-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Pigland” киног анх хийх болсон түүхээс ярьж өгөөч, хэр удаан төлөвлөж бүтсэн ажил вэ?
-Багаасаа л Монголд анимейшн хөгжөөсэй гэж боддог хүүхэд байлаа. Өөрөө анимейшн хийх хүсэлтэй байсан учраас энэ төрлийн ажил хийдэг баг, хамт олныг чимээгүйхэн хайдаг байсан. “Pigland” киног бүтээлцсэн Skywoker продакшны залуустай санаандгүй байдлаар танилцсан. Би тэднийг биш тэд намайг олоод ирсэн, хувь тавилан байх. Яг адилхан хүсэл, мөрөөдөлтэй залуучууд байгаа юм. Зургаан жилийн өмнө танилцаж, дөрвөн жилийн өмнөөс “Pigland” цувралыг хийхээр шийдэж, ажилдаа орцгоосон.
-Гарсан даруйдаа хит болсон уран бүтээл шүү дээ. Анх бүтээж байхдаа тэгж их амжилт олно гэж болж байв уу?
-Бүх зүйлийг нь өөрсдөө сэтгэл гарган урласан учраас хүмүүст хүрээсээ, таалагдаасай гэж бодсон. Хүмүүс дуртай үзэж, үзэгчдэд хүрч байгааг нь харах сайхан байгаа.
-Уран бүтээл нь амжилттай болж байгааг юунаас хамгийн их мэдэрсэн бэ. Тухайн үед юу бодогдож байв?
-Цахим сүлжээн дэх хүмүүсийн сэтгэгдэл, таалагдаж байгаагаа илэрхийлсэн үгсээс мэдэрсэн дээ. Тикток хуудсаар хүүхдүүд “Pigland” анимейшны талаар олон бичлэгүүд хийж, нийтэлсэн байна лээ. Цахим сүлжээнд анимейшны хэд хэдэн групп нээчихсэн киноны үйл явдал, яагаад дуртай байгаагийнхаа талаар ярилцаж байгааг харсан. Тэр бүгд хагийн сайхан урам юм билээ.
-Аливаа уран бүтээлийн хоёрдугаар бүлгийг хийх тун амаргүй даваа юм шиг санагддаг. Хүмүүс өндөр хүлээлт тавьчихсан байдаг шүү дээ. Киноныхоо хоёрдугаар бүлгийн талаар яривал?
-Тийм ээ, эхний бүлэг маань үндсэн найман анги, нэг тусгай ангитай байсан. Хоёрдугаар бүлэг маань найман ангитай байх болно. Одоогоор эхний зургаан анги нь үзэгчдэд хүрсэн байна. Хоёрдугаар бүлгийн ажилдаа бол нэгдүгээр бүлгээ дуусгаад л шууд орсон. Манай Skywoker-ын залуус их хөдөлмөрлөж байгаа. Заримдаа өмнөөс нь ядардаг юм, бүгдээрээ чанартай, гоё зүйл үзүүлэхийг хүсдэг дээ.
-Өөрсдөө зохиолоо бичнэ, дуу оруулна, зурна, найруулна гээд ажил ихтэй шүү дээ. Багийнхныхаа талаар ярихгүй юу?
-Манай багийнхан үе тэнгийн шижигнэсэн гоё залуучууд байгаа. Skywoker production, Central tv, Nomadia pictures, Real label-ын хамт олон хамтарч ажиллацгаадаг. Бүгд цогц нийлж байж та бүхэнд хүрч байгаа юм шүү, энэ бидний багийн ажил. Сайн баг бүрдэж ажиллаж байгаа болохоор тэднээрээ нь бахархаж явдаг.
-Таны хувьд Норов, Ёндон тэргүүтэй хэдэн дүрд дуу оруулж байна. Дуу оруулахдаа хамгийн их анхаардаг зүйл нь юу вэ?
-Миний хувьд бол гол дүрүүдээс Норов, Ёндон гахай нарт дуу оруулдаг. Туслах дүрүүдээс Хүрэлсоёо, Гүрвэлбазар зэрэг хэд хэдэн туслах дүр бий. Хэтэрхий их туслах дүртэй учраас арваас олон л дүр дээр дуу оруулж байгаа, яг тэд гэж тоолж үзээгүй юм байна. Ер нь манайхан бүгдээрээ л олон дүр дээр дуу оруулцгааж байгаа. Анхаардаг зүйл гэвэл дүрийн зан аашийг дууны өнгөөр сайн гаргах гэж хичээдэг.
-Дуу оруулж байснаараа хамгийн их бахархдаг, танаас ур чадвар шаардсан дүр аль нь вэ?
-Мэдээж “Pigland”-ын дуугарч байгаа бүх дүрдээ дуртай. Норов, Ёндон хоёрын дүрдээ бүр хайртай. Kara sevda-“Мөнхийн хайр” турк цувралын Эмирийн дүр, “Истанбулын бэр” киноны Фарук, “Жумүн” СОАК-ны Жумүн болон туслах дүрүүд, “Game of thrones” цувралын Жон Снөү, Жоффри зэрэг дүрүүд, Good doctor цувралын Шон эмчийн дүрүүд санаанд орж байна.
-Эрэгтэй дуу оруулагч нэг уран уран бүтээлийн олон дүрд дуу оруулна гэдэг хэцүү ажил байхдаа?
-Манай дуу оруулагч нар ер нь бүгдээрээ л мундаг даа, заримдаа мэдээж хэцүү санагдана. Гэхдээ тэгж олон хоолойныхоо өнгийг өөрчилж дуу оруулахдаа дуртай, ажилдаа хайртай байдаг. Өөрийнхөө дуу оруулсан киног тухтай мэдэрч үзэж чаддаггүй, дуу оруулалтаа ажиглаж үздэг болчихдог юм билээ. “Энэ хэсэг дээр ингээд дуугарчхаж, ингэсэн бол арай дээр болох байж” гээд өөрийгөө шүүж үздэг дээ.
-Таны хувьд хэзээнээс дуу оруулагчаар ажиллаж байгаа вэ. Яагаад энэ мэргэжлийг сонгож ажиллах болов?
-Миний хувьд дөнгөж дунд сургуулиа төгсөнгүүтээ “Magic tv”-ийн кинонд дуу оруулагчийн сургалтад суусан. Сургалтаа төгсөөд телевиздээ дуу оруулагчаар ажиллаж эхэлсэн. Надад дуу оруулахыг заасан багшийг З.Гэрэл гэдэг. Багшаасаа олон зүйл сурч мэдсэн дээ. Телевизэд ажиллаж байгаад 2015 оноос White Arch studio-д ажиллаж байна.
-Хамгийн анх дуу оруулж ажилласан уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу. Дуу оруулсан уран бүтээл, дүрүүдээсээ дурдахгүй юу?
-Анх 18 настайдаа дуу оруулж үзэж байсан болохоор хоолой хангалттай бүдүүрээгүй хүссэнээр дуугарч өгөхгүй их эвгүй санагдаж байсан. Анхны дуугарсан киногоо үзэх гээд гэр рүүгээ яараад харьж байснаа санаж байна. Одоогийнх шиг нөхөж үздэг үйлчилгээ байгаагүй болохоор нэг гараад л өнгөрдөг. Бодсоноос өөр сонин л байсан. Тэгээд хийгээд яваад байхаар ерөнхийдөө дасчихдаг санагдсан. Хамгийн анх гэвэл Magic tv-ээр гарсан Giant гэдэг Солонгосын олон ангит кино байдаг. Тус киноны Жу Минү, Жу Пилёон, Сонму гэх мэт дүрүүдэд дуу оруулж байсан.
-Кино, анимейшн, нэвтрүүлэг гээд бүрд өөр өөр дуу оруулалт шаарддаг байх. Уран сайхны кинонд дуу оруулж байхад дуу оруулах жүжигчнээ харж, сонсож дуу оруулдаг. Тэгвэл анимейшнд хэрхэн дуу оруулдаг юм бэ?
-Уран сайхны киноны дуу оруулалтын хувьд холливудын жүжигчдийн тоглолтыг нь дагаж, аль болох дөхүүлэх гэж хичээдэг бол анимейшны хувьд илүү чөлөөтэй бас хэтрүүлэгтэй жүжиглэвэл илүү гоё болдог гэж би боддог юм.
-Цаашдын зорилго, төлөвлөгөө юу байгаа вэ ?
-Энэ багаараа илүү олон бүлэг хийж, олон анимейшнд оролцмоор байна.
“PIGLAND” КИНОНЫ ДУУ ОРУУЛАГЧ Б.БАВУУДОРЖ: МОНГОЛД АНИМЕЙШН ХӨГЖӨӨСЭЙ ГЭЖ ХҮҮХЭД БАЙХДАА ХҮСДЭГ, ӨӨРӨӨ ХИЙХИЙГ МӨРӨӨДДӨГ БАЙЛАА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |