• Өнөөдөр 2025-04-13

ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ

2025-04-10,   4083

           “Төмөр замын соёлын ордон”-д бүжигчин, “Улсын төв театр”, “Дуу бүжгийн чуулга”, “Улсын драмын эрдмийн театр”, “Хүүхэлдэйн театр”-т жүжигчин, хүүхэлдэйн мастераар ажиллахдаа жүжгийн тайз засал, хувцас, хүүхэлдэй, цамын баг чимэглэлийг урласан тэрбээр амьд ахуй насандаа телевиз, циркээс бусад бүх урлагийн салбарт сэтгэл зүрхээ зориулсан. Тэр бол “Тунгалаг тамир”, “Тууврын зам”, “Өглөө” кинонд дүр бүтээсэн, тэр дундаа “Тэмцэл” киноны Гүржавын дүрээрээ ард түмний сэтгэлд мөнхөрсөн нэрт жүжигчин Балжидын Чулуунцэнд. Бид түүний бага хүү, найруулагч Ч.Малайбаатартай аавынх нь тухай дурсамж яриа дэлгэснээ уншигч танд хүргэж байна.
 

-ААВЫНХАА БҮТЭЭСЭН ДҮРҮҮДИЙГ ҮЗЭЖ, БАХАРХДАГ-

-Сайн байна уу. Таныг "TV5” телевизийн гадаад мэдээний сэтгүүлч Манлай гэдгээр тань Монголын ард түмэн сайн мэднэ. Хоёулаа таны бага наснаас яриагаа эхэлье. Багадаа ямар хүүхэд байв?
 
      -Манайх Сүхбаатар дүүргийн V хороолол Хүүхдийн 100-ийн айл л даа. Тэнд бага нас минь өнгөрсөн. Би хоёр эгч, нэг ахтай. Аав маань “Хүүхэлдэйн театр”-ын үйлдвэр ангид хүүхэлдэй, тайз урладаг урланд ажилладаг байсан. Аавынхаа ажил дээр хамт очдог байсан болохоор миний бага нас театртай салшгүй холбоотой.
 
-Яагаад найруулагч болохоор шийдсэн бэ. Магадгүй уран бүтээлч аавын нөлөөлөл байсан болов уу?
     -Аавын нөлөөлөл бий. Аавын шавь нараас ч  "Чи аавынхаа ажлыг өвлөж авах хэрэгтэй, аав чинь чамайг ажлыг нь авч явах хүн гэж хэлдэг байсан” гэж хэлж байв. Тэгээд л арван жилээ төгсөөд “Хүүхэлдэйн театр”-т туслах зураачаар орж аавынхаа ажиллаж байсан "Хүүхэлдэйн мастер" гэх мэргэжлээр гурван жил гаруй ажилласан. Дараа нь 1998 онд Соёл урлагийн их сургуулийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуульд  гурван жил суралцаж тайз, дэлгэцийн зураач мэргэжлээр төгссөн. 
Театрт ажиглагддаг нэг зүйл бол зураач, найруулагч хоёр байнга зөрчилдөж байдаг. Энэ зөрчилдөөн заавал байх ёстой юм болов уу, ингэж зөрчилдөж байхаар нэг нь хийчихэж болдоггүй юм байхдаа гэж бодоод тайз, дэлгэцийн ангиа төгсөөд тэр намар нь Радио, телевизийн дээд сургуульд найруулагчийн ангид орсон юм.
Ингээд суралцаад явж байтал 2002 онд нэгэн шинэ телевиз байгуулагдаж байна, ажиллах сонирхолтой залуучуудыг авч байна гэж сонссон минь "TV5” телевиз. Энэ сайхан хамт олны дунд би анх зураачаар орж театраас тайз, дэлгэц рүү эргэлт буцалтгүй урвачихсан хүн дээ. 
 
-Таны аав Б.Чулуунцэнд гуайг бид “Өглөө”, “Тэмцэл” тэргүүтэй олон сайхан уран бүтээлийн дүрийг бүтээснээр мэдэх билээ. Аав нь ямар зан чанартай хүн байв?
 
          -Тийм ээ. Аавынхаа бүтээсэн дүрүүдийг үзэж, бахархдаг. Аав маань Төв аймгийн уугуул хүн. Их шударга, тайван гэхдээ огцом зан характертай хүн байсан. Тийм  болоод ч тэр үү дандаа дарга нарынхаа өөдөөс сөрж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байсан юм билээ. Тэр зан нь зарим тохиолдолд аавд тусгүй байсан болов уу гэж бодогддог юм.
 
-Аавтайгаа өнгөрүүлсэн олон сайхан дурсамж сэтгэлд тань ойр байдаг байх.Тэдгээрээс хамгийн мартагдашгүй  ямар дурсамж байдаг вэ?
 
      -Олон сайхан дурсамж бий. Тэр дундаа бүр бага байх үеийн дурсамж сэтгэлд дотно. Анх аав намайг цэцэрлэгт өгөв өө. Үргэлж аавтай хамт ажил дээр нь очдог байсан болохоор цэцэрлэг надад нэг л сонирхолтой санагдахгүй байв. Тиймдээ ч 10 хоноод л явахаа больчихсон. Учир нь, цэцэрлэгээс илүү “Хүүхэлдэйн театр”-ын орчин, аавын юу хийж байгаа нь, ямар хүүхэлдэй урлаж буй нь сонирхолтой. Тэр дундаа театрын жүжиг гэдэг бол ер бусын ертөнц шүү дээ. Одоо ч миний сэтгэлд “Хүүхэлдэйн театр” дотно дулаан хэвээр оршдог.

-ААВ МИНЬ ЗҮГЭЭР СУУНА ГЭЖ МЭДДЭГГҮЙ, БАЙНГА Л ЗАВГҮЙ БАЙДАГ БАЙЛАА-

-Аавынхаа хувцас, тайз урладаг байсан авьяас билгийнх нь тухай та тодотгож яриа дэлгэх болов уу?
        -Цэрэгт байхдаа цэргийн үлээвэр хөгжмөөс урлагийн гараагаа эхэлж "Жанжин клуб"-д жүжигчин, “Ардын дуу бүжгийн чуулга” нээгдэхэд анхны бүжигчдийн нэг болсон ч хөлдөө гэмтэл авч “Улсын Драмын эрдмийн театр”-т дахин жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Удалгүй өөрөө гарын ур дүйтэй хүн байсан учраас Хүүхэлдэйн театрт Монголын анхны хүүхэлдэйн мастер П.Дамдинсүрэнд шавь орж, тэтгэвэрт гарах хүртлээ ажиллаад Монголын хоёр дахь хүүхэлдэйн мастер болсон түүхтэй.
 
-Аав тань хүүхэлдэй урлах, жүжиглэх, бүжиглэх гээд их олон авьяастай хүн байжээ. Тэгвэл чөлөөт цагаа гэр бүлтэйгээ хэрхэн өнгөрөөдөг байв?
 
        -Манайх гэр бүлээрээ амралтынхаа өдөр тойрч суугаад шуумлын буюу жонхуугаар сонингын цаасыг давхарлаж хатуу материал болгон хамтдаа цамын баг хийдэг байлаа. Аав зүгээр суухыг мэддэггүй, өөртөө ажил гаргаад л юм хийдэг, байнгын завгүй, их хөдөлмөрч хүн байсан. Хийж байсан цамын багууд нь одоо бүх хүүхдийнх нь гэрт байдаг.  Мөн аавын маань хийгээд 40 гаруй жил болсон хуучир хөгжим дэлхийн олон улсаар явж байсныг нь манай ахын хүүхэд Герман Улсаас авчирч, одоо гэртээ хадгалж байгаа. Ахынд ер нь аавын минь хийж, урласан зүйл олон бий.
/Ц.Чулуунцэнд гуайн урласан цамын баг/
 
-Танайд уран бүтээлчид их ирдэг байв уу?
 
