-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Намайг Энхбүрэнгийн Цэрэнпунцаг гэдэг. 2011-2015 оны хооронд Соёл урлагийн их сургуулийн Театр урлагийн сургуулийг найруулагч, жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн залуу уран бүтээлч байна.
-“Шийдсэн хүн” кино нь тун удахгүй нээлтээ хийх гэж байна шүү дээ. Уран бүтээлээ нээх гэж байгаа сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Тийм ээ, шинэ уран бүтээл минь тавдугаар сарын 16-наас бүх кино театруудаар гарч эхэлнэ. Одоохондоо нээлтийн догдлол гэхээс илүүтэй бэлтгэл ажил болон идэвхжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлэх тал дээр бүх анхаарлаа хандуулж байгаа. Хийсэн уран бүтээлээ олон хүнд хүргэж, санал сэтгэгдлээс нь дараагийн бүтээлээ хийх урам зоригоо олж авдаг болохоор аль болох олон хүн мэдээсэй, үзээсэй гэж хүсч байна даа.
-“Maruujin media”-ийн анхны уран бүтээл үү. Продакшныхаа тухай ярихгүй юу?
-"Шийдсэн хүн" уран сайхны кино нь "Maruujin media"-гийн албан ёсны анхны уран бүтээл. Албан ёсоор гэдэг нь бид "Maruujin media" болж нэгдэхээс өмнө дөрвөн уран бүтээл дээр хамтран ажиллаж, бие биеийгээ таньж мэдсэн хүмүүс л дээ. Манай хамт олон зохиолч, найруулагч, зураглаач, эвлүүлэгч, жүжигчдээс бүрдсэн. Продакшныхаа уран бүтээлчдийн урын санг нийлүүлбэл гадаад, дотоодын 100 гаруй кино төсөл дээр ажилласан туршлагатай.
-Киноныхоо трейлэрийг цуврал хэлбэрээр гаргаж байгаа шүү дээ. Нийт хэдэн анги үргэлжлэх вэ. Трейлэрийнхээ талаар яриач?
-Бид киноныхоо албан ёсны постер, трейлерийг танилцуулах зорилгоор зохиомжит богино бичлэгүүд хийж байгаа. Одоогоор зургаан цуврал гарсан байна. Өмнө нь, Монгол киноны постер, трейлерийг ингэж танилцуулж байсан тохиолдол байхгүй байх. Бид залуу учраас хүмүүс, шинэлэг сонирхолтой зүйлсийг туршиж үзэхээс айхгүй байгаа. Хэдийгээр киноны үйл явдалтай холбоогүй ч гэлээ үзэгчид нарийн сайн анзаарч чадвал киноны утга агуулгатай холбоотой олон нууцуудыг шингээсэн байгаа. Удахгүй хамгийн сүүлийн долдугаар анги цацагдана. Юу болох, юуг ил болгохоо одоохондоо нууцалсан нь зөв байх. Цуврал маань цааш үргэлжилж ч магадгүй.
-Дүрийнхээ талаар ярихгүй юу өмнө нь тоглож байсан дүрүүдээс нь хэр өөр байсан бэ. Тухайн дүр танаас юуг хамгийн их шаардав?
-Миний хувьд Орших гэх залуугийн дүр дээр ажилласан. Өмнө нь тоглож байсан дүрүүдээс огт өөр хүн байсанд нь хамгийн их баярладаг. Дүрийнхээ мөн чанарыг ойлгохын тулд зохиолоо урдаа тавиад өмнөх түүхийг нь бүтээх шаардлага тулгарсан. Одоо цагийг өнгөрсөнтэй нь холбож байж дүрийнхээ ирээдүйг босгоно шүү дээ. Надаас хамгийн их шаардсан зүйл нь түүний дотоод хүнийг ойлгох ажил байлаа.
-Хамтран ажилласан багийнхан нь залуу уран бүтээлчид байсан шүү дээ. Залуус гар нийлэн ажиллахын давуу тал юу байв. Эсрэгээрээ туршлага дутах үе байв уу?
-Бид хийж бүтээж, шинийг сэтгэж, туршиж, хөгжүүлж, хөгжих үе дээрээ байна. Алдсан ч, оносон ч бидний хувьд алт л болж үлдэнэ шүү дээ. Хамт ажиллахад бүгд уран бүтээлийнхээ төлөө шинэ санааг дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлж явсан нь хамгийн сайхан байсан. Мэдээж туршлага дутах үе байлгүй яах вэ. Тэр үеүдэд хажуугаас зааж зөвлөж өгөх найруулагч Б.Амарсанаа, эвлүүлэгч У.Гантулга гээд туршлагатай ах нар байгаа болохоор ямар ч хүндрэлгүй байлаа.
-Анхны уран бүтээлдээ хэзээ тоглож байв. Тухайн үед төрж байсан мэдрэмжээсээ яривал?
-Миний хувьд анхны уран бүтээлээсээ одоог хүртэл ихэвчлэн камерын ард найруулагчийн багт ажиллаж ирсэн. 2023 онд үзэгчдэд хүрсэн "Хайрын гэрээ" уран сайхны киноны Тогооч гэх залуугийн дүрд анх тоглож байсан. Тэр дүр маань 2000-аад оны үеийн хулигаануудын бүлэглэлийн гишүүн. Өрөвдөх сэтгэлгүй хулгайч л даа. Тэгэхээр бас л надаас огт өөр хүний дүр. Дүрээ бодохоор жигшмээр, дүрдээ орохоороо өөрийгөө л өмөөрмөөр санагдаж байсан даа.
-“Шийдсэн хүн” киногоороо уран бүтээлчид юу илэрхийлэхийг хүссэн бэ?
-Кино уран бүтээлийг ганцхан хүний үзэл бодол, ганцхан илэрхийлэмж, санаа гэж ойлгож боломгүй санагддаг. Энэ миний л бодол л доо. Үзэгчид үзээд өөр өөрсдийнхөөрөө ойлгож хүлээж авах боломжтой, давтаж үзэх тусам шинэ санаа, утга олж харж чадаж байвал тэр киноны зорилго биеллээ олж байна гэж ойлгодог. “Шийдсэн хүн” киноны хувьд хэдий адал явдалт инээдмийн төрлийн уран бүтээл хэдий ч өнөөгийн нийгэмд худал хуурмаг их болж, хүнд итгэнэ гэдэг хамгийн хэцүү сорилтуудын нэг болсон гэх утгыг харуулахыг зорьсон. Үүнээс гадна олон утгыг агуулсан байгааг үзэгчид өөрсдийн зүгээс олж хараасай гэж хүсэж байна.
-Киноныхоо дийлэнх хэсгийн зураг авалтыг гадаад хийсэн шүү дээ. Хүндрэлтэй асуудлууд тулгарч байв уу?
-Кино зураг авалтын 90 хувийг Вьетнам Улсын Ханой болон Халонг хотуудад авсан. Судалгаа хийж, бэлтгэл ажлаа хангах зорилгоор очсон таван хүнтэй толгой бригад маань нийт 21 хоног болсон. Тэднээс зургаан хоногийн дараа үндсэн багийнхан очоод 14 хоногийн турш ёстой л өглөөнөөс дараагийн өглөө хүртэл маш шахуу хуваарьтай зураг авалт хийж амжилттайгаар дуусгаж чадсан. Баг хамт олондоо маш их баярлаж, бахархаж байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Вьетнам Улс нь социалист жишигтэй улс болохоор тэр болгон чөлөөтэй зураг авалт хийх боломж байхгүйг юм билээ. Гэхдээ олон хүний тус дэмээр нөлөө бүхий хүмүүстэй нь холбогдож зураг авалтаа үргэлжлүүлэх боломжтой болсон. Бас чийглэг дулаан орон болохоор хоолны хувьд манай группийн зарим нэг хүмүүст тохироогүй. Мэдээж төрсөн нутаг минь биш болохоор тоочоод байвал том, жижиг олон асуудлууд тулгарсан ч бид даваад гарч чадсан даа.
-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болов. Юу хамгийн их нөлөөлсөн юм бэ?
-Дээр дурдсан шиг огт өөр хүний дүрд орно гэдэг бол жүжигчин хүний хувьд хамгийн том сорилт, бас аз жаргал гэж боддог. Бага байхын түүх, урлаг, спорт, шинжлэх ухаан гэд маш олон зүйлд сонирхож дурладаг байсан ч аль нэгийг нь орхигдуулна гэдэг хамгийн харамсмаар санагддаг байлаа. Харин жүжигчний мэргэжлийг сонирхон судлах явцдаа нөгөө дурлаад байсан бүхнээ бүгдийг нь зэрэг хөгжүүлэх боломж гэж олж харсан юм. Хэдий СУИС-ийг төгсөөд 10 жил болж байгаа ч би залуу уран бүтээлч. Яагаад гэвэл энэ мэргэжил маань өөрөө үхэн үхтлээ суралцсаар байдаг урт настай мэргэжил болохоор би одоо дөнгөж хөлд орсон хүүхдээс ялгаагүй. Олон сорилтууд, уран бүтээлүүд, адал явдлууд хүлээж байгаа гэж бодох дуртай.
-Ажиллахын хүсдэг дүр бий юү?
-Хүн бүрийн зэвүүцлийг төрүүлэм эсрэг дүр дээр ажиллахыг хүсдэг. Зөвхөн үзэгч нар ч биш миний зургийг авч байгаа кино багийнхан хүртэл жигшмээр тийм л эсрэг дүр.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-"Maruujin media"-гийнхаа дараачийн шинэ төслүүдийг илүү чанартай, далайцтайгаар хэрэгжүүлэхийг зорьж байна. Мөн өөрийн бичсэн зохиолоор бие даасан кино уран бүтээлээ найруулахыг хүсдэг дээ.
Э.ЦЭРЭНПУНЦАГ: ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧДИЙН БҮТЭЭСЭН “ШИЙДСЭН ХҮН” КИНО ҮЗЭГЧДЭД ОЛОН ЗҮЙЛ ОЙЛГУУЛНА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |