• Өнөөдөр 2024-11-08

Т.ДОВЧИНСЭМБЭЭ: Заан цолыг минь өгөх байх гэсэн битүүхэн горьдлоготой л байдаг

2024-10-08,   941

Үндэсний бөхөөр тууштай хичээллэсний үр дүнд Монгол Улсын начин цол хүртлээ. Зүлэг ногоон дэвжээ ивээлээ хайрлаж, олны ерөөл биеллээ олж, энэ сайхан цолны эзэн болсондоо одоо ч бэлгэшээж байна” хэмээн ярих энэ хүн бол Монгол Улсын начин Т.Довчинсэмбээ. “Зүрхэнд шивнэсэн үг” киноны төгсөлд “Мөн ч их хүлээсэн шүү гэж хэлээрэй гэсэн юм” гэдэг шиг Т.Довчинсэмбээг улсын цол авахыг бөхөд хайртай монгол түмэн олон жил хүлээсэн. Түүнийг “Улсын зааны энтэй аймгийн арслан гэж ярьдаг байсан бол өдгөө зааны энтэй начин” хэмээн бөх сонирхогчид хайрлан хүндэтгэдэг юм. Алтан наран ээсэн намрын шаргал өдөр уншигч таны өмнө Т.Довчинсэмбээ начны ярилцлагыг дэлгэж байна.

-Үндэсний баяр наадамд урамтай сайхан барилдаж, улсын цол хүртсэн танд Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе. Зодог шуудаг өмсөж барилдаж эхэлснээсээ хойш хэдэн жилийн дараа улсын цолны босго давсан бэ?

           -Баярлалаа. Бидний ярилцлагыг уншин суугаа хэн бүхэнд найрын дуу тэгширсэн налгар намрын мэнд хүргэе. Би 2006 оноос торгон зодог өмсөн барилдаж эхэлсэн дээ. Аав минь намайг барилдахад дуртай, барилдуулах ч дуртай байсан. Үеийнхэнтэйгээ болон ах, дүү нартайгаа барилдаж өссөн маань бөхийн спортод хайртай, тууштай байхын эхлэл болсон. Ардын хувьсгалын 103 жилийн ойн их баяр наадамд тав давж улсын начин цол хүртлээ, энэ жил. Энэ бол миний бөхийн спортод 18 жил зүтгэж, цаг ямагт өөрийгөө боловсруулж чадсаны үр дүн гэж боддог

-Та 2021 онд Залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний 100 жил, Үндэсний бөхийн холбооны 30 жилийн ойн наадамд долоо давж, улсын заан цолны болзол хангасан. Харамсалтай нь, тухайн үед цолыг тань өгөөгүй. Гэвч бөх сонирхогчид таныг “Зарлиг уншуулж, заан цол аваагүй ч яах аргагүй заан” хэмээн хайрлахыг цөөнгүй удаа сонсож байлаа. Та тухайн үед цолыг нь өгөөгүйд гомдож байв уу?

           -2018 онд л улсын баяр наадамд барилдахгүй өнжсөнөөс биш, тогтмол барилдаж ирсэн. 2021 онд наадамд болохгүй гэж байгаад болсон шүү дээ. Тухайн наадамд долоо давж, улсын заан цолны босгонд хүрсэн. Хэдийгээр цолоо авч чадаагүй ч ард түмэн “Заан цолны босго давсан хүн улсын цол хүртэнэ” хэмээн ерөөл өргөж, урам хайрладаг байсан нь энэ жилийн наадамд биелэлээ оллоо. “Алтан цом” барилдааны үеэр бөх сонирхогчид “Т.Довчинсэмбээ минь энэ жил л улсын цолонд хүрнэ шүү” хэмээдэг байсан нь надад их урам зориг өгдөг байлаа.

Хэдийгээр цолоо авч чадаагүй ч ард түмэн “Заан цолны босго давсан хүн улсын цол хүртэнэ” хэмээн ерөөл өргөж, урам хайрладаг байсан нь энэ жилийн наадамд биелэлээ оллоо

          2021 оны наадамд долоо давахад заан цол өгөөгүйд нь сэтгэл дундуур байсан. “Болдог юм болдгоороо л болно” гэж бодож  явсан ч заан цолыг минь өгөх байх гэж битүүхэн горьдож явдагдаа.

 

Х.Баянмөнх аварга хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа “Бөх хүн бусдын халааснаас мөнгийг нь сугартал барилдах хэрэгтэй” гэсэн байсан

-Та багаасаа л бөхөд сонирхолтой байв уу?

           -Миний бөх болох мөрөөдөл, барилдах дуртай байсан маань аавтай минь салшгүй холбоотой. Аав минь бөхөд их дуртай хүн байсан. Тиймээс аавыгаа дагаж бөхийн барилдаан үзэж, хурдан морь унаж өссөн дөө.

           Бөх барилдаж, нутагтаа тодорхой хэмжээний амжилт гаргахаар багш нар болон аав, ээж минь итгэл хүлээлгэж эхэлсэн. Тиймээс өөртөө зорилго тавиад бэлтгэл хийсэн. Мэдээж шат дараатай бодож, төвлөдөг байлаа. Тухайлбал, өсвөрийн хүүхдийн барилдаанд барилддаг байхдаа л сумын заан болчих юм сан гэж боддог байв. Харин сумын заан цол хүртээд аймгийн цол хүртэхийн төлөө хичээж эхэлсэн. Би бага багаар, шат шатаар нь өгсөж яваад л энэ жил улсын цолтны эгнээнд ирлээ.  

-Тамирчин хүн ар гэрийнхээ асуудалд санаа зовохгүй байж гэмээнэ амжилт гардаг болов уу гэж боддог. Та торгон зодог өмссөнөөсөө хойш 18 жил хөдөлмөрлөж, улсын цолтон боллоо. Энэ хугацаанд ар гэрийнхэн тань “Барилдахаа болиод, ажил хий” гэдэг байв уу?

           -Ар гэрийнхээ асуудалд санаа зовохгүйгээр бэлтгэл хийхэд дэмжлэг хэрэгтэй. Мэдээж дэмжлэг авахын тулд тодорхой хэмжээнд амжилт гаргаж, сайн барилдах ёстой шүү дээ. Бэлтгэл хийхгүй, муу барилдаж байгаа хүнд хэн л дэмжлэг үзүүлэх билээ. Манай ар гэрийнхэн “Надад барилдахаа болиод ажил хий” гэж огт хэлж байгаагүй. Х.Баянмөнх аварга хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа “Бөх хүн бусдын халааснаас мөнгийг нь сугартал барилдах хэрэгтэй” гэсэн байсан. Энэ нь сайн барилдаад ирэхээр нутаг усныхан болон бизнесмэнүүд дэмжээд эхэлдэг гэдгийг л дархан аварга маань хэлсэн.

 

Би Монгол Улсын арслан Б.Ганбаатар багшийнхаа хоёрын талын удамтай

-“Бөх хүн удмаа дагаж төрдөг” гэж ярьдаг. Тэгэхээр аав, ээжийнх нь талд бөхийн удам бий юү?

           -Би Монгол Улсын арслан Б.Ганбаатар багшийнхаа хоёрын талын удамтай. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Б.Ганбаатар багшийн аав нь манай ээжийн талын хамаатан. Харин манай аав Б.Ганбаатар багшийн ээжийн талын хамаатан юм билээ. Багадаа бол төрөл л гэж мэддэг байсан. Одоо бол нарийн учрыг нь ойлгосон.

-Танд бөхийн спортоос шантрах үе байв уу?

           -Мэдээж шантрах тохиолдол цөөнгүй байсан. Гэвч хүн дуртай зүйлээ орхиж чаддаггүй юм билээ. Яг үнэндээ бөхийн спортоор тууштай яваад амжилтад хүрнэ гэсэн баталгаа байхгүй. Тиймээс дунд нь эргэлзэх үе гарч л байсан.

/Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын начин Т.Довчинсэмбээ. Багасаа л аавыгаа дагаж, хурдан морь унаж өсжээ. Үеийнхээ хүүхдүүдтэй хонины бэлчээрт барилдаж, эмнэг хангал сургаж, эр бяраа нэмж байсан нь түүний ярианаас сонсогдоно. Хүүхэд байхаасаа олон багшийн гар дамжин бөхийн бэлтгэл хийсэн түүний хадаг барьж шавь орсон хүн нь Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтох гэнэ/

Ер нь жудаг, хүндлэл гэдэг маань хүн хүнээрээ байхыг хэлж байгаа болов  уу

-Монгол бөхийн жудаг гэж таныхаар юу вэ. Энэ талаар бөхчүүд өөр өөр тайлбарлах юм билээ?

           -Бид өмнө нь монгол хүний жудаг гэж ярьдаг байсан. Энэ үг сүүлийн үед бөхөд илүү хамааралтай болжээ. Жудаг бол хүндлэл шүү дээ. Хүндлэл дотор бөхийн төдийгүй монгол хүний сайн эрхэмлэх ёстой дэг жаяг байдаг болов уу. Ахмадаа хүндлэх, тусч энэрэнгүй байх, зөв боловсон харилцах, уужим сэтгэлтэй байх гээд олон зүйл багтдаг байх. Ер нь жудаг, хүндлэл гэдэг маань хүн хүнээрээ байхыг хэлж байгаа болов  уу.

         Спорт хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Ер нь барилдана гэдэг бяраар тулахаас илүү ухаан зарахын нэр шүү дээ . Дээр үеийн аварга, арслангууд их ухааны улс байсан юм билээ.

-Таныг бөхийн спортод дуртай болоход нөлөөлсөн хүн бий юү?

           -Намайг бөхөд сонирхолтой болгосон хүн бол аав минь. Би аавынхаа чиглүүлж өгсөн замаар яваа гэж боддог. Аав минь намайг барилдуулах дуртай байсан. Би багадаа аавынхаа дүү нартай барилдаад худлаа унаж өгөхөд нь урам ороод л баярладаг байлаа. Намайг барилдаад, хажуугаар нь боловсролдоо анхаарахад түлхэц болно гээд аав маань Баян-Өндөр сумаас Арвайхээрийн сургууль руу шилжүүлэн суулгасан. Би бараг 20 гаруй багштай хүн. Анхны багш маань аймгийн заан Баярсайхан гэж хүн бий. Надад дэвэх, шавахыг анх заасан хүн дээ. Арвайхээрт сурч байхад улсын начин ах, дүү Самдангийн ач хүү Жамъянсүрэн багш үндэсний бөхийн хичээл зааж байсан. Мөн аймгийн заан Ц.Батдорж, жүдо бөхийн дасгалжуулагч Б.Очир гээд багш нарынхаа удирдлага дор бэлтгэл хийж байлаа.

-Та 20 гаруй багштай гэж ярилаа. Энэ талаараа дэлгэрүүлж яривал?

           -Б.Очир багш намайг гардаж бэлтгэл хийлгээд жүдо, бөхийн улсын аваргаас медаль авахуулж байлаа. Харин улсын нийслэл Улаанбаатар хотод ирсний дараа үндэсний бөхийг А-Я хүртэл заасан хүн бол улсын харцага Г.Элбэг багш. Үүнээс гадна дэвжээний дасгажуулагч нар байна. Энэ жил намайг улсын цол авахад Батбаяр багш маань хариуцан бэлтгэл хийлгэсэн. Үүнээс гадна Монголын Улсын дархан аварга Д.Цэрэнтогтох багшдаа хадаг барин шавь орж байлаа.

-Д.Цэрэнтогтох аваргатай хэрхэн холбогдож, багш шавийн барилдлага тогтоосон бэ?

           -Лам багш “Д.Цэрэнтогтох аваргын удирдлага дор албан ёсоор шавь ор” гэсэн. Тиймээс би  хадаг, сүү барин шавь орж байсан. Аварга багшаараа амьд сэрүүнд нь мэх заалгаж, зөвлөгөөг нь сонссон хувь тавиландаа талархаж явдаг даа.

 

Аав минь биеэр жижиг ч бяртай, адуу сайхан уургалдаг хүн байсан даа.

-Хүүгээ бөхөд дуртай болгосон аав нь барилддаг байсан уу?

           -Аав минь уяач, бөхчүүдтэй ойр хүн байсан. Тэр утгаараа манайхаар бөхчүүд байнга орж, гардаг байлаа. Аав маань “Морь бөх хоёр адилхан шүү. Нойр, хоол сайтай яваарай” гэж захидаг байсан. Аав цэрэгт байхдаа сайн барилдаж байсан юм билээ. Цэргээс халагдаж ирээд сумынхаа наадамд хоёр даваад гурвын даваанд сумын наадамд 11 түрүүлсэн аймгийн заан Цэдэнсодном гэдэг хүнд хоёр удаа өвдөг шороодсон гэдэг. Цэдэнсодном гэдэг бөх ааваас нэлээд ах байсан юм билээ. Тэгээд “Би настай хүн ч давахгүй байгаа юм чинь барилдахаа болье” гээд барилдахаа больсон гэдэг. Аав минь биеэр жижиг ч бяртай, адуу сайхан уургалдаг хүн байсан даа.

-Дархан мэхний тухайн барилдааны үед мэдрэмжээрээ хийгддэг зүйл гэж ярих юм билээ. Таны дархан мэх ямар мэх вэ?

           -Барилдааны үед мэдрэмжээрээ мэх хийх нь олонтоо. Миний дархан мэх гэвэл хавираа байна. Ер нь өөрийгөө хөл, гараа хослуулж мэх хийдэг гэж боддог. Би бусад шиг олон мэхгүй ч барилдааны явцад хутгаа, мордоо, дагуулаад тонгордог. Ер нь бөх нэг мэхтэй байж болохгүй. Залгуулаад хийдэг хоёроос гурван мэхтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол давахгүй шүү дээ. Би хүүхэд байхын л хавирах мэхэндээ сайн байсан.

-Энэ жил бөхийн дэвжээ олны шүүмжлэл дагуулсан. Бөхчүүд халтирч унахаас гадна, гэмтсэн ч тохиолдол байна. Тэгэхээр танд халтираад унах вий гэсэн айдас төрж байв уу?

           -Би хэдэн жилийн өмнө Өвөрхангай аймгийнхаа наадамд түрүүлнэ гэж барилдаж байхдаа халтирч унаж байсан. Энэ жилийн хувьд халтиргаатай байсан болохоор биеэ цэгнэж байсан ч халтирахаа хүрвэл халтирна л биз гэж бодсон. Хэрвээ халтирхаа хүрвэл өрсөлдөгч бөх маань ч халтирна гэдэг сэтгэлзүйтэй барилдсан. Олон жил монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд барилдсан болохоор дэвжээ маань ивээх байх, нутаг минь ивээлээ хайрлах байх гэдэг итгэл үнэмшилтэй зодоглосон. Мэдээж энэ жилийн наадамд олон сайхан бөх халтирч унасан харамсалтай зүйл болсон. Ер нь жил жилийн наадмын онцлог байдаг шүү дээ.

-“Аймгийн цолонд авьяас чадвараа хүрч болдог. Улсын цолонд ерөөлөөр хүрдэг, авах хүн нь авдаг” гэх юм билээ?

           -Би энэ жил ийм үг сонссон. Үнэн юм болов уу гэж бодсон шүү. Олон жил хөдөлмөрлөж, улсын цол авах хэмжээнд хүрэхээрээ хүмүүс ерөөлөөр хүрдэг байх. Монгол хүн амны билгээр гэж ярьдаг шүү дээ. Намайг улсын начин цол хүртсэнд олон хүн баярласан юм билээ. Барилдаж байгаа надаасаа ч илүү хүлээлттэй байсан гэдгийг цолоо аваад л мэдсэн. Энэ бүхэн чинь ерөөл шүү дээ.

Энэ хүрээд бидний яриа өндөрлөсөн юм. Хурдан хүлгийн нуруун дээр гийнгоон дуу сонсож, хонины бэлчээрт үеийн нөхөдтэйгээ барилдаж өссөн Т.Довчинсэмбээ начин ийм л эгэл даруухан яриатай, яриа шигээ намбалаг нэгэн байлаа.


Т.ДОВЧИНСЭМБЭЭ: Заан цолыг минь өгөх байх гэсэн битүүхэн горьдлоготой л байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-10-11 13:20:33
    И: Элдэв цол, тэмдэг, залааны хойноос үхэлдэх гэж. ТИЙМ САЙН ЮМ БОЛ ЦОЛТОЙ ЦОЛГҮЙ САЙН БАЙХ ЁСТОЙ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-10-08 15:18:45
    Шимтэгч: Яалтчгүй заан билээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188