-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Модон барилдаан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Мас-рестлингийн спортын Vll дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медальтан боллоо. Тэмцээндээ Монгол Улсынхаа шигшээ багийн тамирчны хувиар оролцох хамгийн сайхан байлаа. Намайг чин сэтгэлээсээ дэмждэг хүн бүрд талархлаа. Намайг дэмжиж “Тэмцээнд амжилттай оролцоод ир” гээд ерөөл өргөөд үлдсэн аав, ээж найз нөхөд, ханьдаа хамгийн их баярлаж байна.
-Анх хэрхэн тус спортын талаар мэдсэн юм бэ. Яагаад хичээллэх болов?
-Хань минь энэ спортоор хичээллэж байсан юм. Нөхөр маань сумын заан, нэлээн спортлог хүн. Түүнийгээ бэлтгэл хийж байгааг харж, дэмжсээр өөрөө дуртай болж хичээллэх болсон доо.
-Өмнө нь өөр төрлийн спортоор хичээллэж байв уу?
-Өмнө казах бөх, кураш бөх, жюү жицү, боксоор хичээллэж байсан. Ер нь спортоор хичээллэж өөрийгөө хөгжүүлэх дуртай.
-Мас-рестлингийн спорт хүний биеийн булчингийн 98 хувийн ажиллуулдаг гэсэн. Энэ спортоор хичээллэхийн давуу тал нь юу юм бэ?
-Тийм шүү, мас-рестлингийн спорт бол хүний биеийн булчингийн 98 хүртэлх хувийг ажиллуулдаг дээрээс нь хурд, хүч, авхаалж самбаа их шаардсан спорт. Хичээллэхийн давуу тал нь хүнд тэсвэр тэвчээр, оюуны хурд, мэдрэмжийг сайн суулгадаг.
-Бусад спортын төрлөөс ялгарах онцлог нь юу вэ?
-Богино хугацаанд их хурд, хүч, тэвчээр, авхаалж самбаа, төвлөрөл шаарддаг спорт.
-Модон барилдаанаас хичээллэж эхлэхэд юунд хамгийн их анхаарах ёстой вэ?
-Сүүлийн жилүүдэд хүмүүсийн сонирхлыг татаж байгаа спортын төрөл нь яах аргагүй мас-рестлинг. Тасралтгүй бэлтгэл хийж, техник болон тэвчээр, хурд, хүчний дасгалууд дээрээ сайн ажилладаг болох хэрэгтэй.
-Дэлхийд эх орныхоо нэрийг өндөр өргөсөн амжилт гаргахад багш дасгалжуулагчийн зөвлөгөө, заавар чухал шүү дээ. Багш нь тэмцээнд оролцож байх үед юуг хамгийн их захиж байв. Багшийнхаа талаар яриач?
-Манай Нурлан багш их юм зааж өгсөн. Тэмцээн эхлэхээс өмнө хамгийн гол нь сайн атга гэсэн. Бэлтгэлийнхээ үеэр ч хэрхэн сайн атгах атлаар зааж байсныг нь санасан. Үргэлж сэтгэл зүйн дэмжлэг өгч, дэмжсэн. Багш минь ч Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Багштайгаа хамт медаль хүртээд гэртээ харьж байгаадаа баяртай байна. Багш минь энэ спортыг дэлгэрүүлж, илүү олон хүнд хүргэхээр ажиллаж байгаа. Үргэлж талархдаг даа.
-Хилийн цэргийн 0165 дугаар ангийн тамирчин юм билээ. Хилийн цэрэгт ажиллаад хэр удаж байгаа вэ. Хилээ хамгаалах цэрэг байхын сайхныг ярьж болох уу?
-Би ХХЕГ-ын харья Хилийн цэргийн 0165 дугаар ангид ажиллаад жил болж байна. Хилээ хамгаална гэдэг бол эх орноо, ард иргэдээ хамгаалж байгаа хамгийн нэр хүндтэй бөгөөд ариун үүрэг. Тамирчин хүний хувьд сахилга бат, тэсвэр хатуужлыг давхар хөгжүүлэх сайхан боломж олгодог. Нэр хүндтэй албанд зүтгэж байгаагаараа үнэхээрийн их бахархаж явдаг. Намайг дэмжсэн анги хамт олон болон ангийн Захирагчдаа маш их баярлалаа.
-Энэ удаагийн тэмцээний хамгийн хэцүү өрсөлдөгч аль улсын тамирчин байсан бэ. Ямар чадвар нь хамгийн хэцүү байв?
-Киргиз Улсын тамирчинтай өрсөлдөх хамгийн хэцүү байлаа. Миний хувьд атгалт нь илүү хүчтэй, тогтвортой байгаа юм шиг санагдсан. Сайн өрсөлдөхийг хичээсэн ч тэсэж чадаагүй. Алдаанаасаа суралцаж, илүү хичээл итгэл, зорилготой байгаа.
-ДАШТ-ээс өмнө ямар тэмцээнүүдэд оролцож, ямар амжилтууд гаргаж байсан бэ?
-Өмнө нь Казах бөхийн УАШТ-ээс 2 хоёр хүрэл, нэг мөнгө, кураш бөхийн УАШТ-ээс гурван хүрэл, жюү жицү УАШТ-ээс нэг мөнгө, хоёр хүрэл хүртэж байсан. Боксоор хамгийн анхны том амжилтаа гаргаж Аймгийн аварга болж байсан.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Дараагийн тэмцээнд сайн бэлтгэл хийж Монгол Улсын нэрийг дэлхийд гаргаж, дэлхийн аварга болох зорилготой байгаа.
А.СУЛУШАШ: МОДОН БАРИЛДААН БОЛ БОГИНО ХУГАЦААНД ХУРД, ХҮЧ, ТЭВЧЭЭР, АВХААЛЖ ТӨВЛӨРӨЛ ШААРДДАГ СПОРТ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |