• Өнөөдөр 2025-06-03

Б.БАТМАНЛАЙ: “ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ” ШОУНЫ ЯЛАГЧ БОЛЖ, Т.ЭНЭРЭЛТЭЙГЭЭ ХАМТ ЦОМ ӨРГӨСӨНДӨӨ БАЯРТАЙ БАЙНА

“Ододтой бүжиглэе” шоуны үзүүлбэрүүдээрээ үзэгчдийн сэтгэлд хүрч хөөргөн баярлуулж, гуниглуулж, огшоож байсан хос бол Т.Энэрэл, Б.Батманлай билээ. Тэд шоуны ялагч болж, алтан цомыг хамтдаа өргөсөн. Ингээд ялагч, Хатантуул хамтлагийн гишүүн, “Zevtu” нэгтгэлийн гишүүн бүжигчин Б.Батманлайтай ярилцсанаа хүргэж байна.

-“Ододтой бүжиглэе” шоуны ялагч болсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Он гарснаас хойш шоуныхаа ажилд орсон. Хагас жил үргэлжилсэн нэвтрүүлгээ тавдугаар сарын 25-нд дуусгалаа. Тэр дундаа маш амжилттай өндөрлүүлж, Т.Энэрэлтэйгээ хамт ялагчийн цом өргөсөндөө баяртай байна. Одоо ч гэсэн шоуны үеийн догдлол сандрал мэдрэгддэг. “Ододтой бүжиглэе” шоуныхаа уур амьсгалаас гарч амжаагүй гэх юм уу даа.

-Ялагчийн хувиар нэрээ дуудуулсан мөчид төрсөн мэдрэмжээ эргэн дурсвал?       

                -Ялагч болж, цом өргөж байна гэж олон удаа төсөөлсөн. Гэхдээ бодит байдал огт өөр юм билээ. Б.Мандуулын нэр зарлахдаа их удаан хүлээлгэдэг юм. Тэгээд “Ялагчийн нэр зарлах болоогүй дээ” гээд хүлээж байсан бид хоёрын нэрийг дуудсан. “Юу болсон бэ, ялсан уу, ялагдсан уу” гээд юу болоод байгааг ойлгохгүй хэсэг зогссон. Толгой манараад, уруул чимчигнээд эхэлсэн. Т.Энэрэл рүүгээ харсан “Найз нь яг ухаан алдах гээд байна” гэсэн. Тэгэхээр нь өөрөө унах гээд байгаа хэрнээ түшээд зогссон. Тэр үед ялагчийн сэтгэгдэл асуух үед юу гэж хэлснээ одоо санадаггүй. Толгой дотроо огт боловсруулалгүйгээр сэтгэлийнхээ үгийг хэлсэн болж байгаа юм. Магнай хагартал баярлана гэж тэрийг хэлдэг байх аа. Ойрын хэдэн жилд хэзээ тэгж баярласнаа мэдэхгүй байна. Хамгийн сүүлд гэх юм бол аав болохдоо тэгж их баярласан байх.

-Хагас жилийн хугацаанд өдөр бүр шахуу бэлтгэлтэй, завгүй өнгөрсөн байх. Шоугаа дуусгаад хамгийн эхэнд юу хийв?

                -Тийм ээ, долоо хоног бүр үнэхээр хурдан, завгүй өнгөрч байсан. Шоугаа дуусгаад багийнхнаасаа л асуулгүйгээр үсээ засууллаа. Хоёрдахь улирал 2023 онд хийгдэх гэж байсан юм. Гэхдээ тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон. Тэр үед нэвтрүүлгийн багийн зүгээс үсээ ургуулах санал тавьсан. Ингээд хоёр жил тэвчээртэй ургуулсан. Гэхдээ харшилтай учраас тун хэцүү хоёр жил байлаа. Тиймээс нэвтрүүлэг дуусаад шууд л үсчин орсон.

-Шоуны анхны дугаарт оролцож байсан шүү дээ. Хоёрдахь улирал өмнөхөөсөө юугаараа онцлог байв?

                -“Ододтой бүжиглэе” шоуны эхний улирлаар дуучин Р.Номин-Эрдэнэ эгчтэйгээ бүжиглэсэн. Тухайн үед Номио эгчээрээ овоглогдоод л Р.Номин-Эрдэнэ Б.Батманлай гэж дуудуулдаг байлаа, бид хоёр тав дахь дугаар хүртэл явсан. Тэр үед шоу маань ч, би ч шинэ байж. Одоо бол аль аль нь илүү туршлагатай болсон юм уу даа.

-Нэвтрүүлгийн туршид үзүүлсэн үзүүлбэрүүдээсээ хамгийн дуртай шилдэг гэж бодсон нэг үзүүлбэрийг нэрлэхгүй юу?

                -Бүх л үзүүлбэр бодогдож байна, бүгд л сэтгэл шингэсэн үзүүлбэр. Бүгд өөр өөрийн онцлогтой. Хамгийн онцлогийг сонго гэвэл сая финалын дугаар дээр үзэгчдийн хүсэлтээр дахин үзүүлсэн хурдан фокстрол бүжгийг нэрлэнэ. Ер нь нэвтрүүлэг эхлэхэд хэлж байсан жүжигчин хүнтэй хамтрагч болго гэдэг их давуу талтай байсан. Биднээс үзүүлбэрийн бүжиг богино бөгөөд сайн байхыг шаарддаг байсан. Цөөхөн минутдаа бүжгээ дэглэчихээд хоосон зайн дээр нь зохиол гаргаад нэгэндээ дүр өгчхөж байгаа юм. Шүүгчид бидний бүжгийг хэтэрхий их жүжиглэлтэй гэнэ, хүмүүс сайн зохиолтой гэдэг байсан. Үнэндээ бид арай гэж  дүртэй болоод тэр дүр дээрээ л амьдарчихдаг байсан.

-Хоёулаа хамтрагчийнхаа талаарх яриагаар цааш үргэлжлүүлцгээе. Т.Энэрэлтэй хамтран бүжиглэх ямар байв?

                -Миний найз минь үнэхээр гайхалтай, хүчирхэг, ухаантай эмэгтэй. Би Т.Энэрэлийг чин сэтгэлээсээ магтахаар найз минь ичээд байдаг юм шиг байна лээ. Нээх том нүд гаргачхаад хараад байдаг юм. Найзтайгаа анх Монгол туургатан театрт байхад нь танилцаж, нэгнийгээ зүс таньдаг болсон. Шоуны нээлтийн үзүүлбэрийг бэлдэж байх үеэр “Хэнтэй нь ч хамтрагч болсон хамаагүй” гэж бодож байлаа. Тэгсэн Т.Энэрэл ирээд “Чамтай нэг баг болчих юмсан, ядаж нэгнийгээ таньдаг юм чинь дураараа байхгүй юу” гэсэн. Хүн “Чамтай хамтармаар байна” гээд хэлчихээр өөртөө итгэлтэй болдог юм билээ. Надтай баг болох дургүй, эсвэл би таалагддаггүй бол бид хоёрын дундаас бүжиг гарахгүй шүү дээ. Гэхдээ үнэндээ Т.Энэрэлтэй баг болох боломж тун бага байсан. Учир нь, бүжиглэхэд өндөр тун чухал, би өндөр, манай хүн намхан болохоор бараг боломжгүй гэж бодож байтал оноолтоор налтай хамтрахаар болсон. Найзтайгаа хамтарсандаа баяртай байгаа. Хамтдаа нэг зүг рүү харж алхлаа. Т.Энэрэл бид хоёр шоуны өмнө ярилцсан “Түрүүлнэ гэж холын юм харалгүйгээр яг тэр долоо хоногийнхоо үзүүлбэрт анхаарал хандуулъя. Ирээдүй харж хий төсөөлөх бус бодит цагт амьдарч тухайн мөчөөсөө аз жаргал мэдэрье” гэж ярьсан. Ярьснаараа гар гараасаа хөтлөлцөөд эцсийг нь үзлээ.

-Та яагаад бүжигчин болохоор шийдсэн бэ, юу нөлөөлөв?

                -Би аэробикээр хичээллэдэг байлаа. Тэгэхээр намайг эвсэлтэй гэж боддог байсан байх, найзууд бүжгийн хамтлагтаа оруулах гэдэг байсан юм. Тэгээд ахлах ангидаа хамтлагт нь орж цэнгээнт бүжгээр хичээллэж эхэлсэн. Аймаг, бүсийнхээ тэмцээнд орж, шагнал авна. Ер нь багаасаа урлагт дуртай байсан. Ингээд мэргэжил сонгох болоход бүжигчин эсвэл жүжигчин болно гэж бодох болсон. Ээжийн харин намайг нягтлан болгох сонирхолтой. Би уг нь тоондоо гайгүй, гэхдээ хүсэл нь огт өөр чиглэлд байгаа юм. Тэр үед мэргэжлийн сургуулиудад бүжгийн спортын факультет гэж байдаггүй байсан учраас ямар нэгэн хамтлаг аль эсвэл том клубүүдийг түшиглэх шаардлагатай болсон. Тэднээс суралцах гээд байгаа юм. Ингээд Хатантуул хамтлагт орохын тулд ХААИС-ийг сонгож, инженерээр сурч эхэлсэн. 2008 оны урлагийн үзлэгээр хамтлагаасаа урилга авч орж байлаа. Эхлээд урлагийн үзлэгээс харж байгаад авьяастай хүүхдүүдийг сонгоод дараа нь өөрийгөө  дайчилж чадаж байгааг нь үлдээдэг байсан. Би бол дотроо өөрийгөө үнэхээр сайн байгаа гэж бодоод байдаг гэтэл багш нар загнаад болохгүй байгааг минь хэлдэг байсан. Тухайн үед юу нь болохгүй байгааг гайхаад өнгөрнө. Гэхдээ одоо бодоход үнэхээр л болохгүй байсан байгаа юм.

-Тухайн тайзан дээр гарснаараа бахархдаг хамгийн их дурсамж үлдээсэн үзүүлбэрээ үзүүлсэн тайзныхаа талаарх дурсамжаас ярихгүй юу?

                -Хэдийгээр хамтлагтаа 2008 онд элссэн ч сургуулиа төгссөнийхөө дараа Хятадад очиж хэсэг амьдарсан. Гэтэл хамтлагийнхаа гарааны найман эрэгтэй бүжигчний нэг болохын тулд маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэгээд 2015 оноос яг тууштай бүжгээрээ хичээллэхээр шийдсэн.  2017 онд хамгийн анхны дэлхийн аваргадаа орсон. 2010 оноос хойш манай хамтлаг дэлхийн аваргад явж эхэлсэн гэхээр би хамтлагийнхныгаа таван удаа үдэж өгсөн байгаа юм. Тэгээд тав дахь удаагаа үдэхдээ “Дараагийн удаа би өөрөө гарааны бүжигчин болж явна” гэж шийдсэн. Тэгээд бэлтгэлээ огт тасалдаагүй, урдах бэлтгэлээ маш сайн хийсэн. Урд байгаа алхмаа л сайн хийх хэрэгтэй байсан юм билээ. Ингэж 2017 онд анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ орсон. Тайзан дээр гараад зогссон нүднээс нулимс гараад эхэлсэн. Нэг мэдэхэд л төгсгөлөө хийгээд гараа зүрхэн дээрээ тавиад зогсож байсан, үнэхээр огшмоор. Тэр тайзыг нээрээ юугаар ч зүйрлэшгүй байх аа. Угаасаа миний амьдралдаа үзэж болох хамгийн том тайз маань байхгүй юу.

-Гэргий нь адилхан бүжигчин, тэр дундаа Хатантуул хамтлагийн бүжигчин таны хамтрагч гэсэн. Ханьтайгаа анх яаж танилцсан бэ?

                -Хамтлагт орж ирэхэд нь танилцсан даа. Манай хүн 2017 онд хамтлагт орж ирсэн, ах дүүгийн харилцаатай байж байгаад 2021 оноос үерхэж эхэлсэн. Бид нэг хөөрхөн хүүтэй. Сая тэмцээний үеэр миний хань үнэхээр бат ар тал байсан. Өдөр нь ажлаа хийчхээд орой нь өөрөө тэмцээний оролцогч шиг л Т.Энэрэл бид хоёртой ханьтай байж тусалсан. Үнэхээр түшиг тулгуур ханьтай гэдгээ мэдэрсэн.

-“Zevtu” нэгтгэлийн талаар ярихгүй юу, юуг зорьдог юм бэ?

                - Zevtu нэгтгэл байгуулагдаад хоёр жил болж байна. Үндэсний биет болон биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ сурталчлан таниулах зорилготойгоор нэгдсэн. Анх бие биелгээг сурталчлан таниулах зорилготой гэж бодож байсан. Гэтэл биелгээндээ зориулж ая хийхийн тулд хөгжмөө судалж эхэлсэн. Биелгээний аянд морин хуур, шуранхай, ямар нэгэн цуурай ч холбогдоно. Дараа нь монгол хувцастай бүжиглэх ёстой учраас ямар хувцас өмсөх үү гээд судалсан. Ингээд харахаар ганцхан бүжгийн бус Монгол өв соёл, уламжлалыг таниулах дэлгэрүүлэх ажил болоод байгаа.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

                -2025 он гарсны дараа цаасан дээр оны эхний хагаст “Ододтой бүжиглэе” шоуныхаа ялагч болно, хоёрдугаар хагаст нь ДАШТ-ий финалист болох гээд бичсэн. Тэр үед өөрийгөө хамгийн зөвөөр чиглүүлж өөртөө итгэсэн байх. Зорилгуудаа биелүүлэхээр хичээж байна даа.

 


Б.БАТМАНЛАЙ: “ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ” ШОУНЫ ЯЛАГЧ БОЛЖ, Т.ЭНЭРЭЛТЭЙГЭЭ ХАМТ ЦОМ ӨРГӨСӨНДӨӨ БАЯРТАЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188