• Өнөөдөр 2024-05-03

СЭТГҮҮЛЧ Ж.ГАНГАА АГСНЫ ГЭРГИЙ Т.УРАНЧИМЭГ: ХАНЬ МИНЬ УРТАЙ БИЧСЭН АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛҮҮДЭЭРЭЭ МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙД ДАРХЛАГДАЖ ҮЛДСЭН

2024-03-10,   3001

-Ж.ГАНГАА МИНЬ ДЭЛХИЙГ ГОЁЖ, ДЭЛГЭР АМЬДАРСАН ДАА-

      “Харь Буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай”, “Ус мөрөн байв чиг говийг минь тойрно”, “Хялганат талын цагаан зээр хар цээр биш ээ”, “Цагаан сараар л юмдаг”  зэрэг бүтээлээрээ уншигчдын эчнээ танил болсон “Өдрийн сонин”-ы Ж.Гангаа хэмээх эрхэм сэтгүүлчийг ямархан гэрийн эзэн, аав байсан тухай нь түүний гэргий Т.Уранчимэгтэй ярилцлаа. Түүний сэтгүүл зүйн бүтээл, аян замын тэмдэглэлүүд нь өнөө ч уншигчдын сэтгэл, зүрхэнд өртөөлөн, хадгалагдаж, олон хүнийг эх нутгаа хайрлан, энэрэх сэтгэлтэй, аливааг томоор, өөрөөр харж, сэтгэх, “нүд, чихтэй” болгож байдгаараа бидний дунд мөнхрөн үлдсэн билээ. Тиймээс Монголын сэтгүүл зүйд аян замын тэмдэглэл, бүтээлүүдээрээ дархлагдан үлдсэн сэтгүүл зүйн томоохон төлөөлөлүүдийн нэг Ж.Гангаа сэтгүүлчийг “Үндэсний сэтгүүл зүйн 111” жилийн ойгоор бид эргэн дурсаж байгаа юм.

-Тухайн цаг үедээ уншууртай аян замын тэмдэглэл, сэтгүүл зүйн бүтээлүүдээрээ бусдыгаа манлайлж, олон уншигчийг бий болгож байсан, одоо ч бүтээлүүдийг нь унших дуртай уншигчдад та ханийхаа сэтгүүлч болсон тухай нь ярьж өгч болох уу?

         -Биднийг Төв аймгийн Угтаалцайдам сумаас хотод нүүж ирэхэд “Өдрийн сонин”-ы Ж.Мягмарсүрэн ах “Ардын эрх”, “Өдрийн сонин”-г байгуулаад удаагүй байлаа. Тэр үед буюу 1998 онд  хань минь ахынхаа “Өдрийн сонин”-д аж ахуй хариуцсан ажилтнаар орж, малаар сонин захиалсан аймгууд руу явж, малыг нь тууж ирдэг байсан юм. Нэг удаа Өвөрхангай аймаг руу томилолтоор явж, мэдээ бичиж, сэтгүүлчийн ажил хийж байсныг нь би тод санадаг юм. Тухайн үед  хөдөө явах ажил гарвал Ж.Гангаа минь “Би явчихаад ирье” гэдэг байсан юм билээ. Хөдөө явах, байгальд их дуртай хүн байсан юм л даа. Тэгээд сонирхолдоо хөтлөгдөн бичиж эхэлсэн дээ. Бичих авьяастай, чадварлаг байсан болохоороо “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, бүр том автор нь болсон юм. Ханийг минь аян замын тэмдэглэл бичиж эхэлснээс хойш хүмүүс их асууж, сураглаж, олж уулзахын хүслэн болдог байлаа. Бүтээлүүдийг нь магтдаггүй, уншдаггүй хүн ч тэр үед байгаагүй байх.

-Харин та ханийгаа сонины сэтгүүлч болоход нь хэрхэн дэмжиж, баярлаж байв?

          -Өдөр тутмын сониныхон өглөө бүр шуурхай хуралддаг. Би ханийгаа хурлаасаа гарч ирээд ажлаа төлөвлөчихсөн байх үед нь буюу 11:00-12:00 цагийн үед өдрийн хоолыг нь аваачиж өгдөг байсан. Тэгж очихдоо би сонин дээр нь нийтлэгдсэн мэдээ, сурвалжилга, зар сурталчилгаа гээд бүгдийг нь уншчихаад санал, бодлоо хэлдэг байж билээ. Харин уншигчид Ж.Гангааг минь маш богино хугацаанд “од” болгосон. Түүний тэмдэглэлүүдийг уншаагүй хүнгүй л байдаг байлаа. Харин хань минь хүмүүсийн дуу алдан уншдаг шилдэг бүтээлүүдээ  өдөр, шөнөгүй сууж бичдэггүй, дор нь бичээд л маргааш нь гэхэд янзын сайхан уншууртай тэмдэглэл нийтэлчихсэн инээд алдаад л сууж байдаг сан. Тийм ч учраас хань минь уртай бичсэн аян замын тэмдэглэлүүдээрээ Монголын сэтгүүл зүйд дархлагдаж үлдсэн юм даа. Би ханийгаа сониныхоо шилдэг сэтгүүлч болоход нь их  баярлаж байсан. Тэр үеэс хань минь ажлынхаа жинхэнэ манлайлагч нь болчихсон байсан. Дараа нь Ц.Балдоржийн нэрэмжит шагнал авахад нь өөрөөс нь илүү баярлаж билээ.

-Та ханьтайгаа хэрхэн учирсан тухайгаа ярьж өгч болох уу. “Биеийн тамирын багштайгаа гэр бүл болсон” гэх яриа сумын төвөөр амархан тарж байсан биз?

       -Би 18 настайдаа Төв аймгийн Угтаалцайдам сумын сургуулийн биеийн тамирын багш, хүндийн өргөлтийн спортын мастер, аймгийн заан, уншигчдын өнөө ч хайрлаж, хүндэлж яваа Ж.Гангаатайгаа үерхэж, гэр бүл болсон. Сумынхан хэсэгтээ биднийг ярьдаг байсан ч учрах ёстой учрал, хувь тавиланг минь өөрчилж чадаагүй. Тухайн үед сумынхнаасаа санаа зовсондоо хүүхдийнхээ вакциныг хийлгэж чадахгүй ээждээ өгөөд явуулчихдаг байсан үе бий. Гэхдээ бид биенээ гэх чин үнэнч сэтгэл, мөн чанараа гээлгүй 22 жил хамт амьдарч, гурван сайхан охины аав, ээж болсон. Энэ хувь заяандаа их баярлаж, талархаж  явдаг даа.

-Та биеийн тамирын хичээлд сонирхолтой, спортын арга хэмжээнд оролцдог идэвхтэй хүүхэд байсан юм уу. Та хоёрын харилцаж эхэлсэн түүх юунаас эхлэлтэй юм бэ?

         -Би эрүүл мэндийн шалтгааны улмаас биеийн тамирын хичээлд ордоггүй байсан. Тийм болохоор Ж.Гангаатай төдийлөн таардаггүй байсан гэсэн үг. Харин би сургуулийнхаа сурагчдын зөвлөлийн дарга байсан учраас сонгуульт ажилд идэвхтэй сурагчдын нэг байлаа.

Ж.Гангаа минь дармалаар их сайхан бичдэг байсан болохоор ханын сонин гаргахдаа түүнээс зөвлөгөө авдаг, бичүүлэх шаардлагатай зүйл байвал дармалдуулдаг байсан. Тэгэхээр биднийг тухайн үеийн нийгмийн идэвхтэй ажлууд холбосон гэхэд болно. Удалгүй түүнээс минь захидал ирдэг болж, бид үерхэж эхэлсэн.

Энэ тухайгаа өөрийнхөө хамгийн сайн найздаа ярьтал тэр таньж, мэдэх бүх хүндээ бидний тухай яриад, аль хэдийнэ тараачихсан байсан. Ээж, аав хүртэл намайг Ж.Гангаагаас салгахын тулд хамаатнуудтайгаа ирж байлаа. Намайг аравдугаар ангиа төгсөөд хотод иртэл Ж.Гангаа ирж, уулзахад надад их сайхан санагдаж байсан. Тэр цагаас бидний харилцаа улам бат, бөх болсон гэх үү дээ. Би 18-тай, тэр минь 32 настай байсан үе. Хань минь тэр үед хүндийн өргөлтийн мастер байсан. Би жаахан охин байсан болоод ч тэр үү түүгээр нь их бахархаж, “Ийм хүнд төмрийг яаж өргөдөг байна аа. Миний хань хорвоогийн хамгийн хүчтэй нь юм байна” гэж итгэж, түүнд өдөр бүр дасаж, дурлаж байсан. Хань минь нэг удаа “Чингис хааны үед олон насны зөрүүтэй хүмүүс гэр бүл болдог байсан. Энэ бол энгийн асуудал. Чи үүнд санаа зовох хэрэггүй. Биднээс царайлаг, ухаантай хүүхдүүд төрнө. Чи өөрийнхөө хүссэнээр амьдрах хэрэгтэй” гэж байсан нь миний олон эргэлзээг тайлж, ухааруулсан. Ж.Гангаа минь зургаа, долдугаар ангиас биеийн тамирын хичээл ордог байсан болохоор түүнийг анхандаа багш гэдэг үүднээс л хардаг байлаа. Гэхдээ нүдэнд дулаахан, царайлаг, сайхан хүн шиг санагддаг байж билээ. Бид хоёр насны зөрүүтэй ч  царай төрхөөрөө ер ялгардаггүй байсан. Үеийнхэн минь ч биднийг тэгж өхөөрддөг байсан сан.

-МИНИЙ НАСАН ТУРШИЙН ГАНГАРАА БОЛ ХАНЬ МИНЬ ШҮҮ ДЭЭ-

-Таныг багштайгаа гэрлэж, хүүхэдтэй болсон гэхээр үеийнхнээс нь эхлүүлээд сумынхан нь тэр аяараа ярьдаг байж. Тэр үед танд буруу сонголт хийчихсэн юм шиг санагдаж байсан уу?

       -Тухайн үед Ж.Гангаа минь сумандаа “од” байсан. Мода болсон малгай, ороолт зүүчихдэг, ганган, сайхан залуу байлаа. Сумынхан тэр аяараа л “Гангаа хэнтэй гэрлэх юм бол” гэж ярьдаг, хүлээдэг байсан үе нь гэх үү дээ. Тийм ч учраас миний охиныг хүмүүс “Гангаагийн хүүхдийг харъя” гэж өнгийж байсан гэдэг. Гэхдээ миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт бол хань минь байсан болохоор эргэлзэж байгаагүй. Би өөрийгөө хамгаас баян үлдсэн гэж боддог. Миний гурван охин бидний амьдралын утга учир. Би тэднээсээ л амьдрах хүч, хорвоогийн хамаг сайхныг мэдэрдэг.

-Та ханийнхаа олон сайхан зан чанараар бахархдаг байх. Энэ удаад та ханийнхаа ямар зан чанарыг илүүтэй үгүйлж, дурсах вэ?

       -Би залуудаа түүний итгэмтгий, хүнд ашиглуулчихдаг занд нь дургүй байсан. Харин одоо түүний итгэмтгий, үнэнч зангаар нь бахархаж явна. Тэр минь “Хүнийг хайрлах, ойлгох, энэрэх сэтгэлтэй байх юм бол болно доо” гэж ярьдаг байлаа. Миний хань бусдыг төдийлөн магтаад байдаггүй, дутагдалтай талыг нь хэнээс ч айхгүй хэлчихдэг байснаараа заримдаа хүний дургүйг хүргэдэг байсан байж мэднэ. Харин амьдралынхаа сүүлийн жилүүдэд надад урмын үг их хэлдэг байсан. Тухайлбал, “Урнаа, чи их сайхан эмэгтэй. Би ийм сайхан ханийгаа ид залуу насанд нь орхиод явах гэж байгаадаа харамсаж байна. Миний химийн эмчилгээ хийлгэж байгаа шалтгаан нь, та хэддээ нэг өдөр ч болтугай  харагдах гэж хичээж байгаа юм. Энэ  бол миний үүрэг. Чи минь дэндүү сайхан болохоор охид минь ч сайхан төрсөн. Та дөрвийгөө би хаана ч сайхан амьдарна гэдэгт итгэдэг” гэж байсан нь намайг үргэлж хурцалдаг. Одоо ч би тэр үгийг нь сэтгэлдээ тээж явдаг.

        Бас бидний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг бол аав, ээж болсон үеүд. Миний амьдрал том охиноо төрүүлсэн  өдрөөс л эхэлсэн гэж боддог. Тэр үед хүүхдээ уйлахад нь дагаж уйлаад л суудаг байлаа шүү дээ. Хань минь гурван охиныхоо нэрийг өөрөө өгсөн. Бага охиныхоо нэрийг бүр долоо хоног бодож байж өгч байгаа юм.

Харин ханийг минь эх барьсан эмч нь охин гэж бодоод Шүрэнцэцэг гэж нэр өгсөн гэдэг. Харин гэрийнхэн нь түүнийг өхөөрдөөд Ж.Гангаа гэж дууддаг болсон юм билээ. Тэгээд сургуульд орох жилээ “Намайг Гангаа гэж нэрлээрэй. Би ганган Гангаа шүү” гэж байгаад Ж.Гангаа нэрээрээ бүртгүүлж байсан гэдэг. Хүний амьдралын бахархал гэр бүл, үр хүүхэд л байдаг. Миний насан туршийн гангараа бол хань минь шүү дээ. 

-Таны ханьдаа зориулж хийсэн хамгийн сайхан ажлын нэг бол “Цагаан гэгээ...” ном шүү дээ. Та номынхоо нэрийг хэрхэн өгсөн тухай ярьж өгөөч?

       -2016 онд ханийнхаа номыг гаргахаар зориг шулуудаж, номынх нь зургийг Ч.Хүрэлбаатар ахаар зуруулахаар Урчуудын эвлэл дээр очтол “Би удахгүй гадаад явах гэж байгаа. Тэгэхээр зурж амжихгүй нь.

Чи номынхоо нэрийг бодсон уу. Гэрэл, гэгээтэй сайхан нэр өгөөрэй” гэж зөвлөсөн юм. Тэгээд би Ч.Хүрэлбаатар ахын өрөөнөөс гарч, хоёрхон шатаар бууж байхдаа л “Цагаан гэгээ...” гэх нэрийг олсон.

