Хөгжим хүний сэтгэлд хүрч, хүний сэтгэлийг нь анагаадаг. Харин хөгжмийг сэтгэлтэй хүн бүтээж, авьяастай хүн амьлуулдаг гэдэгт итгэдэг. Энэ удаагийн ярилцлагын зочиноор Дорноговь аймгийн Мандах сумын уугуул, морин хуурч мэргэжилтэй, соёлын менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр мөн суралцаж буй З.Бямбачулуу юм. Түүнийг нутгийн олон “Эгшиглэнт энтертайнмент” гэх соёлын байгууллага, орон нутагт урлагийн тоглолт зохион байгуулагч, морин хуурч, хөтлөгч, менежер гэдгээр нь илүү сайн мэднэ. Гэхдээ энэ удаа түүний соёлын бүтээлч үйлдвэрлэл болох — "Ноён хутагтын 222 жилийн ойд зориулсан тусгай морин хуур"-ын тухай ярилцсанаа уншигч танд хүргэж байна. Соёлын өвийг урлагийн бүтээлээр дамжуулан залуу үед өвлүүлэх, өв соёлоо бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан олонд түгээж, дэлхийд таниулж буй түүний энэхүү санал, санаачлага Монголын өв, соёлд нэгэн жишиг болж байгаа нь бахархалтай.
Юуны өмнө уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
Намайг Бямбачулуун гэдэг. Би Дорноговь аймгийн Мандах сумын уугуул. Үндэсний хөгжмийн мэргэжилтэй морин хуурч, одоо соёлын менежмент болон бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байна. Малчин айлын хүүхэд ч, урлагийн замыг сонгосноор өнөөдөр “Эгшиглэнт энтертайнмент” гэх соёл, урлагийн байгууллагыг үүсгэн байгуулан, хөгжмийн сургалт, тоглолт, студи, эвент зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Та саяхан Ноён хутагтын 222 жилийн ойд зориулсан өвөрмөц морин хуурыг худалдаалж эхэлсэн байна. Яагаад ийм бүтээл хийх болсон бэ?
2023 онд Данзанравжаа ноён хутагтын мэндэлсний 222 жилийн ой тохиосон. Энэ түүхэн ойг соёлын бүтээлч хэлбэрт буулгах хүсэл маань надад нэгэн өвөрмөц хуур хийх санааг төрүүлсэн. Ингэж л Ноён хутагтын 222 жилийн ойд зориулсан морин хуур бүтээх эхлэл болсон. Морин хуур бол миний мэргэжил, миний амьдралтай салшгүй холбоотой. Энэ удаа би түүх, шашин, соёлын агуулгыг нэгтгэсэн онцгой хуур бүтээе гэж зорьсон. Түүнийгээ бүтээж эхнээс нь худалдаанд гаргасан минь гайхалтай сайхан байна.
Энэ хуур бусдаас юугаараа ялгаатай вэ?
Морин хуурын толгойн хэсэгт нь Данзанравжаа хутагтын гэгээн дүрийг баримал хэлбэрээр залсан. Түүний 3 гол шүтээний хоёр нь буюу Ногоон дарь эх болон хилэнцтэй хялгасыг хууртаа шингээсэн. Энэхүү бүтээл зөвхөн хөгжмийн зэмсэг биш, соёлын дурсгал, түүхийн гэрч болж байгаагаараа онцлог юм. Материалаасаа эхлээд загвар, бэлгэдэл бүх зүйл нь тусгай хийгдэж байгаа. Зөвхөн 222 ширхэг гаргаж, тус бүрийг дугаарлаж, гэрчилгээжүүлж байгаа нь хүртэл тун онцгой.
Хуурын загварыг хэрхэн гаргасан бэ? Хамтран ажилласан уран бүтээлчдээ танилцуулахгүй юу?
Мэдээж тэгэлгүй яахав. Би энэ санаагаа гаргасныхаа дараа хутагтын тахилч А.Алтан-Очиртой уулзаж, зөвлөгөө авсан. Мөн зураач Довчингийн Ганпүрэвтэй хамтран хутагтын дүр, түүхийн бэлгэдлийг загварчлах ажилд орсон. Бид Ноён хутагтын музейг судалж, түүний шүтээн, чандар хадгалагддаг “грүг” гэх бүтэц, тэргүүнд залсан бурхан гэх мэт маш их судалгаа хийж байж бүтээсэн.
Хуурын бэлгэдэл талаас нь тодруулбал?
Морин хуурын толгойн дээд талд нь Ногоон дарь эхийн дүрийг 3D товгор хэлбэрээр залсан. Харин доод хэсэгт нь хялгасан дээрх хилэнцийн дүрс байдаг. Энэ хоёр нь Данзанравжаа хутагтын 3 шүтээний хоёр нь бөгөөд гурав дахь шүтээнийг хуурын сууринд нууцлаг байдлаар илэрхийлсэн. Хуурын эх биеийг уламжлалт аргаар модоор урлаж, толгойн дүрсийг полирезин материал ашиглан бүтээсэн.
Энэ бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тод жишээ боллоо. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийсэн үү?
Тийм ээ, энэ бол зөвхөн урлагийн бүтээл биш. Бид бүтээгдэхүүний загварын патентын гэрчилгээг Оюуны өмчийн газарт мэдүүлсэн. Мөн тусгай морин хуурын гэрчилгээ гаргаж, гэрчилгээ бүрд "222 жилийн тусгай бүтээл" гэдгийг латин, монгол бичгээр баталгаажуулсан. Хуур бүр дугаартай, логотой, QR кодтой. Бүтээлч үйлдвэрлэл, инноваци, өв соёлоо хадгалах бүх түвшинд анхаарсан.
Энэ хуур мэргэжлийн хөгжимчдөд үү, эсвэл сонирхогчдод зориулсан уу?
Аль аль нь ашиглаж болно. Энэ морин хуураар мэргэжлийн хөгжимчид тоглох боломжтой бүрэн хэмжээний хөгжмийн зэмсэг. Гэхдээ сонирхогчид тухайн хуурыг ашиглаж болно. Эсвэл хэн хүссэн нь гэрийнхээ хойморт залж болно шүү дээ. Молор эрдэнэ болсон морио дээдэлдэг ард түмэн бид морин хуурыг гэртээ залах сонирхолтой хүмүүс бас байдаг. Соёлын бэлгэдэл шингээсэн тул түүх, дурсамж, үнэт зүйлийг эрхэмлэдэг хүн бүхэнд зориулж бүтээсэн.
Цаашид энэ ажлаа хэрхэн үргэлжлүүлэх бодолтой байна вэ?
Морин хуурын хувьд 222 ширхэг гаргаад дуусна. Дахин үйлдвэрлэхгүй. Энэ бүтээл бол тухайн ойд зориулсан түүхэн бүтээл гэдгээрээ дахин давтагдашгүй. Морин хуур тус бүрийн гэрчилгээнд “Онцгой бүтээл” гэсэн тамга дарж, үнийн дэвсгэрт бүхий бүртгэлтэй байгаа нь тийм учиртай. Цаашид энэ бүтээлийг 222 хүн хүргэхийн тулд илүү сайн ажиллана даа
Эшлэл:“Хутагтын нутгийн хүү учраас цаашид Догшин Ноён хутагт Данзанравжаагийн дүртэй энэхүү онцгой бүтээлээрээ дамжуулан өв соёл, бахархлаа залуу үед өвлүүлэх, дэлхийд таниулан сурталчлах хүслээ биелүүлнэ”
Ярилцсан: Сэтгүүлч С.Бэрцэцэг
Морин хуурын танилцуулга: Энэхүү бүтээл нь дэлхийн суут хүмүүн, их соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 222 жилийн ойн хүрээнд хийсэн онцгой бүтээл бөгөөд шашин, соёлын үнэт өв юм. Санаачлагчаар “Эгшиглэн энтертайнмент” ХХК-ийн захирал, морин хуурч З.Бямбачулуу, морин хуурын эх загварыг МҮЭСТА, Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Д.Ганпүрэв, морин хуурыг МУСТА, морин хуур урлаач Д.Даваажав нар хамтран бүтээжээ. Тус морин хуур нь хус модыг байгалийн аргаар хатааж мэргэжлийн морин хуурын стандартын дагуу хус, нарс, улаан модыг хослуулан, өнгийг ноён Хутагтын гуурст ажнай буюу борви хээр морины зүсийг шингээн урлаачийн ур ухаанаар урлан бүтээжээ.
З.БЯМБАЧУЛУУН: ХУТАГТЫН 222 ЖИЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ МОРИН ХУУРТ ШИНГЭЭСЭН |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |