• Өнөөдөр 2025-04-02

ЦАГ УУРТАЙ АМЬДРАЛАА ХОЛБОСОН ТҮҮНИЙ ОН ЖИЛҮҮД

   1980 оны дөрөвдүгээр сарын 4-нд Зүүн аймгуудад болсон их салхи шуурга, 1982 оны наймдугаар сарын 3-нд Улаанбаатарт болсон үер, 2009 оны долдугаар сарын 14-нд орсон хүчтэй аадар бороо гээд байгалийн томоохон гамшигт үзэгдлүүдийг тэр мартдаггүйгээс гадна бүр он, сар, өдөртэй нь тодхон санадаг гэнэ.  

       Угаас ярилцлагын үеэр хамгийн их анхаарал татаж байсан зүйл нь тэртээх 20, 30-аад жилийн өмнөх аль нэг өдөр, цаг минутыг шууд хэлж байсан нь. Үүнийгээ тэр "Олон жил ажлаад ирэхээр ажлын туршлага гэж зүйл суудаг. Ах нь 1977 оноос хойш цаг агаарын байгууллагад 40 гаруй жил ажиллаж байна шүү дээ" гээд даруухан инээмсэглэсэн юм. 

     Цаг агаар. Ихэвчлэн бид "Өнөөдөр хэдэн хэм байна вэ" гэж хараад л өнгөрдөг. Гэвч цаг агаарын мэргэжилтнүүдэд бол цаг агаарыг урьдчилан мэдээлнэ гэдэг нарийн, хариуцлагатай ажил бөгөөд өнөөдрийнх шиг бүгдийг интернэтийн хурдаар харахаас урьд бүх зүйл тухайн инженерийн гар ажиллагаанаас хамаардаг байсан ид үед тэр Цаг уурын байгууллагад залуухан инженер ирж байжээ. Сонин юм шүү. Цаг агаарын мэргэжилтэн болохоор сонгох хүн тэр бүр байхгүй. Санамсаргүй юм уу, альхан нэгнээс санаа үүтгэл авч л гэмээнэ энэ ангийг сонгомоор. Магадгүй хөдөө өссөн бол өвөө нар их нөлөөлж мэдэх. Тэд чинь өглөө босоод тэнгэрийн ая байдлыг гүйлгэн хараад тухайн өдрийн цагийн аясыг мэддэг байсан улс. Ерөөс малчин бол цаг агаарын мэргэжилтнүүдээс дутахгүй. Гэсэн ч нарийн тооцоолж гаргадаг, байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх хүндэт үүргийг цаг агаарын байгууллага, түүн дотор ажиллах инженер, судлаач, мэргэжидтнүүд л гүйцэтгэдгийг мартах аргагүй.
 
Энэхүү зочин бол Цаг уурын байгууллагад 40 гаруй жил ажиллаж өдгөө ч сургалтын ажил явуулж буй Ж.Цогт. Түүний цаг ууртай амьдралаа холбосон он жил болон ажил мэргэжлийнх нь онцлогоос уншигч тантай хуваалцъя.

ЦАС ХЭМЖИГЧ БАГАЖ ХИЙХ ДААЛГАВАР АВСАН СУРАГЧИЙН ДОТОР ЦАГ УУРЫН АНГИД ОРОХ БОДОЛ АНХ УДАА ТӨРСӨН ГЭДЭГ

      "Би 1972 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг төгссөн. Намайг төгссөн жил манай сургуулийн хашаанд цаг уурын ажиглалт хийдэг талбай байгуулж байсан юм. Тухайн үед би тэрхүү ажилтай холбоотойгоор цас хэмжигч багаж хийх даалгавар авч байлаа. Эндээс л би аравдугаар ангиа төгсөөд цаг уурын ангид элсэх бодолтой болсон юм" гэж тэр анх энэ мэргэжлийг сонгож байсан үеэ дурсаж байсан юм.
-Цаг уурч мэргэжлээр төгсөөд цаг уурын байгууллагад ажиллахад хэн танд анх зааж, сургаж байв?
 
  -Анх 1977 оны долдугаар сарын 4-нд сургуулиа төгсөөд Ус, цаг уурын институдэд ажилд ороход, намайг Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах хэлтэст хувиарласан юм. Тухайн үед ахмад инженер н.Найдан гэж хүн хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Тэр хүн л надад анх бүхнийг зааж өгч байсан.
 
-Ажиллаж байх хугацаанд цаг уурын салбарын юу нь таны сэтгэлийг татаж байв?
 
     -Цаг уур гэхээр хүмүүс цаг агаарын урьдчилсан мэдээ гаргадаг газар л гэж ойлгодог. Гэтэл цаг уурын байгууллага дотроо олон төрлийн мэргэжилтэнүүдтэй. Хөдөө аж ахуйн цаг уур гэж бий. Ус судлалын хэлтэс, цаг уурын ажиглагч, судлаач нар ч байна. Харин цаг агаарын урьдчилсан мэдээ гаргадаг хэлтсийн гол онцлог нь 24 цагаар тасралтгүй ажилладаг. Миний хоёр дахь гэр бол миний ажлын өрөө. Учир нь жижүүртэй үед ажил дээрээ хононо. Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргадаг ажил бол харьцангуй ачаалал ихтэй. Ялангуяа 1977-1980 он хүртэл бүх ажил гар ажиллагаатай байлаа. Зурна, боловсруулна, түүврээ хийнэ, цаг агаарын урьдчилсан мэдээгээ бичнэ.
 
-Нэг салбарт 40 жил тууштай, үнэнч ажиллахын гол үндэс юу вэ?
 
      -Нэгдүгээрт миний эзэмшсэн мэргэжил шүү дээ. Миний хувьд төрийн мөнгөөр таван жил суралцаж дээд мэргэжил эзэмшээд, цаг агаарыг урьдчилан мэдээлэх чиглэлээр ажилласан. Улс орныг байгаль цаг уурын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бидний гол үүрэг. Цаг агаарын салбарт над шиг 40 гаруй жил тасралтгүй ажилласан эрэгтэй хүн байдаггүй. Ах нь цаг уурын байгууллагад ажилласан 40 жилийнхээ 20 жилд нь цаг агаарыг урьдчилан мэдээлэх хэлтсийн гар ажиллагаагаар бүх ажлаа гүйцэтгэдэг байх үед нь ажилласан. Тухайн үед бидний ажлын байр хортой нөхцөлтэй гэдэг байсан шүү дээ. Учир нь цаг агаарын урьдчилсан мэдээ зохиоход ашигладаг тэр зургийг Монголд хийдэггүй. ОХУ-д бүтээсэн зургийг химийн хортой цаасаар дамжуулахад тухайн зураг дээр бичсэн хэсэг тодроод гарч ирдэг юм. Түүнд нь л хортой нөхцөлд гэж байхгүй юу. Одоо харин бүх зүйл техникжээд сайхан болсон. Бас болоогүй ээ, ах нь өөрийгөө их азтай цаг уурч гэж боддог. Учир нь, 1977 онд сургууль төгсөөд ирсний дараа 1978 оноос манай цаг уурын байгууллагад электрон тооцон бодох машин тавигдаж эхэлсэн. Тэр эд ажлыг овоо хөнгөвчилсөн шүү. Дараа нь 2011 оноос эхлээд супер компьютер ашиглаж эхэлсэн.

-Та тэгээд цаг уурын урьдчилан мэдээлэх хэлтэст тасралтгүй ажилласан юм уу. Дунд нь өөр хэлтэс, газарт хувиар авч байв уу?

   -Ах нь цаг агаарын урьдчилсан мэдээллийн албанд инженерээр ажиллаж байгаад 1984 онд ахлах инженер болж байлаа. Дунд нь Байгаль орчныг хамгаалах яамын цаг уурын албанд нь мэргэжилтнээр жил гаруй ажилласан. Түүнээс хойш 1990-2005 он хүртэл урьдчилсан мэдээлэх хэлтэстээ 1999 оноос МҮОНРТ-ээр цаг агаарын мэдээг цаг уурч, хөтлөгчтэйгээр тайлбарладаг ажлыг хийж эхэлсэн.
 
-Цаг уурч хүний хувьд байгалийн гамшигт үзэгдэл болно гэх мэдээг хүмүүст хүргэх магадгүй хамгийн таагүй мөч байх. Харин тогтуун, цэлмэг нартай сайхан өдөр болохыг дуулгахад сэтгэл дүүрэн сайхан байдаг болов уу?
 
    -Тэгэлгүй яах вэ. Мэдээж аль алиныг нь л дуулгах ёстой юм. Байгаль, цаг уурын гамшиг, давагдашгүй хүчин зүйлээс нэг ч болов хүнийг сэрэмжлүүлж аварна гэдэг сайхан. Хамгийн гол нь мэдээгээ цаг алдахгүй урьдчилан мэдээлэх ёстой. Нөгөө талаар үнэхээр тогтуун сайхан цаг агаартай өдөр сэтгэл өөдрөг байдаг.
 
-Таны хань мөн цаг агаарын хүн юм билээ. Анх хэрхэн танилцаж байсан бэ?
 
      -1972 онд их сургуулийн оюутан болчихоод, наймдугаар сард нь Жаргалантын сангийн аж ахуйд ажиллаж байсан юм. Тэгсэн тэнд цаг уурын ангийн Эгиймаа гэж охин ирсэн байна гэнэ. Адилхан ангид орсон болохоор их содон сонсогдож байгаа юм. Тэр охин бол миний хань. Ханьтайгаа би одоо 50 шахам жил амьдарч, таван хүүхдийн аав, ээж болсон байна. Нэг зүйлийг ах нь сонирхуулан ярихад, нэгдүгээр курсээ төгсөх хавар надад цэргийн зарлан ирээд, цэрэгт явлаа. Гэтэл ээж маань намайг цэрэгт явсан өдөр миний өмсөж явсан хувцсыг угаагаад, индүүдэж сууж л дээ. Тэгсэн зурагтаар "Цэнхэр залаа" хөгжим эгшиглээд, орой нь цаг агаарын мэдээ зарласан чинь ээж  "Хүү минь цаг уурын анги төгсөөд цаг агаарын урьдчилсан мэдээ гаргадаг инженер болох гэсэн чинь цэрэгт явчихлаа. Одоо сургуулиа төгсөж чадах ч юм уу, үгүй ч юм уу" гээд уйлсан гэсэн. Би сар ч болоогүй цэргийн албанаас чөлөөлөгдөөд хүрээд ирсэн. Намар нь мэдээж сургуульдаа орсон.

      Ж.Цогт ах "Аав, ээж минь хүүхдүүдээ эрдэм номд сургаж, ажил хөдөлмөртэй болгоё" гэж зорьсон улс. Түүний хүчинд би энэ сайхан мэргэжлийг эзэмшиж, аав, ээжийнхээ санасан зорьсныг бүтээсэн гэж боддог" гэсэн юм. Үнэхээр ч хүн ажил мэргэжилдээ үнэнч, тууштай байна гэдэг онцгой чанар. Энэ хугацаанд тэр нэг ч удаа ажлаа таслах, цалгардуулах зөрчил гаргаж байгаагүй гэх бөгөөд өдөр бүр л цаг уурыг урьдчилан мэдээлэх үүргээ нэр төртэй биелүүлж, өнөөдөр ч залуу мэргэжилтнүүдээ чадавхжуулах ажилд шамдаж суугаа гэсэн. 


ЦАГ УУРТАЙ АМЬДРАЛАА ХОЛБОСОН ТҮҮНИЙ ОН ЖИЛҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188