• Өнөөдөр 2025-05-20

Ө.СУМЪЯА: “Усны гудамж” уран зохиолын сайт маань зохиол бүтээлд хайртай, бичих дуртай хүн бүхний дотнын найз байгаасай гэж хүсдэг

     Уншигч таныг  бид “Усны гудамж”-нд урьж байна. Энэ “гудамж”-нд тэргээр ус зөөх биш дэлхийн болон монгол зохиолчдын зохиол, бүтээлийн сайхнаас, бичвэр, тэмдэглэл, өгүүлэл, шүүмж  бичихэд юунаас эхэлж, хэрхэн бичиж сурах тухай мэдээллийг тархи, сэтгэлдээ “зөөх” уран зохиолын сайт юм. Бид тус сайтыг үүсгэн байгуулагч Ө.Сумъяатай үйл ажиллагаа болон удахгүй болох өдөрлөгийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.

-“Усны гудамж” гэж өвөрмөц нэртэй уран зохиолын сайт нээжээ. Сайт байгуулах санаа хэзээ анх төрөв?

       -Миний хувьд МУИС-ийг Утга зохиол судлаач мэргэжлээр төгсөөд хоёр жил орчим орчуулагч, редактороор ажилласан. Уран зохиолын мэргэжлээр төгсөөд ажиллаж буй хүн уран зохиол руу улам л ойртох ёстой шүү дээ. Гэтэл надад ажиллах тусам улам холдож байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Яг л урдах ажлаа хийгээд уран зохиолтой ойрхон байдаг байсан оюутан цагийн үе шиг байхаа болиод, найзуудтайгаа сууж зохиол, бүтээлийн талаар ярьдаг маань ч цөөрөөд ирсэн. Нэг ёсондоо хангалттай уран зохиолын талаар ярьж, мэдрэмж авч чадахгүй болохоор сэтгэл жаахан дундуур байсан. Тэгж яваад, утга зохиолын ангийн дүү нартайгаа уулзаж суутал паблишинг нээх тухай яриа гарсан. Миний хувьд тухайн үед тэмдэглэл, шүүмж бичиж явдаг байсан учир паблишинг гэхээс илүү бичвэрээ нийтлүүлэх сайт байвал зүгээр санагдсан. Тэр санааг найзууд маань ч дэмжсэн. Мэдээж тэр дороо сайтаа байгуулчихаагүй. Хагас жил хүлээж, эрхийг нь авч нээгээд, нийтлэлүүдээ байршлуулж эхэлсэн. Одоо л жигдрээд явж байна.

-"Усны гудамж" гэж нэрийг хэрхэн өгсөн бэ?

     -Энэ нэр гудамж талбай буюу их хотын уур амьсгал, уран зохиол хоёрыг зэрэг санагдуулдаг. Дээр нь ус гэдэг хамгийн эрх чөлөөтэй, хүмүүст ч хамгийн хэрэгтэй зүйл болохоор таалагдсан. Тэгээд л бусдадаа хэлтэл санал нийлснээр сайтаа нэрлэсэн.

-Хүмүүсийн бичих чадварыг хөгжүүлэхэд чиглэж, бичвэрийг нь хүлээн авч зөвлөгөө мэдээлэл өгдөг шүү дээ. Хэр их бичвэр тэмдэглэл ирсэн бэ?

        -Тийм ээ. Манай сайтын уриа бол “Бичээчийн хөгжих талбар”. Яагаад гэвэл, тогтмол бичих гэдэг бидэнд их чухал юм байна. Тэгж байж бичиж байгаа зүйл нь сайжирч, сайн бичдэг болох юм байна гэдгийг ойлгосон. Энэ ч утгаар бичих дуртай хүмүүс нээлттэй, чөлөөтэйгээр бидэн рүү бичвэрээ илгээж, харилцан санаа бодлоо солилцож, бичиж буй зүйлд нь дэмжиж, туслах үүднээс сайтдаа хүмүүсийн бичвэрийг хүлээж авч байгаа. Одоогоор манайд 50-80 бичвэр ирсэн. Бид хагаст нь бүрэн хариу өгсөн. Заримд нь одоогоор хариулт өгч амжаагүй байна. Нийтлэх боломжтойг нь аваад нийтэлдэг, нийтлэх боломжгүй тохиолдолд яагаад боломжгүй вэ гэдгийг нь тайлбарлаж өгдөг. Юун дээр алдаж байгаа, бичвэрт нь юу хэрэгтэй, юун дээр нь оновчтой зүйл гаргасан бэ гэдгээ тайлбарлах маягаар хариу өгдөг.

-Сайтдаа бичвэр, нийтлэл нийтэлж, хүмүүсийн бичвэрт зөвлөгөө өгч, дэмжиж ажиллахаас гадна өөрөөр ямар үйл ажиллагаа явуулж байна?

       -Уран зохиолын сайтад байж болох бүх л бүрдэл хэсгийг оруулахыг зорьж байгаа. Мөн “Усны гудамж” сайтад нийтлэл, бичвэрээ нийтлүүлэхийг хүсэж байгаа бүх хүнийг оролцуулахыг хичээдэг. Тухайлбал, багш нарын хувьд ч бас бичсэн зүйлээ тохиромжтой нийтлэх сайт, газар хомс байсан шиг байгаа юм. Энэ ч утгаар сүүлийн үед багш нар маань хандаж өөрсдийнхөө бүтээлийг ирүүлж байгаад их баяртай байгаа. Мөн дээд үеийн ах, эгч нар бүтээлээ нийтлүүлж байна. Бид аль болох өөрсдийнх нь бүтээлд хүндэтгэлтэй хандаж, гоё түгээж өглөө гэдэг мэдрэмжийг төрүүлэхийг хичээдэг. Учир нь, тэр хүмүүс бидэнд бас өгдгөө өгч, заахаа зааж, туслахдаа тусалсан шүү дээ. Үүгээрээ давхар эрдэмтэн, судлаачдын шүүмж, бичвэрийг ч манай уншигчид унших боломжтой болж байгаа юм. Мөн бид өмнө нь бичвэртэй илүү ажиллаж ирсэн болохоор видео контент руу орохыг зорьж байгаа. Постер хийх, бичлэг авах, ярилцлага хийх, эвлүүлэх гээд танил биш зүйлстэйгээ танилцаж, янз бүрийн зүйл рүү орж оролдож байгаа минь сонирхолтой, олон зүйл сурсан өгөөжтэй аялал болж байна. За тэгээд хүмүүсийг ном руу оруулахын тулд номыг хүмүүст яаж эвтэйхэн хүргэх вэ гэдэг дээр анхаарна.

 -Одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

         -Зургаан хүн байна. Манай нийтлэлч М.Дэвээжаргал, редактор С.Энхцэцэг бид гурав нэг анги. Дизайнер Э.Доржсүрэн маань манай доод анги. С.Энхчимэг маань эдийн засагч мэргэжлээр төгссөн. Б.Бүжмаа маань оюутан. Ингээд л тал талаас юмаа хийгээд явж байна. Миний хувьд ажилдаа зуун хувь төвлөрч ажиллаж байна. Бусад маань ажил, хичээлийнхээ хажуугаар сайтынхаа ажлыг амжуулж байгаа.

-Уран зохиолын ийм гоё гэгээлэг, залуусын хүсэл мөрөөдлийг дэмжсэн сайт гарч ирж байгаад хүрээллийнхэн нь илүүтэй дэмжиж байгаа болов уу?

   -Мэдээж дэмжиж, урам хайрлаж, бичвэр, тэмдэглэлээ нийтлүүлж байгаа хүмүүс ч байна. Нөгөө талаар сайтаа нээчихээд эхэн үедээ бол бидний хийж байгаа зүйлийг уран зохиолын хүрээллийнхэн маань нэг их тоохгүй, уншихгүй байна даа гэсэн гомдол жаахан төрж байсан. Уулзахаар манай сайтыг мэддэг, харсан гэж байгаа мөртлөө манайхыг дагадаггүй, шэйрлэдэггүй, уншихгүй байгаа ч юм шиг санагдсан. Тэгсэн сая эвент зохиох болоход хамтрая, дэмжье гэж уриалгахан хүлээн авч байгааг хараад цаагуураа биднийг бодож, дэмжиж байсан юм байна гэдгийг ойлгосон. Тухайлбал, бид эвент дээрээ номын худалдаа явуулья гээд паблишингууд руу холбогдоход "Хөнгөлөлттэй өгье" гэхчлэн аль болох дэмжиж, туслахыг хүсэж байгаа нь бидэнд их урам өгсөн.

-Удахгүй болох гэж байгаа “Бичээчийн өдөрлөг” эвентийн талаар мэдээлэл өгөөч. Өдөрлөгийн хүрээнд юу юу болох вэ?

    -Бичээчийн өдөрлөг гэдэг утгаараа бичихийг хүсэж байгаа хүмүүс түлхүү ирээсэй гэж хүссэн. Хүмүүс уран зохиолын олон элемент байхад зөвхөн нэг талыг нь хараад тэр дагуу бичээд байж магадгүй, тиймээс бичвэрийг цогц боловсруулах тал дээр бид юу ярьж чадах вэ гэх утгаар нэг хэлэлцүүлэг байгаа. Тэгээд мөн уран зохиолын ертөнцөд шинэ содон юм юу орж ирж байна гэдгийг мэргэжлийн судлаач юу хэлж чадах вэ гэдэг ч юм уу олон талын мэдээлэл, яриа өрнүүлнэ. Хамгийн гол нь уран зохиол бол цогц зүйл. Нэг л талаас нь оролдохоос илүүтэй түүнийг илүү сайн боловсруулдаг, өндөр түвшинд бичдэг уран бүтээлч олон байгаасай гэж хүсэж байгаа учир эвент зарласан. Шинээр бичиж байгаа хүмүүс мөн хоорондоо танилцаж, харилцахад энэхүү эвент маань гол гүүр болно байх аа.

-Танай сайт цаашид юунд зорьж байна вэ?

    -Бид хамгийн гол нь их сайхан бичдэг, сайн бичдэг ур чадвартай хүмүүс бичвэр нийтлүүлэхэд бичвэрийн шагнал олгодрг утга зохиолын сайт болно гэсэн үндсэн зорилготой. Уран зохиолоор сурч төгсөж байгаа, зохиол бичих дуртай залууст шууд зохиолоо бичээд суух боломж бага байдаг.  Зохиол бичээд ширээний ард суух хүртэл их ч замыг туулдаг. Тэд ажилд ороод, ажил хийгээд амьдралаа залгуулах гээд үзэж байхдаа уран зохиолын тухай бодсоор л байдаг. Тэр ч үүднээс тэдгээр хүмүүс ажлынхаа хажуугаар нэг юм бичээд нийтлүүлэхэд бага ч болов мөнгөтэй болж байвал цаашид байнгын бичих урам болох болов уу гэж л зорьж байгаа юм. Тэр ч утгаараа "Усны гудамж" сайт маань зохиол бүтээлд хайртай, бичих дуртай хэн бүхний дотнын найз нь байгаасай гэж хүсдэг.

      Ийм гоё гэгээн мөрөөдөл, гэрэлт зорилготой залуус нэгдэн дан уран зохиолын төрлөөр дагнасан бүтээл, нийтлэл, видеотой сайт байгуулж, сонирхолтой бичвэрүүд, уншууртай нийтлэл, шүүмж уншигчдад хүргэж байгаад хувь уншигчынхаа зүгээс талархаж байна. Бичиж тэмдэглэх дуртай, бичвэрээ илгээж, зөвлөгөө мэдээлэл авдаг, сайжруулчихаад дахин илгээж, сонгогдон нийтлүүлж, бичвэрийн шагнал хүртдэг, уран зохиолд хайртай хэн бүхний ямагт унших, "очих" дуртай "Усны гудамж" байна гэдэгт итгэлтэй байна. 


Ө.СУМЪЯА: “Усны гудамж” уран зохиолын сайт маань зохиол бүтээлд хайртай, бичих дуртай хүн бүхний дотнын найз байгаасай гэж хүсдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188