-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хүүхдүүдтэйгээ оролцоод ирсэн тэмцээний талаар ярихгүй юу. Шавь нар нь хэр олон медаль хүртэж амжилт гаргав?
-Бидний хувьд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “The 2nd RGC Cup” олон улсын тэмцээнд 8-16 насны 26 тамирчин нас насны ангилал, төрөл бүрдээ амжилттай оролцоод ирлээ. Тус тэмцээнд нийт зургаан орны 300 гаруй тамирчин өрсөлдсөн.
-Тус тэмцээнд хэр удаан бэлдсэн бэ. Шавь нарыгаа шагналын тавцан дээр зогсож байхыг харах ямар байв?
-Тэмцээний тов гарснаас хойш тэмцээндээ амжилттай оролцохын тулд бэлдсэн. Шавь нарыгаа хичээж бэлдсэн үзүүлбэрээ амжилттай үзүүлээд орон, орны хүүхдүүдээс цойлж, шагналын тавцан дээр зогсож байгааг харах сайхан байсан. Багш хүний мэдрэх хамгийн бахархалтай мөч юм билээ.
-Шавь нар нь тайзан дээр үзүүлбэр үзүүлж байхад юу боддог вэ. Сэтгэлдээ тэдэнтэйгээ хамт үзүүлбэр үзүүлж байдаг байхдаа?
-Шавь нараа талбай дээр гарч байгааг нь харах төдийд сандардаг шүү. Энэ удаагийн тэмцээнд шүүгчээр ажилласан юм. Клубийн маань ахлах насны ангиллын тамирчин У.Аяина маань дасгалжуулагчийн үүрэгтэйгээр энэ удаагийн тэмцээндээ оролцож, дүү нараа маш сайн бэлдсэн.
-Багшлаад хэр удаж байгаа вэ. Яагаад багшлах болов?
-Би 16 настайгаасаа гимнастикийн багшаар ажиллаж байгаа. Гайхалтай спортыг хүүхэд, багачуудад заагаад 19 жил болж байна.
-Таны хувьд гимнастикаар хичээллээд хэр удаж байгаа вэ. Анх спортыг сонгосон шалтгаан нь юу байв?
-Гимнастикаар хичээллэж эхэлсэн нас минь бусад хүүхдүүдийнх бодвол арай том байсан. Би есөн настайгаасаа эхлээд 16 нас хүртлээ тамирчны хувиар хичээллэсэн. Н.Эрдэнэчимэг багш ээжид маань зөвлөгөө өгч гимнастикаар хичээллүүлэх болсон. Ээжийнхээ гараас хөтөлж гимнастикийн сургалтын заалны үүдээр алхсан цагаасаа тасралтгүй хичээллэж, багшилж байна даа.
-Уран сайхны гимнастик тууз, бөмбөг зэрэг хэрэглэлүүдийг ашигладаг шүү дээ. Таны хувьд ямар төрлөөр нь хичээллэж байв. Сурахад хамгийн хэцүү байсан төрөл нь аль нь вэ?
-Уран сайхны гимнастик нь нийт таван хэрэгсэлтэй дасгалууд гүйцэтгэдэг. Үүнд олс, цагариг, бөмбөг, булав, тууз багтана. Энэ спортоор хичээллэдэг мэргэжлийн тамирчид бүх хэрэглэлийг сурах шаардлага байдаг. Миний хувьд хамгийн хэцүү нь туузтай дасгал байсан. Туузтай дасгал хийхэд гоёмсог харагддаг ч тэгж сайхан харагдуулахын тулд их хичээх шаардлагатай болдог.
-Гадаад дотоодын олон тэмцээн уралдаанд оролцсон юм билээ. Бүгд л хичээл зүтгэл шаардсан байх тэр дундаас хамгийн их бэлтгэл шаардсан нь ямар тэмцээн байсан бэ?
-Олон жил хичээллэж, хүүхдүүд дасгалжуулахдаа шавь нартайгаа олон тэмцээнд оролцсон. Тэр дундаас хамгийн дурсамжтай өнгөрөөсөн тэмцээн нь өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Тэмцээн бүр биднээс ур чадвар, хичээл зүтгэлийг шаарддаг. Тэмцээн бүрдээ чинь сэтгэлээсээ шургуу бэлдэхийг хичээдэг.
-Гимнастикаар хичээллэснээр хувь хүнд ямар эерэг өөрчлөлтүүд гардаг бол. Давуу тал нь юу вэ?
-Дан ганц гимнастикаар бусад спортоор хичээллэсэн хүний биед олон эерэг өөрчлөлтүүд гардаг. Тэр дундаа гимнастикийн спортыг бүх спортын цагаан толгой гэж нэрлэдэг. Гимнастикаар сууриа тавьсан тамирчин ямар ч спортоор хичээллэсэн тун амжилттай байдаг.
-Багшлах, шавь нартай байхыг сайхныг яривал?
-Энэ мэргэжлийн сонгосондоо их баярладаг. Амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтуудын маань нэг. Миний хоёр дахь гэр гимнастикийн заал, гэр бүл нь шавь нар минь байдаг. Өдөр бүр гэгээн цайлган, эрч хүч ундарсан охидтой ажилддагтаа баяртай байдаг.
-Та өөрийнхөө бодлоор тус спортыг тодорхойлбол. Эмэгтэй хүнийг хамгийн сайхан харагдуулдаг спорт гэж сонссон юм байна?
-Өөртөө итгэлтэй, харц дээгүүр алхсан сайхан эмэгтэй байхыг бүсгүй хүн бүр хүсдэг шүү дээ. Гимнастикаар хичээллэдэг охид бага наснаасаа бие галбиртаа анхаарсан, мэдрэмжтэй, зөөлөн зөв хүмүүс болон төлөвшдөг.
-Таны болон багийнхных нь дараагийн зорилго төлөвлөгөө юу байгаа вэ. Хүүхдүүдтэйгээ оролцохыг хүсдэг тэмцээн бий юү?
-Манай багийн дараагийн зорилго Монголдоо болж байгаа тэмцээнүүддээ амжилттай оролцохыг зорьж байна. Дэлхийнд эх орныхоо нэрийг өнгөргөсөн тамирчид болно гэдэгт итгэлтэй байгаа.
Б.ХАЛИУН: ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ, ШАГНАЛ ХҮРТЭЖ БАЙГАА ОХИДЫГОО ХАРАХ БАГШ ХҮНИЙ ХАМГИЙН БАХАРХАЛТАЙ МӨЧ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |