• Өнөөдөр 2025-04-02

КЭМБРИЖИЙН ИХ СУРГУУЛИЙН ДОКТОР Ш.ТУЯА: БАГААСАА НОМ УНШИХ ДУРТАЙ БАЙСАН МИНЬ НАМАЙГ СУДЛААЧ БОЛГОСОН

        МУИС-ийн Археологи, антропологийн тэнхимийн багш Ш.Туяатай ярилцлаа. Түүний хувьд АНУ-д харьцуулсан уран зохиолоор магистр хамгаалж, Кембрижийн их сургуульд антропологийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан юм.

-Та анх Хүмүүнлэгийн ухааны сургуулийг англи хэлний багшаар төгссөн юм билээ?

       -Тийм ээ. МУИС-д англи, япон хэлний тэнхимд сурч байгаад англи хэл гайгүй байсан болохоор сургуулиа хурдан төгсөхийн тулд Хүмүүнлэгийн ухааны их сургууль руу шилжсэн.

-Хаана төрж, арван жилээ аль сургуулийг төгссөн юм бэ?

        -Оросын хөдөө тосгонд төрсөн. Ээж маань намайг галттэрэгт явж байгаад төрүүлсэн байдаг. Арван жилээ харин 23-р дунд сургуулийг төгссөн. Тухайн үед орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, гол төлөв сэхээтний хүүхдүүд явдаг сургууль байсан. 1980 оны сүүл үед бүр танил талаараа ярьж байж ордог болсон. Манай гэр бүлд мэдээж танил тал байгаагүй. Гэхдээ эмээ орос хэлтэй. Тэгээд намайг өглөө бүр эрт босгоод орос хэл дээр дуу, шүлэг цээжлүүлдэг байв. Тэгж багаасаа шаргуу бэлдэхгүй л бол элсэлтийн шалгалтад хасагдах магадлалтай. Тиймээс эмээтэйгээ хоёул хичээсээр байгаад л шалгалтаа амжилттай өгсөн. Бүр шалгалтаа хамгийн өндөр оноотой өгсөн нэгдүгээр ангийн сурагч гээд “Хөдөлмөр” сонин дээр анх удаа гарч байлаа.

-Утга зохиол, түүхийг хэзээнээс сонирхож эхэлсэн юм бэ?

        -Анх 2005 онд АНУ-д харьцуулсан уран зохиолын мэргэжлээр сурахаар явсан. Мэдээж эхлээд гадаадад сурахын тулд тэтгэлэг хайсан л даа. Гэтэл орос хэлтэй, англи хэл ч гайгүй, франц хэл бага зэрэг гадарладаг байсан минь хэрэг болж, АНУ-ын Винконсин мужийн их сургуульд харьцуулсан уран зохиол мэргэжлээр сурах боломж гарсан. Тэгээд ч багаасаа уран зохиолд дуртай байсан болохоор дуртай байсан.

-Багаасаа уран зохиолд сонирхолтой байсан гэхээр номтой их нөхөрлөдөг байв уу?

        -Тийм ээ. Багадаа ном их уншдаг байсан. Айлын ганц хүүхэд болохоор номоор л хань хийнэ. Манай өвөө, эмээ хоёр бол шинэ нийгмийн сэхээтнүүд. Тухайн үед  ном зохиол унших “моод” ид дэлгэрч байсан үеийн улс болохоор ном, зохиол ч их цуглуулсан байдаг. Тэгээд л гэрт өрөөтэй номноос авч уншсаар байгаад номын хорхойтон болсон.

-Таны уншсан анхны ном хэний ямар бүтээл байв?

         -Уншиж чаддаггүй байхдаа ээж, эмээгээрээ үлгэр их уншуулдаг байлаа. Тэгээд харин сургуульд ороод, өөрөө уншдаг болсон минь миний хувьд хамгийн сайхан эрх чөлөө байлаа. Хичээлээ тарж ирээд хурдхан шиг хоол, цайгаа уучихаад л орондоо ороод ном уншихын түүс болдог байв. Бусад хичээлээ хийх дургүй, унших л сайхан байсан. Тэгэхээр анхны ном гэвэл үлгэр л юм байна.

 

-Одоо бодоход тэр үед уншсан зохиолууд илүүтэй санаанд тань үлдсэн байдаг уу?

    -Тийм ээ. Дэлхийн уран зохиолын номууд орос хэл дээр их хэвлэгдсэн байдаг. Тэгэхэд Социалист нийгэм нурах гэж байсан ч соёл нь хэвээр байсан үе.  Социалист соёл өөрөө үндэсний гэхээс илүү дэлхийн соёл, уран зохиол гэдэгт их анхаарал өгдөг. Гэрт байгаа тэдгээр дэлхийн сонгодог зохиолуудыг уншиж байгаад дунд ангид ороод ээжийнхээ гэрт авчирдаг байсан нийгмийн шинж чанартай номуудыг уншиж эхэлсэн.

-Судлаач хүнд байх гол зан сониуч байдал байх?

      -Шинжлэх ухаанч хүнд байдаг зан бол сониуч. Нэг ёсондоо аливаа зүйлийн учир шалтгааныг олж мэдэх гэж явдаг.  Сониуч зан байхгүйгээр докторын ажил хамгаална гэдэг их хэцүү. Учир нь хүмүүс сэдвээсээ их амархан уйддаг, залхдаг. Үүнээс үүдэн бичиж чадахгүй, сэдвээ дуусгадаггүй хүмүүс зөндөө байдаг.

-Та ямар сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм бэ?

       -Социалист нийгмийн дараах өөрчлөлтүүд, нийгмийн шатлалын хэлбэрүүд гэсэн сэдвээр доктор хамгаалсан. Антропологи бол дэлхий дээр байгаа хүнтөрөлхтний олонглог шинж чанар, туулсан түүх, түүхээсээ шалтгаалан төрөл бүрийн нийгмийн зохион байгуулалт, соёлын тухай ойлголт. Улс бүрд Социалист нийгмийг туулсан түүх нь өөр. Харьцуулсан уран зохиол харин олон орны уран зохиолыг харьцуулан судалдаг. Хажуугаар нь би мөн кино судлалаар суралцсан.

-Кино судлал гэхээр тань саналаа. Та П.Золжаргал найруулагчийн “Баавгай болох сон” киноны талаар шүүмж бичсэн байсан шүү дээ. Энэ бүтээлд үзэгчид сайн, муу хоёр талын байр суурьтай байгаа шүү дээ? 

         -Урлаг, шинжлэх ухаан, академик мэдлэгт үндсэрхэг үзэл нөлөөлөх гэж оролддог. Нөгөө талаасаа их гүрний түрэмгийллийн сэтгэлгээ гэх мэт гадаад хүчин зүйлс ч нөлөөлнө. Энэ байдал ганцхан Монголд болж байгаа асуудал биш. Энэ жил Нобелын шагнал хүртсэн Хан Ган зохиолчийн бүтээлийг Солонгосын нийгмийн хамаг муу муухайг дэлгэн харууллаа гэж ард түмэн нь шүүмжилдэг. Мөн нэгэн жишээ дурдахад, Хятадын V үеийн кино найруулагчид анх 1980-аад онд хүч түрэн кино судлалын тавцанд гарч ирсэн. Тэдний бүтээлд хоёр талын дайралт явагдсан. Эхнийх нь Хятад дотроосоо уламжлалт соёлын муу муухайг харуулсан, гаднаас харин хэтэрхий нэр хүндийн төлөө байна гэхчлэн кинонуудыг нь шүүмжилсэн байдаг.  Тэгэхээр “Баавгай болох сон” кино бол Монголын нийгмийн бодит байдлыг л харуулсан. Бид ямар аймшигтай, бүдүүлэг, хэрцгий, хүнлэг бус байгааг хэлээд өгсөн кино. Бид хүчээр өөрсдийгөө гоё харагдуулах гээд суртчилаад байгаа юм. Гоё сайхан байлгаж харагдуулах бус жинхнээсээ манай улс гоё байхын тулд нийгмээ өөрчлөх ёстой. Аливаа нийгэмд ийм шүүмжлэл байж л тухайн нийгэм өөрчлөгдөж, хүмүүс сайн сайхны төлөө тэмүүлнэ гэсэн үг. Тэгэхээр бид үнэнийг үнэнээр нь харж сурах хэрэгтэй байгаа юм.

-Та гадаадын сургуульд багшлаад явах бүрэн боломжтой байх. Яагаад эх орондоо ирж эрдэм судалгааны ажлаа үргэлжлүүлж байна вэ?

          -Анх би МУИС-д 2011 онд ажилд ороход надад Соросийн тэтгэлэг өгсөн. Мөн дэлхийн антропологийн сангаас тэтгэлэг олгосон.  Би их азтай. Тэр тэтгэлэг харамсалтай нь 2012 онд дуусчихсан. Түүнээс хойш дахиад МУИС-д тийм санхүүжилт олгоод, залуусыг татах тэтгэлэг болоогүй. 2000 онд Жорж Соросийн хөтөлбөр Монголд хэрэгжсэн. Энэ нь нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр судалгаа хийж байгаа залуу эрдэмтдийг сургаж, эргээд эх орондоо ирж эрдэм мэдлэгээ зориулах зорилготой юм. Үндсэндээ ямар ч нутаг нуга, хамаатан садан хамаарахгүйгээр авьяас, ирээдүйтэй залуусыг дэмжиж, эргээд сургуульдаа боловсон хүчин болгож бэлддэг. Уг нь их сургууль гэдэг залуу эрдэмтдийн гол хаб байх ёстой. Тэгэхээр дөнгөж сургуулиа төгссөн залуу багшид итгэл хүлээлгэн дэмжиж сургасан болохоор миний хувьд МУИС-даа сурсан мэдсэн зүйлээ хуваалцах нь зүйтэй. Одоо МУИС-даа багшлахын хажуугаар гадаадын хоёр их сургуультай хамтарч ажиллах төсөл дээр зэрэг ажиллаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

          -Баярлалаа.


КЭМБРИЖИЙН ИХ СУРГУУЛИЙН ДОКТОР Ш.ТУЯА: БАГААСАА НОМ УНШИХ ДУРТАЙ БАЙСАН МИНЬ НАМАЙГ СУДЛААЧ БОЛГОСОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-11-06 16:52:44
    Irgen: Бахархалтай, эрдэмтэй, даруу бүсгүй байна. Дараа дараагийн ажилд нь амжилт хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-11-05 20:24:09
    S: ANUSN80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-11-05 18:55:02
    Zaya: Догь багш шүү. Хичээлд нь сууж байгаадаа үнэхээр их талархаж байна.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188