       -Манай аавыг урлагийн алтан үеийнхэн нь "Арнов" гэж дууддаг байсан. Миний санаж байгаагаар  "Өглөө", "Тэмцэл" кинонд Сүхбаатар жанжны дүрээр мөнхөрсөн гавьяат Ц.Дашнамжил, дүүгийнх нь дүрд тоглосон жүжигчин Ч.Хүрэл, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр гээд уран бүтээлчид манайд их ирдэг байсан. Тэд уран бүтээл, урлагийн сонин хачнаас нэгэндээ хуучилж, их сайхан яриа дэлгэцгээдэг байлаа.
 
-Аавын тань үлгэрлэж үлдээсэн бүхэн одоо таны амьдралын зарчим болсон болов уу гэж бодож байна?
 
    -Мэдээж тэгэлгүй яах вэ. Аавын маань үйл хөдлөл, байгаа байдал, дүр төрх гээд бүх зүйл нь бидэнд шингэчихсэн. Тэр дундаа уран бүтээлчийн хувьд үлдээсэн бүхэн нь бахархахгүй байхын аргагүй. Хэдий аав минь байхгүй ч хийсэн бүтээсэн бүхэн нь  өнөөдөр ч үр хүүхэд бидэндээ үлгэр дуурайлал болсоор байна.
 
-Танд аавынх бүтээсэн дүр бүхэн сайхан санагдаж, үзэх бүрд сэтгэлд дотно байдаг байх. Та аль киног нь үзэх дуртай вэ?
 
           -"Өглөө", "Тэмцэл", "Илүү сартай зун" киноны дүрийг нь үзэхэд аавтайгаа уулзсан юм шиг сайхан байдаг. Жүжигчин хүний үр хүүхдэдээ үлдээж буй хамгийн том хөрөнгө бол дэлгэцэд мөнхөрсөн дүр гэж би боддог.
 
/Ц.Чулуунцэнд гуай урландаа хүүхэлдэйгээ урлаж буй агшны зураг./
Аавынхаа залуу нас, омголон, авьяасдаа эрдэж бардсан, бүтээсэн бүхнийг нь харахад надад гоё байдаг.
Аав минь "Тунгалаг тамир" киноны олон ч сценид орохоор бэлдэж байгаад зураг авалтынхаа үеэр мориноосоо унаж, гэмтсэн байдаг. Тэгээд л төгсгөл хэсэгт нь л орж амжсан даа.
 
-Аавынхаа мэргэжлийг өвлөж Монголын урлагийн салбарт нөлөө үзүүлсэн эрхэм бол таны ах Ч.Хатанбаатар шүү дээ. Та ахынхаа тухай ярьж болох уу?
 
       -Ах маань надаас тав ах. Намайг анх ухаан орж байхад ахыг зургаан настайд нь аав циркчин болгосон. 12 насандаа алиалагч Цээеэ буюу Д.Цэдэнбал, Т.Латиф нартай мөр зэрэгцэн тоглодог, "Циркийн Хадгаа" гэх нэрээ авсан. Бүхий л амьдралаа циркт зориулж байгаа урлагийн хүн дээ. 
 
-Таны ээж ямар мэргэжилтэй хүн байв. Хүүхдүүдээ ямар ухаанаар хүмүүжүүлсэн бэ?
 
    -Ээжийг маань Ц.Туул гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. Тухайн үед аав, ээж хоёр маань бригадаар хамгийн багадаа 30, хамгийн ихдээ 45 хоногоор хөдөө их явдаг байсан л даа. Тэднийг явсан хойгуур бид эмээтэйгээ байдаг байлаа. Нэг удаа ээж аавд “Хоёулаа ингэж явж байхаар нэг нь үр хүүхдээ бодох хэрэгтэй” гээд Төмөр замын дээд сургуульд ажиллаж эхэлсэн. Ээж минь тэнд аж ахуй эрхэлсэн орлогч захирал болтлоо ажлаад тэтгэвэртээ гарсан даа.
 
-Хүүхэд байхдаа та аав шигээ жүжигчин болно гэж боддог
байв уу?
 
        -Тийм ээ. Багадаа аавдаа тэврүүлчихсэн явж байхад аавтай минь таарсан хүн бүр мэндэлдэг, хүндэлдэг, автобусанд ороход аавд минь суудал тавьж өгч байхыг нь хараад аав шигээ нэр хүндтэй, мундаг хүн болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Найруулагч болоход минь тэр бүхэн нөлөөлсөн болов уу.
 
/Жүжигчин Б.Чулуунцэнд, гэргий Ц.Туулын хамт/
 
Аавыгаа ямар үед хамгийн их санадаг вэ?
 
        -Анхны хүүхэлдэйн жүжгийн нээлтээ хийж байхдаа аавыгаа их санаж байсан. Аав минь байсан бол үзээд, санал шүүмжээ хэлэх байсан байх даа гэж боддогддог юм билээ. Дараа нь эфирээр гардаг болоод “Аав намайг хараад юу гэх байсан бол” гэж бодохдоо, аавынхаа тухай нэвтрүүлэг хийх үедээ, одоо ч гэсэн хааяа настай хүмүүсийг хараад “Аав байсан бол шийдвэр гаргах гээд тулгамдаж байх үед минь юу гэж хэлэх байсан бол” гэж бодохоор маш их санадаг.
 
Аавын тань бүтээсэн, урласан зүйлс урлагийн салбарт маш том хувь нэмэр болсон билээ. Дурсгалд нь зориулж хийсэн зүйлсээсээ хуваалцаач?
 
     -“Хүүхэлдэйн театр”-т ажиллаж байхдаа аав “Арван хангал бурхан”-ы тухай хүүхэлдэйн жүжиг хийнэ гэж ярьдаг байж байгаад амжуулж чадаагүй. Хүүхэлдэйнийхээ 50 гаруй хувийг урлачихсан байсныг 1997 онд “Хүүхэлдэйн театр”-ын уран бүтээлчидтэй хамт “Ертөнцийг аврагсад” хэмээх хүүхэлдэйн жүжиг аавынхаа дурсгалд зориулан хийсэн. Энэ жил тавдугаар сарын 24, 25-нд аавынхаа нэрэмжит хүүхэлдэйн урлагийн наадам манай гэр бүлийнхэн санаачилж Монголд байгаа мэргэжлийн болон мэргэжлийн бус хүүхэлдэйн урлагт дуртай хүмүүсийн дунд зохион байгуулж байгаа. 
 
Цаг заваа гаргаж ярилцсанд баярлалаа. 
 
         -Баярлалаа.
ЯРИЛЦСАН Б.СУВДАНЦЭЦЭГ

ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-12 16:16:09
    A: Хөхөө гэрлэх дөхлөө гэдэг кинон дээр бас л гоё дүр бүтээсэн дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-10 21:54:40
    Basca Feiza: сайн байцгаана уу. Өнөөдөр чинь юу вэ, сайхан 2 жүжигчнийхээ талаар үр хүүхдээс нь сонсож дуулж унших шивдээ. Гялайлаа, "эргэлт"ийнхэндээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-10 18:43:43
    Зочин: Тэмцэл киноны Гүржав бол хэдий гол дүр биш ч бас л тасархай ш дээ, мундаг жүжигчин
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-10 18:37:50
    Баатар: Гүржавт үнэгүй архи өг .. гоё сэтгэлд хоногшсон кино
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-10 16:23:05
    BOLD: HUURHII MIN DUNGUJ MUSTAJILTAN YUM , UHEJ DALD ORSON GAYVATUUD HOGOOROO BHAD GURJAVT MAAN UGUUGUI BNA SHUU DEE GUTAMSHIGTAI
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-10 16:18:46
    Гайхамшиг: Гайхамшиг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-10 15:39:35
    Kca: Сайхан, сайхан дүр бүтээсэн хүн. Жижиг, чимх донж маягууд нь гоёхон шүү. Манлай нэвтрүүлэгч хүү нь гэж мэдээгүй явлаа. Сайхан даруухан, ажилтай гаршсан хүн санагддаг. Сайн бүгдийг ерөөе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-10 15:24:14
    Зочин: Хөдөлмөрч тууштай сайхан чанартай хүн байж ээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-10 14:16:38
    nyamka: saihan jujigchin baisan
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188