-Бид анх удаа ярилцаж байгаа тул та өөрийнхөө талаар товчхон ярьж өгнө үү: хаана төрсөн, хаана суралцсан, мөн хэзээ кино урлагтай карьераа холбохоор шийдсэн бэ?
-Би салбартаа аль хэдийн 28 жил ажилласан байна. 1976 онд Монголын нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Аав маань драмын театрт багагүй хугацаанд уран сайхны удирдаач, жүжигчин байсан болохоор би урлагийн гэр бүлд өссөн. Өөрийнхөө уг гарлыг даган би уран бүтээлч болохоор шийдсэн. 1995 онд их сургуульд элсэн орж кино найруулагчаар суралцаж 1999 онд төгссөн. Өнөөдрийн байдлаар би дөрвөн жүжиг найруулан тавьсан. Харин энэ удаагийн Таллины Хөр Шөнө кино наадамд танилцуулж буй уран сайхны фильм маань хорь дахь бүтээл минь юм.
-Та уран бүтээлдээ нэртэй найруулагчдаас урам зориг авдаг уу?
-Би Тарковскийн бүтээлүүдээс урам зориг авдаг бөгөөд өөрийн хуучин бүтээлүүдийг ахиж үздэг, гэхдээ тэдгээрийг хуулбарладаггүй, Аль болох хараат бус байхыг хичээдэг. Миний хорин бүтээл тус бүр нь миний туршихыг хүссэн өөр өөр төрөл жанрынх бөгөөд хоорондоо их ялгардаг. Тиймээс би бүтээл туурвих өөрийн гэсэн хандлагатай.
-Эстонид таны бүтээлүүд тогтмол зочин боллоо. Анх 2023 онд “Худалдагч охин” хэмээх хошин фильм нь Тартуу хотын кино наадмаас “Үзэгчдийн сэтгэлд хүрсэн фильм” шагналыг хүртсэн. Дараа нь “Чимээгүй Хотын Жолооч”, гунигтай түүх нь Таллины Хөр Шөнө олон улсын кино наадмаас “Гран При” шагналын эзэн болсон. Харин одоо та дахин албан ёсны уралдаант хэсэгт оролцож байна. Эдгээр гурван бүтээлийн талаар та юу гэж хэлмээр байна вэ?
-Таныг энэ асуултыг тавихад эдгээр бүтээлийг гурвалсан зохиол гэж харж болох юм байна гэж бодлоо. Яагаад гэвэл, эхнийх нь “Худалдагч охин” бол 18 настай охины талаар, залуу үеийнхний тухай, тэдний амьдралын талаар өгүүлдэг. “Чимээгүй Хотын Жолооч” нь 32 настай залуугийн талаар, харин гурав дахь “Сэтгэлийн зураг” фильм нь 45 настай эрийн тухай, дундаж эргэм насны талаар гэж үзэж болно. Энэхүү бүтээл нь амжилт болон өвдөлтийг туулсан ч уран бүтээлчээрээ үлддэг уран зураачийн талаар өгүүлдэг. Уран зурагт хувь хүний амьдралын түүх тусдаг шиг би түүнийг анхааралтай дагасан. “Сэтгэлийн зураг” фильмийн нээлтийн үзвэрийн дараа маш олон асуулт байсан. Танхим дүүрэн, үзэгчид их сайхан мэдрэмж авсан юм шиг санагдсан, би өөрөө сэтгэл хангалуун байсан. Ихэнх асуулт нь агаарын бөмбөлгийн тухай байсан. Гэхдээ надад тайлбарлах таалагддаггүй, агаарын бөмбөлөг ямар утга учиртай болохыг үзэгчид өөрсдөө эргэцүүлэн ойлгох ёстой.
Баяраа нь цагийн урсгалд зүдэрсэн томоохон уран зураач бөгөөд нэг үе Европт алдартай байсан. Тэрээр Монголдоо хайрцаг будаг болон үнэнч гудамжны нохойтойгоо хамт ирдэг. Өдөр бүр Баяраа орхигдсон үйлдвэрийн ханан дээр зурж, хуучирсан бетоныг Монголын байгаль, ландшафтыг дүрсэлсэн үзэсгэлэнтэй зураг болгож хувиргана. Түүнийг үргэлж нэгэн агаарын бөмбөлөг дагадаг — нэгэн зэрэг ухамсар, хиймэл дагуул, үлгэрийн элемент болдог. Төрийн албан тушаалтнууд үйлдвэрийг нураах талаар мэдэгдсэнээр, Баяраа өөрийн бүтээлийг үлдээхээр шийднэ. Гэхдээ жинхэнэ тэмцэл нь түүний дотор өрнөнө: урт хугацааны гүн шарх нь урлагийн төлөө гэр бүлээ орхисон эхнэр, охинтой нь холбогддог.
