• Өнөөдөр 2024-05-02

ОУИМ Ө.СЭНГЭСАМДАН: ХҮНД ӨВЧИН ТУСААД ХЭВТЭЖ БАЙХДАА ЗУРАГТААР ОЙ ТОГТООЛТЫН МЭДЭЭ ҮЗСЭН МИНЬ “SUPER BRAIN” ШОУНЫ ЯЛАГЧ БОЛОХ ЗАМЫГ НЭЭЖ ӨГСӨН

2024-03-30,   660

          Монголын Оюун Ухааны Академийн ахлах багш, ой тогтоолтын шигшээ багийн дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан БНХАУ-ын "Jiangsu" телевизийн "The Brain" шоунд ялалт байгуулсан бахдам мэдээг бид өнгөрсөн амралтын өдрөөр сонссон билээ.  

        Түүний өрсөлдөгч тус шоунд 11 удаа оролцон ялагч болсон Guo Feirong юм. Тэрбээр  БНХАУ-ын гурван удаагийн улсын аварга Zhang Xinrong, 2023 оны Дэлхийн Аварга Huang Jin Yao нарыг ялж байсан тамирчин билээ. Харин Ө.Сэнгэсамдан нь 2014 оны ДАШТ-ий гуравдугаар байр, 2015 оны Ази тивийн аварга олон улсын ой тогтоолтын их мастер юм. Тэрбээр долоон жилийн дараа ой тогтоолтын тэмцээний тайзнаа гарч ийн ялсан билээ. Мөн ОУИМ Ө.Сэнгэсамдан ой тогтоолтын тамирчин байх үедээ тив дэлхийн арав гаруй тэмцээнээс 70 медаль, долоо цом өргөж байсан. Мөн чансаагаараа дэлхийд тавт эрэмбэлэгдэж, Монголын анхны Олон улсын их мастер болж байсан түүхтэй.

  Түүнтэй анагаахын оюутнаас хэрхэн энэ амжилтад хүрсэн талаар нь ярилцсанаа хүргэж байна. 

-Сайн байна уу, та. “Super brain” шоуны ялагч болсонд баяр хүргэе ээ. Тэмцээний сэтгэгдлээ хуваалцаач?

                -Энэ шоу сонирхолтой болдог шалтгаан нь нууцлагдмал байдал нь. Тэмцээний өдөр хүртэл хэнтэй өрсөлдөх, ямар даалгавар биелүүлэх нууц байдаг гэсэн үг.  Ер нь тамирчдын сэтгэл зүйд дарамт учруулж, яаж тэндээс өөрийгөө авч гарах уу гэдэг тархийг нь сорьж байгаа юм. Би өрсөлдөгч маань хэн байх тал дээр санаа зовоогүй. Бид тамирчдадаа ч “Чиний хамгийн том өрсөлдөгч чи шүү. Өөрийнхөө сандрал, айдас, өөртөө итгэлгүй байдлаа л даван туул” гэж зөвлөдөг. Гэхдээ зөвлөх амархан ч тэрийг тайзнаа үйлдэл болгоно гэдэг амаргүй даваа байдаг.  

                Миний өрсөлдөгч Ой тогтоолтын дэлхийн аварга, БНХАУ-ын урдаа барьдаг хамгийн шилдэг тамирчин нь. Гэвч миний өрсөлдөгч би өөрөө байсан.

-Тэмцээн ямар шатаар  хэрхэн өрнөв?

                -БНХАУ-ын баг, олон улсын баг гэж хоёр хуваагдаж өрсөлддөг. Нэг багт зургаан гишүүнтэйгээ бүгд өөрийн төрөлдөө өрсөлдөөд нийлбэр дүнгээр аварга тодорно. Энэ удаа хоёр багийн нийлбэр дүн тэнцсэн. Миний хувьд 180 тавгаас өөрийн цээжилсэн гурван тавгийг олох даалгаврыг гүйцэтгэсэн. Оролцогчийн сонгосон гурван тавгийг бүтэн харуулахгүй. Зөвхөн голын жижиг хэсгийг харуулна.  Тэгээд дараа нь бүтнээр нь харж, олсон.

-Та багагүй хугацааны дараа тэмцээнд оролцлоо шүү дээ. Түгшилт хэр байв?

             -2010-2017 онд тамирчин байх хугацаандаа Монголынхоо анхны гэх тодотголтой хэд хэдэн амжилтуудыг гаргаж байсан.  Дурдвал, 2014 онд Дэлхийн аваргын хүрэл, 2015 онд Ази тивийн аварга болж  дэлхийн чансааны V-т эрэмбэлэгдэж, Монголын анхны Олон улсын их мастер болсон.  Тэгээд 2016 онд сургуулиа төгсөөд, гэр бүл зохиож, багшийн ажлаа түлхүү хийсэн.

                 “Тэгж байгаад нэг тэмцээнд ороод, “хорхой”-гоо дарах юм сан” гэх бодол бол дотор минь байсан. Харин он гарахын өмнө “Super brain” шоунаас холбогдоод, “Таныг урьж байна, та оролцох боломжтой юу” гэсэн. Тэр саналыг хүлээж аваад амжилттай сайхан оролцоод ирлээ.  Өөрийгөө дахин нэг удаа сориод үзье. Ялбал мэдээж сайхан. Гэхдээ ялагдал гэдэг ялалтын хамгийн чухал хэсэг байдаг юм шүү.  Хэрвээ ялагдсан бол шавь нартаа “Багш нь ялагдлаасаа ийм зүйл сурсан. Үүнийг сурсан учир илүү хүчирхэг болсон” гэж шавь нартаа хэлж өгье гэж бодсон. Ер нь шавь нартаа урам өгч, сэтгэлийн галыг нь бадраахыг хүссэн.

-“Super Brain" нэвтрүүлэгт 2016 онд ОУИМ Э.Энхмөнх, 2023 онд Ой тогтоолын Дэлхийн аварга, ОУИМ Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар оролцож ялалт байгуулж байсан удаатай. Дасгалжуулагч байх өөрөө оролцох хоёр асар ялгаатай шүү дээ. Энэ талаар яриа дэлгэвэл?

                - ОУИМ Э.Энхмөнхийг Х.Хатанбаатар багш маань дасгалжуулж байлаа. Харин Ой тогтоолын Дэлхийн аварга, ОУИМ Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар миний анхны шавь нарын нэг.  Манай хоёр БНХАУ-д суралцаж байгаа учир бэлтгэлээ онлайнаар хийж, тэмцээн болохоос гурав хоногийн өмнө  би очиж байсан. Алганы хээ цээжлэх даалгавар аваад, ямар зураас байдаг, өндөгний хээ хэдэн төрөл байдаг гээд судалсан. Бэлтгэл дээрээ аргуудаа туршиж байсан ч төдийлөн сайн чадахгүй байсан. Тэгээд “Тэмцээн гэдэг бол өөр, төвлөрч чадвал л бэлтгэлээс илүү амжилт үзүүлж чадна” гэж ярилцаад орсон. Дэлхийн аварга, ОУИМ Н.Энхшүр, Н.Мөнхшүр хоёр маань даалгавраа 100 хувь гүйцэтгэж түрүүлж байлаа. Мэдээж багш хүний хувьд шавь нараа ялалт байгуулж, улсынхаа нэрийг дуудуулахыг харна гэдэг өөрөө түрүүлэхээс илүү бахархам сайхан байсан даа.

-ХАЛДВАРТЫН ТАСГААС “SUPER BRAIN” ШОУНЫ ЯЛАГЧ ХҮРТЭЛХ ЗАМ-

-Таны эмч мэргэжилтэй гэж сонссон. Эмчээс яагаад ой тогтоолтын тамирчин болсон юм бэ?

           -Би АШУИС-д 2009-2015 оны хооронд хүний их эмч мэргэжлээр суралцсан. Оюутан байхдаа дотуур байрандаа санаандгүй байдлаар ой тогтоолтын талаар мэдээ үзээд, энэ спортыг сонирхож эхэлсэн түүхтэй. Угтаа би зурагт төдийлөн үздэггүй. Тэр өдөр яагаад ч юм тохироо нь бүрдсэн юм шиг байгаа юм.  Тэгээд Монголын оюун ухааны академийг хайж, судлаад Х.Хатанбаатар багшийнхаа анхны шавь нарын нэг болж байлаа. Нэг мэдэхэд л  суралцаж, ажиллаад 13 жилийг үдсэн байна. Хэрвээ эмч болсон бол мэс заслын эмч болох байсан.

-Та аль нутгийн уугуул вэ?

                -Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд арван жилийн сургуулиа төгссөн. Хичээлдээ тийм ч сайн биш, сагсан бөмбөг, хөл бөмбөгөөр хичээллэдэг хүүхэд байсан даа.  Би гурван эгч, хоёр дүүтэй, аав, ээж минь одоо ч нутагтаа амьдардаг. Харин миний хувьд одоо эхнэр хоёр хүүхэдтэй жаргалтай сайхан амьдарч байна. Том охиноо ой тогтоолтын спортоор хичээллүүлж эхэлсэн байгаа.   

-Анхны тэмцээн тамирчдын сэтгэлд тод үлдсэн байдаг шүү дээ. Тэр үеийн дурсамжаа нэхэн дурсаач?

                -2010 онд суралцаж эхлээд хоёр жилийн дараа өдөр нь хичээлдээ яваад, оройдоо академи дээрээ багшилдаг байсан. Харин анхны тэмцээн гэвэл УАШТ-д тэмцээн оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Мэдээж анхны тэмцээн гэдэг утгаараа догдлол дүүрэн сайхан байсан. Тэгээд нэг хэсэг ой тогтоолтын спортоосоо хөндийрсөн.  Мэргэжилдээ илүү анхаарч, эмнэлэгт дадлага хийж эхэлсэн юм.

-Спортоо хэрхэн эргэж ирсэн бэ?

                -Оюутан байхдаа нэлээн хүнд өвдсөн юм. Тухайн үед эхнэртэйгээ үерхдэг байлаа. Анагаахын оюутнууд болсон хойно нэгэндээ онош тавина. Зүгээр л ядраад ханиад хүрсэн байна гэж явсан ч хүндрээд л байсан. Тэгээд нэгдүгээр эмнэлэгт уушгины зураг авхуулсан чинь хөндий сүрьеэ гэх онош тавьсан. Тэр дундаа хамгийн хүнд хэлбэрийн сүрьеэ болж таарсан. ХӨСҮТ-д тусгаарлагдаад байж байхдаа мэдээ үзсэн. Тэгээд УАШТ-д өрсөлдөж байсан хүүхдүүд олон улсын чанартай тэмцээнд амжилттай явж байгааг мэдсэн. Тэгээд “Яагаад би ой тогтоолтын спортоо орхисон юм бол” гэж өөртэйгөө их ярилцсан. Эмнэлгийн өрөөнд бэлтгэлээ хийж эхэлсэн.Тэгээд өвчин маань дээрдэж дахин УАШТ-д тэмцээнд оролцож, гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Үүний дараа 2013 онд олон улсын чанартай тэмцээнд оролцож, таван медаль авсан. Даран Дэлхийн аваргаас хүрэл медаль гээд миний амжилтын буухиа үргэлжилсэн дээ. Өвчтэй, ядарсан хэдий ч эмээ уугаад л бэлтгэлээ хийдэг байлаа.  

-Хүн зовлонг туулсныхаа дараа ярих, туулж байхын үеийн өвдөлт хоёр ялгаатай шүү дээ?

                -Хүн дуртай зүйлээ олчих юм бол өмнө нь ямар ч саад гарсан даван туулж чаддаг гэж би боддог юм. Тухайн үед ямар азаар би дуртай зүйлээ олсон юм бэ гэж бодож байсан. Мэдээж надад амаргүй байсан.  Хайртай бүхнээсээ хол цөхөрмөөр байсан ч шүдээ зуугаад л дуртай зүйлээ хийсэн. Гэхдээ хүн болгонд зовлон тохиолддог тэрийг хэн давж чадна. Тэр хүн сэтгэл зүй болон биеийн хувьд дараагийн түвшинд хүрч, хүчирхэг болдог. Тиймээс та ганцаараа зовоогүй шүү, хүн болгонд асуудал бий гэж хэлмээр байна.

-Эргээд ой тогтоолтын талаар ярилцах уу. Ой тогтоолтын спортоор хичээллэх сонирхолтой байгаа хүмүүст мэдээлэл өгөөч. Хэдий хугацаанд тууштай хичээллэвэл амжилт гаргах эхлэл тавигдах бол?

                -Таван наснаас дээш бүх хүн явах боломжтой. Хүмүүс гоц ухаантай эсвэл ой муутай хүүхэд явах ёстой гэж андуураад байдаг. Оюуны спортоор хичээллэснээр баруун, зүүн тархины суурь чадваруудаа тэнцвэртэй сайн хөгждөг. Ингэснээр мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид мэдээллээ тогтоох, анхаарлаа төвлөрүүлэх, ажил, хичээлийн бүтээмжээ дээшлүүлэхэд маш сайн тусална. Тиймээс хүн болгоныг яваад үзээсэй гэж хүсдэг дээ. Харин тамирчдын хувьд 1-3 жил тууштай хичээллэхэд амжилт үзүүлэх магадлал өсдөг.

-Цаашдаа оролцохыг зорьж буй тэмцээн бий юү?

                -Энэ жил Оюуны олимп Дубайд болох юм, үүнд оролцоно. 2016 онд сургуулиа төгсөх, 2020 онд цар тахал гээд оролцож чадаагүй юм.  Миний оролцоогүй үлдсэн ганц тэмцээн энэ байна. Монголын оюун ухааны академийн хувьд өнгөрсөн жил оролцсон тэмцээнд бүрдээ амжилт гаргаад ирсэн. Тиймээс энэ тэмцээнээс жоохон зай барьж, хувийн зүйлсдээ анхаарах төлөвлөгөөтэй байгаа.  

-Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу?

                -Өнгөрсөн хугацаанд надад зөвлөж, Сэнгэсамдан гэх хүнийг бий болголцсон бүх хүнд баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 


ОУИМ Ө.СЭНГЭСАМДАН: ХҮНД ӨВЧИН ТУСААД ХЭВТЭЖ БАЙХДАА ЗУРАГТААР ОЙ ТОГТООЛТЫН МЭДЭЭ ҮЗСЭН МИНЬ “SUPER BRAIN” ШОУНЫ ЯЛАГЧ БОЛОХ ЗАМЫГ НЭЭЖ ӨГСӨН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-30 15:28:19
    Зочин: Өөрийгөө ялан дийлсэн танд баяр хүргэе ямар мундаг юм бэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-26 20:27:39
    БАЯР ХҮРГЭЕ.: ИРЭХ ОЛИМПДОО ТҮРҮҮЛЖ, АРААСАА ОЛОН САЙН ШАВЬ БЭЛДЭЭРЭЙ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188