-“Сонсогчид” сайхны уран киногоо үзэгчдэд хүргэх гэж буйд баяр хүргэе.
-Баярлалаа. Миний ярилцлагыг уншиж буй уншигчид болон “Wsup”-ийн үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хамт олон Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойд зориулан “Сонсогчид” олон ангит киног бүтээлээ. “Wsup media agency”-гийн жүжигчин Б.Гэрэлтуяа найз минь энэ төслийг санаачилж, кино зохиолыг бичсэн. Энэ том төслийн ард гарч чадсандаа баяртай байна.
-Хэдхэн цагийн дараа кино нь үзэгчдэд хүрэх гэж байна. Сандарч байна уу?
-Маш их сандарч, бас догдолж байна.
-Г.Батзоригийн хувьд энэхүү кинонд ямар дүр бүтээсэн бэ. Нууц биш бол дүрийнхээ талаар бага ч болов мэдээлэл өгч болох уу?
-Мэдээж бага зэрэг ярьж болно оо. Үзэгчдийг киногоо үзээд, бүтээсэн дүрийг минь хараасай гэж хүсэж байна. Миний хувьд Ананд гэх сонсогч залуугийн дүрийг бүтээлээ. Кино маань энэ дүрээр зангилагдаж явна. Багадаа цагдаа аав, ээжээ алдаж, эмээтэйгээ өссөн хүүгийн дүр.
Энэхүү киног бүтээснээрээ Дотоод хэргийн их сургуулийг төгссөн хүүхдүүд ямар мундаг юм бэ гэдгийг үнэхээр мэдэрлээ. Тэвчээртэй, дайчин сонсогч дүү нараараа зураг авалтын турш бахархаж байлаа.
-Олон ангит хийнэ гэдэг амаргүй даваа байсан байх?
-Залуу жүжигчдийн хувьд маш том даваа, шалгуур байлаа. Олон ангит кино бүтээнэ гэдэг үнэхээр чанга байдаг юм байна. Шантрах үе, бэрхшээл цөөнгүй тохиолдсон ч өнөөдөр дүнгээ тавиулах гээд л догдлол дүүрэн хүлээж байна.
-Энэхүү уран бүтээлээ үнэлж хэлбэл?
-Зураг авалтаа Дотоод хэргийн их сургуулийн сургуулилалтын бааз болон хичээлийн тэнхимд хийлээ. Энэ кино миний амьдралын хамгийн дурсамжтай, сайхан уран бүтээл болсон. Цаашдаа олон бүтээлд дүр бүтээсэн ч энэ киногоо үргэлж нандигнаж, хайрлаж явах болно. Энэхүү кино миний хувьд том сорилт байлаа. Бидний уран бүтээлийг үзэгчид үнэлэх байх.
-Өмнө нь ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байсан бэ?
-СУИС-ийг төгсөөд ангийн найзуудтайгаа хамтран продакшн байгуулж, “Од” уран сайхны кинонд зургийн дарга болон жүжигчний ажлыг хийж байлаа. Үүний дараа “Бужо”, “Дасгалжуулагч”, “Атаман охин”, “Хулигаан”, “Шалгарсан арга" зэрэг кинонд тоглож байсан. Би тоглосон уран бүтээлүүдээ өөрийнхөө хөрөнгө гэж боддог. Ямартай ч залуу уран бүтээлчийн хувьд бага багаар хөрөнгөө өсгөөд л явж байна даа.
-Бага насныхаа тухай ярихгүй юу?
-Би Хэнтий аймгийн Чингис хотод төрж, өссөн. Аймгийнхаа "Ханхэнтий" цогцолбор сургуульд суралцаж, тэндээс л хүсэл мөрөөдлөө олсон доо. Эмээ, өвөөгийн хүүхэд болохоор амьдралын ухаанд эрт суралцсан байх гэж боддог. Энэ ташрамд, гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье.
-Дэргэдэх хүнээсээ үлгэр дуурайлал авч, мэргэжлээ сонгосон хүүхэд цөөнгүй байдаг. Танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй ч авьяастай хүн бий. Эмээ маань шүлэг бичдэг, төрсөн нутгийнхаа дууны үгийг зохиосон. Тиймдээ ч би багаасаа бичих дуртай, урлагт хайртай болж өссөн болов уу. Хүүхэд байхдаа кино үзээд л мэргэжилдээ дурлаж эхэлсэн дээ. Анх гэрийнхэн маань жүжигчин болно гэхэд эргэлзэж байсан. Гэхдээ би хүссэн замаараа явсан, одоо ч мэргэжлээ орхиж чадахгүй гэж боддог. Өөрийнхөө чадахаас илүүг хийж, оргилд нь хүрэхийг хүсэж байна.
-Оюутан нас, ангийнхныхаа талаар яриач?
-Юуны түрүүнд Ардын жүжигчин, СУИС-ийн багш Ж.Лхамхүүг онцолмоор байна. Багш минь манай ангийг маш сайн нэгтгэж чадсан, гайхалтай хүн. Одоо ангийнхан мань олонх нь мэргэжлээрээ ажиллаад явж байна. СУИС-ийг төгсөөд олноороо ажиллах амаргүй шүү дээ, найзуудаараа маш их бахархаж явдаг. Оюутан нас бол хамгийн сайхан үе. Биднийг өнөөдөрт хүргэсэн багш нартаа маш их баярлаж явдаг даа.
-Одоогийн нөхцөлд залуу уран бүтээлчид бие даан уран бүтээл хийх амаргүй байх гэж боддог. Г.Батзоригийн хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Залуу хүн уран бүтээл хийхэд олон бэрхшээл тулгардаг. Дээд үеийнхэн маань ч бидэнд “Та нар шиг байхад дэмжлэг байгаагүй” гэж хэлдэг. Гэхдээ одоо зах зээлийн өрсөлдөөн маш чанга байгаа. Хэрвээ биднийг дэмжих байгууллага байвал илүү хурдацтай хөгжих байсан байх. Одоо залуучууд нэгнийгээ их дэмждэг болсон нь сайн талтай.
Мөн мөрөөдлөө орхихгүй байгаа хамгийн том шалтгаан минь миний хүү. Хүүгийнхээ өмнө нүүр бардам байхын төлөө маш том зүйлийг зорьж, ажиллаж байгаа.
-“Wsup media agency”-гийн тухай яриа дэлгээч, хэзээнээс бичлэг хийж эхлэх болсон бэ?
-Анх 2021 онд Б.Бөхбат бид хоёр нийлж сошиал дээр бичлэг хийж эхэлсэн. Анх туршиж хийтэл хүлээлтээс давсан хандалт авсан даа. Тэгэхээр өнөөдрийг биднийг үзэгчид минь бий болгосон. Хоёр жилийн хугацаанд бид хоёр өөрсдөө бүх зүйлээ хийж ирсэн. Үүний дараагаас Б.Гэрэлтуяа найз минь бидэнтэй нэгдсэн. “Wsup media agency”-гийн залуус зогсохгүй, үргэлж хичээсээр байх болно.
-Танай хамт олны алсын хараа, ирээдүйд хийхийг зорьж буй хамгийн том уран бүтээл юу вэ?
-Төлөвлөсөн зүйл олон байгаа. Тухайн цаг үедээ зарлаад явах болно оо. Бид чанартай уран бүтээл хийж, бусдад үлгэр дуурайлал болж явахыг зорьдог.
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Г.БАТЗОРИГ: ӨӨРИЙНХӨӨ ЧАДАХААС ИЛҮҮГ ХИЙЖ, ОРГИЛД НЬ ХҮРЭХИЙГ ХҮСДЭГ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |