• Өнөөдөр 2024-05-20

Ч.ДҮҮРЭНЖАРГАЛ: НАНСАЛМААГИЙН ГОО ЗҮЙТЭЙ, НАМБАТАЙ ТӨРХИЙГ ДУТУУДУУЛАХГҮЙГЭЭР ГАРГАХЫГ ХИЧЭЭСЭН

             Хүүхэд, залуучуудын театрт тоглогдож буй 37 жилийн түүхтэй “Үйлийн гурван толгой” балетын Нансалмаагийн дүрд ажиллаж буй МУСТА, УДБЭТ-ын балетын гоцлооч Ч.Дүүрэнжаргалтай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Үйлийн гурван толгой” балетад ажиллаж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Анх 1987 оны гуравдугаар сарын 28-нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Б.Жамъяндагва гуайн дэглэлт, Ж.Мэнд-Амарын хөгжмөөр тавигдаж байсан. Яг тэр тавилтаараа 37 жилийн турш үзэгчдэд хүрч байгаа. Агуу хүний найруулсан тавилтыг өөрчилж хэн ч зүрхлэхгүй. Олон жилийн түүхтэй балетын гол дүрд ажилласандаа баяртай байна.

-Нансалмаагийн дүрд ажиллаж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Эмэгтэй уран бүтээлчийн хувьд хүсэмжит дүр шүү дээ?

                -Монгол консерваторын оюутан театрт дадлага хийж байхдаа Нансалмаагийн дүрийг тайзан дээр амилуулж байгаа балетчидыг хардаг байлаа. Балетчины хувьд ажиллахыг хүсэж, мөрөөддөг байсан дүр минь. Амжилттай бүтээхийн дүрд надаас олон зүйл шаардсан. Дүрийн онцлог гоо сайхныг өөртөө суулгаж, үзэгчдэд хүргэхийг хичээж ажилласан. Эмэгтэй уран бүтээлчид бүрийн хүсдэг дүр болов уу.

-“Учиртай гурван толгой” дуурийг “Үйлийн гурван толгой” балетын уран бүтээл болгожээ. Дуурийг үггүйгээр балетаар хүнд ойлгуулна гэдэг уран бүтээлчдээс олон зүйл шаардсан байхдаа. Энэ талаар ярихгүй юу?

                -“Учиртай гурван толгой” дууриас сэдэвлэн “Үйлийн гурван толгой” балетыг бүтээсэн. Дууриас ялгаатай зүйл нь гурван гол дүр нь үхэж, энэ балет төгсдөг. Эмгэнэлт бүжгэн жүжиг. Биеийн хөдөлгөөн,жүжиглэлт, бүжгийн техникээр дамжуулан үггүйгээр тухайн жүжгийг хүмүүст хүргэдгээрээ бүжгэн жүжиг онцлог. Тэр утгаараа уран бүтээлчээс их ур чадвар шаарддаг. Энэ бүхнийг багш нар маань арвин туршлагаараа зааж, зөвлөдөг. Балет зөвхөн хүнд техник, уран хөдөлгөөнийг бус сайн жүжиглэлтийг шаарддаг урлаг.

-Дүрийн онцлогийг та өөрийнхөөрөө хэрхэн илэрхийлсэн гэж бодож байна вэ?

                -Багш нарынхаа зааврын дагуу өөртэйгөө ажиллаж, хичээсэн. Нансалмаагийн гоо зүйтэй, намбатай төрхийг дутуудуулахгүйгээр гаргах гэж хичээлээ.

-Яагаад балетын урлагийг сонгож ажиллахаар шийдсэн бэ. Юу нөлөөлсөн бол?

                -Есөн настай байхдаа балетын урлагт дурласан. Өөрийгөө тайзан дээр байгаагаар төсөөлж үсэрч, бүжиглэдэг хүүхэд байлаа. Харж, сурсан сунгалтын дасгалаа хийнэ. Монголын консерватор балетын ангидаа элсэлт авч байгааг мэдээд ээжтэйгээ хамт очиж шалгуулж байсан. Надад төрлөхийн балетын бүжигчин болох өгөгдөл байгаагүй ээ. Миний хөл, гар ангийн бусад охидынх шиг урт байгаагүй учраас тэднээс хоёр дахин илүү хичээх ёстойгоо мэдэж байсан. Хичээл зүтгэлийнхээ ачаар балетчины зөв бие бялдрыг бий болгосон байх. Багш нараасаа бүжигчин, балетчин байх талаар олон зүйл сурч авсан. Бүжигчин хүнд тэсвэр хатуужлаас гадна хүсэл тэмүүлэл хэрэгтэй юм билээ.

-Тайзан дээр анх ямар дүрээр гарч байсан бэ. Ямар мэдрэмж авч байсан бэ. Хамгийн дурсамжтай тайз нь ямар уран бүтээлийн тайз байсан бэ?

                -Монгол консерваторт сурч байхдаа УДБЭТ-ын Шелкунчик балетын жижиг Машагийн дүрд ажиллаж байсан. Мэргэжлийн балетчидтай хамт тайзан дээр бүжиглэх үнэхээр сайхан санагдаж байсан. Тэднээсээ үлгэр дуурайлал авч илүү сайн балетчин болохын тулд хичээсэн. Тухайн үед авсан мэдрэмжээрээ илүү их хөглөгдсөн байх.

-Одоогоор хэчнээн дүрд тоглосон бэ. Хамгийн хэцүү нь аль дүр байсан бол?

                -Би 2013 оноос эхлээд УДБЭТ-д ажилласан. Энэ хугацаанд 100 гаруй балетад дүр бүтээсэн байна. Тэр дундаас хамгийн хэцүү санагдсан нь “Хунт нуур” балет. Бусад балетуудаасаа илүү эмэгтэй балетчинаас техник, ур чадварыг их шаарддаг. Гэхдээ хунгийн дүрийг бүтээхэд үнэхээр тансаг мэдрэмж авдаг. Хэдий хэцүү ч тоглолтын төгсгөлд уран бүтээлийн хувьд үнэхээр сайхан мэдрэмж авдаг.

-Жүжигчин, бүжигчин бүрд тоглож үзэх юм сан гэж мөрөөдөг, хүсдэг дүр байдаг шүү дээ. Танд тийм дүр бий юү?

                -Миний хувьд Дон Кихот балетын Китригийн дүрд ажиллахыг хүсдэг. Тухайн дүрд ажиллахаар бэлдэж байсан ч цар тахлын улмаас үзэгчдэдээ хүргэж чадаагүй юм.

-Тайзан дээр гарахаасаа өмнө өөрийгөө хэрхэн бэлддэг вэ. Тайзан дээр гарахаасаа өмнө хамгийн заавал хийдэг зүйл бий юү ?

                -Өөрийгөө зоригжуулдаг. Тоглолт бүрийн өмнө өөртөө байнга хэлдэг үг бий. Төвлөрч, бэлдэж тайзан дээр гарахгүй бол зөвхөн миний алдаанаас болж 200 гаруй хүний хүч хөдөлмөр нурах вий гэхээс айдаг.Балет гэдэг зөвхөн бүжигчид нь бүжиглээд болчихдог зүйл биш. Тайзны ард ил гардаггүй олон хүний хөдөлмөр шингэж байдаг.   

-Балетчин болсондоо өөрөөрөө бахархсан. Өөртөө баярласан үе бий юү ?

                -Хүн бүр өөр өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ дамжуулж нийгэмдээ эерэг бүхнийг түгээдэг гэж боддог. УДБЭТ үргэлж дэлхийн жишиг болсон сонгодог балет, үндэсний дуурь, балетыг хүргэхийг хичээдэг. Балетчин болсноороо бахархаж, баярлаж байсан мөч олон бий. Баянзүрх дүүргийн  Ид шидийн оронд очиж хүүхдүүдэд сарын хугацаанд балетын хичээл зааж байсан. Тэр хүүхдүүдийн нүднээс энэ урлагаар хичээллэхийн хүссэн хүслийг харж байсан. Тэр мэдрэмжийг би хамгийн сайн мэднэ. Балетаар хүүхдүүдэд гоо сайхныг мэдрүүлэхээс гадна сахилга бат, багийн ажиллагааг заасандаа их баярлаж байсан.

-Та балетыг өөрийнхөөрөө хэрхэн тодорхойлох вэ?

                -Хүн бүр гоо зүй, гоо сайхны төгс илэрхийлэл гэж боддог байх. Миний хувьд балет бол багийн урлаг. Нэг балетыг хамт олноороо, багш нарынхаа удирдлага дор бэлдэж гаргадаг. Бүжигчдээс гадна арын албанд ажиллаж байгаа хүн нэг бүрийн хөдөлмөр оршиж байдаг.

 


Ч.ДҮҮРЭНЖАРГАЛ: НАНСАЛМААГИЙН ГОО ЗҮЙТЭЙ, НАМБАТАЙ ТӨРХИЙГ ДУТУУДУУЛАХГҮЙГЭЭР ГАРГАХЫГ ХИЧЭЭСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188