• Өнөөдөр 2025-08-06

GVNSOR: IN TIME ТОГЛОЛТООР ЖИНХЭНЭ ХИП ХОПЫГ МЭДРҮҮЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Limit King, Roockie, Trishna, Gvnsor, Shuwu, Key K нарын хамтарсан In time тоглолт наймдугаар сарын 9-нд Socialpay Park-д болох гэж байгаа билээ. Тэгвэл тус тоглолттой холбоотойгоор уран бүтээлч Gvnsor буюу Г.Дарханбаяртай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “In time” хамтарсан тоглолт хэдхэн өдрийн дараа болох гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй?

                -Цаг ойртох тусам сэтгэл догдолж, багахан сандарч байна. Миний хамгийн анхны том тоглолт учраас бэлдэх зүйл олон байна. Үзэгчдийн сэтгэлд үлдэх тоглолт хийхийн тулд зүтгэж байна.

-Тоглолтын бэлтгэл хэдэн хувьтай байгаа вэ. Тус тоглолт хэр удаан төлөвлөсөн ажил вэ?

                -In time тоглолт маань наймдугаар сарын 9-нд болно. Сүүлийн гурван сарын зөвхөн тоглолтынхоо бэлтгэлд зориулсан байна. Одоогоор бидний бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байгаа.

-Тоглолтоороо сонсогчдодоо юу мэдрүүлэхийг хүсэж, зорьж байна?

                -Би уран бүтээлдээ өөрийнхөө амьдралын хэв маяг, амьдралыг харах үзэл бодлоо шингээдэг учраас тоглолтоос маань ч тэр мэдрэмжийг мэдрэх байх. Тэгж ч хүргэхийг зорьж байгаа. Мэдээж хип хоп тоглолт учраас жинхэнэ хип хоп урсгалыг мэдрээд л гарах болов уу.

-Анх реппер болох эхлэлийг юу тавьсан бэ?

                -Би багаасаа л жинхэнэ хип хоп хүүхэд байсан. Ер нь хөгжмийн талын мэргэжилтэй, энэ чиглэлд ажилладаг хүн болно гэж мөрөөдсөн. Одоо мөрөөдлөө биелүүлээд явж байна даа.

 

-Хамгийн анхны уран бүтээлийнхээ талаар ярихгүй юү. Эхлэл ямар байсан бэ?

                -Би анх beatmaker-ээр ажилладаг байсан юм. дуулалгүйгээр зөвхөн ая хийдэг. Тэгж байгаад ер нь дуулж, реп үглэж эхлэхээр шийдсэн. Тэр шийдвэрийн дараа хамгийн анхны уран бүтээл болгож skinny jeans дуугаа гаргасан юм. Одоо бодоход хүмүүсийн сонсож дассанаас өөр ая, flow нь хүмүүсийн сонирхлыг татсан байх.

-Дууныхаа үгийг өөрөө зохиодог шүү дээ. Бичих сэдэв, санаагаа юунаас авдаг вэ?

                -Өөрийнхөө туулж буй амьдралаа л дуу болгон хүргэдэг дээ.

-Өөрийн уран бүтээлүүд дундаас таны онцгойлон сонсдог,  хүмүүст санал болгодог уран бүтээл бий юү?

                -Наймдугаар сардаа багтааж цомгоо гарахаар төлөвлөсөн. Цомогт багтсан дуунуудаа байнга сонсож байгаа. Сонсогчид минь тун удахгүй гарах цомгийг хайрлаж сонсоно гэж найдаж байна.

-Залуу реппер, артистууд олон болсон шүү дээ. Тэднээс юугаараа онцгойрохыг хүсдэг, юу нь илүү онцгой байдаг бол?

                -Миний ая, үг, амьдралын хэмнэл, хоолойны өнгө намайг бусдаас онцгой болгодог.

-Уран бүтээлээрээ дамжуулж сонсогчдодоо ямар мэдрэмж өгөхийг хүсдэг вэ?

                -Жинхэнэ trap урсгалыг л сонсгож, мэдрүүлэхийг хүсдэг дээ. Дуугаараа орчин үеийн амьдралыг, харуулахыг зорьдог. Бүх зүйлсийг жаргал, зовлон баяр хөөрийг залуус юу хүсэж, юу хийж байгааг.

-Тайзан дээрээс сонсогчдыгоо харж, уран бүтээлээ хүргэх ямар байдаг вэ. Тайзан дээр дуулах үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юү?

                -Анх сандарч, хүмүүс хэрхэн хүлээж авах бол, яах бол гэж боддог байсан. Одоо бол тайзан дээр хурдан гарч дуулж, доргимоор санагддаг. Тайзан дээр гарах бүрдээ донтож байгаа юм шиг санагддаг даа.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

                -Өөрийн label дээрээ ажиллаж байгаа. Энэ жилээс шинэ залуу уран бүтээлчдийг гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

                -Баярлалаа.

 


GVNSOR: IN TIME ТОГЛОЛТООР ЖИНХЭНЭ ХИП ХОПЫГ МЭДРҮҮЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188