• Өнөөдөр 2025-04-03

Э.Галбадрах: Булагт мониторинг хийх маш чухал

2024-10-10,   473

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар дэлхийд нэн ховор монгол бөхөн хамгааллын ажлын хүрээнд Ховд, Говь-Алтай аймгийн нутагт булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг санаачилан талуудтай хамтран амжилттай хийж байгаа. Энэ ажилд экоклубын сурагчид идэвхтэй оролцож мониторинг хийдэг юм байна. Мониторинг хэрхэн хийгддэг, ололт амжилт, онцлогын талаар тус байгууллагын баруун бүсийн салбарын Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Э.Галбадрахтай ярилцлаа.         

- Булгийн эхийг хашиж хамгаалах ажилд экоклубын сурагчид идэвхтэй оролцож мониторинг хийдэг юм байна. Одоогоор хэдэн булагт мониторинг хийж байгаа вэ? Хэзээнээс энэ ажил эхлэв?

- 2018 оноос эхлэн 17 булгийг сонгож экоклубын сурагчидтай хамтран мониторинг хийж эхэлсэн түүхтэй. Ер нь экоклуб, сум орон нутгийн зүгээс булгийн эхийг хамгаалах ажилд идэвхитэй хамтран оролцдог. 2023 оны байдлаар монгол бөхөнгийн бүс нутгийн 2 аймгийн 8 сумын хэмжээнд малын тоо толгойн татвар болон сум хөгжүүлэх сангаас 115 сая төгрөгийг булгийн эх хамгаалалд орон нутгийн зүгээс гаргасан нь чамгүй амжилт юм. Сум орон нутагтай хамтран булгийн эхийг сонгож, хашиж хамгаалсны дараагаар экоклубынхан мониторингийн ажлыг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран хийдэг.     

- Мониторинг гэхээр яг ямар үйл ажиллагаа хийгддэг вэ? Тэднийг мониторинг хийхэд хэн сургадаг вэ?   

- Булгийн эхийг хаших бол эхлэл. Харин хашсаны дараа ямар өөрчлөлт гарч байгааг мэдэх нь уг ажлын үнэ цэнийг тодорхойлж өгдөг. Энэ үүднээс харвал мониторинг маш чухал. Ялангуяа энэ ажилд сурагчдыг татан оролцуулснаар экологийн мэдлэгээ дээшлүүлэх, ач холбогдлыг нь ойлгох төдийгүй том зургаар харвал усны үнэ цэнийг сайн мэдэж авдаг. Багаасаа байгаль хамгаалалд оролцсон хүүхдүүдийн хандлага нь ч эерэг болдог.  

Мониторингийн хувьд мэргэжлийн хүмүүсийн зааврын дагуу ажилладаг. Булгийн хүчил шүлтлэг буюу PH, ундарга, урсгал, ногоон ургамлын өөрчлөлт, мөстөж хөлдсөн талбай, булгаас ундаалдаг малын судалгаа, мөн тухайн булгаас ундаалдаг зэрлэг амьтдын тоо зэрэг олон төрлийн судалгаа хийдэг. Ингэснээр булгийн эхийг нь хамгаалснаар хэрхэн өөрчлөгдөж байгааг тогтоодог.  Жишээлбэл, 2020 онд Дарив сумын нутагт хашаалсан булгийн хүчил шүлтлэг тухайн үед 5,3-тай байсан бол 2 жилийн дараа 7,1 болж чанар нь сайжирсан байдаг. Эдгээр үзүүлэлтүүдийг “Мониторингийн дэвтэр”-дээ тэмдэглэдэг.  

- “Мониторингийн дэвтэр” гэж юу вэ?     

-Дээр дурдсан бүх судалгааг хийх аргазүй, судалгаа хийхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, судалгаа хийсний дараахь өгөгдлүүдийг тэмдэглэж, хадгалах шаардлагатай байлаа. Ийм учраас “Мониторингийн дэвтэр”-тэй болсон. Маш чухал шийдэл байсан учир сурагчид маань ч сэтгэл хангалуун байгаа. Түүнчлэн сурагчид автомат камераар судалгаа хийдэг.         

-Мониторинг хийхийн ач холбогдол гэвэл хэрхэн тодорхойлох вэ? 

- Мониторинг тогтмол хийх нь малчид, сум орон нутаг, байгаль орчны чиглэлийн мэргэжлийн болон судалгааны байгууллагуудад хэрэгтэй мэдээлийн сан бий болох, мониторинг дээр суурилсан зохицуулалт хийх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Тухайн булагт 1 минутад 96 литр, 1 өдөрт 138 тонн ус газрын гүнээс ундарч байна гэж төсөөлье. Харин тухайн булгийг тойроод 14 орчим айлын 16000 бог мал ус уудаг, 1 хонь 1 удаа уухдаа 3 литр ууна гэж бодвол 352 тонн ус ууна. Тэгвэл тухайн айлын мал өдөр бүр уухгүй, өнжөөд уславал уг булгийн даац хэтрэхгүй. Энэ зөвхөн ундарга, малын тоотой харьцуулсан жишээ.

-Нэг булгаар жишээ татаж ярилцъя. Хашихын өмнө хэдэн метр урсаж байсан, хашсаны дараа урсгал нь хэр нэмэгдэв. Бас ургамлын төрөл зүйл хэрхэн нэмэгдэв?

- Анх 2006 онд Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багт “Тунгалагийн ус” гэдэг булаг малын хөлд талхлагдаад урсгал усгүй шалбааг болсон байв. Энэ булгийг бид 2009 онд анх хамгаалсан байдаг. Ингээд 10 жилийн дараа буюу 2019 онд урсгалыг хэмжихэд 4км урсч байсан. Говьд бол энэ нь хэтрүүлж хэлбэл далай гэсэн үг. Булгийн эхийг хашиж, малын хөлийг хорьсноор булгийн ундарга байгалиараа сэргэж эхэлж байна, мөн ногоон ургамлын бүрхэц болон биомасс нэмэгдэж байна. Ингээд ширгэж байсан булаг өөрөө сэргэж байгаа жишээ олон булагт анзаарагддаг.

-Булгийн мониторинг хийхэд ямар бэрхшээл тохиолддог вэ, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас сурагчдад ямар дэмжлэг үзүүлдэг вэ?   

- Мэдээж аливаа ажлыг хийхэд бэрхшээл гаралгүй яахав. Судалгааны багаж болон тоног төхөөрөмжтэй хэрхэн ажиллаж мониторинг хийх аргазүйд суралцах нь өөрөө шинэлэг зүйл байсан. Үүнд, мэргэжлийн байгууллагуудын туслалцаа маш их нэмэр болсон. Говь-Алтай аймгийн БОАЖГ болон Хүйсийн говь, Цэцэг нуурын сав газартай хамтран тоног төхөөрөмжтэй  хэрхэн ажиллах тухай сургалтуудыг экоклубын сурагчдад заасан юм.     

Тухайн жилд аргазүйд суралцсан сурагч  сургуулиа төгсөөд явах, шилжих гэсэн асуудлууд тулгардаг. Тиймээс дараа дараагийн хүүхдүүд уг ажлыг тасалдалгүй явуулахын тулд онлайн хичээлүүдийг бэлтгэж, булгийн мониторинг хийх аргазүйг хүүхдүүдэд эзэмшүүлэх ажлыг шат дараатай хийж эхэлсэн. Үүний үр дүнд экоклубт шинээр элссэн хүүхэд онлайнаар хичээлээ үзээд, мөн дээд ангийн ах эгч нараасаа суралцаад булгийн мониторингоо хийдэг болсон. Санхүүжилтийн тухайд тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн зардлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас шийдэж өгсөн, мөн булаг дээр  мониторинг хийх санхүүжилтийг бас шийддэг.      

Аливаа төсөл дуусахад үйл ажиллагаа зогсдог эрсдлийг урьдчилан тооцож булгийн эх хамгаалалд талуудыг татан оролцуулах ажил хийсэн бөгөөд сум орон нутаг, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой “Талуудын оролцооны зөвлөл” байгуулсан юм. Үүний үр дүнд тухайн сумын малын тоо толгойн татвар, сум хөгжүүлэх сан, Байгалийн нөөц ашигласны татварын ус рашааны нөөц ашигласны орлогоос орсон мөнгийг мониторинг хийхэд зарцуулах боломжтой байдлаар шийдэж өгснөөр энэ ажил тасалдалгүй үргэлжлэх эхлэл тавигдсан гэж найдаж байна.

