-Танд юуны түрүүнд энэ өдрийн мэнд хүргэе. Ханийнхаа 90 насны ойд зориулан дурсамж, дурдатгалын ном нээж, уншигч олонд өргөн барьсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Өнөөдөр “Бадмаарсан зул Хоролын Зандраабайдий” хэмээх номоо нээж буйдаа маш их баяртай байна. Миний хань шулуун шудрага зантай, бусдад тустай, гэрэл гэгээ түгээж явдаг хүн байлаа. Тиймдээ ч түүнийг маань эргэн олон хүн байгааг харах сайхан байна. Өнөөдөр ном нээгээд ханийнхаа өмнөөс магтуулаад сэтгэл тэнүүн байна даа. Ханийгаа насан хутгийг олж, номын агаарт шингэснээс хойш гэгээн дурсгалд нь зориулж нэгэн ном бүтээх хүсэлд хөтлөгдөн, зохиолч нөхөд, номын садангууд, уран зохиол, урлаг, соёлын хүрээний ойр дотно хүмүүст нь санал тавь, дурсамж сэтгэгдэл цуглуулаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд олон хун амьд халуун дурсамж, сэтгэлийн дулаан үгсээ тэрлэн ирүүлсэн нь энэ ном таны гар дээр очих учрал ерөөл бүрдсэн билээ. Хань минь жүжиг, киноны нэрт зохиолч төдийгүй авьяаслаг сэтгүүлч, нийтлэлч байлаа.
-Х.Зандраабайдий гуайг уран бүтээл талаас нь мэдэхгүй хүн ховор. Харин хувь талаасаа ямар зан араншинтай хүн байсан бэ?
-Хүмүүс “Зангаа хувиргадаггүй Задраабайдий” гэж ярьдаг шүү дээ. Энэ юутай үнэн үг гэж санана. Хань минь хэлсэндээ хүрдэг. Хүний ач, тусыг санаж явдаг хүн байсан. Гэр бүлдээ анхаарал халамж сайтай. Түүний хувьд нэгт гэр бүлдээ анхаарал хандуулах, хоёрт зохиол бичих, бүтээл туурвих байсан. Хань минь шөнийн 11 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл бүтээлээ туурвидаг байлаа. Үүнээс гадна өнгөрийнхөө өмнө хэвтэр байхдаа “Хань нь одоо л зохиолчдын хороонд нэг сар сууж юм бичмээр байна” гэдэг байсан. Даанч хөөрхий минь толгойгоо ч даах тэнхэлгүй байсан юм.
Үүнээс гадна өнгөрийнхөө өмнө хэвтэр байхдаа “Хань нь одоо л зохиолчдын хороонд нэг сар сууж юм бичмээр байна” гэдэг байсан.
Тэгж, тэгж л бид хоёр цайгаа хувааж уух болсон. Хувь тавилан маань бид хоёрыг хожуу учруулах ёстой байсан юм байлгүй л гэж боддог.
Та ханьтайгаа анх хэрхэн учирч байсан бэ?
-Бид бусад шиг залуутай учирч ханилан нийлээгүй улс. Залуудаа учирсан бол энэ талаар сайхан түүх хуваалцах л байсан байх. Би ханийгаа 70 настай байхад нь нэг гэрт орж, 20 жил хамт амьдарсан. Х.Зандраабайдий “Би чамтай л сууна, чиний гар амьсгал хураана” гээд хүрээд ирдэг байв. Тэгээд хүүхдүүдэд хөөгдөж, туугаад бөөн л юм болдог байв шүү дээ. Тэгж, тэгж л бид хоёр цайгаа хувааж уух болсон. Хувь тавилан маань бид хоёрыг хожуу учруулах ёстой байсан юм байлгүй л гэж боддог.
Хань нь ямар уран бүтээлийн хувьд ямар хүмүүстэй ойр байсан бэ?
-Энэ талаар ярьбал нэлээд урт яриа болох нь дамжиггүй. Хань минь хэнийг ч ялгаж харилцдаггүй хүн байлаа. Хэнтэй ч халуун дулаан яриа өрнүүлж чаддаг. Тэр минь үнэхээр л насан хутгийг олтлоо үзэг тавилгүй бичиж турвин, үргэлж, уншиж, судалж байсан. Бүтэн жаран илүүтэй хугацаанд ийн туурвиж, оюун санааны ертөнтцөд эрхэмсэг атлаа эгэл даруухан амьдарсан. Асар өргөн мэдлэгтэй, амьдралын туршлага арвин, ухааны цараа уужуу, өгөөмөр сайхан хүмүүн байлаа. Найз нөхдөдөө нөхөрсөг тусархуу, хань ижилдээ эелдэг элгэмсэг, хүүхэд хөгшдөд хайр халамжтай, ажилч хичээнгүй, үнэнч шударга, нягт нямбай зан чанарыг нь, энгийн даруухан инээвхийлж суудаг тэр л дур төрхийг нь олон хун дурсамждаа тодотгон бичжээ. Нүүдэлчин ардын амьдрал, аж байдлыг нэвтэрхий мэддэг, түүнийгээ зохиол бүтээлдээ шаглан бичдэг байсныг нь бүтээл туурвилаас нь харж болно. Түүний минь зохиолууд гун гүнзгий утга санаатай, амьд дур, дүрслэлтэй, баялаг бөгөөд яруу сайхан хэлээр бичигдсэн байдаг. Кино, жүжиг, тууж, роман, өгүүллэг, нийтлэл, сурвалжилга, тэмдэглэл гээд уран зохиол, сэтгүүл зүйн бараг бух төрлөөр бичиж туурвисныг нь хараад үнэхээр их бахархаж байна.
Нүүдэлчин ардын амьдрал, аж байдлыг нэвтэрхий мэддэг, түүнийгээ зохиол бүтээлдээ шаглан бичдэг байсныг нь бүтээл туурвилаас нь харж болно
-Х.Зандраабайдий гуай хэчнээн уран бүтээл туурвисан байдаг вэ?
-Говь, тал нутгийн малчин ардын эгэл хүү эрдэм мэдлэгийн жимийг харгуй болтол номын жин тээж, оюун санааны ертөнцийн түүчээ, хөтөч болтлоо туурвин, 12 боть хүний гараар бүтээгүй хөшөө дурсгалаа босгосны оюунлаг Монголын ард түмэн мартахгүй. Мөн элэг нэгт Өвөрмонголын ард түмэн ч ханийн минь олон арван бүтээлийг шимтэн уншиж, бахархан хайрладаг юм билээ. Ханийнхаа мөнхийн дурсгалд зориулж угийн зул бадраан, номын суварга босгох хүслийг минь биелүүлж, амьд халуун дурсамжуудаа хуваалцсан бүх хүнд дахин баярлалаа. Номын жин хөтөлсөн эрдэмт хүмүүн Хоролын Зандраабайдий номын хуудаснаа мөнхөд амьдарсаар байх болно гэдэг эргэлзэхгүй байна.
Цаг гарган ярилцсанд баярлалаа
-Баярлалаа
Хоролын Зандраабайдий Нэгэн жарнаас илүү хугацаанд Монголын Зохиолчдын Эвлэлээр хаяглаж, заяагдсан энэхэн насандаа Монгол туургатны соёл, гэгээрэл, үндэсний уран зохиолын төлөө хичээнгүйлэн зүтгэсэн эрхэм хүмүүн мөнөөс мөн билээ. Тэрбээр Д.Намдагийн гэр сургуулийн сурагчдын нэг. Зохиолч Д.Батбаярын уран бүтээлийн найз байсан нэгэн. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Хоролын Зандраабайдий 1934 онд Дундговь аймгийн Цагаан-Овоо суманд төрж, авьяас онгод билгээрээ ард түмнээ ханатал дайлан, оюуны цангааг нь тайлж явсан. Зохиолч Х.Зандраабайдий өгүүллэг, тууж, роман, нийтлэл, тэмдэглэл, судалгааны 40-өөд ном хэвлүүлж, “Задын чулуу”, “Шүртэй алтан бөгж”, “Аранга” зэрэг бүрэн болон нэг бүлэгт жүжиг, “Хонины найр”, “Хөх ногооны униар”, “Гул аранжин” зэрэг кино бүтээжээ. Түүнчлэн Монголд намтар судлал, “Буяннэмэх судлал”-ыг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулж, суут зохиолч С.Буяннэмэхийн уран бүтээл, амьдрал, намтрыг судалсан баримтууд дээрээ түшиглэн “Буяннэмэхийг дурсахуй” ном, Монголын орчин үеийн уран зохиолч нөхдийнхөө ховор, үнэт дурсамжуудыг хуваалцсан “Бадмаарсан зул” номыг бичин хэвлүүлж, “Монголын зохиолчдын лавлах толь”, “МЗЭ-ийн он дарааллын товчоо” номыг эмхэтгэн гаргасан билээ. Түүний уран бүтээлийг судлаачид өндрөөр үнэлж, “Хорьдугаар зууны Монгол зохиолчид” цуврал номын 68 дахь дугаарт бүтээл, туурвилыг нь нийтэлж, төр засгаас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан юм.
ЗОХИОЛЧ Х.ЗАНДРААБАЙДИЙН ГЭРГИЙ Ш.ЭНХБАЯР: Хань минь хэвтэрт байхдаа “Одоо л зохиолчдын хороонд нэг сар сууж юм бичмээр байна” гэдэг байлаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |