• Өнөөдөр 2024-04-30

ДАРХАН АВАРГА ӨСӨХБАЯРЫН ААВ Ц.ГЭЛЭГЖАМЦ: Би хоёр хүүгээ төрийн наадамд сайн барилдахыг харсан азтай хүн. Удахгүй ач нар минь өвгөн миний магнайг хагартал баярлуулах байх аа

2024-04-14,   1116

-БӨХ ХҮН ТӨЛӨВ ТҮВШИН, ЖУДАГ ТӨГӨЛДӨР ЭР ХҮН БАЙХ ЁСТОЙ-

      Үндэсний бөхийн амьд толь гэж чухам Цэвээний Гэлэгжамц гуайг хэлэх биз ээ. Түүний цээжинд үндэсний бөхийн хоёр зуун дамнасан 60 гаруй жилийн түүх, зүлэг ногоон дэвжээний дуулиант барилдаан бүрийн дурсамж бий гэхээр арга ч үгүй юм. Ц.Гэлэгжамц гуай тэртээ 1959 онд Архангай аймгийн Цахир сумын харьяат, Үндэсний бөхийн Даян аварга, олноо “Буур Жамъян” хэмээн мөнхөрсөн Нацагийн Жамъяны охин Насантогтохтой ханилж, тэр цагаас хадам аавтайгаа хамт хаана л барилдаан болно, алгасахгүй үздэг болжээ.

Ийнхүү үндэсний бөхөд дурлаж, Арын хангай нутгийнхаа бөхчүүдийн барилдаан бүрийг алгасахгүй үзэж, захыг нь мушгиж суудаг байсан Ц.Гэлэгжамц гуай “Өөрийн хөвгүүдээ ч бөх болоосой” гэж нууцхан хүсэж, битүүхэн хүлээдэг байж. Гэтэл 1993 онд хүү Г.Өсөхбаяр нь өвөөгийнхөө төрж өссөн Архангайн аймгийн Цахир сумын наадамд түрүүлж, сумын заан цол хүртсэнээр Ц.Гэлэгжамц гуайн нууцхан хүсэл биелж, өөрөө түрүүлсэн шиг л баярлаж байсан гэдэг. Тэр зуны наадмаас хойш зүлэг ногоон дэвжээнээ “Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Гэлэгжамцын Өсөхбаяр” гэх нэр цуурайтах болж, 1994 онд Аймгийн заан, 1995 онд Аймгийн арслан, Улсын заан цол хүртэж, Ц.Гэлэгжамц гуай дахин магнайгаа хагартал баярлажээ. Араас нь, удаах хүү Г.Батбаяр нь “Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Гэлэгжамцын Батбаяр” хэмээн цоллуулах болж, 1998 онд аймгийн арслан болж, Ц.Гэлэгжамц гуай гурав дахиа баярлажээ. Тэр хойш Ц.Гэлэгжамц гуайг хоёр хүү нь жил алгасахгүй баярлуулж, зүлэг ногоон дэвжээг зэрэгцэн эзэгнэж, хүү Г.Өсөхбаяр нь дархан аварга, хүү Г.Батбаяр нь улсын харцага цолонд хүрцгээсэн. Үндэсний бөхөд ухаангүй хайртай аав хүнд хөвгүүдийгээ улсын цолонд хүрч, нутаг ус, нэрийг нь улс даяар цуурайтуулахыг сонсож, уран мэхийг нь харж суух шиг жаргал үгүй биз ээ.

Тиймээс Эргэлт.мн мэдээллийн сайт “Бөхийн аав” булангаараа зуун дамжин дуурсагдах хоёр хүчтэний аав, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Цэвээний Гэлэгжамц гуайнхаас бэлтгэлээ. Өдгөө Ц.Гэлэгжамц гуай хадам аав Нацагийн Жамъян аварга болон хүү Г.Өсөхбаяр, Г.Батбаяр нарынхаа ид барилдаж байх үеийнх нь гутал, зодог шуудаг, цом, өргөмжлөл зэргээр гэр музей нээж, гуайн ач хөвгүүддээ үндэсний бөхийн үүх түүх, дэг жаягийг үлгэрлэн сууж байна.

-Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигч болон бөхөд хайртай монголчуудынхаа өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе?

           -Цаг наашилж, урин салхи үлээсэн хаврын налгар сайхан өдрийн мэндийг хүргэе.

-Ц.Гэлэгжамц гэдэг айлыг монголчууд “Бөхийн авшигтай айл” хэмээн хүндэлж, бахархаж ярьдаг. Таныг 70 гаруй жил үндэсний бөх үзсэн “Бөхийн үүх, түүхийг нэвт мэддэг амьд толь” гэх юм билээ. Ер нь бөх хүн ямар байх ёстой гэж боддог вэ, төлөвшлийн хувьд?

           -Би 1950-аад оноос эхлэн бөх сонирхожээ. Энэ хугацаанд хүү нар маань барилдаж, улсын цол хүртсэн. Энэ нь ч намайг бөхөд улам дурлуулсан нь гарцаагүй. Би ер нь бөхөд их дуртай хүн л дээ. Ямар сайндаа л Бөхийн өргөөнд хүүхдүүд барилдаж байсан ч очоод үзнэ. Байнга бөх үзээд суудаг нэг сууталтай. Жудаг төгөлдөр бөхчүүдийн барилдааныг үзээд суух цаанаа л сайхан байдаг юм. Бөх хүний нандигнаж, хадгалж авч ёстой зүйл бол төлөв түвшин, жудаг төгөлдөр эрчүүд байх ёстой.

Үндэсний бөхөд ухаангүй хайртай аав хүнд хөвгүүдийгээ улсын цолонд хүрч, нутаг ус, нэрийг нь улс даяар цуурайтуулахыг сонсож, уран мэхийг нь харж суух шиг жаргал үгүй биз ээ

           Миний хүү Өсөхбаяр улсад 14 шөвгөрч, дөрөв түрүүлсэн байна. Харин бага хүү Батбаяр маань улсын харцага цолтой. Батбаярыг маань бөх сонирхогчид “Морь сонирхоод бөхөө орхисон” гэж ярьдаг. Энэ ч үнэний ортой. Хэрэв барилдсан бол илүү ч том цолонд боломж байсан. Улсын том цолтой хоёр хүүгийн аав, ээж болсондоо хань бид хоёр их баяртай, бэлгэшээж явдаг даа.

-Жамъян аваргын зээ хүүхдүүдийг бөх болно гэж олон хүн ярьдаг байсан нь мэдээж. Ер нь энэ талаар олон хүн таньдаг хэлдэг байв уу?

           -Хоёр хүү минь Жамьян аваргын зээ хүү гэдгийг монгол түмэн мэднэ. Тэр утгаараа хүүхдүүд минь удам дагаж бөх болно гэж битүүхэн найдаж байлаа. Бодсон ёсоор болж сайхан бөхчүүд болсон. Хүүхдүүд минь багасаа л их барилдаач байсан даа. Тухайлбал, намайг ажлаа тараад гэртээ ороход “Аав барилдъя” гээд хоёр хөлөөс нэг нэгээрээ зүүгдчихнэ. Хоёр хүүгээ надтай барилдаж байгааг ээж нь их дуртай харна. Барилдаж, ноцолдоод урчихсан хивсийг инээмсэглэн оёод суудаг байв. Бөх хүний ганц охин хоёр хүүгээ барилдахыг, бөх болохыг хүсэж байсны илрэл байх. Бөх хүн төлөв түвшин, жудаг төгөлдөр эр хүн байх ёстой

Гэлэгжамц гуайн том хүү Монгол Улсын дархан аварга Өсөхбаяр. өвөөгийнхөө захисан үгийг чандлан дагаж 20 нас хүрээд зодог шуудаг өмсөн барилдаж эхэлжээ. Аргагүй биз ээ, бөх удам дагадаг гэдгийг Монголчууд даанч андахгүй. Бөх хүн хүүгээ бөх болно гэдгийг бүр андахгүй. Тэр утгаараа Жамъян аварга зээ хүү Өсөхбаярыгаа дархан аварга Ж.Мөнхбатад захин үлдээсэн байна. Г.Өсөхбаяр аварга  өвөөгийнхөө захиасыг биелүүлж 20 нас хүрээд торгон зодог өмсөн барилдаж эхэлсэн гэнэ.

-Н.Жамъян аварга “Өсөхбаярыг 20 нас хүртэл нь битгий барилдуулаарай” гэж захисан гэдэг. Яагаад 20 нас хүртэл нь битгий барилдуулаарай гэсэн юм бол үүнд ямар нэг учир байна уу?

           -Н.Жамъян аварга хань бид хоёрт болон Ж.Мөнхбат аваргад захин үлдээсэн. Үүнийг нь бид чандлан дагаж Өсөхбаярыг 20 нас хүрэхээр нь торгон зодог өмсүүлж, зүлэг ногоон дэвжээнд гаргасан. Н.Жамъян аваргын энэ захиас алсыг харсан их ухаан байжээ.

 

Өсөхбаярыг 20 нас хүрэхээр нь торгон зодог өмсүүлж, зүлэг ногоон дэвжээнд гаргасан. Н.Жамъян аваргын энэ захиас алсыг харсан их ухаан байжээ.

-Та хүүгээ урамтай сайхан барилдаж, Монгол Улсын арслан цол хүртсэн барилдааны дурсамжаас хуваалцаач?

           -Миний хүү 1995 онд Монгол Улсын заан цолонд хүрсэн. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсний дараа арслан цолонд хүрсэн дээ. Ерөнхийдөө л зургаа, долоо даваад л унаад байв. Бөх сонирхогчид, судлаачид “Одоо Г.Өсөхбаяр дийлдэхгүй нь ээ” гээд хүлээлт их болоод байлаа. Үүний хажуугаар “Хэтэрхий задгай барилдаж байна” гээд шүүмжлэл ч бас байсан. Би цаг нь болоод л хүүгээ 2002 онд Монгол Улсын арслан цол хүртсэн гэж боддог. Түүнээс биш цаг хугацаа алдсан байх гэж огт боддоггүй.

-Таны хань Н.Жамъян аваргын ганц охин. Тиймээс хоёр хүүгийнхээ барилдахыг шимтэн үздэг үү?

           -Анх хоёр хүүгээ барилдаж эхлэхэд бараг алгасахгүй үздэг байсан. Хуучин цэнгэлдэх хүрээлэнд эмэгтэй, эрэгтэйгээрээ тусдаа сууж бөх үздэг байлаа. Өсөхбаярыг заан болоход хань маань хажуудаа сууж байсан эмэгтэйн гуя дээр нь алгадаад уухайлан “Миний хүү заан боллоо” гээд босож байсан түүхтэй. Ер нь хүүхдүүд барилдаж байх сайхан байдаг юм даа, хүү минь. 

-2001 онд таны бага хүү Батбаяр улсын баяр наадамд зургаа давж харцага цол хүртсэн. Хоёр хүү хоёулаа улсын цолтой болсон түүх шүү дээ. Тухайн үед та ханагар хоёр хүүгээрээ их бахархаж байсан байх?

           -2001 онд Өсөхбаяр маань улсын заан цолтой байсан. Араас нь дүү нь залгаж улсын цолонд хүрсэн сайхан үе. Тухайн үед хэрхэн баярлаж байснаа үгээр илэрхийлэхийн аргагүй. Үнэнхүү сайхан мөч, торгон агшин байлаа. Үүнээс гадна би хөвгүүдээ барилдаж байхад аль болох тайван байхыг хичээдэг. Өсөхбаяр, А.Сүхбаттай хоёр, гурван цаг барилдсан барилдааныг бөх сонирхогчид санаж байгаа байх. Тухайн барилдааны үед би Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээн дээр халуун саваа дэрлээд хэвтээд байсан даа. Учир нь намайг сандраад л ийш, тийшээ яваад байгааг барилдаж байгаа хүү минь хараад сандрах вий гэж боддог байсан. Тиймээс тайван, тухтай үздэг байлаа.

Өсөхбаярыг заан болоход хань маань хажуудаа сууж байсан эмэгтэйн гуя дээр нь алгадаад уухайлан “Миний хүү заан боллоо” гээд босож байсан түүхтэй

-Хоёр хүү аав, ээж дээрээ ойр ойрхон ирдэг үү?

           -Ойр, ойрхон ирнэ. Ирэхээр үнсүүлнэ, сонин сайхан хууч хөөрөөд сайхан байдаг. За­римдаа “Өдөр очиж хоол идмээр бай­на. Сайхан шөлтэй хоол хийчихээрэй” гэнэ. Манай хоёр хүү ер нь аав, ээжийнгээ л гэнэ шүү дээ. Хөгшин бид хоёр ч яах вэ, өөр ажил хийх биш. Хүүхдүүдээ ирэхээр баярлаж суудаг улс.

-Бөх болох хүн бусдаас өөр байдаг уу?

           -Өөр байлгүй яах вэ. Хүмүүсийн дунд “Аварга аваргаараа төрдөг” гэх яриа байдаг шүү дээ. Энэ бараг л үнэн үг. Тухайлбал, миний хоёр хүү таван килограмм шахуу жинтэй төрсөн гэж бодвол. Цэцэр­лэг, сургуульд байхдаа үеийнх­нээ­сээ хамаагүй том. Бие нь бадриун, хөл, гар, тохой, өвдөг, хэрлэг мэрлэг бол ер нь тэгээд жирийн хүүхдээс арай өөр байдаг юм.

-Та хэдэн жилийн өмнө Н.Жамъян аварга болон хүү Өсөхбаяр нарынхаа музейг байгуулж байсан бил үү?

           -Анх нийслэл хотод байгуулж байлаа. Одоо харин тэр музейгээ Тэрэлж рүү нүүлгэсэн. Энэхүү музей бол гурван үеийн бөхчүүдийн музей гэж хэлж болно. Ач нар маань амжилт гаргаад ирэхээр дөрвөн үеийнх болно. Заримдаа би “Ач нар маань амжилт гаргаад ирэхээр музейн байшин багадах байх” гээд л хүүхдүүдээ ярьдаг юм. Ер нь монгол хүн амны билгээр шүү дээ. Удахгүй музейн байшингаа дахин томруулах байх.

миний хоёр хүү таван килограмм шахуу жинтэй төрсөн гэж бодвол. Цэцэр­лэг, сургуульд байхдаа үеийнх­нээ­сээ хамаагүй том

           Хадам аав маань даян аварга, хоёр хүү маань дархан аварга, харцага цолтой бөхчүүд. Тэдний маань барилдаад авсан төр, засгийн шагналаас эхлээд тив, дэлхий олон улсын болон бусад тэмцээнүүдээс авсан шагнал урамшуулал музейд бий. Үүнийг жирийн байдлаар хадгалах гэдэг хэцүү. Эвдэж гэмтээчих гээд аягүй бол хаягдаж үрэгдэх янзтай. Тэр болгоныг гэр орондоо өрөөд, зүүгээд байх боломжгүй байлаа. Иймээс хүүхдүүдтэйгээ хэлэлцэж ер нь даян аварга Нацагийн Жамъянгийнхаа өв санд түшиглэн хоёр аваргын гэр музейг байгуулахаар шийдсэн дээ. Энд тэндээс туршлага, санаа авсан юм байхгүй ээ.

Гэлэгжамц гуай Жамъян аварга, хоёр хүүгийнхээ, ач нарынхаа эд зүйлсийг цуглуулан гэр музей байгуулжээ. Музейд Жамъян аваргын эд хэрэглэл, ховор сайхан зургууд дурсамж өгүүлэн хадгалагдаж байдаг юм байна.

-Хоёр хүү тань улсын баяр наадамд урамтай сайхан барилдаж, түмэн олны хайрыг хүлээсэн бөхчүүд болсон. Одоо ач нар барилдаж байна. хүүхдүүдийнхээ барилдахыг, ач нарынхаа барилдахыг үзнэ гэдэг ховор тохиол болов уу?

           -Ач нар маань одоо барилдаад эхэлж байна. Би хадам аавынхаа, хоёр хүүгийнхээ, ач нарынхаа барилдахыг үзэж, захыг нь мушгиад сууж байгаа азтай хүн. Батбаярын маань хүү мэргэжлийн сумод  ороод хоёр, гурван жил боллоо. Өсөхбаярын хүү Японд сургууль төгсөөд сумо руу орсон. Одооноос л барилдах байх. Удаах хүү нь Японд жүдо бөхийн сургуульд сурч байгаад саяхан эх орондоо ирсэн. Хүүхдүүдийн хүүхдүүд барилдаад эхэллээ. Удмаа дагаад бие хаа байна, удам судар байна, барилдахаас өөр аргагүй л юм шиг байна даа. Хоёр хүүгээ төрийн наадамд сайн барилдахыг харсан азтай хүн. Удахгүй ач нар минь   өвгөн миний магнайг хагартал баярлуулах байх аа

     70 гаруй жил үндэсний бөхийн салшгүй нэг хэсэг болон амьдарч байгаа Гэлэгжамц гуай болон түүний гэргий Насантогтох гуай нар тайван амгалан аж төрөн сууна. Хоёр хүүтэйгээ наадмын дэвжээн дээр хамт давж, хамт унаж, сэтгэл догдлуулсан олон барилдааны гэрч болсон хоёр буурай маань өдгөө ач нарынхаа барилдааныг үзэн бахархал дүүрэн сууна. Гэлэгжамц гуайнх бол монгол бөхийн авшигтай айл.  Эрийн эд хав, ёс жудгийн түүчээ болсон Гэлэгжамц гуайхныг монгол бөхийн босоо цагаан хийморь мөнхөд ивээх болтугай.

 


ДАРХАН АВАРГА ӨСӨХБАЯРЫН ААВ Ц.ГЭЛЭГЖАМЦ: Би хоёр хүүгээ төрийн наадамд сайн барилдахыг харсан азтай хүн. Удахгүй ач нар минь өвгөн миний магнайг хагартал баярлуулах байх аа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-13 10:45:29
    Ddavaa: Uvee eeree ch hoosongui baih shuu Arhangain MTHGazriin darga baisan gedeg orlogch saig Hurts guaig Ulsiin Naadamd barildaanii gemtsneees noish udidah ajiltnuudiig Tom (tsol olgodog) naadamd barildahiig deerees taashaadaggui baisan geh yaria baidag Tegeheer ni Hurts guai sharga uree Suhbaataraas mashinaar achij ireed Ulsiin naadamd turuuluulj baisan geh yaria sonsch baisan Uveeenee 2-t enh tunhiig husie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188