-Сүүлийн жилүүдэд ганц бие байхыг илүүд үздэг болжээ. Сэтгэл зүйч хүний хувьд шалтгааныг нь юу гэж бодож байгаа вэ?
-Үүнд хувь хүний онцлог, бага насны хүмүүжил, нийгмийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Барууны орнуудад төрөлт эрчимтэй багасч, хүн амын хөгшрөлт нэмэгдэж буй нь хувь хүний сэтгэл зүйтэй холбоотой гэж тайлбарласан байдаг. Монголын хувьд уламжлалт нүүдлийн амьдралаас суурьшмал амьдралд шилжих үйл явц эрчимжиж, үүний улмаас хүмүүс өөрийгөө ойлгохгүй байх, ганцаардлыг мэдрэх нь ихэссэн. Ганц бие байх нь зарим хүнд карьераа өсгөх, өөрийгөө хөгжүүлэх боломж мэт санагддаг ч баярын өдрүүд эсвэл хосуудыг харах үед ганцаардлыг бусад үеэс илүү мэдэрдэг. Нийгмийн зүгээс “Хүн заавал хостой байх ёстой” гэх үзэл хэт давамгайлах нь ганцаараа байх сонголт хийсэн хүмүүст сэтгэл зүйн дарамт учруулж, стресс үүсгэх нь бий. Үүнээс болж зарим хүн өрөөндөө хэт удаан бүгэж гадагш гарахаас зайлсхийдэг болсон. Энэ байдал удаан үргэлжилбэл нийгмийн харилцаанд оролцох чадвар буурах, ганцаардлын сөрөг нөлөө гүнзгийрэх эрсдэлтэй.
-Тэгвэл залуусын хосын тууштай харилцаанд юу хамгийн их саад болж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд олон харилцааны хэлбэрүүд ажиглагдаж байна. Бие биедээ хайртай ч хосын харилцааг эхлүүлэхээс айх. Зарим тохиолдолд хайраа илэрхийлдэг ч үйлдэл мэдрэмжийн тал дээр зөрдөг. Хосын харилцаан дээр ажиглагдаж байгаа нийтлэг алдаа нь зөрчилдөөн, хэрүүл үүсвэл эрэгтэй нь тухайн асуудлыг шийдвэрлэлгүй орхичихдогоос асуудал бас үүсч байна. Энэ нь зарим талаараа бага насны хүмүүжлээс шалтгаалж байгаа хэрэг. Жишээ нь, “Том хүний өөдөөс юм дугарахгүй байх, чимээгүй бай, эрэгтэй юм байж битгий шалчиганаад бай” гэх үгнүүдийг сонсож өссөн учраас асуудлаас зугтах шинжтэй болдог. Эмэгтэй талаас харин эршүүд болж эхэлж байна. Стрессээ зарим нь буруу аргаар тайлж согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах үзэгдэл эрс нэмэгдэж байна. Хосууд энэ мэтээс шалтгаалж ярилцаж, ойлголцолгүй удсанаас салалт нэмэгдэж байна.
-Ямар ч тайлбаргүйгээр харилцааг орхих нь хамтрагчийн сэтгэл зүйд хэр нөлөөлдөг бол?
-Ghosting буюу ямар ч тайлбаргүйгээр харилцаанаас зугтах нь сэтгэл зүйн хувьд хоёр талд сөрөг нөлөөтэй. Ghosting хийлгүүлж буй хүний хувьд тодорхойгүй байдлаас үүдэн бухимдаж, үл ойлголцол төрнө. Энэ мэдрэмж удаан үргэлжилсний дараа нөгөө хүнээ үнэлэх үнэлэмж нь буурдаг. Харилцаа дахин үргэлжлэх боломжтой ч итгэл алдарч, хөндийрөх магадлалтай. Харин ямар ч тайлбаргүйгээр алга болж буй хүний талаас бага зэрэг сэтгэл зүйн асуудалтай байж магадгүй. Учир нь, ээнэгшил гэдэг зүйл байдаг. Хүүхэд ээжтэйгээ ойрхон байж ээнэгшин дассаны дараа нийгмийн харилцаанд орох процесс явагддаг. Зугтах ээнэгшил гэж байдаг энэ нь хүүхэд уйлж байхад ээж, аав нь аргадахгүй байснаар хүүхэд орхигдсон мэдрэмж авдаг. Тэр нь буцаад нийгмийн харилцаан дээр асуудлаас зугтах, хэцүү зүйл тулгарвал шийдвэрлэхгүй орхиж явж болох юм байна гэж боддог. Тэгэхээр аль аль талдаа хортой бөгөөд хосын харилцааг удаан үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол үл ойлгогдох харилцаанаас зайлсхийх ёстой. Харилцааг дуусгах шаардлагатай бол илэн далангүй ярилцаж, ойлголцох нь илүү зөв хандлага юм.
Харилцааг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд залуус юуг анхаарах ёстой вэ?
-Бага наснаасаа тогтоосон үнэт зүйл, романтик кино, ном зохиолоос үүдэн хүн бүр өөрийн төгс хамтрагчийг дотроо төсөөлсөн байдаг. Дараа нь хамтрагч нь төсөөлөлд нь нийцэхгүй үед урам хугарах, гомдолтой санагдаж, түүнийг өөрчлөх гэж оролддог. Үүнээс болж үл ойлголцол үүсэж харилцаанд сөргөөр нөлөөлнө. Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой. Нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хамгийн чухал нь асуудлаа ярилцаж, бие биеэ ойлгох. Хэт өндөр хүлээлт харилцааг хүндрүүлдэг бол ойлголцож, ярилцах нь харилцааг тогтвортой болгодог.
-Салалт, хууран мэхлэлтээс үүдэн ганц бие амьдрахыг илүүд үзсэн хүмүүс ч цөөнгүй байдаг. Үүнийг даван туулах арга нь юу юм бэ?
- Сэтгэл зүйн талаас хосуудыг хоёр л зүйл дээр салж болно гэж үздэг. Нэг нь хүчирхийлэл нөгөө нь хууран мэхлэлт. Араар тавилт нь итгэл алдарч, бие биедээ ойлгогдохгүй байдалд хүрснээс үүсдэг. Зарим нь хайрыг бэлэг өгөх байдлаар мэдэрдэг бол зарим нь хүрэлцэх эсвэл сайхан үгс хэлэх байдлаар мэдэрдэг. Хосууд хайрын хэлээ бие биедээ ойлгуулж, зөв илэрхийлж чадахгүй бол харилцаа аажмаар хөрөх, хайрын дутагдал үүсэж, анхаарал, халамжийг өөр хүнээс хайдаг. Хүмүүсийн өөр хүнд татагддаг шалтгаан нь өөрийн хайрын хэлийг мэдрэхгүй байх, харилцаанд үл ойлголцол нэмэгдэх, хэт их хардалт, сэтгэл санаагаар унах зэргээс болох нь түгээмэл. Урт удаан хамт байхыг хүсэж байгаа бол нэгэнтэйгээ сайн ойлголцож, анхнаасаа л сайн ярилцах хэрэгтэй.
-Техник технологи дэвшил хосын харилцаанд олон талаар нөлөөлж байгаа. Сүүлийн жилүүдэд цахимаар танилцах, болзох нь хэвийн зүйл болжээ. Үүнээс болж алдах эрсдэл ч их байх шиг. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Болзоо гэдэг нь хосын харилцаанд шат ахих үйл явц юм. Танилцах, дотносох нь түгээмэл. Харилцаагаа баталгаажуулах гээд олон төрлийн болзоо байдаг. Технологийн хөгжлөөр хүмүүс хол байсан ч танилцаж, холбоо тогтоох боломжтой болсон. Өмнө нь захиа бичиж, хариу хүлээдэг байсан бол одоо шууд дүрст дуудлага хийж, шууд ярилцах боломжтой болсон. Өмнө нь хүмүүс танилын хүрээгээрээ танилцдаг байсан бол одоо сонирхлоороо холбогдох нь түгээмэл болсон. Цахим сүлжээгээр болзож байгаа залуус хурдан дотносож чаддаг ч хүний жинхэнэ зан чанарыг мэдэрч, танихад бэрх. Энэ нь зарим талаар эрсдэл мөн салалтын шалтгаан болдог. Гэхдээ залуу охид, бүсгүйчүүд ирээдүйн ханиа таньж мэдэхийн тулд дор хаяж хоёроос гурван удаа болзож үзэх хэрэгтэй. Мөн нөгөө хүнийхээ үзэл бодол, хайрыг харах өнцгийг ажиглахгүйгээр өөрийнхөө харсан өнцгөөс харилцаанд хандах гээд байдаг. Дараа нөгөө хүн нь хайргүй гэдгээ илэрхийлбэл шууд л дайсан болгодог. Хүн үерхлээс татгалзаж болно. Энийг хүлээж авах чадалтай байх хэрэгтэй. Хэт их наалдаж, хөөцөлдөх нь нөгөө хүнээ залхааж эхэлдэг. Аз жаргалтай хосууд нэгнээ өөрчлөх гэж биш, нэгэндээ цаг гаргаж, харилцаагаа тав тухтай, үнэ цэнтэй болгохын төлөө хичээдэг.
-Ярилцлагын төгсгөлд хосын харилцаанд анхаарвал зохих зөвлөгөө өгөх үү?
-Хосуудын харилцаа эхний жилүүдэд жаргалтай, асуудалгүй мэт санагддаг. Харин зөрчилдөөн гарч эхлэх үед түүнийг хэрхэн зохицуулж, шийдвэрлэх нь харилцааны ирээдүйг тодорхойлдог. Зөрчилдөөнтэй үедээ ухаалаг байж, харилцаагаа зөв зохицуулахыг хичээгээрэй. Амьдралын ханиа сонгохдоо ганцхан мэдрэмжээр бус олон зүйлийг тунгааж, эрсдэлийг ч тооцоолж үз. Харилцааг эхлүүлэхээсээ өмнө нэгнээ сайн таньж, ярилцаж, ойлголцох чухал. Хайр бол зөвхөн мэдрэмж бус, сонголт, хариуцлага, зориулалт юм. Аз жаргалтай, бат бөх харилцаа бий болгохын тулд бие биеэ ойлгож, харилцаагаа зөв удирдах нь хамгийн чухал.
Ш.ГАН-ОЧИР: ХАЙР БОЛ ЗӨВХӨН МЭДРЭМЖ БУС, СОНГОЛТ, ХАРИУЦЛАГА, ЗОРИУЛАЛТ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |