-Та энэ жилийн улсын баяр наадамд одтой сайхан барилдаж, харцага хүртлээ. Танд юуны түрүүнд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. Эргэлт.мн мэдээллийн сайтыг уншдаг бүх хүнд энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ жилийн наадамд сайхан барилдаж Монгол Улсын харцага цол хүртсэндээ баяртай байна.
Монголчууд “бөх удмаа дагаж төрдөг” хэмээн ярьдаг. Тэгэхээр ээж, аавын тань талд бөхийн удам бий юу?
-Нагац ах маань аймгийн арслан цолтой, талийгаач ах маань сумын заан цолтой байсан. Манайх бөхийн удамтай, би харин удмынхаа анхны улсын цолтой бөх нь болж байна. Би таван хүүтэй айлын отгон хүүхэд болохоор багаасаа л барилдаж, ноцолдож өссөн. Энэ нь намайг бөхийн спортод дурлуулж, цаашид барилдаж сонирхолыг маань өдөөж өгсөн болов уу гэж боддог.
Монгол бөхийн жудаг яг юу вэ. Энэ талаар хүн болгон л өөр өөр хариут хэлэх юм?
-Жудаг гэдэг үгийг сүүлийн үед бөхчүүдтэй л холбож ойлгодог болжээ. Жудаг гэдэг үг зөвхөн бөхийн хэллэг юм шиг л боддог бүхэл бүтэн нийгэм бий боллоо. Угтаа бол жудаг гэдэг хүндлэл. Хүндлэл гэдэг зүйл ганц бөхөд биш энэ нийгэмд амьдарч байгаа бүх хүнд хамаатай ойлголт шүү дээ. Аав, ээж, ах, дүүгээ хүндлэх, найз, нөхдөө хүндлэх, дайснаа ч хүндлэх ёстой. Энэ бол жудаг. Жудаг гэдэг үгэнд дотор ёс суртахууны дээд хэмжүүр байх ёстой. Тэгэхээр энэ үг ганц бөхөд биш бүх хүн хамаатай ойлголт болов уу.
Энэ нь намайг бөхийн спортод дурлуулж, цаашид барилдаж сонирхолыг маань өдөөж өгсөн болов уу гэж боддог
Миний бодлоор зөв сайхан биеэ аваад явчихдаг. Олон нийтийн газар соёлтой байх нь жудаг гэж боддог. Бөхчүүд маань шинэ үеийн залуусынхаа суурийг анхнаас нь зөв тавьж өгдөг байгаасай. Би хамт бэлтгэл хийж буй дүү нараа даруухан, хүнлэг, жудагтай байгаасай л гэж боддог. Энэ талаар ч хэлж зөвлөдөг дөө.
Тавын даваанд Б.Гончигдамба гардитайгаа таарч улсын цолны босго алхсан. Өнгөрсөн жилийн наадмын дөрвийн даваанд би Б.Гончигдамба гардитай таарч дархан тахимдаа мэхэнд нь өвдөг шороодож байсан
-Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний баяр наадамд та их спортын бөхчүүдтэй барилдлаа. Үндэсний бөхөөр дагнан барилддаг хүнтэй барилдах, их спортын хүнтэй барилдах хоёр хэр ялгаатай вэ?
-Их спортын тамирчид, үндэсний бөхөөр барилддаг бөхчүүдийн ялгаа их. Энэ жил их спортын ажиллагаа өндөртэй залуустай барилдсан байна. Тухайлбал, хоёрын даваанд МУГТ Л.Отгонбаатартай барилдахад нэлээн тэнхээ шаардаж байлаа. Би чөлөөт бөхийн суурьтай, сайн багшийн шавь байсан маань давахад нөлөөлсөн байх гэж бодож байна. Л.Отгонбаатар намайг авч шидчих гээд мөн ч их сандаргасан шүү. Тавын даваанд Б.Гончигдамба гардитайгаа таарч улсын цолны босго алхсан. Өнгөрсөн жилийн наадмын дөрвийн даваанд би Б.Гончигдамба гардитай таарч дархан тахимдаа мэхэнд нь өвдөг шороодож байсан. Тэр алдаагаа бодож, давахгүйг хичээж барилдаад давсан даа. Ер нь Б.Гончигдамба ах зөв хүн шүү дээ. Олон сайхан шавь гаргасан, биеэ зөв авч явдаг, үлгэр дуурайлал болж чаддаг бөх. Бид хамт наадмын бэлтгэлд гарч л явлаа. Би Б.Гончигдамба гардиар улсын цолны босго алхах хувьтай байж дээ гэж боддог шүү.
-Танд бөхийн спорт бол биеийн хүчний дасгал ихтэй ер нь хүнд спорт шүү дээ. Тэгэхээр танд шантрах үе байв уу?
-Нагах ах “Манай энэ л бөх болно доо” гэж их хэлдэг байсан. Би хожуу хотод ирж байсан. Үеийн хүүхдүүд надаас хол тасарчихсан, ер нь л шантарч байлаа. Тэр үед ах минь намайг гэртээ байлгаад “За ахын дүү авьяасаас илүү хөдөлмөр чухал. Тиймээс сайн хөдөлмөрлө” гэдэг байсан. Ер нь сэтгэл санаа болон материаллаг зүйлээр ах маань өдийг хүртэл их дэмжиж ирсэн. Өдийн зэрэгт хүрэхэд нөлөөлсөн А.Амгалан ахдаа маш их баярлаж явдаг.
аймгийн начин цолыг тунаж аваад, их урамшиж байсан даа. Намайг аймгийн цол тунааад авч байхад үеийнхэн маань улсын цолонд хүрчихсэн. Зарим нь төрийн наадмын түрүү бөх болчихсон байлаа шүү дээ
Би бөхөөр барилдахаас өмнө биллиардыг хашраадаг байлаа. Дотроо бөх болох мөрөөдөл байдаг ч биллиард нь дийлээд байсан цаг үе бий. Ер нь залхуу, зөнгөр талдаа байсан. Орон нутгаас нийслэл хотод ирлээ. Нарантуул, Бөмбөгөр, Хархорин, Сансар гэх мэт хотыг тойроод биллиард тоглоод их явсан. Тиймээс Аав ахад хэлээд ах маань намайг дагуулж яваад гавьяат дасгалжуулагч Б.Баяраа багшийн шавь болгосон түүхтэй. Гэтэл би хүзүүндээ хүнд бэртэл авч байлаа. Тухайн үед амьдралын боломж ч тааруу байсан. Тиймээс нэг хэсэг завсардаад эргэж ирсэн гэж хэлж болно. Анх сумын начин цолноос эхэлж байлаа. Тэгээд аймгийн начин цолыг тунаж аваад, их урамшиж байсан даа. Намайг аймгийн цол тунааад авч байхад үеийнхэн маань улсын цолонд хүрчихсэн. Зарим нь төрийн наадмын түрүү бөх болчихсон байлаа шүү дээ. Тэгээд “За би ер нь тууштай л бэлтгэлээ хийх ёстой юм байна” гэж бодож эхэлсэн. Тэр цагаас хойш бэлтгэл хийгээгүй өдөр тун ч цөөхөн дөө.
Дэвжээнд барилдах үед С.Багахүү начин ойр байсан. Ойр дотны хүмүүс хажууд зөвлөж, урам өгөх нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг болохыг ойлгосон
-Монгол төрийн наадам хоёр өдрийн турш үргэлжилдэг. Таныг барилдах үед хажууд нь ямар хүн зөвлөж, тусалсан бэ?
-Миний шавь аймгийн арслан Э.Дашдэмбэрэл энэ жил анх удаа улсын наадамд зодоглосон. Мөн дотны ах маань хажууд байсан. Аав минь энэ жил анх удаа Цэнгэлдэх хүрээлэнд ирж бөх үзлээ. “Юү Би Ойл” компанийн захирал болон Гарди Ганбаа ах минь хажууд байлаа. Гарди Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Д.Лхагвадорж ах нар барилдааныг минь үзэж дэмжлээ. Дэвжээнд барилдах үед С.Багахүү начин ойр байсан. Ойр дотны хүмүүс хажууд зөвлөж, урам өгөх нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг болохыг ойлгосон. Өмнөх жилүүдэд гурав, дөрвийн даваанд барилдах үед хажууд зааж зөвлөх хүмүүс байсан бол цол авах боломж байсан болов уу гэж бодох үе бий.
-Зургаагийн даваа наадамчдыг суудлаас нь өндөлзүүлсэн барилдаан болсон. Та өмнө нь М.Лхагвагэрэл заантай таарч барилдсан байв уу?
-Бид өмнө нь таарч барилдаж байсан. Зааны хувьд энэ жил олимпод барилдах учраас чөлөөтийн бэлтгэлдээ анхаарч, хүчний бэлтгэлээ бага хийсэн байх. Тиймээс зургаагийн давааны барилдаанд золгооноос шийдсэн мэхээ хийх бодолтойгоор дэвжээг зорьсон. Гэвч золгооноос өмнө барилдаан шийдэгдсэн. Олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлээд төрийн тэргүүнээсээ батламж, тэмдгээ аваад наадамчин олонтойгоо баяраа хуваалцахад сайхан мэдрэмж төрсөн. Уухайн дуугаар баяр хүргэх мөч үгээр илэрхийлэшгүй сайхан юм билээ. Нутгийн түмэн минь шинэ харцагатай болоод их баярласан. Ээжийн нутаг болох Жаргалан сумандаа 2015 онд аймгийн арслан болоод очсон. Улсын харцага цолтой очлоо. Мөн миний төрсөн нутаг Дэлгэр сумын түүхт 100 жилийн тохиосон. Нутгийн ойдоо шинэ цолоор бэлэг барьж чадсан даа.
-Энэ жил барилдааны бэлтгэлээ хаана базаасан бэ. Нутгийнхаа дэвжээний бөхчүүдтэйгээ хамт байв уу?
-2020 оноос “Саксус” клубээ байгуулсан юм. Эндээ хүчний болон дэвжээний бэлтгэлээ түлхүү хийж байна. Өөрөө бэлтгэл хийхээс гадна 10 гаруй хүүхдийг дагуулан зааж, зөвлөн бэлтгэл сургуулилалтыг нь хийлгэж байна. Түүнчлэн бодибилдинг, пауэрлифтинг, сагсан бөмбөг, волейболын тамирчдын хүчний бэлтгэлийг удирдаад хийлгэдэг болсон. Ер нь л жилийн ихэнх хугацааны бэлтгэл “Саксус” дээрээ л төвлөрч байна.
Цаг гарган ярилцсанд баярлалаа
-Баярлалаа.
УЛСЫН ХАРЦАГА Т.САЙХАНЖАРГАЛ: БИ Б.ГОНЧИГДАМБА ГАРДИАР улсын цолны босго алхах хувьтай байж дээ гэж боддог |
|