.jpeg)
Сэтгэлийн зураг фильмийн хэсэг
-Харин тэр бөмбөлөг нь Бэнксигийн бүтээлийг иш татсан хэрэг үү? (Түүний алдартай “Агаарын бөмбөлөгтэй охин” бүтээл санаанд орж байна.)
-Үгүй, үгүй, энэ нь Бэнкситэй огт хамааралгүй.

Бэнксигийн “Агаарын бөмбөлөгтэй охин” ханын зураг
-Таны фильмийн ханан дээр зураг зурдаг уран бүтээлчийн тухайд — тэр бодит хүн үү эсвэл зохиомол дүр үү?
-Манай продюсер зүрхний өнгөний тухай роман бичсэн. Би өөрөө тэр романыг уншиж, урам зориг авч, кино бүтээсэн — ингэснээр дүр бий болсон. Энэ нь бүрэн бодит түүх дээр суурилаагүй гэж бодож байна. Гэхдээ продюсер өмнө нь уран бүтээлч байсан учир роман нь зарим зүйлээрээ бодит амьдралаас тусгасан байж магадгүй.
-Харин одоо “Сэтгэлийн зураач” фильмийн ирээдүйн төлөвлөгөө ямархуу байна?
-Кино нь Монголд нэгдүгээр эсвэл хоёрдугаар сард үзэгчдэд хүрнэ, одоогоор олон наадмуудаар гарч байна. Би киноны нээлтийг Эстонид хийх талаар бодож байсан, хэд хэдэн хувилбар байсан ч эцэст нь Хөр Шөнө олон улсын кино наадмын хөтөлбөрт нэгдэхээр шийдсэн.
Фильмийн гол дүрд тоглох уран бүтээлчийг Монголд удаан хайсан ч олж чадаагүй учир хөрш орнууд болох Буриад, Кыргызстанаас хайсан. Эцэст нь Өвөр Монголд олсон бөгөөд түүний нэр Баян-Ерөөлт. Хятад улсын иргэн боловч энэхүү дүрд тоглохыг баяртайгаар зөвшөөрсөн.
-Монгол фильм Монголдоо алдартай юу?
-Монголын кино урлагийн түүх 90 жил үргэлжилж байна. Энэ хугацааны ихэнх үед улс нь социалист нийгэмд байсан учир фильмүүдийг ихэвчлэн коммунист загвараар бүтээдэг байсан. Харин 1990-ээд оноос ардчилал орж ирсний дараа нийгэм, хүмүүсийн сэтгэхүй, ертөнцийг үзэх хандлага өөрчлөгдөж, кино салбар ч үүний дагуу хувьсаж хөгжсөн. Уг нь төрийн өмчийн урлаг байсан нь бие даасан бүтээлч үйл ажиллагаанд зам тавьж өгсөн. Хуучин систем задрахад бие даасан продюсерууд ч сэргэж, хөгжиж эхэлсэн.
Өнөөдөр Монголд үзэгчдээс өндөр үнэлгээ авдаг кино театрууд байдаг тул Монголын үзэгчид фильм үзэх дуртай, кино урлагийг ойлгож, үнэлдэг чадвартай. Жил бүр 40-50 уран сайхны фильм гардаг. Бид илүү олон фильм бүтээх тусам Монголын кино илүү хөгжиж, хүчтэй болдог. Би бусад урлагийн ажилтнуудтай хамтран Монголын киноны баялаг бүтээлүүдийг дэлхийд харуулахад ажиллаж байгаа бөгөөд тэдэнтэй хамтран ажиллах, энэ хөдөлгөөнд оролцохдоо бахархаж байна.
Мөн 2021 онд Киноны тухай хууль батлагдсан бөгөөд энэ нь дэмжлэг, урамшууллын тогтолцоог зохицуулсан. Үүний дараа Үндэсний кино зөвлөл байгуулагдаж, хүүхдийн, түүхэн, баримтат болон зарим уран сайхны кинонуудыг дэмждэг болсон. Хууль нь мөн хамтарсан продакшн, зардлын нөхөн төлбөрийн системийг дэмждэг — 20-40 хувийн хүртээмжтэй. Жишээ нь, “Сэтгэлийн зураг” фильмийн төсөв 250,000 ам.доллар байсан бөгөөд зарим зардлыг төрөөс авсан.
-Хамгийн сүүлийн асуулт. Өмнө нь та Таллин хотод ирж байсан уу? Манай хотын юу нь танд таалагдсан бэ?
-Үгүй ээ, анх удаа ирсэн. Би Парламентын барилгыг үзээд та бүхэн хэрхэн хуучин болон шинэ хотоо хадгалж байгааг харсан. Үүний үр дүнд Эстонийн Таллин хотын иргэд үнэхээр урлагийг хайрладаг юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн.
Эх сурвалж: Tribuna, 2025 оны 11 сарын 27
Орчуулсан: Э.Эмүлэн
| Найруулагч Ж.Сэнгэдорж: Би Тарковскийн бүтээлүүдээс урам зориг авдаг |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |