“...Хүүтэй байсан минь санагдана
Аль нэг насандаа...” гэж төгсөх нэгэн шүлгийг усны дусал шиг ижилхэн ихэр охины нэг нь дуудлаа. Тэднийг уншигч танд танилцуулахын урд би өөрөө тэдэнтэй хэрхэн анх танилцсанаа бичих нь зүйтэй байх. Эхлэлд өгүүлсэн энэ мөртөөс бүх юм эхэлсэн юм. Оюутан байхдаа сургуулийнхаа утга зохиолын нэгдэлд үеийнхнээ, бүр өөрөөсөө дүү шүлэг, найрагт дуртай залуусыг сонсох гэж, тэдний харж, бодож, сэтгэж, илэрхийлж байгаагаас суралцах гэж тоотойхон хэд суусан минь надад мөн ч хэрэг болсон доо. Нэгдлийнхэн намар, хавар овоохон цуглачихдаг. Навчис сэрчигнэн хийссэн есдүгээр сарын ээлжит нэгэн баасан. Дугуйлангийн залуус намрын эхний цугларалтаа хийхээр бөөгнөрч байв. Шинэ хүүхдүүд нэлээд харагдаж, “Өнөөдөр ч олон гоё шинэ шүлэг сонсох нь” гэж дотроо сэм баярлаад, “Ингэхэд би өөрөө юу унших уу” гэж утсан дээрх тэмдэглэлээ гүйлгэн харав. Ихэнхдээ өөрт төрсөн мэдрэмжээ утасныхаа эл хэсэгт хадгалдаг болохоор хэрдээ “авдар”-аа уудалж байгаа нь тэр. Тэгээд
“Хэнд ч хэлээгүй нууцыг минь
Хэн нэгэн мэдэх
Хэтэрхий ил ертөнцийн
Хаана нь би нууцаа хадгалах вэ...” гэж бичсэн богинохон мөртүүдээ олж уншив. Дотроо хэдэнтээ давтан уншиж, тэрүүхэндээ бэлдэж суулаа. Шүлэг сонирхогч залуус ч тойрон сууцгааж, нэгнийгээ шүлгийг шимтэн сонсоно. Эхлээд овоо идэвхтэй сонсож байснаа би нэг мэдэх нь өөр зүйлд анхаараад эргээд чих тавьтал, эхлэлд бичсэн хоёр мөртийг хэн нэгэн уншаад дуусаж байв. Хартал, хоёр ихэр охин сууж байх бөгөөд нэг нь тийн шүлгээ уншсан нь тэр байв. Надад энэ хоёр мөр тухайн үед санаанаас гарахгүй байсан ч дугуйлан тараад, тэдэнтэй танилцаж амжилгүй яаран явсан юм. Энэ бол одоо миний бичих гэж буй тэд. Дараа нь би тэдэнтэй чухам яаж танилцсанаа санадаггүй ч нэг мэдэх нь ээ л нэгнээ мэддэг, бүр эгч дүүс болчихсон байж билээ.Тэд бол Энхцэцэг, Энхчимэг. Нэг нь МУИС-ийн утга зохиолын ангийг, нөгөө нь эдийн засгийн ангийг төгссөн. Гэхдээ хоёул уран зохиолд дуртай, хайртай. Энхцэцэгтэй би “Үндэсний шуудан” сонинд хамт ажиллаж байлаа. Дүү минь атлаа их хэрсүү, аливаад нямбай, хичээнгүй гээд сурах зүйл ихтэй, сонирхол татдаг, сонин мэдрэмж төрүүлдэг охин байв. Харин С.Энхчимэг ихэрийгээ орой ажлаа тарахыг нь хүлээж, ойролцоох сандал дээр ном уншаад сууж байдаг байлаа. Тэр угталттай би ч хэдэнтээ таарч, гэр нэг зүгт учир хамтдаа юм ярингаа алхаад харьчихна. Тэгэх бүрд тэдний байр байдал, яриа хөөрөө, санаж сэдэж, бодож, илэрхийлж байгаа нь надад тун таалагдаж, “Ямар гоё ертөнцтэй охид вэ” гэсэн мэдрэмж үлдээнэ. Ерөөс сайхан мэдрэмж, ертөнцтэй бүхэн рүү бид татагдан амьдардаг гэж үү. Тиймдээ ч тэдний ертөнцийн тухай уншигч тантай хуваалцъя гэж эртнээс бодсон юм. Тэд бол миний ихэр найзууд.
-Сайн уу, хоёроо. Хамгийн анх гурвуулаа МУИС-ийн утга зохиолын дугуйлан дээр тааралдаж байсан тийм ээ. Тэгэхэд та хоёр ямар шүлэг уншлаа. Миний санаанд хэнийх нь ч билээ, хоёр мөр нь явдаг юм.
С.ЭНХЦЭЦЭГ: Сайн, сайн уу эгч ээ. Тэр үед нэгдэл дээр уншсан миний шүлэг гэвэл,
Надад хэлсэн үгийнхээ ардаас
Найз минь энгэртээ цэг хатган
Намайг өөр лүүгээ шагайхыг зөвшөөрсөн юм
Хашааны завсраар харж
Бүтэн болгосон өнөөх гудамжинд
Бидний дурсамжууд хоорондоо тоглоод л
Чамд хэлэхийнхээ өмнө л
Залгиж орхисон үгс
Аль хэдийнэ дотор чинь амь орон
Арьсны минь цаанаас
Бүдэг гэрэлтэхийг олж үзэх...
Харин С.Энхчимэгийнх.
Хүүтэй байсан минь санагдана
Дэвтэр дээр минь дуссан нулимс оромшин хатах шиг
Дээр цагт, аль нэг насандаа
Үртэй байсан минь санагдана
Хүүг минь надаас авах гэсэндээ
Үүрд намайг
Ганцаардалд дурлах дурлалаар шагначихаад
Хүүг минь надад өгөх гэсэндээ үүрд намайг
Ганцаардалд дурлах дурлалаар шагначихаад
Хүүг минь надад өгөх гэсэндээ
Үүрд намайг
Ганцаараа биш шиг
Хачин мэдрэмжээр доромжилчихоод
Салхи хөлөглөсөн их гунигаар тайтгаруулж
Сар та, мэлмэрэн бороогоор аргадлаа
Дүүгийн хацар энгэрт наалдах бүрийд
Дүүрэн тэнгэр харцнаас минь
Ямархан нэгийг эрэх бүрийд
Хүүтэй байсан минь санагдана
Аль нэг насандаа...
-Аан, Энхчимэгийн уншсан шүлэг юм байна. Надад үлдсэн нь
“Хүүтэй байсан минь санагдана
Аль нэг насандаа...” гэх мөрт л дөө. Та хоёрын анх төрсөн түүх нь их сонин байх гэж бодож байна. Тэр тухай сонирхолтой яриа бий юү. Хүүхэд нас нь хэрхэн өнгөрсөн бэ. Ямар хүүхдүүд байв?
-ИХРҮҮД: Бид өвөөг өнгөрдөг жил буюу 2000 онд төрсөн л дөө. Ах маань хэдийнэ арав хүрчихсэн байсан гэсэн. Тухайн үед ээжийг хөл хүнд болсныг гэрийнхэн мэдээгүй, жин нэмсэн л гэж бодсон гэж байгаа юм. Тэгсэн нэг өдөр хоёр ихэр охин гараад ирсэн гэж хөгжилтэйгээр өгүүлдэг юм. Багадаа бид их эмзэг, дорхноо уйлчихдаг хүүхдүүд байсан. Нэг удаа зурагтаар нэвтрүүлэг үзэж байлаа. Нэвтрүүлэгт оролцож байгаа охин нь бид хоёртой чацуу. Тэгсэн хөтлөгч нь “Миний дүү гуталгүй байна, явж гутал авцгаая” гэсэн нь их сонин санагдаж байсан. Хуучирсан л болохоос гуталтай байсан шүү дээ. Тэгээд бид хоёр тэр охины оронд өөрсдийгөө тавьж үзээд уйлж байсан. Аав, ээж ч хэлдэг байсан л даа. Хариугүй жаахан юман дээр уйлах юм, “Ийм байж яаж том болно оо” гэдэг байсан. Хүүхдүүд багадаа өөрсдийгөө том л гэж боддог шүү дээ. Одоо бодоход хүний оронд өөрсдийгөө тавьж боддог, ухаалаг хүүхдүүд байжээ гэж боддог юм. Магадгүй ихэр болохоор тийм байдаг байж болох юм. Юм бүрийг мэдэрч, хүртэж чаддаг байсан шиг санагддаг. Хүн багадаа юмны мөн чанарыг их сайн ойлгож мэддэг юм шиг. Яг үнэндээ томрох тусам хэн үнэн, худал яриад буй нь ойлгогдохгүй, баримжаа алдагддаг. Багад бол жинхэнэ мөн чанараараа таньдаг байсан шиг санагддаг. Аливаа зүйлийг тэнцүүлж харах баримжаа илүү тод байсан шиг. Нэг удаа хичээл дээрээ багш юм ярьж байхад багшийн яриаг анхаарахгүй бид хоёр нэгнээ хараад л суугаад байсан байгаа юм. Тэгэхэд багш “Та хоёр анх удаа нэгнээ харж байгаа юм шиг нэгнээ хараад байдаг нь ямар учиртай юм” гэж инээлдэж байсан юм. Бас нэг сонин юм нь би өөрийнхөө царайг толинд харахаасаа илүүтэй бид хоёр нэгнийхээ царайг харсан байгаа юм. Өөрийгөө төсөөлөх гэхээр ихрийн маань царай орж ирээд байдаг. Ах дүү бид аав, ээжээсээ тавуулаа. Тавуулаа байх цаг хугацаа их чухал байсан санагддаг. Хоорондоо гэр цэвэрлэх тэмцээн зохиодог, сонин хачин зүйлс ч их ярьдаг байсан.
-Хэзээнээс уран зохиол, шүлэг, найраг сонирхон, дурлаж эхэлсэн, тэгэхэд юу нөлөөлсөн бэ?
-ИХРҮҮД: Хүнд гайхмаар сайхан учрал тохиол гэж байдаг. Тэдний нэг нь манай дунд ангийн Байгалмаа багш л даа. Багшийн минь бидэнд зориулсан сэтгэл бол биднийг тэжээж, тэтгэж, “өсгөсөн” гоё сэтгэл байсан. Багш биднийг уран зохиолтой нөхөрлүүлсэн. Яруу найраг гэх зүйл рүү орсон нь их сургуульд орсны дараа л даа. МУИС-ийн утга зохиолын нэгдэл дээр л бичиж байсан. Нэг ёсондоо шүлэг гэж юу байдаг вэ гэдгийг тэндээс мэдэрч эхэлсэн. Хамгийн анх гэвэл тавдугаар ангидаа нэг
Ээжийн минь ээж
Эмээгийн минь эмээ
Эх орон минь та бүхнийг бидэнд зориулчихаад
Өөрийгөө юунд бодсонгүй вэ... гэх утгатай байсан санагддаг. Тэгээд л ер нь дунд ангид ороход багш минь эсээ бичүүлсэнээр бичих гэх зүйлтэй танилцаж байсан. Унших, бичих гэдэг нягт уялдаа холбоотой байдгийг тэр үед илүүтэй ойлгож, ном уншиж эхэлснээсээ хойш л тэр доторх баатарууд, өгүүлэгчийн мэдрэмжүүдэд дурлаж эхэлсэн. Амьдрал гэдэг чинь муухай, сайхан, зовж, жаргаж байсан ч хамаагүй мэдрэмжүүдийг л мэдэрч үзэх ёстой зүйл юм байна гэдгийг өөртөө нээж олсон. Долоо, наймдугаар ангийн л хүүхдүүд шүү дээ. Багш тухайн үед Б.Номинчимэд, Д.Оюунчимэг нарын орчуулсан хүүхдийн шилмэл зохиол эрдэнэсийн сан 108 ботийг бидэнд уншуулдаг байлаа. Эдгээр зохиолууд гарцаагүй бидний оюун бодолд их нөлөөлж, уран зохиолд шимтэх суурь болсон. Багш номын тэмдэглэл хийлгэхдээ үйл явдлаар нь бичүүлчихээд, мэдрэмж, сэтгэгдэл, ухаарал гэж тус бүр ялган бичүүлж, байж болох бүх талаас нь задлан ярилцдаг. Ангид сууж байгаа 32 хүүхэд цөм өөр өөр тайлбар санаа хэлдэг байсан нь зохиолыг уншиж, ойлгох, түүнээс ургуулан бодох дадалд суралцсан.Номын тэмдэглэлийн хамгийн дуртай хэсэг нь сэтгэгдэл бичих. Тэгэхээр биднийг уран зохиолын баялаг өргөн ертөнцөд хөтөлсөн багшдаа л их баярлаж явдаг даа.
-Та хоёрын амьдралд хамгийн их нөлөөлсөн, хэзээ ч мартагддаггүй зохиол, шүлэг гэж хуваалцвал?
-ИХРҮҮД: Наймдугаар ангидаа Монтений “Сонгомол эсээнүүд”-ийг уншиж байсан. Тэр номд өгүүлэх санаа нь их сонин содон. Байсхийгээд л Сократын эшлэлүүдийг дурдана. Тэгэхээр Сократ гэж хэн юм бол гэж бодно. Тэнд нөхөрлөхүйн тухай, зохист хэмжээг баримтлахуйн тухай гээд олон зүйлд нөлөөлж, одоо хүртэл ямар нэгэн шийдвэр гаргахад нөлөөтэй байдаг юм шиг санагддаг. Мөн дэлхийн сонгодог зохиолууд байна. “Ногоон давхарцагийн Аня”, “Жаалхан эрчүүд” гээд уншдаг байсан. Эд цөм бидэнд их нөлөөлсөн санагддаг. Ахлах ангид ороод Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс”, Ц.Дамдинсүрэнгийн “Хоёр цагаан юм” тэргүүтэй өгүүллэгүүд уншиж эхэлсэн. Хамгийн гол нь дүрүүдийнхээ дотоод сэтгэлийг ойлгож, энэрэхүйн дохио гэх юм уу тийм зүйлс илүүтэй мэдрэгдэж, бодогддог юм билээ.
-Өдрийн тэмдэглэл хөтөлдөг үү. Нууц биш бол бичсэн нэг тэмдэглэлээсээ хуваалцаж болох уу?
С.ЭНХЦЭЦЭГ: Өдрийн тэмдэглэл хөтөлдөг. Хуваалцмаар тэмдэглэл бий, бий.
-Юу хийж байгаа юм бэ?
-Тэр чулууг хүлээж байна.
-Чулуу явдаггүй юм.
С.ЭНХЧИМЭГ: Харин надад ийм нэг тэмдэглэл байна.
Учраагүй зүүдний сүүлийн өдөр
Ойлгоогүй, үл тооно
Би дэндүү жаргалтай байна...
2017 оны арванхоёрдугаар сарын 31
-Та хоёрын бүтээсэн ертөнц гэж бий байх. Түүнээсээ бидэнтэй хуваалцаж болох уу?
С.ЭНХЦЭЦЭГ: Шууд ийм, тийм гэж тодорхойлж мэдэхгүй байна аа. Гэхдээ мэдэрдэг, дотроо ойлгодог нэг зүйл бий. Тодорхойлох гээд оролдох юм бол “Хуваалцах. Хуваалцах тусмаа бүтэн болдог ертөнц” юм болов уу. Яг дурсамж шиг. Хүмүүстэй хамтдаа бүтээсэн цаг хугацаагаа таван тэнцүү юм уу арван тэнцүү салгаж аваад явчихдаггүй шүү дээ. Дурсамж бүхнээс бүхэл болон хэдэн тийшээ хуваагддаг. Үүн шиг хайрлах тусмаа л хайрлагдаад, ойлгох тусмаа л ойлгогддог тийм ертөнцөд амьдарч байна. Тэгэхээр бүх мэдрэмж дундынх. Бид хоёр багаасаа л бүх юмаа хуваалцаж өссөн. Дунд нь ганц чихэр өгсөн ч тэр чихэр надад тал юм шиг санагддаггүй. Уг нь бол тал нь оногддог шүү дээ. Үүнтэй адил хуваалцахдаа бүтэн болдог ертөнц юм болов уу.
С.ЭНХЧИМЭГ: Надад бас бүтэн бүхэллэг ертөнц амьдарч байгаа юм шиг санагддаг. Бүх үйл явдал өөрийн гэсэн дуу чимээтэй, үгтэй ирдэг. Тайтгармаар үзэсгэлэнтэй, галзуурмаар хэцүү зүйлс ч амьдралд олон тохиолдож болно шүү дээ. Юу ч тохиолдсон тэдгээрээс бүгдээс нь ямар нэгэн авиа, чимээ бидний сэтгэлд үлддэг. Тэр чимээг ойлгох юм бол тэр үйл явдал жинхнээсээ яг бүтэн болж чадаж байгаа юм шиг санагддаг. Түүнийг чагнаж ойлгох юм бол амьдралд тохиох дараа дараагийн зүйлд зориулагдсан томьёотой болж байгаа хэрэг. Тухайлбал, хэн нэгэнд итгэх итгэл, тамир тэнхээгээ алдаад шалчийтлаа гомдлоо гэхэд түүний араас нэг их сайхан уучлалыг сурч авах ч юм уу, тиймэрхүү бүтэн ертөнцөд бид хоёр тэр чимээний эрэлд хамтрагчид ч юм шиг санагдаж байна.
МИНИЙ ИХЭР НАЙЗУУД |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |