• Өнөөдөр 2024-04-28

Б.ТӨРМӨНХ: "BAMBOO" ТЕАТР ЖҮЖГҮҮДЭЭРЭЭ ХҮҮХДҮҮДЭД ЗӨВ БҮХНИЙГ ҮЛГЭРЛЭДЭГ

2024-03-21,   363

             “Bamboo” бол долоон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн театр. Үзэгч хүүхдүүд нь жүжгийн нэг дүр болж тэдэнтэй хамт хорон муу санаатыг хөөж, баатарт  тусалж, байшин барьж, цэцэг тарьдгаараа “Bamboo” театр онцлог. Үзэгчидтэйгээ хамт үлгэрийг бодит болгохдоо тэд хүүхэд бүрийг оролцуулж, бие дааж  тэдэнд хөгжих боломж олгодог. Тус театрын үүсгэн байгуулагчдын нэг гүйцэтгэх захирал, жүжигчин Б.Төрмөнхтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Bamboo” хүүхдийн театрын бусад театраас ялгарах онцлог нь юу юм бэ?

             -"Bamboo" театр маань Монголын хамгийн анхны үзэгч хүүхдүүд нь жүжигт оролцож тоглодог, мөн жүжиг, хөтөлбөрүүдийнхээ дараа  гар урлал хийдэг , бага тайзны театр. Мөн нийгмийн асуудлуудыг хөндсөн уран бүтээл туурвиж, театрын боловсролоор дамжуулж хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг эрхэмлэдэг. Бид долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдэд, тэдэнд зориулсан уран бүтээл үзүүлэхийг хичээдэг хамт олон ажилладаг.

-“Bambuu” хүүхдийн театрыг байгуулах санаачилга хаанаас гарсан бол?

              -А. Уянга гэх хөдөлмөрч бүсгүйн "Би монгол хүүхдүүдэд юу хийж, бүтээж өгч чадах билээ” гэсэн бодлоос өнөөдрийн "Bamboo" театр үүсгэн байгуулагдсан. Би анх театртаа жүжигчнээр орж байлаа. Дөнгөж театраа нээсэн шинэ хамт олон дээр ирж, өнөөдрийн хүртэл хамтдаа ажиллаж байна. "Bamboo" бол бид бүгдийн хамтын бүтээл.

-Анхны уран бүтээлээ хүүхдүүдэд хүргэсэн үе хамгийн дурсамжтай байх. Тухайн үеийн мэдрэмжээ дурсахгүй юу?

              - “Гурван тоорой” хүүхдийн жүжиг бол бидний анхны уран бүтээл. Хүүхдүүдийн хамгийн сайн мэддэг үлгэрээс сэдэвлээд, гурван тооройн байшинг хүүхдүүд хамтдаа барьж, жүжигтээ оролцож, чоныг хамтдаа хөөж, жүжгээ аз жаргалтайгаар амар сайханд нь жаргаасан. Анхны жүжгээ толилуулж байхдаа "Үзэгч хүүхдийн оролцоот театр гэж ийм зүйл байдаг байх нь ээ" гэж ойлгож, мэдэрч байсан. Тэр үед авсан мэдрэмжээрээ дараа, дараагийнхаа уран бүтээлийг туурвидаг даа.

-“Mass international theater” фестивальд оролцохоор төлөвлөж байгаа юм билээ. Энэ талаараа ярихгүй юу?

             -“Bamboo” театр үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа дэлхийн олон театруудтай холбоо тогтоож, туршлага солилцсон. Энэ хүрээнд “Assitej international” олон улсын хүүхдийн театрын холбооны Монгол дах салбарыг Урлагийн зөвлөл, Монгол Улсын хүүхэлдэйн театр болон “Bamboo” театр хамтран байгуулсан.  Холбооны үйл ажиллагаагаар Герман, Дани, БНСУ, Португал, Тайван Улсуудад очиж, уулзалт сургалтад зохион байгуулсан. Энэ удаа бид Пакистан Улсын Лахор хотод зохиогдох “Mass international festival”-д "Алим"  хүүхдийн жүжгээрээ оролцох гэж байна. Тус фестивальд Англи, Франц, Испани, Шри-Ланк, Пакистан зэрэг улсын театрууд уран бүтээлээ толилуулах юм. Фестивальд оролцсоноор бид Монголын театрын хөгжлийг дэлхийд таниулах нэг боломж гэж харж байгаа. Гэхдээ бидэнд багахан санхүүгийн хэрэгцээ шаардлага тулгарч байгаа. Тэгээд fundea.mn дээр урамшууллын хандив зарласан байгаа. Таны өгсөн хандивт тохирсон үйлчилгээ, сургалт, уран бүтээл санал болгож байгаа юм.

-Яагаад хүүхдийн театрт ажиллах болсон бэ. Юу таныг энэ салбар руу чиглүүлэв?

            -Ер нь хүүхдэд хайртай, тэдний эвийг олчихдог, тэдэнтэй ажиллах дуртай хүн байсан. Тэдний ертөнц хамгийн гэгээлэг шүү дээ. Зарим тохиолдолд тэвчээр шаардах үе ажилд минь бий. Гэхдээ хэзээ ч театраа орхиж, өөр ажил хийх талаар бодож байгаагүй.

-Уран бүтээлээ дамжуулж,  хүүхдүүдэд юу зааж, сургахыг хичээдэг вэ?

             - Жүжгээрээ дамжуулж нийгэмд өрнөдөг зүйлсийг тэдний ойлгох дүрүүдээр төлөөлөн үзүүлж, зөв буруу, хариуцлагатай байдлыг үлгэрлэхийг хичээдэг. Байгаль орчноо хайрлах, өөрийгөө зөв илэрхийлэх вэ гэдгийг жүжигт оролцуулах замаар сургадаг. Театр минь ирж жүжиг үзээд нэг ч гэсэн зөв үлгэр дуурайлал авч, хэрэгжүүлээсэй л гэж хүсдэг дээ. Бид олон театр нээгдээсэй гэж хүсдэг. Залуу уран бүтээлчдийн байгуулагдсан “Про” театр үнэхээр чанартай уран бүтээлүүд гаргаж байгаа. Үүн шиг олон театр нээгдэж, хамтдаа Монголынхоо үзэгч хүүхдүүдэд чанартай уран бүтээл хүргэхийг хүсэж байна.

-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?

               -“Mass international theater” фестивальд амжилттай оролцож, жүжгээ толилуулах нь бидний хамгийн ойрын зорилго.

Г.МАРАЛ


Б.ТӨРМӨНХ: "BAMBOO" ТЕАТР ЖҮЖГҮҮДЭЭРЭЭ ХҮҮХДҮҮДЭД ЗӨВ БҮХНИЙГ ҮЛГЭРЛЭДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188