• Өнөөдөр 2025-04-02

МОНГОЛЫН АНХНЫ ТЕАТР СУДЛААЧ ДАШДОНДОГИЙН ОХИН БАТСАЙХНЫ ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

2025-01-20,   226

 Монголын театрын урлагт судлал шүүмжийн анхны шанг татсан, театрын нэрт зүтгэлтэн С.Дашдондог юм. Түүний амьдрал, уран бүтээлийнх нь талаар охин Д.Батсайхантай нь ярилцсан ярилцлагыг энд дарж уншаарай. 

 

Бага наснаасаа амьдралын хатуу хүтүүг туулж, ядуу зүдүүгийн зовлон амсаж өссөндөө ч тэр үү их тэвчээртэй, маш тууштай хүн байлаа.

 

Хоёр балчир хүүхэдтэй үлдсэн аавын минь ээж амьдрахын төлөө, амьд авч үлдэхийн тулд тэмцэж, үхсэн амьтны сэгээр хооллох өдрүүдтэй хүртэл нүүр тулж байсан түүхтэй юм билээ.

 

Аав гойд маш хөдөлмөрч хүн байсан. “Хүний сурч болоод байгаа зүйлийг би яагаад сурч болдоггүй юм” гээд л хичээлдээ идэвхтэй сурч, сургуулиа онц дүнтэй төгссөн гэдэг.

 

“Би бүх ноотоо цээжилчихдэг байсан юм. Бусад хүн ноотоо хараад тоглож байхад би ноот харахгүй хөгжмөө тоглодог, амар байдаг байсан” хэмээн ярьдаг байсан. 

 

Архи дарс уудаггүй төлөв түвшин хүн байлаа. Шударга зан чанараасаа болоод бусдадаа их хавчигдаж байсныг нь мэдэх юм.

 

Аав 04:00-08:00 цаг хүртэл ширээнийхээ араас босохгүй сууж, театрынхаа юмыг хийчихээд ажилдаа явдаг байсан.

 

Нэг их том ширээтэй. Түүнийхээ ард намайг босоход сууж байдаг. Унтахад ч сууж л байна. 

 

Танихгүй хүн “Ууртай хүн байна” гэж айдаг байсан шиг байгаа юм. Гэхдээ яриад суухаараа их зөөлөн, хүнийг ойлгодог хүн байв. Бас их нямбай, цэвэрч. Ээжид гэрийн ажилд нь тусална.

 

“Эмэгтэй хүн их унтаж болохгүй” гээд л эрт босгодог байлаа. Мэргэжил эзэмших хэрэгтэй, тогооны хүн болж болохгүй гэж байнга захидаг байлаа. 

 

Ном их уншдаг байсан. Манайх их арвин номын сантай. Бид орос хэл дээр ном уншдаг байлаа шүү дээ. “Гэр бүлээ авч явахын тулд мэргэжилтэй байж, биеэ даасан байх ёстой” гэж  бидэнд сургадаг байсан. Тиймдээ ч  аав бүгдийг нь гадаад хэлний мэдлэгтэй болгож, өнөөдөр бүгд  докторын зэрэгтэй  судлаач болсон байна.

 

Ээж аав хоёрыг хэрэлдэж, ам мурийж байхыг бид үзээгүй. Аав маань ээжид их хайртай, “Миний муу шар ээж” гэж энхрийлдэг байсан даа.

 

МОНГОЛЫН АНХНЫ ТЕАТР СУДЛААЧ ДАШДОНДОГИЙН ОХИН БАТСАЙХНЫ ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188