-Булгийн эхийг хашихын ач холбогдлыг экоклубын сурагчид хэрхэн тодорхойлж байна вэ?

-Хашиж хамгаалаад орхиход тэр  болгон анзаарахгүй. Гэтэл мониторинг хийж эхлэхээр өөрчлөлтүүд анзаарагдаад эхэлдэг. Мал орохоо больсноор хашаан доторх ногоон ургамал нэмэгддэг, ногоон ургамлын бүрхэц болон био масс нэмэгдээд ирэхээр цэвдэг нарнаас хамгаалагдаж ундарга нэмэгддэг, ундарга нэмэгдэхээр урсац уртасна гэдэг зүй тогтлыг мониторинг хийснээрээ мэдэж авдаг. Тийм болохоор үүнийг аав ээждээ, айл саахалтынхаа малчдад ойлгуулж булгийн эх хамгаалахын ач холбогдлыг тухайн булгийг түшиглэн малаа өсгөж байгаа малчдад таниулж, ашиглагч нь хамгаалагч байх ёстойг малчдад ойлгуулах нөлөөллийн ажил хийдэг.

- Хашиж  хамгаалсан булгийн талаарх мэдээллийг Байгаль орчны мэдээллийн сангийн www.eic.mn вэб хуудсанд байршуулдаг гэсэн. Сурагчдын мониторингийн мэдээлэл үүнд ордог уу?

- Хамтрагч талуудын ойлголцол үйл ажиллагаа маш чухал. Үүний нэг жишээ нь, экоклубын сурагчид, сумынхаа байгаль хамгаалагч болон байгаль орчны хяналтын улсын байцаагч  нартай хамтран хэмжилт судалгаа хийсэн булгийн мэдээллийг Сав газрын захиргаанд илгээдэг. Улмаар Сав газрын мэргэжилтэн Байгаль орчны мэдээллийн сангийн www.eic.mn вэб хуудсанд байршуулах замаар хамтран ажилладаг.

- Булгийн эхийг хамгаалахад  малчид оролцдог уу?

-Анх 2018 оны 11-р сард Говь-Алтай аймгийн монгол бөхөн бүхий 7 сумын хэмжээнд булгийн эхийн хамгаалалд малчдыг оролцохыг уриалсан санаачлагыг малчдын хурал дээр тухайн сумын экоклубын сурагчид гаргаж энэ ажлыг эхлүүлж байв. Үүний үр дүнд 7 сумын хэмжээнд 83 малчин 21 сая төгрөгийн санхүүжилт гаргаж эхэлсэн. Сүүлийн 2 жил сумдын удирдлага, ЗДТГ жилийн ажлын төлөвлөгөөндөө булаг хашиж хамгаалах зардлыг тусгаж өөрсдөө оролцож, хамгаалж ирсэн нь үр дүнтэй ажил болж байна.   

-Санхүүжилтээс гадна ямар байдлаар оролцдог вэ?    

- Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар тэмдэглэдэг “Булгийн өдөр” арга хэмжээнд малчид оролцон жил бүрийн 5 болон 10-р сарын 22-нд  алх, бахь, төмөр утас, хүрз зэрэг багажтайгаа цугларч булгийн хашааг  засдаг сайхан уламжлалтай болсон.   

Өнгөрсөн 5-р сарын 22-нд болсон арга хэмжээнд 7 сумын 90 гаруй малчин эхийг нь хамгаалсан булаг дээрээ ирж булгийн эх ундарга болон ойр орчмыг цэвэрлэж, эвдэрсэн шон, суларсан тор зэргийг засаж сэлбэсэн юм.    

 


Э.Галбадрах: Булагт мониторинг хийх маш чухал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-10-10 21:16:07
    Зочин: Маш сайн байна, улам өргөжүүлж олон олон булаг шандыг сэргээж хамгаалаарай
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188