• Өнөөдөр 2024-12-12

ЭРДЭМТЭН З.НАРАНГЭРЭЛИЙН ЭХНЭР Л.ЦЭВЭЛ: МИНИЙ ХАНЬ ОРГИЛ, ЖАНЧИВЛАН, ХУЖИРТ, АВАРГА ТОСОНГИЙН РАШААНЫ ОРДЫГ НЭЭСНЭЭС ГАДНА ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ ИЛРҮҮЛЖ БАЙЛАА

2024-11-02,   469

     "РАШААН БОЛ УРСДАГ АЛТ"

  Рашаан, ус судлалын ажилд амьдралынхаа бүхий л цаг хугацааг зориулсан З.Нарангэрэл эрдэмтний эхнэр Л.Цэвэлтэй ярилцлаа. Тэрээр монголчуудын олноороо очиж сувилуулдаг, эмчилгээний журмаар ууж, хэрэглэдэг Оргил, Хужирт, Ар, Өвөр жанчивлан, Хулж, Халзан-Уул, Аварга тосонгийн рашааны ордыг нээж, ард түмэнд таниулсан гавьяатай нэгэн билээ. Тэр ч утгаараа монголчуудад Зундуйжамцын Нарангэрэл гэхээс илүүтэйгээр рашааны Нарангэрэл гэдгээрээ танигдсан байдаг.

-Таны хань хэзээнээс рашааны Нарангэрэл гэдгээрээ олонд илүүтэй танигдаж эхэлсэн бэ. Рашаан судлалын анхны ажил нь Оргил байсан гэдэг?

     -1968-1970 онд одоогийн “Оргил” сувиллын рашааны ордыг шинээр нээж, уг сувиллыг байгуулах суурийг тавьсан. Өөрөөр хэлбэл, ханийн минь рашааны ордыг нээсэн анхны ажил нь “Оргил” сувилал гэсэн үг. Геологийн удирдах газарт гидрогеологич, ерөнхий инженер, даргаар ажиллаж байх үедээ олонд рашааны Нарангэрэл гэдгээрээ танигдсан. Миний хань Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул хүн байсан. 1961 онд Өндөрхаан хотын 10 жилийн сургуулийг төгсөж, Москвагийн геологи хайгуулын дээд сургуульд элсэн суралцаж, 1966 онд тухайн сургуулийг уулын инженер цолтой төгссөн. 1976-1979 онд Москвагийн геологи хайгуулын дээд сургуулийн дэргэдэх аспирантурт суралцаж, “Төв монголын рашааны ордуудын бүрэлдэн тогтох нөхцөл, ашиглах хэтийн төлөв” сэдвээр геологи эрдсийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм.

-“Оргил” рашаан сувиллаас гадна Монголын томоохон рашааны ордуудыг нээсэн байдаг. Тэр тухай нь та ярьж өгөөч?

   -1968-1970 онд Жанчивлангийн нүүрс хүчилт рашааны ордын эрэл хайгуулыг хийж эхэлсэн. Мөн 1970 онд Аварга тосонгийн рашаан, 1971 онд Халзан уулын нүүрс хүчилт рашааны орд, 1972-1973 онд Хужиртын азотот халуун рашааны орд, 1974 онд Хулжийн азотот халуун рашааны ордод гидрогеологийн эрэл хайгуулын өрөмдлөг хийж, геологийн тогтоц, нөөц, ундарга зэргийг нарийвчлан тогтоож, ашиглалтад бүрэн бэлтгэсэн байдаг. Мөн 215 орчим худгийг сэргээн засварлаж, сумын төвүүдэд 10-аад худаг шинээр гаргаж, тохижуулж өгсөн. Үүнээс гадна тухайн жилүүдэд “Хайгуулчин” сэтгүүлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. 

-Рашааны орд нээхээс гадна зүүн болон говийн аймгуудын хүн, малыг ундын устай болгож байсан буянтай ажил хийсэн гэж салбарынхан нь ярьдаг юм билээ?

    -Миний ханийн удирдсан хамт олон Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, Сайншанд, Даланзадгад, Мандалговь, Сүхбаатар хотод төвлөрсөн усан хангамжийн эх булаг болох газар доорхи усны ордод гидрогеологийн эрэл, хайгуулын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, нөөц ундаргыг тогтоож, ашиглалтад оруулсан. Мөн барилгын материалын түүхий эдийн чиглэлээр Цагаан чулуутын гантиг, Хархорин болон Авдрантын боржин, Молцог Сүмбэрийн шилний элс, Цагаан цавын цеолит, Орлогын голын тоосгоны шавар, Богд, Хүрмэн, Хүрэмт, Мэргэний галт уулын шаарга зэрэг хэрэгцээт ордын хайгуулыг хийсэн. Манай хүн тухайн үеийн нэршлээр Төвийн геологи болон олон улсын геологийн экспедицийн даргаар ажиллаж байхдаа  Өндөрцагаан, Мөнгөн өндөрийн холимог металл, мөнгөний ордын хайгуулын ажлыг дуусгахад идэвхтэй оролцож байсан юм. Мөн хожуу 1991-1996 онд Алтан судал, Гацууртын ордны шороон ордод хайгуул хийж, Гацууртын шороон ордод алтны уурхай байгуулж, ашиглаж эхэлсэн түүхтэй.

-Рашаан сувиллын томоохон ордуудаас гадна монголчуудын бие дааж нээсэн Таван толгойн нүүрсний ордыг илрүүлсэн хүмүүсийн нэгээр нэрлэгддэг юм билээ. Тухайн үед Таван толгойн нүүрсний ордыг хэрхэн илрүүлж, хайгуулын ажлыг нь хийж байсан юм бэ?

     -1980-1989 онд Таван толгойн коксжих нүүрсний ордод нарийвчилсан хайгуулын ажлыг дэс дараалалтай хийж, нөөцийг тооцоолж ашиглахад бэлэн болгож байсан. Тэнд ажиллах хүчнийг зөв зохион байгуулалтад оруулж, боловсон хүчнээр хангаж байсан. Тийм учраас богино хугацаанд Таван толгойн ордыг нээж, илрүүлсэн гэж боддог. Төлөвлөгөөтэй ажилласан болохоор оросуудыг царай алдахгүй амжилттай ажилласан. Үүнээс гадна хүрэн нүүрсний Тэвшийн говь, Цайдам нуур, Төгрөг нуур, Бага хангай, Шивээ овоо, Хулст нуур, Баян дуурхи зэрэг 30 гаруй ордын нөөцийг тогтоосон. Түүний заримыг нь одоо ч ашиглаж байгаа. Дээрх судалгаа, хайгуулын ажлаас гадна байгалийн цеолитийг гахай, тахианы тэжээлийн нэмэлт хольц болгон хэрэглэх талаар судалгаа, туршилтын ажил хийж, шинэ бүтээлийн дөрвөн гэрчилгээ авч байсныг нь мөн нэхэн дурсмаар санагдлаа.

-Таны хань хайгуулын олон ажилд залуу нас, боловсрол, мэдлэгээ зориулжээ. Геологичийн хувьд өөртөө болоод гэрийнхэндээ зориулах цаг зав тун бага байсан болов уу гэж бодлоо?

    -Хавар гэрээсээ гараад арваннэгдүгээр сард ирдэг хүн байсан. Тэгээд суурин газар судалгаа, шинжилгээнийхээ  тайланг бичдэг, амсхийх чөлөөгүй хүн байлаа. Манай хүүхдүүдийн зарим нь аавыгаа өглөө гараад шөнө ирдэг хүн байсан. Залуудаа ямар хүн байсныг нь сайн мэддэггүй гэдэг юм.

-Таны ханийг  10 настайдаа ээжтэйгээ үлдсэн гэдэг юм билээ. Эцэг, эхээсээ хэдүүлээ байсан бэ?

     -Миний хань айлын ганц хүү байсан. Аав нь 10-хан настай байхад нь бурхан болсон юм билээ. Тэгээд ээжтэйгээ хоёулахнаа өсөж, хүмүүжиж байгаад сургуулиа амжилттай төгсөж, Москвад суралцсан. Багаасаа математик, физикийн хичээлд сайн, сонирхолтой хүүхэд байсан гэж ярьдаг байлаа. Мөн хөдөөний хүүхэд болохоор байгаль, дэлхийтэйгээ ойр мэргэжил сонгосон юм болов уу гэж боддог. Тэр ч утгаараа бид танилцаж, гэр бүл болцгоосон байх. Би химийн инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. 

-З.Нарангэрэл эрдэмтнийг шүлэг бичих дуртай,  спортлог хүн байсан тухай салбарынхнаас нь сонссон. 

    -Орос ном их уншдаг, шүлэг бичих авьяастай хүн байсан. Бас шатар, ширээний теннис, гар бөмбөг сайн тоглодог, тал бүрийн авьяастай байлаа. Бас бусдад их тусархуу, сайхан сэтгэлтэй хүн байсныг нь хамт ажиллаж байсан нөхөд нь дурсан ярьдаг юм.

-Таны хань хэдэн онд нас барсан бэ?

   -2018 онд өвчний улмаас нас барсан. Бие нь гэнэт муудаад долоохон хоногийн дотор бурхан болчихсонд нь харамсаад бардаггү юм. Ажлаа хийж яваад л нас барсан даа, хөөрхий. 

-Рашаан, усны талаар ойлголт багатай хүмүүст өөрийнхөө ажлыг хэрхэн тайлбарлаж, ярьдаг байсан бэ?

      -Рашаан бол урсдаг алт гэж ярьдаг байлаа. Хүн, малыг ундаалах худаг, ус гаргачихаад ирэхээрээ ихэд баяртай байдаг сан. Өөрийнхөө ажлаар их бахархдаг байсан. Хүмүүс ч ханийг минь буянтай ажил хийдэг гэж урам өгдөг байсан санагддаг. 


ЭРДЭМТЭН З.НАРАНГЭРЭЛИЙН ЭХНЭР Л.ЦЭВЭЛ: МИНИЙ ХАНЬ ОРГИЛ, ЖАНЧИВЛАН, ХУЖИРТ, АВАРГА ТОСОНГИЙН РАШААНЫ ОРДЫГ НЭЭСНЭЭС ГАДНА ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ ИЛРҮҮЛЖ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-10-30 10:58:41
    Neeren uu?: Yagaad neesen gedeg yum bol doo? Ert deer uesee l ahmaduud, hugshid ashigladag baisan sh dee
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188