• Өнөөдөр 2024-04-28

Ж.АРИУНЗАЯА: ФРИДЕРИК ШОПЕН, РОБЕРТ ШУМАН НАРЫН ЗОХИОЛУУДЫГ ТОГЛОНО

        Энэ сарын 15-нд төгөлдөр хуурч Ж.Ариунзаяагийн бие таасан тоглолт болох гэж байна. Хамгийн сайхан аялгуу эгшиглэх энэхүү тоглолтыг Монгол Улсын Консерваторт мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, төгөлдөр хуурч Ж.Ариунзаяатай ярилцлаа. Тэрбээр 2022 онд Солонгосын үндэсний урлагийн их сургуулийг төгссөн ажээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бие  даасан тоглолтоо хийх гэж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Сайн байна уу, тоглолтоо хийх гэж байгаа сэтгэгдэл тун өндөр байгаа. Үнэхээр догдлом цаг хугацааг өнгөрүүлж байна. Төгөлдөр хууртай нөхөрлөсөн 20 гаруй жилд юу сурч мэдсэнээ хайртай хөгжмийн зохиолуудаараа дамжуулан багш, сурагчид, гэр бүлийнхэндээ харуулна гэхээр үнэхээр сайхан байгаа. Миний хамгийн хариуцлагатай, хамгийн сайхан тайз минь байх болов уу.

-Бие даасан тоглолт хийх амаргүй шүү дээ. Бэлтгэлээ хэрхэн хийж байна?

                -Сургуулийн бусад багш нар маань их ажлынхаа хажуугаар тоглолт, уран бүтээлээ амжуулна гээд амьсгаа авах завгүй шахуу явдаг. Тэр их хичээл зүтгэлийг нь хажуугаас нь харах бүрдээ тэднээр бахархдаг. Би ч гэсэн тэдэнтэйгээ адилхан багшийнхаа ажлыг уран бүтээлтэйгээ хослуулан ажиллахаар хичээж байна. Бэлтгэлээ өөрийнхөө хэмжээнд сайн хийж байгаа.

-Яагаад тоглолт хийхээр шийдсэн бэ. Энэ удаагийн тоглолтод тоглох хөгжмийн зохиолуудаа хэрхэн сонгов?

                - Төгсөж ирснээсээ хойш хараахан тоглолт хийж чадахгүй байсан юм. Би өөрөө амжуулж хийхгүй хойшлуулаад байх юм бол хойшлоод л байх юм шиг санагдсан. Тоглогдох зохиолууд маань бүгд романтизмын урсгалын зохиолууд бөгөөд бүгд фа диез буюу соль бемолын хөг дээр бичигдсэн зохиолууд л даа. Энэ нь миний тоглолтын нэг онцлох зүйл нь. Ер нь тоглолтынхоо хөтөлбөрийн уялдааг тааруулж зохиолуудаа сонгоно гэдэг их ухаан шаардсан ажил юм билээ. Энэ удаагийн тоглолтоороо нэг ижил хөг дээр өөр өөр дүрүүд хэрхэн ялгарч сонсогддог гэдгийг харуулахыг зорьж, сонгосон. Фридерик Шопен болон Роберт Шуман бол миний хамгийн хайртай зохиолч. Тэдний Монголд тэр бүр тоглогдож байгаагүй зохиолуудыг эгшиглүүлэхийг зорьсон.

-Таны хувьд мэргэжлийн төгөлдөр хуурч ямар байх ёстой вэ?

                -Хэчнээн боловсрол мэдлэг чадвартай байж болно. Гэхдээ үнэн сэтгэлээсээ хөгжмийг хайрлаж тэр их хайраа  бусдад чин сэтгэлээсээ хүргэж, хуваалцахыг зорьдог хүнийг би мэргэжлийн хөгжимчин гэж хэлнэ.

-Төгөлдөр хуурын багш байхын юу нь танд хамгийн сайхан санагддаг вэ. Анхны хичээл зааж байсан үеэ дурсвал?

                - Сурна гэдэг өөр зүйл, сургана гэдэг ч өөр зүйл юм билээ. Хэчнээн их сурч, мэдсэн ч сурах зүйл ахиад байдагтай адил багшилж байх хугацаанд үргэлж илүү ихийг мэдэх, сурах хэрэгтэйгээ ойлгодог. Сурсан зүйлээ хүүхдүүдтэй хуваалцаж тэдний асуултад хариулж, заана гэдэг багш байхын хамгийн том аз жаргал. Гэхдээ хүүхэд бүхэн өөр шүү дээ. Тэдэнд зөвхөн мэдлэгээрээ л зааж өгч сургана гэж байхгүй. “Энэ хүүхдэд яаж хэлбэл илүү сайн хүлээж авах вэ, тэр хүүхдэд нь яаж ойлгуулах вэ” гээд л  хүүхдүүдээ таньж мэдэж тэдэнд тохирсон сургалтын төлөвлөгөө боловсруулдаг. Багш байх нь дан ганц чадвартай хамааралтай зүйл биш, илүү ухаан, мэдрэмж шаардсан ажил гэдгийг ойлгосон. Ямагт хүүхэд бүрд тохирсон хамгийн зөв шийдвэрийг гаргаж, тэднийг хамгийн гэрэлтэй зам руу чиглүүлэх  сайн хөгжимчин, багш, хүн байхыг хичээж байна.

-Таны хувьд төгөлдөр хуур ямар хөгжим бэ?

                - Төгөлдөр хуур бол бодол, сэтгэл зүрхний минь толь. Өөрийгөө ямар хүн, юу бодож мөрөөддөг гэдгээ төгөлдөр хуур тоглож байхдаа хамгийн сайн мэдэрч, ойлгодог юм шиг санагддаг.

-Хөгжимдөө хамгийн их татагдаж байсан үе нь хэзээ вэ. Ямар нөхцөлд хөгжмөөсөө хайр мэдэрч байв?

                - Амьдрал гэдэг баялаг, юу ч тохиолдохыг таашгүй. Хэцүү бэрх, зовлонтой үеүдэд хөгжмөө л тоглож сэтгэлээ онгойлгодог доо. Чин сэтгэлээсээ хөгжим тоглох үедээ төгөлдөр хуур тоглодогтоо, хөгжимчин болсондоо талархдаг.

-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?

                -Цаашид илүү олон сонирхолтой тоглолт толилуулахыг зорьж, төлөвлөж байна. Залуу уран бүтээлч, багшийн хувиар мэдлэгээ тэлж, мэргэжилдээ илүү эзэн байхыг хичээнэ.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.

                -Баярлалаа.


 

 


Ж.АРИУНЗАЯА: ФРИДЕРИК ШОПЕН, РОБЕРТ ШУМАН НАРЫН ЗОХИОЛУУДЫГ ТОГЛОНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-14 21:25:40
    Буд: Амжилт хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188