-Танд намрын налгар сайхан өдрийн мэнд хүргэе. Мөн багш нарын баяр мэнд хүргэе?
-Баярлалаа. Бидний ярилцлагыг уншин суугаа монголчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай боловсролын систем багш, дасгалжуулагч гээд хоёр зааг тавьчихсан. Уг нь багш, дасгалжуулагч хоёрыг салган ойлгож болохгүй мэргэжил. Гэтэл багш хүн дасгалжуулагч хийж болохгүй, дасгалжуулагч хүн багш хийж болохгүй гэсэн балай тогтолцоо манайхаас өөр улсад байхгүй шүү дээ. Хуучин Улсын багшийн дээд сургууль гэж байхад биеийн тамирын анги төгсөөд дасгалжуулагчаа ч хийдэг, багшаа ч хийдэг байлаа.
-Өнгөрсөн жил таны шавь Г.Ганхуяг харцага цол хүртсэн. Харин энэ жилийн төрийн наадамд шавь Д.Хүдэрбулга тань улсын заан цолны эзэн боллоо. Багш хүний хувьд хоёр шавиараа мөн ч их бахархаж байгаа болов уу гэж таамаглаж байна?
-Үгээр илэрхийлж боломгүй сайхан мэдрэмж байдаг. Шавь нараараа бахархана, баярын нулимс унагана. Ер нь бол сэтгэл дүүрээд, хөл хөнгөрөөд явчихдаг даа. Энэ жилийн наадамд улсын харцага цол хүртсэн Т.Сайханжаргал бас миний шавь. Эднийгээ амжилт гаргаж, ахуй амьдралаа дээшлүүлэхэд нь бага ч болов хувь нэмэр оруулсандаа заримдаа өөрөөрөө бахархдаг шүү.
Манай Д.Хүдэрбулга, Г.Ганхуяг, Т.Сайханжаргал нар багаасаа их спортоор хичээллэсэн болохоор ачаалал даах, сэргэлт хурдан авах гэх мэт дайчин чанартай болж хүмүүжсэн дээ
Би үндэсний бөхөөр хичээллэж байгаа хүүхдүүдэд нэг зүйл захимаар байдаг юм. Тэр нь юу вэ гэхээр, суурь маш чухал. Тэгэхээр үндэсний бөхөөр хичээллэхийнхээ өмнө эхлээд заавал их спортоор хичээллэх хэрэгтэй. Энэ бол маш чухал шүү. Тухайлбал, чөлөөт, жүдо, хөнгөн атлетик гэх мэт зөв системтэй спортоор сууриа тавих ёстой. Ингэснээр зөв унадаг, акробатикийн дасгалуудыг хийж сурна. Дээрээс нь сунгалтын дасгалуудыг зөв хийдэг болно. Энэ бүхнийг хэлж байгаа шалтгаан нь бэртэл гэмтлээс хол байлгах гэсэн л санаа шүү. Ер нь багаасаа зөв системтэй сурчихвал амжилтынх нь замнал илүү урт байх болно. Манай Д.Хүдэрбулга, Г.Ганхуяг, Т.Сайханжаргал нар багаасаа их спортоор хичээллэсэн болохоор ачаалал даах, сэргэлт хурдан авах гэх мэт дайчин чанартай болж хүмүүжсэн дээ.
Тухайлбал, чөлөөт, жүдо, хөнгөн атлетик, гэх мэт зөв системтэй спортоор сууриа тавих ёстой
-Г.Ганхуяг харцага та хоёрын танилцсан түүх их сонирхолтой гэж сонссон. Та энэ тухай дурсамжаа уудалж болох уу?
-Риогийн олимпын циклд ажиллаж байхад улсаас даалгавар өгч, Ховд аймагт болж буй тэмцээнийг ажиглаж, багш нарт нь сургалт, семинар орох үүрэг даалгавар өгсөн. Тэр дагуу эх орны баруун хязгаар нутаг Ховд аймагт долоо хоног ажилласан. Тухайн үед өсвөр үеийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн зохиогдож байлаа. Тэмцээн дууссаны дараа сургалтаа орж, буцах гэж байтал Гантогтох багш надтай уулзаад “Бөх болох сайхан хүү байгаа юм. Та энэ хүүг хот руу дагуулж яваад бэлтгэлийг нь хариуцан бөх болгоод өгөөч” гэсэн. Тэгээд би тухайн үед Г.Ганхуяг руу утас цохиж “Чамайг надад Гантогтох багш чинь даатгалаа. Үүнээс хойш хоёулаа хамтарч ажиллах юм байна” гэсэн дээ. Хотод ирээд өөрийн дугуйландаа бүртгэж аваад, бэлтгэлээ эхэлсэн түүхтэй. Барилдах авьяастай, хөдөлмөрч, жин нь 80 кг хүрэхтэй үгүйтэй, босоо өрдөг хүүхэд орж ирсэн. Риогийн олимпод оролцох шигшээ багийн тамирчдыг давхар хариуцаж байсан болохоор Г.Ганхуягийгаа дагуулаад л явдаг байсан даа. Г.Ганхуяг маань албан ёсны шигшээ багийн тамирчин биш байсан болохоор би өөрийнхөө өглөө, өдөр, оройн хоолноос илүүчилдэг байлаа. Шавь минь шигшээ багийнхантай бэлтгэл хийхээс гадна ах нартаа мэх давтахад нь их тусархуу, сэтгэлээсээ ханддаг хүү байсан. Энэ чанар нь надад их таалагддаг байв. Үүнээс гадна Баян буурлын амралтад бэлтгэлд гараад байлаа. Хоёр, гурван километр зайтай нэг гүү барьсан айл харагдсан. Тэгэхээр нь би Г.Ганхуягтаа “Тэр айлаас багшдаа жаахан саам аваад ирээч. Багшийнх нь бие жаахан муу байна” гэсэн. Гэтэл шавь минь тэр айлыг гүүгээ саах болгонд очиж, хоёр сав саам багшдаа авчирч өгдөг байв. Энэ бол багшийгаа хүндэлж хайрлаж байгаа хэлбэр шүү дээ. Би ч шавийнхаа авчирч өгсөн шинэ саамыг уугаад бие сайхан тэнхэрч байлаа.
Би ч шавийнхаа авчирч өгсөн шинэ саамыг уугаад бие сайхан тэнхэрч байлаа.
Манай Г.Ганхуяг харахад жижиг биетэй боловч их бяртай, өргөөшөө тааз, мөр тэнцүү, нуруу, ууцандаа тэнхээтэй шүү дээ. Үүнээс гадна миний шавь Г.Ганхуягийн нэг онцлог бий. Тэр нь аливаа зүйлийн ард өөрийгөө тавьдаггүй дайчин чанартай. Чангалаад бэлтгэлийг нь хийлгээд байвал зүтгээд л байна. Харин эрхлүүлээд “Миний хүү, миний хүү” гээд байвал нялхраад, толгой хаялаад, сэлгүүцэх маягтай байдаг. Багшийн үгийг бол маш сайн хүлээн авч, нэг бүрчлэн хийдэг. Энэ нь түүний маш сайн чанар л даа. Нэгт, өөрийгөө хуурахгүй. Хоёрт, багшийг хуурахгүй, бэлтгэлээ чамбай хийдэг. Өөрийг нь басамжилсан хүнийг давж байж л салдаг. Энэ бол эр хүний чанар шүү дээ.
ЧӨЛӨӨТ БӨХ БОЛ УРЛАГ
-Чөлөөт бөхийн сайхан нь юу вэ. Энэ тал дээр та хамгийн зөв хариулт өгөх юм шиг санагдаж байна?
-Бөхийн спорт бол бие хамгаалах, тулааны спорт гэж байгаа боловч яг үнэндээ урлаг шүү дээ. Чөлөөт бөхөд шидэлттэй, нуман тулгууртай, хөл гарыг хосолсон, зайнаас дайрах, нуруугаар эргэж хийх, шилжилтээр хийгдэх гэх мэт мэхний ангилал бий. Ер нь бөхийн спорт дотор маш олон төрлийн урлаг явдаг. Тухайлбал, каретэгийн хамгаалалт, күнфүгийн хөдөлгөөний шилжилт, боксын хөлийн ажиллагаа, бултах, бас бүжгийн маш олон хөдөлгөөн бий. Ингээд бодохоор чөлөөт бөхөөс тулааны болон урлагийн төрлүүд бий болсон байх.
Бөх, лам хоёр адилхан юм байна гэж хууччууд ярьдаг байсан
Ер нь бөх хүн өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээсийг сайн ойлгож байх хэрэгтэй. Барилдахдаа хэт их болгоомжилбол, мэхээ хийж чадахаа больдог. Харин хэт их бардамнах юм бол, бардам ам, шалтан гуя гэдэг шиг хөөсрөөд л унана. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр, амьдрал дээр чи бардамнаад яваад байвал энэ чинь болохгүй шүү гэдгийг чөлөөт бөх үйлдлээрээ харуулдаг. Мөн өнгөрсөнтэйгөө зууралдаад байвал, одоо цаг дээр хийх ёстой зүйлээ хийж чадахгүй. Ирээдүй цагт хэт их анхаараад байвал, хийж байгаа зүйл чанаргүй болох өндөр магадлалтай. Тэгэхээр бөхийн спортыг шинжлэх ухааны үндэстэй, сэтгэл зүй, хүмүүжил зэрэгтэй судалж үзээд “Бөх, лам хоёр адилхан юм байна” гэж хууччууд ярьдаг байсан.
-Монголын чөлөөт бөх сүүлийн жилүүдэд шүүмж их дагуулж байгаа шүү дээ. Нэг үгээр бол чөлөөт бөхийг уналтад орсон гэх юм билээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Шуудхан хэлэхэд, Монголын чөлөөт бөхөд боловсрол хэрэгтэй байна. Боловсрол хэрэгтэй гэдэг маань дөнгөж сургуулиа төгссөн залуус орж ирээд багшилж, дасгалжуулахыг хэлж байгаа юм биш. Чөлөөт бөхийн төлөө зүтгэж байгаа мэргэжилтнүүд боловсрох хэрэгтэй. Сэтгэл гаргах ёстой, тэгж байж л энэ салбар дээшлэх болов уу.
Бэлтгэлжилтийн нэгдсэн төлөвлөлт гэж бид он оноор нь гаргадаг. Энэ бол дасгалжуулагч, тамирчдын хувьд үндсэн хууль л гэсэн үг дээ.
-Та чөлөөт бөхтэй холбогдож байсан түүхээ хуваалцвал?
-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Партизаны сангийн аж ахуйн дунд сургуульд байхаасаа чөлөөтөөр барилдаж байв. “Хүч” нийгэмлэг гэж байхад тэнд бөхийн дугуйланд орсон. Спортын мастер Адилбиш, гавьяат тамирчин Ц.Нацагдорж нарын удирдлага доор хичээллэж байсан. Тэнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, заан Н.Хишигдорж, Ч.Бямбадорж нарын сайхан бөхчүүд байсан нь намайг татсан байх. Би тухайн үедээ Монголын Пионерын байгууллагын спартакиадын алтан медаль авч байлаа. Өсвөр үеийн улсын аварга ч болсон. Мөнгө, хүрэл медаль ч авсан нь бий. Энэ маань цаашид суралцах замыг нээж өгсөн дөө.
Уг нь УБДС-д шалгалт өгч тэнцсэн байсан. Гэтэл Москвагийн биеийн тамирын дээд сургуульд явах аз завшаан тохиосон юм. ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, дэлхийн олон удаагийн аварга Юрий Шахмурадов гэж аугаа хүн анги даасан багш маань байлаа. Бас бөхийн онолын мастер багш, доктор Туманян, Оросын шигшээ багийн дасгалжуулагчаар олон жил ажилласан А.П.Купцов нарын мундаг хүмүүс багшилдаг байв. Энэ нь надад чөлөөт бөхийн арга зүйн судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх үүргийг хүлээлгэсэн. Спортын амжилт нь зөвхөн хэн нэгэн бие хүнээс шалтгаалдаг биш, шинжлэх ухаан гэдэг аугаа юмаар жолоодуулж байдаг юм гэдгийг чанд ойлгосон доо.
-Таны ярианаас, бараг л үг бүрээс тань шинжлэх ухаан ханхлаад байх шиг санагдаж байна шүү?
-Миний сурч, мэдсэн юмны зах сэжүүр харагдаад тэр биз дээ. Ер нь дасгалжуулагч хүний хөдөлмөрийн үр шим шинжлэх ухаан, маш нарийн судалгаа, сайн төлөвлөлтийн явцад тодорхой хугацааны дараа харагддаг юм шүү дээ. Дасгалжуулагч бөхийнхөө бие бялдрын онцлог, барилдааны арга барилаас гадна бас сэтгэл зүй нь ямар байна, түүнийг нь цаашид хэрхэн жолоодох уу гэж цогц судалгаа хийдэг. Ер нь дасгалжуулагчийн хөдөлмөрийг маш хүнд хөдөлмөрт тооцож болно. Бэлтгэлжилтийн нэгдсэн төлөвлөлт гэж бид он оноор нь гаргадаг. Энэ бол дасгалжуулагч, тамирчдын хувьд үндсэн хууль л гэсэн үг дээ.
-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
ГАВЬЯАТ ДАСГАЖУУЛАГЧ Б.БАЯРАА: Шуудхан хэлэхэд, Монголын чөлөөт бөхөд боловсрол хэрэгтэй байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |