• Өнөөдөр 2024-09-11

BAJUNA: МОНГОЛ НООСООР ЗҮҮ УТАС АШИГЛАЛГҮЙ ХИЙСЭН ХУВЦСААРАА “PARIS FASHION WEEK”-ИЙГ ЧИМЭЭД ИРНЭ ЭЭ

Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлдог загварын шоунууд ихэвчлэн Парис хотноо болдог. Тэгвэл "Paris fashion week" загварын шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж буй загвар зохион бүтээгч Бажунатай ярилцлаа. Тэрбээр ноос, ноолуурыг эсгийрүүлэн зүү утас ашиглалгүйгээрээ хувцас урладгаараа онцлог билээ. 



-Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Paris fashion week" загварын долоо хоногт Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж байгаа талаараа ярихгүй юу?

-Сайн байна уу? "Paris fashion week"-ийн Монгол дахь залуу артистуудыг таниулах зорилготой агентлагаас холбогдсоны үндсэн дээр тус загварын шоунд оролцохоор болсон. Загвар зохион бүтээгч болохыг багаасаа мөрөөдсөн. Парисын загварын шоу тэр үед мөрөөдөл байлаа. Мөрөөдөлдөө хүрэх болоход хариуцлага л хамгийн их бодогдож байна. Бид санхүүгийн хэмжээнээсээ хамаараад цөөн загвар үзүүлэхээр болсон. Ер нь цөөн загвар үзүүлэх тусам хариуцлага нэмэгдэж байна. Намайг загвар зохион бүтээгч Бажуна биш, Монгол Улсын загвар зохион бүтээгч гэж харна. Тиймээс загваруудаараа дамжуулж эх орныхоо юуг илүү сурталчлах вэ гэж бодох шаардлага гарч байна.

-Таны загваруудын онцлог юу вэ?

-Би өөрөө материалаа хийгээд, хувцсаа урладаг загвар зохион бүтээгч. Ноос, ноолуурыг эсгийрүүлж хувцас хийдэг.  Сүүлийн жилүүдэд ямар нэгэн оёдол, эсгүүргүй хувцас урлаж байна. Одоогийн байдлаар над шиг техникээр хувцас урладаг хүн байхгүй учраас энэ чиглэлээр хийж болох хамгийн гоё, сайхан хувцсаа урлахыг хичээдэг. Би тодорхой нэг загварт баригдах дургүй. Хүн бүрд тохирсон хувцсыг өөрийнхөө чаддаг технологиор урладаг.

-Оёдол, эсгүүргүй хувцас урлана гэдэг сонирхолтой санагдаж байна. Энэ талаараа илүү дэлгэрэнгүй яривал?

-Надад ноос, ноолуурын ширхэгтүүд ирнэ. Ширхэгтүүдийг ус ашиглан эсгийрүүлж, хувцасны материалаа хийхийн хажуугаар хувцсаа урладаг. Оёдол, эсгүүргүй хувцас гэдэг материалаа бэлдэж байхдаа ямар нэгэн туслах хэрэглэгдэхүүн ашиглалгүйгээр бүрэн хувцас хийхийг хэлж байгаа юм. Цаасан дээр буулгасан загвараа хувцас болгох үе байхад материалаа бэлдэж байхдаа шууд хувцсаа хийх үе ч бий. 15 жил энэ чиглэлээр хувцас урлаж байгаа учраас ажлын туршлагаараа хийдэг. Заримдаа төсөөлж байснаас огт өөр хувцас хийх үе ч бий. Тухайн үеийн мэдрэмжээрээ л хийдэг. Багшийнхаа хөгжүүлсэн 20 жилийн туршлагыг хувцас загварын чиглэлд хөгжүүлж байгаа. Багаасаа хувцасны загвар зурах дуртай байсан ч оёхдоо жаахан дургүй байсан. Хайчилж, сүлжээд хувцас хийчихнэ. Ер нь "Яг ингэж хийх ёстой" гэдэг зүйлд баригдах дургүй байсан юм болов уу.

-Ноос, ноолуур, ус ашиглан хувцас хийхийн давуу тал бий юү?

-Химийн бодис ашигладаггүй учраас байгальд ээлтэй. Мөн амьтны амь тасалдаггүй. Малын ноос авдаг монголчуудын уламжлал бий. Энэ ёс уламжлалаа орчин үед нийцүүлэн хувцас урлаж байгаа.

-Загвар зохион бүтээгч болж байсан үеэ дурсвал. Яагаад энэ чиглэлийг сонгох болов?

-Санхүүгээр сургуульд сурч төгсчихөөд, багшаасаа эсгий урлалын талаар сурч, энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. Ерөнхий нягтлангаар зургаан сар ажиллаж үзсэн. Тэр үед сар бүр нэг зүйлээ хийдэг энэ мэргэжил надад тохирохгүй юм байна гэдгийг ойлгосон. Багшаасаа долоо хоногийн эсгий урлалын сургалт авах гэж очоод энэ хугацаанд гар урлалаар өөрийн сонирхсон олон зүйлийг хийсэн. Тэгж л багаасаа боддог байсан загвар зохион бүтээгч мэргэжлээрээ сурах бодол төрсөн. Ажлаасаа гарч байгаа ч загвар зохион бүтээгч болж байгаадаа хамгийн их баярлаж байлаа. Долоо хоногийн сургалт авахаар очсон багштайгаа өнөөдрийг хүртэл хамт байна. Хэцүү өдөр багштайгаа ярилцсаны дараа хөөрч, ниссэн нэгэн болдог.

-"Bajuna" брэндийг хэзээ үүсгэн байгуулсан бэ?

-Ноос, ноолуураар хувцас хийгээд олон жил болсон байна. Бажуна бол миний багын нэр. Урласан хувцсаа хүмүүст хүргэж, борлуулахын тулд брэндийн нэртэй байх хэрэгтэй болсон. 2014 оноос хойш Бажуна нэрээр хувцас үйлдвэрлэж байна. Анх хувцас хийгээд борлуулж чаддаггүй байлаа. Хүмүүст эсгий хувцасны талаарх ойлголт байгаагүй хэрэг л дээ. Тэр үед гоёлын гутал, цүнх гээд эсгийгээр хийж болох бүхнийг л урласан. Хийсэн хувцсаа голоод хайрцагт хийгээд орхичихно. Одоо бодоход хүмүүст таниулах хэрэгтэй байж. Сүүлийн жилүүдэд загварын үзэсгэлэнгээр дамжуулж хүмүүст таниулж байна.



-Таны оролцсон анхны загварын шоу хэзээ байв?

-Хоёрдугаар курсийн оюутан байхад багш маань "Гоёл" наадамд оролцохыг зөвлөсөн. Компаниудын оролцож, загвараа үзүүлдэг өвлийн гоёл наадамд оролцож байлаа. Тухайн үед багш маань "Чи тайзны ард ороод дизайнерын мэдрэмж аваад, өөртөө итгэлтэй болоод ир" гэсэн. Багшийнхаа зөвлөгөөг дагаж анх удаа "Гоёл" наадамд оролцоод "Шилдэг залуу дизайнер" болсон. Өөртөө итгэх итгэл нэмэгдэж, эрч хүчтэй болсон.

-Хэд хоногийн өмнө болсон үзэсгэлэнгийн үеэр балетчин охинд ноолуураар даашинз хийж өгсөн байсан. Тус даашинзыг бүжигчин охинд өмсүүлж, бүжиглүүлэх санааг хэрхэн гаргасан юм бэ?

-Ер нь гэнэтийн шийдвэрээр урласан даашинз. Би ч тэгж үзэсгэлэнтэй харагдаж, зохицно гэж бодоогүй. Бүжигчин охин маань хэмжээгээ өгч амжилгүй явсаар үзэсгэлэн болох өдрийн өглөө нь хэмжээгээ өгсөн. Хэдхэн цагийн дотор урласан даашинз. Гэхдээ амархан бүтсэн гэсэн үг огт биш. Чадвар, техник нь байгаа учраас хийж амжсан. Тус даашинз 200 грамм хүрэхгүй жинтэй, тун хөнгөн учраас бүжигчин охинд тэгж эвтэйхэн харагдсан байх.

-"Paris fashion week"-д оролцоход бэрхшээл болж байгаа зүйл бий юү?

-Миний хувьд анх удаа оролцож байгаа учраас бага зэрэг туршлага дутаж байна. Санхүүгийн тал дээр тооцоолоогүй нөхцөл байдал үүсэж, хөрөнгө оруулагчид олдохгүй байгаа. Бүтээлээ хийх хугацаандаа хөрөнгө оруулагч хайх хэрэгтэй болсон. Гэхдээ энэ бүгд туршлага болно, ирээдүйд илүү нямбай ажиллана.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.


BAJUNA: МОНГОЛ НООСООР ЗҮҮ УТАС АШИГЛАЛГҮЙ ХИЙСЭН ХУВЦСААРАА “PARIS FASHION WEEK”-ИЙГ ЧИМЭЭД ИРНЭ ЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188