• Өнөөдөр 2024-04-30

Э.ОЮУН-ЭРДЭНЭ: ЖҮЖИГЧНИЙХЭЭ БАЯР, ГУНИГИЙГ ТОДОТГОЖ, ЖҮЖИГЛЭЛТИЙГ НЬ ИЛҮҮ АМИЛУУЛАХ НЬ НҮҮР ХУВИРГАГЧИЙН АЖИЛ

          “Танхай тээгч”, “Зангараг”, “ Намаг”, “Сүүдрээр гэтэгч”, “Наймаа” тэргүүтэй дэлгэцийн уран бүтээл “Гэм зэм”, “Опал”, “Шөнө дундын бүжиг”, “1984” зэрэг тайзны жүжигт нүүр хувиргагчаар ажилласан Э.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр нүүр хувиргагч, стилистээр 17 жил, урлагийн салбарт нүүр хувиргагчаар 11 жил ажиллажээ. Жүжигчний ажлыг илүү тодотгож, үзэгчдийн тус кинонд итгэх итгэлийн нүүр хувиргагчид өгдөг. Тэд будаг, авьяасаараа хэн нэгийг уйлуулж, өөгүй арьсыг шарх, сорвиор дүүргэж тэр бүү хэл эрэгтэй хүнийг эмэгтэй, эмэгтэй хүнийг эрэгтэй болгож хувиргадаг "ид шидтэн" билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “1984 жүжгийн нүүр хувиргагчаар ажилласан шүү дээ. Кино уран бүтээл бус тайзны жүжигт ажиллах ямар байсан бэ. 1984 жүжгийн нүүр хувиргалтаар юу илэрхийлэхийг хүссэн бэ?

             -Сайн байна уу, Манай “Barber House” нүүр хувиргалтын студи зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хэд хэдэн тайз, дэлгэцийн уран бүтээлд ажилласан. "Орфей" театртай “Гэм зэм” жүжгээсээ эхлэн хамтарсан. Тайзны уран бүтээлийн нүүр хувиргагчаар ажиллах нь дэлгэцийн уран бүтээлд ажиллахаас огт өөр. Жүжигчнийхээ баяр, гунигийг илэрхийлэх, жүжиглэлтийг нь илүү амилуулах будалт хийнэ. Өдөр бүр шинэ, амьд мэдрэмж авдаг. Кино уран бүтээл дээр өдөр бүр арай өөрөөр буддаг бол тайзны уран бүтээл дээр өдөр бүр нэг будалт хийхээс гадна, жүжигчнийхээ сэтгэл зүйг мэдэрч будалт, хувиргалтаа хийдэг.

              “1984” жүжигт стилистийн баг болон продюсер, найруулагчийн багийн шийдэл дээр өөрийнхөө бодол санааг нэмж ажилласан. Надад өөрийнхөө санаа, сэтгэмжийг нэмэх боломж олгодог учраас "Орфей" театртай хамтарч ажиллах таатай байдаг. "1984" жүжгийнхээ утга, санаанд тааруулж бүх хүмүүсийн нүүр будалт, үсний засалтыг ижилхэн хийсэн. Нүдний будалтыг ядарсан эсвэл хэтэрхий нэг зүйлд донтсон юм шиг харагдахаар будсан. Эрэгтэй дүрүүдийнхээ үсний засалтыг тэр бүр хүн сонгож засуулахгүй, огт өөр засалтаар зассан.

-Таны ажилласан анхны кино, уран бүтээл юу вэ. Анх удаа нүүр хувиргагчаар ажиллах ямар байсан талаараа ярихгүй юу?

              --2013 онд ажилладаг байсан салонд маань урлагийнхан ирж үйлчлүүлдэг байсан юм. Тэр үед МУГЖ И.Одончимэг “Чи үс янзалж, нүүр будаж чадна, хурдан шуурхай, хариуцлагатай, ажиллаж байх. Гэхдээ кино уран бүтээл гэдэг цаг наргүй ажил шүү” гээд “Танхай тээгч” киноны нүүр хувиргагчаар ажиллах санал тавьснаар анхны уран бүтээлдээ ажиллаж байлаа. Тэгж хэлэхийг нь сонсоод баярласандаа ажлынхаа тааз хүртэл нь үсэрч билээ. Тус киноноос хойш олон кинонд ажилласан байна. Анх кинонд ажиллаж байхдаа хариуцлага гэх зүйлийг мэддэггүй байсан юм шиг санагддаг. Өөрийнхөө үзэмжид тааруулж жүжигчнээ будчихдаг байж. Камерын дуранд яаж харагдахыг нь шалгадаггүй том толгойтой байсан санагддаг. Одоо бол “ Яаж байна” гээд хянаад л суучихна шүү дээ.

-Ямар төрлийн кинонд ажиллах хамгийн их чадвар шаарддаг вэ?

              -Түүхэн сэдэвтэй кинонд ажиллахыг хүсдэг. Надаас ур чадвар, шинэ сэтгэлгээг шаарддаг уран бүтээл бол адал явдалтай кино. Кинонд жүжигчний бэртэл, цус, зарим тохиолдол маск ашиглаж хийх шарх сорвитой нүүр хувиргалт, надаас ур чадвар шаарддаг. Тийм уран бүтээлд ажиллах хамгийн дуртай. 

-“Ulaanbaatar International Film Festival”-аас шилдэг нүүр хувиргагчийн шагнал хүртсэн шүү дээ. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

              -2023 оны “Ulaanbaatar International Film Festival”-аас “Наймаа” киногоороо шилдэг нүүр хувиргагчийн шагнал хүртсэн. Тус наадамд нэр дэвшсэн 14 киноны найман уран бүтээлд нь манай “Barber House” студийн нүүр хувиргагчид ажилласан байсан. Өөрийгөө шагнал авна гэж огт төсөөлөөгүй. Миний ажилласан уран бүтээлүүдээс шалгарвал баг, хамт олны баяр болно л гэсэн бодолтой байсан. Шилдэг нүүр хувиргагч гээд миний нэрийг дуудахад итгэж өгөхгүй, хэсэг гайхширсан шүү.

-Эрэгтэй хүнийг эмэгтэй, эмэгтэй хүнийг эрэгтэй болгоход юу хамгийн хэцүү вэ?

               -Эмэгтэй хүнийг эрэгтэй болгоход амархан. Жаахан том биетэй, үсэрхэг байна гэж тооцоолоод хийнэ. Харин эрэгтэй хүнийг эмэгтэй болгох хэцүү. Эрэгтэй хүн биеийн бүтэц нь тун өөр. Байхгүй зүйлийг хийж болно, гэтэл байгаа зүйлийг яагаад ч нууж чадахгүй шүү дээ.

-Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ, ямар сургууль төгсөв?

                 -Багын зурах сонирхолтой, чимхлүүр ажилд дуртай. Өөрийнхөө хувцаснаас хайчлаад хүүхэлдэйндээ хувцас хийж өгдөг охин байсан. Хувцсаа зүгээр өмсчихгүй, дээр нь зурна. Найзуудынхаа хумсыг будна, үсийг нь сүлжиж өгдөг охин байлаа. Өөр мэргэжилтэй болох гээд гадаадад сурна гэж боддог. Гадаад явах гээд виз мэдүүлчихээд, хүлээж байх хугацаандаа гоо сайханчаар төгссөн. Жүжигчин болно гээд СУИС-д шалгалт өгч байлаа. Гэхдээ жүжигчин болоход хэтэрхий ичимхий байсан л даа. Ингээд л сурсан мэргэжлээрээ нүүр хувиргагчаар ажиллаж байна.

-“Сүүдрээр гэтэгч” кинонд ажилласан шүү дээ.Тус киноны дүр хувиргалтын нүүр будалт олон цаг шаардсан, хувиргалт ихтэй байх шиг санагдсан. Энэхүү киноныхоо талаар ярихгүй юу?

               -2019 онд БНСУ болон Монгол Улсын хамтарсан уран бүтээлд ажилласан. Анх удаа гадаадын уран бүтээлчидтэй ажилласан учраас тун сонирхолтой байсан. Гадаадын уран бүтээлчдийн жүжигчдээ хайрлах хайрыг харсан. Нүүр хувиргалтыг 50 хувь, компьютер график 50 хувь байхаар анх ярилцсан. Гэхдээ боломжгүй болсон учраас масктай нүүр будалт хийж ажилласан.

-Нүүр хувиргагчаар ажиллаж байх үед гарсан сонирхолтой, хөгжилтэй дурсамжаасаа хуваалцахгүй юу?

                  -2015 онд “Зангараг”  кинонд есөн удаа хутгалуулсан цогцсын зураг авалт хийхээр бэлдсэн юм. Мэс заслын эмч ирж, зөвлөгөө өгч байсан юм. Тус зураг авалтын хувиргалтыг хийхийн тулд Нэгдүгээр эмнэлгийн моорог руу орж нас бараад удсан хүний толбыг харж, судалж байлаа. Зураг авалтынхаа үеэр туслах нүүр будагчныхаа гар дээр хутгаар зүссэн шархны хувиргалт хийгээд зөвлөгөө өгч байгаа эмчдээ харуулсан юм. Гэтэл нөгөө эмч маань “Яана аа, оёхгүй бол болохгүй том шарх байна” гээд сандарсан. “Нүүр будалтаа хийсэн юм аа” гэсэн “Ёстой болж байна” гэж магтуулсан. Тэр магтаал залуухан нүүр хувиргагчид цаашид ажиллах их урам болсон доо.

-Таны бусад нүүр хувиргагчдаас онцгойрох онцлог нь юу вэ?

                -Үе, үеийн ахмад нүүр хувиргагчдаас илүү гарна гэж хэлэхгүй ээ. Үеийнхээ залуустай өрсөлдөж, дүү нартаа өөрийн чаддаг зүйлээ зааж өгөхийг хичээдэг. Нэг хүнд бүтэн хувиргалт хийж, нүүр хувиргалт, үс засалт, стилист, хумс засалт гээд бүх зүйлийг нь хийж өгч чадах нь бусад нүүр хувиргагчаас ялгарах онцлог юм болов уу. Боломжгүй гэж хэлэхгүйгээр байгаа зүйлээр нь байхгүйг нь оруулаад хурдан сэтгэж юм хийж чаддаг.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө?

                - “Brosis pictures”-тэй хамтарч анх удаа "Sex учрал" кинонд продюсероор ажиллаж үзлээ. Өмнө нь кинонд зураглаач, зураачийн гээд олон удаа туслахаар ажиллаж байсан. Тэр бүх туршлага маань продюсероор ажиллахад хэрэг боллоо. Киноны продюсер олон зүйлд анхаарал хандуулах ёстой болдог юм байна. Өөрийгөө сорьсон үйл  явдал байлаа. Ирээдүйд олон уран бүтээлд продюсероор ажиллахыг хүсэж, мөрөөдөж байна. Шавь нарыгаа чадвартай нүүр хувиргагч болоосой гэж хүсэж, үлгэрлэж байгаа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

                -Баярлалаа.

 


Э.ОЮУН-ЭРДЭНЭ: ЖҮЖИГЧНИЙХЭЭ БАЯР, ГУНИГИЙГ ТОДОТГОЖ, ЖҮЖИГЛЭЛТИЙГ НЬ ИЛҮҮ АМИЛУУЛАХ НЬ НҮҮР ХУВИРГАГЧИЙН АЖИЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188