• Өнөөдөр 2024-12-12

Э.БҮЖИНЛХАМ: Яагаад ч юм би давтагдашгүй байх мөрөөдөлтэй

      "Гэм зэм", "1984", "Амьдрахуй" жүжгүүдэд туслах зохиолч, ассинтент найруулагч, редактороор ажилласан нэгэн бол "Орфей" театрын уран бүтээлч Э.Бүжинлхам. Түүний ертөнц, бодол, аливааг харах өнцөг ондоо гэдгийг уншигч та бидний энэхүү бэсрэг ярианаас мэдэх биз ээ.

  Тэрбээр "Намайг Э.Бүжинлхам гэдэг. Бүжээ гэж дууддаг. Олон хүний танил биш ээ. Өөрийгөө тодорхойл гэвэл хамгийн түрүүнд "хайрлагч" гэж хэлмээр байна. Амьдралыг, тэр тусмаа урлагийг маш ихээр хайрлагч. Алдсан ч, оносон ч хамаагүй "хайрлагч". Би 2021 онд СУИС-ийн Театрын Урлагийг Сургуулийг кино жүжгийн зохиолч мэргэжлээр дүүргэсэн. Зохиолч, яруу найрагч, судлаач шүүмжлэгч П.Батхуяг багшийн шавь нарынх нь нэг. Кино урлаг, театрын урлагт дуртай нэг тийм дурлагч л хүн байна даа" гэснээр бидний яриа эхэлсэн юм.
 
-М.Батболд найруулагчийн хувьд өөрийн өнгө аяс, онцлогтойгоор бүтээлүүдээ тайзнаа амилуулж, хэдийнэ сайн, муу шүүмжлэл хүртэж буй. Хамтран уран бүтээлд оролцож байгаа хүний хувьд бүтээлүүдийг нь хэрхэн хардаг вэ. Тэр дундаа зохиол бол тухайн жүжгийн гол амин сүнс шүү дээ?
    
      -М. Батболд найруулагч миний хувьд ур чадварын тухайд Монголын номер нэг найруулагч. Уучлаарай, энэ хүн бол бидэнд өгөгдсөн бэлэг гэж би хардаг. Манай урлагт өгөгдсөн бэлэг байхгүй юу. Жаахан бардам сонсогдож байж мэдэх ч энэ бол үнэн. Зарим хүн санал нийлэхгүй байх, гэхдээ тэр хамаагүй ээ. Оюутан байхдаа анх 2021 оны гуравдугаар сарын 27-н болох Дэлхийн Театрын баярын өдрөөр би Орфей театрын удирдлага найруулагч М.Батболд, захирал, продюсер Т.Ариунчимэг нартай анхлан танилцаж байсан юм. Намайг театртаа урьж, маш гоё хүндэтгэлтэйгээр ажлын санал тавьж байсан тэр өдрийг би одоо хүртэл тод санадаг. Яагаад гэвэл би хэний ч танихгүй нэг муу оюутан шүү дээ. Гэтэл миний ур чадварт итгэж, бүхэл бүтэн зохиолчдын багтаа чамайг авмаар байна гэж хэлэхэд зүрхэн дотор хүрхрээ шиг, галт уул шиг дэлбэрэлт, оргилолт мэдрэгдсэн. "За Бүжээ, чи хичээх хэрэгтэй боллоо шүү" гэж бодогдсон. Тэгээд би хичээсэн, хичээсээр ирсэн, хичээх ч болно. Надад энэ их итгэл найдварыг хөсөрдүүлж хөндийрүүлэх эрх байхгүй. Яагаад гэвэл театрын урлаг бол аминч биш хамтач чанарыг шаардаж, хувь хүнийг сорьж шалгадаг урлаг байхгүй юу. Надад "би" гэх ойлголтоос илүү "бид" гэх ойлголт хичнээн чухал нь мэдрэгдсэн юм. Дөрвөн жил дамнан Ф.М.Достоевскийн "Гэм Зэм", Жорж Оруэллийн "1984" саяхан Хятадын зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" жүжигт ажиллалаа, бас ажиглалаа. М.Батболд найруулагч бол хэлбэрээс илүү агуулгыг чухалчилдаг, утга санааны илэрхийлэмжид илүү их анхаардаг, дээрээс нь хэцүү зүйл рүү тэмүүлдэг этгээд найруулагч. Эрсдэл тэр хүний хувьд дурлал нь гэж би боддог. Би өөр бас бус найруулагчидтай ч ажиллаж үзсэн, тэгээд "Орфей" театрт ажиллах нь миний хувьд тэр бүх продакшн, байгууллагуудаас хавь илүү кайф мэдрүүлж байсан. Учир нь энэ газар байхдаа би "урлаг" бүтээж байгаа мэт, урлаж буй мэт мэдрэмжийг авч чаддаг. Постмодернизмийг хэн ч театрт нэвтрүүлээгүй, чухалчилж сонирхоогүй байхад зориглон бүтээсэн хүн бол М.Батболд найруулагч шүү дээ. Найруулагч хүн гэдэг ингэж их "тархиа тарчлаагч" байхыг хэлдэг юм уу гээд өмнөөс нь шантармаар санагддаг. Гэхдээ шантрагсад нь олон, шаралхаад давагсад нь цөөн юм билээ. Гётегийн "Фауст" жүжгийг нь үзээд би тархины шоконд орж, үгээр илэрхийлэгдэмгүй өвөрмөц мэдрэмжийг авч үзэгчийн хувиас "Театр ийм байдаг юм байна" гэж бодож байсан юм. Үнэхээр театр хүний тархи оюун, сэтгэл зүрхэнд часхийсэн мэдрэмж төрүүлдэг, өөрчлөлт рүү урин дууддаг тийм агуу хүчтэй урлаг юм байна лээ. Би одоо л "театр" гэх тасархай "халуухан залуутай" дөнгөж танилцаж эхэлж байна.
 
-Сая сар орчмын хугацаанд үзэгчдэд хүрсэн "Амьдрахуй" жүжиг та бүхний бүтээлүүдээс хамгийн их шүүмжлэл дагууллаа гэж харж байна. Энэ байдлыг уран бүтээлийн багт нь буй хүний хувьд хэрхэн харж байгаа вэ? 
 
     -Магтаалд мандаад, шүүмжлэлд шантраад байвал тэр уран бүтээлч биш. Аль алинд нь тэнцвэртэй, тэсвэртэй, ухааны шандсаар хандах ёстой. Хорвоо дээр ямар ч бүтээл, ямар ч бүтээгчид алдаа эндэгдэл, өө сэв байдаг. Бурхны бүтээл "бид" хүртэл алдаатай шүү дээ. Гэхдээ алдаа, оноо бүхнээс суралцаж урагшлах нь хамгийн чухал. Нэг итгэмээргүй ч гэмээр зүйл хэлэхэд таны үзсэн "Амьдрахуй" жүжиг, өчигдрийн "Амьдрахуй" жүжиг тэс ондоо гээд бод доо. Театр одоо цагийн оршин буй амь халуун урлаг учраас минут, секунд бүрт амилж, өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдгаараа киноноос өөр бас киноноос амьд урлаг юм. "Амьдрахуй" жүжиг миний хувьд сайн уран бүтээл. "Сайн" уран бүтээл гэдэг нь хүн бүрт таалагдах уран бүтээл байхын нэр биш байх аа. Өнөөдөр бид энтертайнмент үзэж хормын цэнгэлд авахын оронд амьдралын бодит үнэнтэй нүүр тулж, даван туулах эр зоригт суралцах хэрэгтэй, хэчнээн хэцүү байсан ч гэсэн. "Амьдрахуй" жүжиг агуулгын хувьд бидний нийгэмд хэрэгтэй нэгэн эм нь мөн юм. 

-Мөн таны хувьд жүжгийн зохиолууд дээр ажиллах хугацаанд тэднээс сурсан, мэдсэн зүйл ч их байгаа байх. Бусад зохиол бүтээл, яруу найргаас жүжгийн зохиол өөр ертөнц байсан байх аа?
         
     -Жүжгийн зохиол дээр ажиллахаар драматургт их суралцдаг юм билээ. Энэ нь бичигдсэн ширхэг текст бүр тайзнаа яаж амилахыг алсаас харж, төлөвлөж, жүжгийг найруулагчтай цуг бүтэн зургаар нь үнэлэн харж чадах нүдтэй болоход суралцуулдаг юм билээ. Би өмнө нь зохиолч гэдэг мэргэжил бол хувь хүний тусгаар эрх чөлөө гэж боддог байсан чинь кино, жүжгийн зохиолч бол хүүрнэл зохиолчоос ч уужим зүрх болоод ухааныг шаарддаг хэцүү мэргэжил болохыг нь мэдэрсэн. Хэцүүг нь мэдрэх тусмаа улам ч их дурласан. Тархиа тэл, оюунаа хязгаарлахаа боль, эрсдэл рүү шумба, өөрийгөө сорь гээд шаардаад байдаг юм байна лээ. Тэгээд тэнэг юм шиг улам их татагдаад дурлаад л явж байна.
 
-Одоо харин шүлэг бүтээлээс нь асуумаар байна. Таны шүлгүүд ондоо сэтгэлгээ санагддаг. Энэ төрөлд хөтөлсөн хүн байдаг уу?     

       -Би багаасаа жаахан ганцаардмал охин байсан. Жаахан тэнэг сонсогдох байх л даа. Нууцгүй хэлэхэд тоггүй хэрнээ асаагуурын гэрлээр ном уншдаг хүүхэд байсан байхгүй юу. Монголын яруу найргийн ертөнцөөс Б.Батрэгзэдмаа, Д.Галсансүх нар миний сэтгэлд хэний ч хатгаж байгаагүй тугийг хатгаж, үгийн эрх чөлөө рүү анхлан урин дуудаж байсан юм. Энэ хүмүүс бол хэний ч үгүйсгэж чадамгүй домог юм аа. Энэ хүмүүсийн яруу найргууд намайг галд автуулж, шатааж, дүрэлзүүлж, яруу найрагт эргэлт буцалтгүй дурлуулсан. Дараагаар нь Д.Батхуяг багш минь намайг урлагийг хайрлаж, амьдралыг хайрлахад суралцуулж, чиглүүлсэн юм. Эргээд нэг харахад амьдралын алхам бүр, энгийн нэг муу газар хэвтэх шар навч хүртэл яруу найраг юм байна лээ. "Хар даа энэ тэнгэр яасан яруухан ялгуусан цэнхэр бас цэлгэр юм бэ, уушиг минь цэнгэг агаараар дүүрч өнөөдөр би амьд байна" гэх бодол яруу найраг бас амьдралд дурлах дурлал шүү дээ.

-Сошиал орчинд нийтэлж буй шүлэг, бичвэрүүд нь багахан этгээд байдаг. Магадгүй Бүжээг тэдгээрээс олж харж болох болов уу?        
 
      -Би их сахилгагүй хүн. Намайг олон хүн даруухан, дөлгөөхөн гэж дүгнэдэг юм шиг байна лээ. Гэхдээ би амьдралын сахилгагүйтэл, дэггүйтэл, адал явдалд дурладаг тэнэг хүн байхгүй юу. Би хаягдсан ч хайрлах тэнхээтэй үлддэг, хэзээ л бол хэзээ зүрх минь хайрлахад цаг ямагт бэлэн байдаг. Хайрлахаас айхгүй байна гэдэг зоригтой хүний шинж гэж би боддог. Би ч бас алдаатай, цоорхойтой, толботой. Түүнийгээ нуухыг биш илчлэхийг хүсдэг учраас эрх чөлөө рүү тэмүүлэгч байдаг байж мэдэх юм. Эрх чөлөөний тусгалын өчүүхэн гялбаа харагддаг нь тэр байх л даа. 
 
-Жүжгийн зохиолоос гадна одоо юу бичиж байна вэ?
 
      -Нэг шүлгэн дээр маань "Нийгэмших тусам ганцаардалд идээшинэ" гэх мөр байдаг. Ядаж байхад нь би чинь жаахан эмо хүн. Гэхдээ үүнийг эморох биш өөртэйгээ хамт байх дуртай хүн гэж нэрлэмээр санагддаг юм. Өөртэйгээ хамт байгаа тэр үе мөчүүддээ гуниг, хайр аль алиныг нь мэдэрсэн үедээ шүлэг их бичдэг. Гэхдээ шүлгийн ном бол гаргахгүй байх аа. Яагаад гэвэл яруу найргийн хувьд би өөрийгөө их голдог, бусдаар бол үгүй ээ. Нэн түрүүнд кино юм уу жүжгийн зохиол хэвлүүлье гэж боддог байхгүй юу. Одоо хоёр жил тархинд савлагаатай яваа нэг жүжгийн зохиол бичигдэж л байна. Бүтээл болж чадах байх аа. Бүрэн итгэлтэй байна. Гэхдээ заавал цаасан болгоод хэвлүүлэх албатай ч биш дээ. 
 
-Цаг хугацаанд баригдаж юм хийдэггүй болов уу гэж таасан. Гэхдээ нийгэм биднээс цагтаа байх, дүрэм журмыг шаарддаг шүү дээ? 
 
   -Манай нийгэм биднийг хүссэн, хүсээгүй асар хурднаар, асар харгисаар урагшилж байгаа. Энэ хурд бол дагахаас илүүтэй эргэцүүлж ухаарах ёстой хурд. Энэ л технологийн хурд хүний сэтгэлзүйн хурднаас онхи ондоо, хол зөрүүтэй байдаг юм билээ. Би энэ хурдад дургүй, гэвч нийцэхээс өөр аргагүй л дээ. Жишээ нь би өглөө 09:00-18:00 хүртэл компьютерийн ард суудаг ажил хийж чаддаггүй. Мөнгө олох хэрэгтэй ч намайг "машин" биш хүн гэдгийг минь мэдрэгдүүлдэг ажил хийх дуртай. Тэр тусмаа бүтээх. Тийм ч учраас урлагийг сонгосон байх аа. Бид бүгд л өөрсдийн ертөнцөөрөө амьдралыг туулж байна. Манай Gen Z үеийг туйлбаргүй гэж хүмүүс их шүүмжилдэг. Үгүй дээ, манай үе бол гүйцэтгэлийн хугацаанаас илүү бүтээмжийн хугацааг тооцоолж сурсан үе гэж би боддог. 
 
-Утга зохиолын ертөнцөд урган гарч буй залуу уран бүтээлчийн хувьд бичих сонирхолтой, одоо яг энэ талбарт дурлаж яваа хүүхдүүдэд хэлэх зүйл бий юү?     
 
 -Би юу хэлэх вэ дээ. Учир нь амьдрал өөрөө тэр залууст хэлэх зүйлээ хэлнэ. Зүгээр л амьдралыг таашаагаарай, бид дахиад амьдрахгүй учраас оршин буй хором бүрээ хайрлахыг хичээгээрэй, чи бодсоноосоо ч илүү хүчтэй шүү л гэж хэлмээр байна. Бас урлаг хэзээ ч хүнийг гомдоодоггүй, бид л өөрсдийгөө гомдоодог юм шүү гэмээр байна.            
  
-Цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцаж болох уу?          
 
       -Би их тэнэг хүн дээ. Бүтэшгүй зүйлүүдэд, бүтэшгүй залуучуудад дурлаж явдаг. Найруулагч болох тэртээ алс холын мөрөөдөлтэй, ядуу байсан ч урлаг руу л зүтгээд байх сонирхолтой зөрүүд бух шиг сонин хүн. Бас хүүхэд өргөж авахыг, юуны ч тухай биш "Юу ч биш" гэсэн санаатай ном гаргахыг хүсдэг. Яаж ч гадагшаа суралцсан би Монголдоо ирж ажиллаж, бүтээхийг хүсдэг ээ. Монголоос зугтахыг хүсдэггүй, залруулахыг хүсдэг.              
                    
-Хүн уншсан ном, үзсэн киноны гол дүрийг дуурайн дагах нь бий. Өөрт чинь тийн дагадаг уран бүтээлч бий болов уу?
 
     -Өсвөр насандаа дуурайн дагадаг байсан байх аа. Одоо "Чи хэнийг дуурайж байна" гэхээр бодолд торох хүн алга. Одоо дуурайх биш бүтээх эрмэлзэл рүү илүүтэй хөтлөгдөж байгаа. Гэхдээ Аристотель ч хэлсэн нь бий. "Урлаг бол маш сайн даган дуурайх үзэгдэл" гэж. Тэгэхээр би уншсан ном, үзсэн кино, надтай учирч хайрыг минь татсан хүмүүсээс тодорхой хэмжээнд үлгэр авсан байх. Гэхдээ нэг зүйл хэлэхэд энэ хэн хүний мөнхийн хүслэн байх. Сэтгэлийн мухартаа, гүн углуургандаа яагаад ч юм би давтагдашгүй байх мөрөөдөлд автдаг. Боломжгүй байж мэдэх ч энэ миний мөрөөдөл.
 
-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Түүний зарим шүлгээс хуваалцъя.

Ээжээ би нэг зvvд зvvдэллээ!
(энэ зvгээр л нойргvйдэл)
 
Ээж ээ би нэг зvvд зvvдэллээ!
Миний зvvдэнд та бид хоер 
Хонхрын холын хуучны гэртээ  vргэлж хоеулхнаа...
Бvх зvvд минь харанхуйд болж байдаг
Бvр гайхах юм аа!
Хоеулаа лаа хайгаад л бороон дунд...
Гэхдээ та хэлэх юм.
«Гэгээ татна аа, удахгvй vvр цайна
Гэр дулаацна аа, гал тvлэх зомгол, шvдэнз байгаа»
Энэ зvvдийг ярихаасаа емне еер нэг зvvдийг гялс яриадахья, за!
Яг мартлаа! Нэг удаа
Манай гэрийн унь, тооно хаяа хатавчаар дvvрэн том, том арвагар аалзнууд
Бvгд ч том биш ээ, зарим нь жижиг, зарим нь нvvрс шиг тас хар
Зарим нь час улаан, заримынх нь бие мянга тvмэн шар хээтэй
Зарим нь могой шиг урт хелтэй
Хел гишгэх зайгvй хаа сайгvй намайг дагаад л...
Зугтсаар би бvр ядарчихсан 
За яг солиорох нь ээ гэж бодтол
Нvvрэн дээр чинь арваганах муухай аалзыг та тоохгvй 
Бvр тамхи татаад тэр аалзны торыг нь «ганган юм» гээд хvзvvндээ наагаад...
Тийм байж болох уу? Тэгсэн чинь бvр 
Цав цагаан урт уут хивсэн дээр тодроод байхаар нь сехтел
Мянга, мянган аалзны ендег... 
Пирхийтэл тал тал тийш бутраад л...
Тэд нар тэгснээ меемее нэхэж байгаа хvvхэд шиг
Уйлаад байсан... 
Нvдгvй бас нулимсгvй юм байж уйлаад байсан
Тэгснээ тан руу бvгд мелхех юм
Та бvгдийг нь гараараа тэврээд 
Тэд таны бvх биеийг чинь бvрхэх юм
Нvдээрээ та намайг нэг их зэмлэнгvй харснаа
“Муу охин!”гэсэн 
Би “ээжийгээ авья” гэхийн зуургvй та хааччихсан бvv мэд
Гэрээс гараагvй хэрнээ олдоогvй.
Гэнэт
Беер хавьцаа янгинаад байхаар нь харсан чинь
Темер шиг хатуу хайрстай том хар аалз шигдчихсэн
Амьсгалж чадахгvй би авах гэж оролдох тусам биенд гvн шигдээд...
Аймшигтай нь зvvд хэрнээ тэр аалз бие дотор ороод
Зvрх рvv тэмтрvvл нь тэмvvлээд байхыг би мэдэрсэн
Зvvд хэрнээ... зvрх хэмээ алдаад эхэлсэн
Танд би уг нь энийг ярих гээгvй юм аа. 
Та унтаж байгаа ч би ярьсаар л байх юм
Сэрvvнд чинь ярьвал та айчихна, дэмий
Гол нь би еер зvvд ярих гэж байснаа таг мартчих юм аа...
Юу байлаа даа.
Би зvvдлэх бvртээ vхдэг, бодит евделт мэдэрдгээ танд хэллvv?
Хvмvvс намайг «муу охин» гэх юм
Яг л та зvvдэнд минь хэлсэн шиг.
Тэд харин бодит ертенцед тэгж хэлдэг.
Би уг нь чин vнэн хайранд итгэдэг, ээж ээ!
Хайр л байвал сохрууд харж, гаргvй хvн сэлж
Менгегvй хvн цадаж болдог гэж би боддог ээж ээ!
Нэг хvн надад хэлж байсан.
«Хоеулаа хэзээ ч огтлолцохгvй параллель шулуунууд» гэсэн
Ээж! хайрлагдахын сайхныг мэдэхгvй ч гэсэн би
«Хайр» гэдэг vгний «Х» vсэгний хоер шулуун 
Хоорондоо огтлолцсон байгааг та харж байна уу? 
Хэзээ ч огтлолцохгvй шулуунууд тэгж л огтлолцохыг «Хайр» гэдэг 
Би тэгж боддог.
«Хайр гэж байдаггvй» 
Хvн vнэмшим царайгаар тэд тэгж хэлдэг
Тэр нь уг нь анх хэлэгдэхдээ «Зvрх сэтгэлийн хамгаалалтын механизм»-аас л урган гарсан 
Зvгээр нэг бамбай маягийн хэдэн vгс байсан байх
Сvvлдээ тэд тэрэндээ vнэмшчихдэг юм байна лээ
«Хайр байгаа!» гээд уйлахад минь 
«Тэнэг!» гэсэн
Тэнэг байсан ч яадаг юм
Тэгж итгэх нь зев биз дээ ээж ээ?
Тэгэхгvй яаж амьд явах юм бэ?
Би «муу охин» биш тийм ээ, ээж ээ?
Бодит амьдрал дээр та л тэгж хэлэхгvй байхад болно оо.
Ээж ээ, та яагаад биеийг чинь хэмлэх тэр аалзнуудаас огт айгаагvй юм бэ?
Элдвийн юм яриад эхэнд ярих гэж байсан зvvдээ бvр мартчихлаа
Ямартай ч сайхан зvvд байсан гэж та бодоорой
Сайхан юмыг хvн мартахдаа амархан байх юм тийм vv ээж ээ?...
 
(Ээж унтаж байгаа. 
Энэ зvгээр л нойргvйдэл...)
 
***
Сэтгэл сэтрэхэд
Би шаазан шиг хагардаг
Сэтгэл сэрэхэд
Би давалгаалан цалгидаг.
Сэтгэлээр л цангаж, сэтгэлээр л сэрдэг. 
Тийм тэнэг.
Миний унтраалга, асаалга, даруулга, бас сэрүүлэг сэтгэл минь.
Түлэгдэж хорсон өвчилсөн ч амьсгалсаар л байдаг сэтгэл минь.
Үнэндээ сайхнаа биш сорвио л би үнсүүлмээр байдаг
Сэтгэл минь догдлол хайраар туяарсан ч дотоод нулимсаа тээсээр л байдаг.
Тархиа би ингэж хайрлаж үзээгүй, чадах ч үгүй
Тавилангаа би дэнсэлж шүүж үзээгүй, чадах ч үгүй ээ. 
Салхи салхилахад л жаргаж чаддаг,
Сарны гунигийг нь арчиж өгмөөр санагддаг
Гэнэн тэнэг зүрхтэй. 
Эргэлзээгүй энэ зүрх таван настай. 
Бие минь элэгдэж, буй бүхнээрээ хөгширсөн ч
Цаг хугацаанаас зөрж алхах тэрслүү зоригтон нь
Миний сэтгэл. 
Гандаж үгүйрсэн бүхнийг амилуулж чадах нь
Ганцхан СЭТГЭЛ...
 
***
Өрцийг чинь нэвтлээд цээжинд чинь амьдармаар байна
Өмнөөс чинь шаналал эдэлж үзэх гэсэн юм
Зүрхээ бүү цэвдэглээч гэх шиг харцтай чиний
Зүүн нүд чинь болж төрсөн бол
Хайрлаж харах байсан болов уу?
өөрийгөө би...
Одоо бороо орж байна
Орь ганцаараагийн шаналан дунд
Огторгуйд чинийх шиг том зүрх үгүй мэт санагдах юм аа
Энэ бодол л намайг дааруулахгvй байна
Энэ бодол л гэр лүү минь яаруулахгvй байна
Энэ бороонд сэтгэлээ нэвт угаачихаад
Энэ одоо чинийх гээд алган дээр чинь зүрхээ тавьмаар байна.
...
Ямар ч дуу сэтгэл хөдөлгөхөө болиод
Ямар ч залуу давгүй харагдахаа болиод
Ямар ч сархад амт нь ус шиг санагдаад ирэх үед
Яг одоо л энэ амьдралд түр зогсолт хийгээд
Яваад өгье, бүхнээс зугтъя гэж бодогдох нь өөрөө
Яахын аргагүй чи амьдралд хайртайгийн чинь илрэл. 
Харин хөгжим бүр чиний зүрхийг догдлуулж
Хүн бүр чамд хайр татам харагдаад
Хоолой руу чинь давах гашуун нь чихэр мэт дур татаад ирвэл
Чи амьдралыг бас өөрийгөө хуурахад шунажээ гэсэн үг...
Энэ хууралтын цаг минут секунд бүр төлөөсөө авахаар
Цээжийг чинь дотроос нь малтан маажлах цагт
Сая л үхсэн мэт бодьгүй, зэрэглээ мэт хийсвэр орон зайд
Сүнсээ хэмлэж тоглож байгаатайгаа чи гарцаагүй нүүр тулгарна. 
Заримдаа энэ ертөнц дээрх бүх зүйл эсрэгээрээ. 
Урвуугаараа. 
Бүхний оргил мэт нь үнэндээ ёроол мэт.

Э.БҮЖИНЛХАМ: Яагаад ч юм би давтагдашгүй байх мөрөөдөлтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-11-05 05:22:27
    Оюун.: Гайхалтай!. Уран бүтээлч сэтгэхүйтэй хүн ийм л байдаг!. Дүү минь "Мастер Маргарита хоёр"-г шимтэн үзнэ хэмээн хоног тоолон хүлээн буй нэгэн байнаа!. Орфей театрын Батболд,Ариунчимэг... зохиолчдын баг,нийт хамт олон та бүхэндээ итгэдэг!. (2024-11-05)(Л.ОЮУН).
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-11-04 20:25:45
    Nomin: Yamar saihan emgtei we
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188