-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Хайрын богино долгион” цуврал үзэгчдэд хүрч эхэллээ шүү дээ. Вэбдрама учраас бусад уран бүтээлээс нь онцлог байв уу?
-“Хайрын богино долгион” вэбдрама миний өмнө тоглож байсан уран бүтээлүүдээс тэс өөр мэдрэмж өгсөн кино. Жүжигчин Б.Хунцэнгүүнтэй хамтарч тоглох тун таатай байлаа. Олон уран бүтээлд ажилласан мэргэжлийн жүжигчин учраас нэгэндээ түшигтэй байсан. Сэтгэл ханамжтай тоглосон уран бүтээл учраас үзэгчдэд таалагдана гэж найдаж байна.
-Өмнө нь ихэвчлэн тулаантай, адал явдалтай уран бүтээлүүдэд ажиллаж байсан шүү дээ. Хайрын зөөлөн өнгө төрхтэй уран бүтээлд тоглох ямар байв?
-Тиймээ өмнө нь тоглож, оролцсон кинонууд минь эрч хүчтэй, адал явдалтай, зарим талаараа бараан өнгө төрхтэй уран бүтээлүүд байсан. Тус вэбдрамаар анх удаа гэгээлэг, хайр мэдрүүлж, догдлуулсан уран бүтээлд тоглож байсан. Өмнө нь тоглож байцгаагүй жанрын уран бүтээл учраас зураг авалтаа тун урамтай хийлгэсэн. Ганаагийн дүрийг сайн гарахыг хичээж, эрмэлзэл дүүрэн тоглосон.
-“Тусгал” олон ангит киноныхоо эхний ангиудыг үзэгчдэд хүргэлээ шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй, үзэгчид хэрхэн хүлээж авч байна?
-“Тусгал” олон ангит киног маань үзэгчид шимтэн үзэж байгаад баяртай байна. Олон зүйлийг ойлгуулж, сэтгэлд хүрэх уран бүтээл болсон гэж найдаж байгаа.
-“Тусгал” олон ангит кино өсвөр насныхан руу чиглэсэн уран бүтээл шүү дээ. Тэдэнд тулгардаг ямар асуудлыг гаргахыг хичээсэн бэ?
-Өсвөр насныхан болон энэ насны хүүхэдтэй гэр бүлүүд зорьж үзээсэй гэж хүсэж байна. Тэдэнд тохиолддог олон асуудлыг хөндөж гаргахыг хичээсэн. Киног маань үзээд тэднийг ойлгож, хайрлаарай.
-Таны дүр тэдний ямар зан араншинтай, асуудалтай хүүхдийг төлөөлөв, дүр дээрээ хэрхэн ажилласан бэ?
-Уран бүтээлийн маань гол зангилаа Тулгын дүрээс эхэлдэг. Киноныхоо зохиолыг уншихад дүр минь амьдралын төлөө эрэлхийлсэн, тэмүүлсэн дүр байсан. Надаас огт өөр хүн байсан учраас өөрийгөө сорьж, дүрээ сайн гаргахыг хүссэн.
-“Тусгал” олон ангит киногоор залуу найруулагчийн удирдлага дор ажиллах ямар байв?
-Д.Дашдолгор найруулагч маань өөрөөр залуу уран бүтээлч, залуу найруулагч учраас кино багийнхантай илүү тулж, сайн ажилласан. Зураг авалт бүр дээр жүжигчдэдээ тохирсон зөвлөгөөг өгсөн. Залуу уран бүтээлчид, туршлагатай жүжигчид хамтарч сайн уран бүтээл гаргахын төлөө хичээсэн.
-Таныг “Гарц” киноных нь дүрээр таньдаг болсон хүн цөөнгүй бий. Тус уран бүтээлийн талаар ярихгүй юу. Таны тоглосон анхны уран бүтээл байв уу?
-Үзэгчдийн анхаарлыг татсан “Гарц” олон ангит кино миний анхны уран бүтээл байсан. Тулгын дүр хэдийгээр эрт үхсэн ч киноны түүх, гол үйл явдлыг эхлэл байсан учраас ажиллахад урамтай байсан.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?
-Аав хоёр ах маань жүжигчин болох мөрөөдөлтэй байсан юм билээ. Гэхдээ хүссэнээрээ жүжигчин болж чадаагүй. Надад ч гэсэн жүжигчин болох хүсэл, сонирхол байсан болохоор аав, ах нарынхаа мөрөөдлийг биелүүлж жүжигчин болохоор шийдсэн. Тэднийхээ бахархал болсон уран бүтээлч болохоор хөдөлмөрлөж байна даа.
-Танд ажиллахыг хүсдэг дүр бий юү?
-“The gangster the copthe devil” киноны эсрэг дүр Kim Sung-kyu шиг өөрийгөө эвдсэн дүрд тоглож үзэхийг хүсдэг.
-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхын хүсдэг вэ?
-Үлгэр дуурайлал авч, чадвараас нь суралцдаг. Тэр дундаас МУГЖ С.Болд-Эрдэнэ ах шиг сайн жүжигчин болохыг хүсдэг.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Сургуулиа амжилттай төгссөн. Одоо мэргэжлээрээ тууштай ажиллаж, туршлагатай жүжигчин болохыг хүсэж, зорьж байна.
Ц.ОТГОНБААТАР: ГЭГЭЭЛЭГ ХАЙРЫГ ХАРУУЛСАН “ХАЙРЫН БОГИНО ДОЛГИОН” КИНОГООРОО ҮЗЭГЧИДТЭЙГЭЭ УУЛЗАЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |