“Гуч хүрсэн бүсгүй гэдэг цаанаа нэг л эрхэмсэг
Гунхаж явахыг нь харахад дэндүү өөртөө итгэлтэй
Сайхан залуугийн харцанд ээрэгдэн явахдаа жаргалтай
Санаж учирсан амрагтаа янаг халуун сэтгэлтэй...” гээд одоогоос долоон жилийн өмнө “30 хүрсэн бүсгүй” дуу анх эгшиглэж байлаа. Гарсан даруйдаа хит болж, өнөөдөр ч үзэгч, сонсогчид шимтэн сонссон хэвээр байна. “Тогоруутай нуур” дуу ч ялгаагүй аялгуулж, тунгалаг дөлгөөн мандалдаа түмэн оддыг урин залсаар байна. Энэ хоёр дууг гарцаагүй сонсож гэмээнэ “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай гэж ямархан сэтгэл зүрхнээсээ урстал дуулдаг уран бүтээлч байсныг мэдэрч, хэзээний ойр дотно болсон хамтлагийнх нь дуунуудыг эрхгүй нэхэн сонсмоор болдог байх. Эсвэл эхлээд “38-тай аав”, “Холын чи минь”, “Ээжийгээ гомдоох учиргүй”, “Хайр татам” зэрэг хитүүдийг сонссоны дараа соло уран бүтээлийг нь сонсож, сая нэг тайтгаран, санан дурсдаг байж болох юм, хүмүүс. Энэ бүхнийг өгүүлэхийн учир уншигч таныг түүний гэргий Ц.Эрдэнэзаяагийн яриа руу хөтөлж байна.
“Хань минь их зөөлөн, уур бухимдал багатай, хүний үгийг сайн сонсдог, хэнийг ч ялгаж харилцдаггүй, олонтойгоо хүн байлаа” гэж аяархан атлаа бахархангуй ярих тэр эмэгтэй бидний яриа анх танилцсан түүхээс нь эхэлсэн юм.
“Бид 2007 онд анх танилцсан. Манай хоёр Эрдэнэтийн айл л даа. Хань минь дуулахаас гадна лам хүн. Манай том ах ч бас лам. Тэгээд л тэд найзалдаг болохоор би ч мөн таньдаг, “Шагай ах аа” гээд л тоглож өссөн. Дараа нь харин манайх хот руу нүүж нэг хэсэг холбоо тасарсан юм. Гэтэл Шагай ах над руу ярьж холбогдоод, бид ч уулздаг болсноор гэр бүл болсон доо. Хамтлагтай, хүмүүст ч овоо нэр хүндтэй дуучин болохоор нь анх би “Та надаар тоглож байгаа” гэдэг байсан. Тэгэхэд “Үгүй ээ, ах нь тийм зүйл байхгүй” гэдэг байсан.
“Тэгвэл та өнөөдрөөс миний найз залуу бол” гэж хэлж байснаа санадаг юм. Тэгэхэд “Тэгье, ах нь” гэж зөвшөөрч байсан. Танилцаж, үерхсэнээс хойш бол их үнэнч, аливаад тууштай байдаг. Үерхэж байх үедээ “Одоо больё, салъя” гэх зүйл гарах үед “Үгүй” гээд орцны гадаа хүлээж байдаг байсан. Хэдэн цаг ч хамаагүй утсаар ярина, дуулж өгнө. Гоё шүлгийн мөрт их явуулдаг байсан" гэж тэр анх танилцсан үеэ дурсана.
-Хань нь танд олон сайхан үг хэлж байсан байх. Сэтгэлээс нь бүр нэг мартагддаггүй, өнөөдөр ч таныг хөглөж байдаг ямар үг бий бол?
-Би дүү болохоор их эрхэлнэ ээ. Мөн их ааштай төрлийн хүн. Тэгээд л “Ааш нь байхгүй болчихвол миний хань мундаг шүү” гэдэг байсан нь л илүүтэй санагдаж байна.
-“30 хүрсэн бүсгүй” дуугаа танд зориулсан уу?
-“Тогоруутай нуур” дууг тогоруутай дээл өмсөөд тултал дуулаад л өөд боллоо доо” гэх сэтгэгдэл гарч байсан. Тэр дууг ер нь яагаад дуулах болсон юм бэ?
-Нэвтрүүлэгт уран бүтээлчид дуугаа сольж дуулахад л дуучин Б.Болдбаатартай дуугаа сольж дуулсан. Дээлний тухайд бол дуучин Н.Мөнгөншагайтай хамтраад хоёр Мөнгөншагай “Хазаарын чимээ” гээд уран бүтээл хийсэн юм. Тэгэхэд дууныхаа клипэнд зориулж тэр дээл хийж өгч бэлэглэж байсан. Тэгээд л “Тогоруутай нуур” дууг дуулахдаа өмссөн юм. Өөрийн өнгө жанраар дуулна гэж зорьж байсан, үнэхээр ч түүгээрээ хүмүүст хүрсэн дээ. Магадгүй цагаан хэл ам их байсан байх.
-Ханийг тань осолд орсон гэх мэдээлэл бидэнд бий. Яг бодит нарийн мэдээлэл байхгүй шүү дээ. Та ярьж өгч болох уу?
-Машины осол л доо. Нэг тоглолтод оролцох гээд жолоочтойгоо, найзтайгаа явж байсан. Хол замд ядарч байсан болохоор арын суудал дээр нь аюулгүй байдлын бүсээ зүүгээгүй унтаж явсан байгаа юм. Тэгээд л машин нь урд талынхаа машиныг гүйцэж орох гэж явтал, хоёр тэмээ гарч ирж мөргүүлээд л осолдсон байдаг. Урд талд сууж явсан хоёр хүн бол амьд, хань минь л бурхан болсон доо.
-Дууг нь сонсохоор танд хань нь хамгийн их үгүйлэгддэг болов уу?
-Тийм ээ. Анх их хэцүү байдаг байсан. Хоёр хүүхэд маань хүртэл “Аавын дууг сонсохоор ээж та уйлдаг шүү дээ” гээд л, зурагтаар гарч байвал хурдхан л сольчихдог байлаа. Одоо харьцангуй гайгүй болж байна.
-Нөхрийгөө та уран бүтээлчийнх нь хувьд ямар дуучин гэж боддог вэ?
-Миний хувьд өөрийн гэсэн имижтэй, давтагдашгүй, дууныхаа донжийг олоод, дуугаа мэдэрч дуулдаг.
-Хүүхдүүдтэйгээ цагийг хэр өнгөрөөдөг байв?
-Уран бүтээлчийн ар гэр хоцрогдож, ард үлддэг. Тэр ч үүднээс хань минь гэртээ цаг зав гаргах нь бага байсан. Ганц урлаг гэхгүй, шашин номын ажилтай болохоор хийдэд хуралд сууна, засал ном хийнэ. Хажуугаар нь хоолойн бичлэг, уран бүтээл гэвэл бүр ч завгүй болно. Гэхдээ хоёр хүүхдэдээ аль болох цаг зав гаргахыг хичээдэг байсан. Гэртээ байсан ч зүгээр суухгүй, өглөө, оройдоо гитараа бариад, дуугаа зохионо, бясалгалаа хийнэ, ном уншина.
-Лам болсон нь удмаасаа өвлөсөн зүйл үү, өөрөө сонирхсон юм болов уу?
-Өөрөө лам болно гэж шийдээд хадам ээж маань дэмжсэн юм билээ. Түүнээс өвөг дээдсээс нь өвлөж ирсэн зүйл бол байхгүй. Шашны дээд сургуулийг лам, зурхайч мэргэжлээр төгссөн.
-Дуулахаас гадна ямар хоббитой хүн байв?
-Дуулах үнэхээр хобби нь байсан. Давхар гитар тоглон, ая зохиодог. Нийт 80-аад дуутай, 30 гаруй уран бүтээлчдэд дуу өгсөн. Өөр нэг сонирхол нь гэртээ виски цуглуулдаг. Манай гэрийн нэг хана тэр чигтээ вискитэй. Өөрөө нэг их уудаггүй. Хүмүүсийн авчирсан, бэлэглэсэн вискиг өрсөөр байгаад олон болсон. Мөн юмыг их судлах дуртай. Сүүлд энергийн талаар судалж байсан.
-Залуу уран бүтээлчдийг их дэмждэг байсан гэдэг?
-Тийм ээ. Хэдийнэ олны танил болсон дуучдаас илүү залуу уран бүтээлчдийг гаргаж ирэхийг их хүсдэг байсан. Тэр хүслээрээ овоо хэдэн залуу дуучдын анхны дууг өгсөн байдаг шүү. Тухайлбал, “Донжтой бүсгүй” дууг дуулдаг Н.Бямбадорж, “Зүгээр ээ” тоглолтоо хийсэн Ж.Шагдар нар байна.
-Уран бүтээлээс нь хүмүүс дуулах санал ирж байгаа болов уу?
-Одоогоор дуулъя гэсэн санал ирээгүй. Дуулаад явж байгаа сурагтай байсан. Гэхдээ яг аяыг нь солиод дуулсан зүйл байхгүй юм билээ. Миний хувьд “30 хүрсэн бүсгүй” дууны өмчийг гэрчилгээгээр авсан. Хэрэв хэн нэгэн зөвшөөрөлгүй дуулж өөрчлөх юм бол хандах газар нь хандана гэж боддог. Ер нь бол үр хүүхэд нь амьд байгаа учир аль болох хадгалж байгаа. Хүү нь бас том болоод аавынхаа дууг дуулъя гэж магадгүй шүү дээ.
-Хамтлагийнх нь болон уран бүтээлчид сайхан тоглолт зохион байгуулсан шүү дээ?
-Манай хүн өөрөө юм, юм хийдэг гэж хэлсэн дээ. Тэр ч үүднээс “Гайхамшигт билгүүн төв” ТББ-тай байсан. Одоогоор үйл ажиллагаа нь зогссон байна. Найз нөхөд нь нийлж байгаад тоглолтыг нь хийж өгсөн. Өөрөө гуравдугаар сард олон улсын эмэгтэйчүүдийн баяр тохиолдуулаад “30 хүрсэн бүсгүй” тоглолтоо хийнэ гэж төлөвлөж байсан юм. Тэгээд тэр хүслийг нь биелүүлж өгье гээд найзууд, ах, дүү хамаатан садан нь нийлж байгаад тоглолтыг нь зохион байгуулсан. Миний хувьд ч тоглолтыг нь хийх юм бол бүх хүсэл нь биелэх юм шиг санагдаж байсан. Үнэхээр олон хүний санаа сэтгэл нийлсэн, таван цаг үргэлжилсэн сайхан тоглолт болсон. Тоглолтын орлогыг хоёр хүүхдийн минь хадгаламжид хийж өгсөн.
-Шагай дуучин ямар үед хамгийн их баярладаг байсан бэ?
-Аливаад эмоци багатай хүн л дээ. Их сайхан дуугаа дуулчуул, зохиосон дуу нь хүнд хүрэхэд их баярладаг байсан. Тэгээд л “Ханиа миний дуу хүнд ингэж хүрсэн байна” гээд л ярьдаг байлаа. Төрсөн өдөр, баяр ёслолыг их сүртэй тэмдэглэх дургүй, даруухан байдаг байсан.
-Магадгүй аав болохдоо хамгийн их баярласан болов уу?
-Бид танилцаад удаагүй охиноо олсон. Эход харуулсны дараа эмэгтэй хүн чинь аав, ээж, найз гэхээс илүү нөхөр рүүгээ л залгадаг юм билээ. Хань минь охиноо гарахад уйлж, их баярлаж байсан. Бид хоёр хүүхдүүдээ төлөвлөдөг. Том хүүхдээ том болгочихоод, дүүгээ хардаг болохоор нь дараагийн хүүхдээ төрүүлье гээд. Тэгээд хүүхэдтэй болно гэж бодоогүй байж байгаад хүүтэй болж, мөн их баярлацгаасан даа. Үр хүүхэд гэдэг бол яах аргагүй амьдралын том баяр баясал, аз жаргал шүү дээ.
-Харин шүүмжлэлтэй ханддаг, бухимдлыг нь төрүүлдэг зүйл юу байв?
-Хүүхдүүдээс нь одоо дуулах авьяас илэрч байна уу?
-Том охиноос маань дуулах авьяас илрээгүй байгаа. Хүү харин найман настай. Яг нэг хөдөлгөөнтэй үе дээрээ байгаа. Бүжиглэх их дуртай. Эвсэл сайтай. Одоогоор дуулах эсэхийгнь сайн мэдэхгүй байна.
-Танд их баярлалаа.
-Танай хамт олонд мөн их баярлалаа.
“ГУРВАН БҮДҮҮН” ХАМТЛАГИЙН ДУУЧИН А.МӨНГӨНШАГАЙГИЙН ГЭРГИЙ Ц.ЭРДЭНЭЗАЯА: Ханийг минь үзэгчид “30 хүрсэн бүсгүй” дууг дуулсны дараа “Тогоруутай нуур”-ыг заавал дуулуулж байж тайзнаас буулгадаг байлаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |