 оны эхний нэг сард хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 2834 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11.8 хувиар буурсан үзүүлэлт. Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллийг хүлээн авах, хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад материалыг шилжүүлэх үүрэгтэй.

Гурав дахь удаагаа хөл хорио тогтоосон үе буюу хоёрдугаар сарын 11-22-нд нийслэлд нийт 898 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь нэг хоногт нийслэлд бүртгэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлагын тоо 60-аас буугаагүй гэсэн үг. Бид эдгээр дуудлагаас 673-ыг нь гомдол мэдээллийн бүртгэлд оруулж, шалгасан. Ингэснээр хөл хорионы хугацаанд нийт 93 хүнд хариуцлага хүлээлгэж ажилласан байна. Ер нь бол хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээлэл энгийн үед хоногт 100-120 бүртгэгддэг. Үүнийг нэг жилийн дунджаар тооцвол 5000 орчим болно. Харин хүний биед халдсан, зодсон, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон 5500 орчим иргэнд шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл жилд оногдуулж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэж байгаа гол шалтгаан нь юу байдаг юм бэ?

-Хардалт бол нөлөөлж байгаа хүчин зүйл. Түүнчлэн архидалт, ядуурал, ажилгүйдэл бол гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаан биш. Үндсэн шалтгаан нь тухайн гэр бүлд хуримтлагдаж байгаа зөрчил гэдэг нь судалгаанаас харагддаг. Тухайн гэр бүлийн гишүүд хооронд ямар нэгэн байдлаар үл ойлголцож, энэ зөрчил хуримтлагдсаар зарим тохиолдолд хүчирхийллээр төгсөж байна гэсэн үг. Мөн гэр бүлийн гишүүд хоорондоо ярилцахгүй, нэгнийгээ ойлгохгүй, цаашлаад бие биенээ хүндлэхгүй байгаатай холбоотой хүчирхийллийн шалтгаан их гарч байна. Энэ нь ганцхан эхнэр болон нөхрийн тухайд яригдаж байгаа зүйл биш юм.

-Гэр бүлийн хүчирхийллийг ихэвчлэн хэдэн насны хүмүүс үйлдэж байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хохирогчдын дунд байнга судалгаа явуулдаг.

Хохирогчдын хувьд хамгийн өндөр дүнтэй буюу 40 орчим хувийг 25-39 насны эмэгтэйчүүд эзэлж байна. Холбогдогчдын тухайд мөн энэ насны хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчээр бүртгэгддэг. Бусад насныхан хүчирхийлэл үйлдэхгүй байгаа юм биш. Нас насны ангиллаар өөр өөр хувь эзэлнэ. Гэхдээ 25-39 насны иргэд дангаараа 40 хувийг эзэлж байгаа. Иймд бид залуу гэр бүл рүү чиглэсэн тодорхой нөлөөллийн ажил зохион байгуулдаг.

Тухайлбал, өнгөрсөн онд “Хайр өвтгөдөггүй”, арваннэгдүгээр сард “Яг одоо хүчирхийллийг цэглэе, яг одоо ярилц, оролц” гэсэн агуулга дор соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээг цахимаар өрнүүлсэн. Мэдээж нөлөөллийн арга хэмжээ 100 хувь үр дүнтэй байж, хүчирхийлэл тэглэгдсэн гэж болохгүй. Ямар нэгэн байдлаар таны хажууд хүчирхийлэл үйлдэгдэж байвал цагдаагийн байгууллагад цаг тухайд нь мэдээлж, иргэний үүргээ биелүүлснээр соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлын үр дүн хэмжигдэнэ. Хэн ч хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрдөггүй байх ёстой.

-Хөрш айлд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн хүн эргээд хохирогч болсон тохиолдол байдаг юм билээ. Мэдээлэл өгсөн иргэнийг хамгаалах хуулийн ямар зохицуулалт байдаг юм бэ?

-Зөрчлийн тухай хууль 2017 онд батлагдсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд энэ талаар зохицуулалт байгаагүй. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, холбогдогч болон мэдээлсэн иргэний анкет, мэдээлэлтэй танилцаж байж шүүхэд материалыг шилжүүлдэг байсан. Иргэдийн мэдээлэх үүргийг нэмэгдүүлэх гэхээр энэ хуулийн энэ гарц нь болохгүй байгаа юм байна гэж харсны үндсэн дээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 2020 оны тавдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан.

Тодруулбал, “Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийг өгсөн иргэний нууцлал буюу анкет, биеийн байцаалт, өгсөн мэдээллийг хүчирхийлэл үйлдэгчдэд танилцуулахгүй байж болно” гэдэг заалт оруулсан. Ингэснээр тухайн хохирогч, мэдээлэл өгсөн иргэний нууцлалыг хамгаалах эрх зүйн боломж бүрдсэн. Урьд нь хэрэг зөрчлийн материалыг сэжигтэн болон зөрчил үйлдэгчид эх хувиар нь танилцуулсан байх зохицуулалттай байсан. Одоо харин мэдээлэл өгсөн иргэний мэдүүлгийг зөрчлийн материалаас авч, хүчирхийлэл үйлдэгчид бусад материалыг танилцуулж, шүүх рүү шилжүүлдэг болсон. Иймд иргэд ямар нэгэн айдасгүйгээр хүчирхийллийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөх боломжтой.   

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд асрамжийн газарт очихоос өөр аргагүй байдаг талаар нэгэн цагдаа хэлж байсан. Ийм хэчнээн тохиолдол байгаа вэ?  

-Цөөнгүй бий. Гэхдээ бид гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, асрамж, халамжийн төвүүдэд байрлуулах зэрэг аль болох боломжит хувилбараар шийдвэрлэдэг. Тодорхой хэмжээгээр төрийн хамгаалалтад авах ажлыг зохион байгуулдаг.

-Гэр бүлийн хүчирхийлэл олон удаа давтвал ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Гэр бүлийн хамаарал бүхий гишүүдийг буюу тухайн гэрт амьдарч байгаа хүмүүсийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийсэн, гутаан доромжилсон, мөрдөн мөшгисөн зэрэг үйлдэл хийсэн нь тогтоогдсон тохиолдолд хамгийн эхний удаагийн үйлдлээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулж байгаа. Хэрвээ тухайн хүний үйлдэл олон удаа давтагдвал Эрүүгийн хуулийн 11.7 дугаар бүлэгт зааснаар хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх мэт ял шийтгэл оногдуулна.

Цагдаагийн байгууллагаас нэг хаягнаас олон удаа ирж байгаа дуудлага мэдээлэлд онцгой анхаардаг. Ялангуяа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлагыг бусад бүх төрлийн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллээс илүү анхаарч ажиллаж байна.

-Нэг хаягнаас хамгийн ихдээ хэчнээн удаа дуудлага бүртгэгдсэн байдаг юм бэ?

-Нийслэлийн хэмжээнд 2021 оны эхний сарын байдлаар гурваас дээш удаагийн давтамжтай дуудлага 56 иргэнээс ирсэн байна.

-Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хэчнээн хүн амиа алдсан бэ?

-Өнгөрсөн 2020 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас зургаан хүн амиа алдсан. Хохирогчдын 80 орчим хувь нь эмэгтэйчүүд. Ер нь энэ төрлийн гэмт хэргийн 60 орчим хувь нь архидан согтуурсан үедээ үйлдэгдсэн байдаг. Эхнэр нөхөр хамтдаа архидан согтуурч байгаад нэгнийхээ амийг хөнөөх тохиолдол цөөнгүй гарч байна. Иймд иргэн таны амьдарч байгаа орчинд хүчирхийлэл үйлдэгддэг бол 102, 107, 108 дугаарын утсанд мэдээлэх үүргээ хариуцлагатай биелүүлээрэй. Ингэснээр та үр хойчдоо хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлж, энэ хандлагыг үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм шүү.  

 


Г.Уранбат: Гэр бүлийн хүчирхийлэл хүмүүс хоорондоо ярилцахгүй, ойлголцохгүй байгаатай шууд холбоотой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188