 Номынхоо нэрийг олчихоод бууж явтал Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа гуайтай таардаг юм байна. Тэрбээр “Миний охин юу хийж яваа юм. Зураг зуруулах гэж байгаа бол манай урлангаар ор” гэхэд нь ханийнхаа номыг гаргах гэж байгаа тухайгаа хэлтэл номынх нь зургийг зурж өгөхөөр болсон. Цаг нь болсон болоод ч тэр үү ханийн минь ном  амархан бүтсэн. Би тэр үед Хүрлээ ахтай уулзаагүй бол цагаан гэх үгийг олохгүй байсан. Миний охидыг Г.Сарангэрэл, Г.Сайнгэрэл, Г.Азгэрэл гэдэг. Миний сэтгэлд гэрэл, гэгээ гэсэн үг охидтой минь хамт үргэлж байдаг болохоор “Цагаан гэгээ...” гээд гурван цэгтэй өгчих юм бол дуусашгүй, төгсөхгүйг бэлгэдэх юм байна гэж бодож өгсөн. Тухайн үед “Ном хэвлүүлж яадаг юм. Яруу найргын нэр шиг юун “Цагаан гэгээ вэ” гэж дооглож, доромжилж байсан хүмүүс ч бий. Гэхдээ би бууж өгөөгүй.  Түүнийхээ  бүтээлүүдийг эмхэтгэн 1500 ширхэг хэвлүүлж, ойр дотнын хүмүүстээ бэлэглэж, номынх нь баярыг сайхан тэмдэглэсэн. Одоо надад 50 орчим нь л үлдсэн байна лээ. Ж.Гангаа минь яг л миний аав шиг байсан болохоор түүнээсээ ихийг сурсан. Номыг нь хэвлүүлснээс хойш олон хүн түүний бүтээлийг унших дуртайг мэдэрч, дахин бахархаж байлаа. Тэр ном намайг олон сайхан хүмүүстэй уулзуулсан. Би “Өдрийн сонин” дээр зар тавьж, хөдөө орон нутгийн унаанд хүртэл тавьж өгөөд явуулдаг байсан. Гудамжаар “Өдрийн сонин” барьчихсан хүн таарвал “Та Өдрийн сонинг хэдэн жил уншиж байгаа вэ” гэж асууж Гангаагийн материалуудыг уншиж байсан хүн үү, үгүй юү гэдгийг мэддэг. Харин олон жил сонин уншсан байж мэдэх настай хүн байвал “Та Гангаа сэтгүүлчийг таних уу” гэж асуудаг байлаа. Тэгээд уншигчдыг “Мэдэхээр барах уу даа...” гэхэд нь нүд сэргээд л  “Би гэр бүлийнх нь хүн байгаа юм” гэх дээр зарим нь итгэдэггүй. Гэсэн ч би “Ханийнхаа бүтээлүүдээр ном хийсэн. Та уншаагүй бол бэлэглэе” гэж дагаж гүйдэг, холбогдох дугаарыг нь авч, хүргэж өгдөг байсан. Тэр ном намайг “Цагаан гэгээ...”-гийн Урнаа гэх хочтой болгосон байсан. Хань минь үгүй болчихоор бүтээлийг нь уншдаг уншигчийг хүртэл хань татдаг юм билээ.

-Таны хань сэтгүүл зүйн салбарт аян замын тэмдэглэл, “Цагаан гэгээ...” номоороо алдартай шүү дээ. Нийтлэл, тэмдэглэл бүрдээ Монголын сайхныг онцолж харуулдаг, нутаг амьтай хүн шиг санагддаг. Энэ бүхэн төрсөн нутагтай нь холбоотой юм болов уу?

       -Монголд хэд хэдэн Хан уул бий. Түүний нэг Хүүлэй хан уул. Хань минь Хүүлэй ханын өвөрт төрж, өссөн. Түүнийг төрөхөд Хүүлэй хан уулын оройд багадаа 20-30 ламтай  хэд хэдэн хийд байсан гэж ярьдаг. Хүүлэй ханын өвөрт байрлах Борхужир Монголын хамгийн сайн үржил шимт хөрстэй нутагт тооцогддог. Ханийн минь эх орноо хайрлах сэтгэл нь тийм сайхан нутагт төрж, өссөнтэй холбоотой болов уу гэж боддог. Тийм болохоор аав, ээж минь ч урт удаан насласан.

Хүүлэй хан гэж дөрвөн талаараа модоор хүрээлэгдсэн сайхан хайрхан бий. Дотор, элэг, цөсөнд сайн гэгдэх гурван сайхан рашаан байдаг. Ж.Мягмарсүрэн ахын зохиосон “Хүүлэй хан” гэж сайхан дуу бий. Хань минь бурхан болохоосоос өмнө “Сайхан нутагтаа оршиж, шингэмээр байна” гэж бидэнд захиж байсан. Нутаг усандаа дэндүү хайртай байсан болохоор тэр байх. Бас бороо, цасанд их дуртай.

“Тэнгэрээс хур орно гэдэг бол биднийг шагнаж байна гэсэн үг” гэж бэлгэшээдэг байсан. Би бас бороо, цасанд дуртай. Том охин нь аавдаа зориулж “Хур ороход ихэд баясдаг аав минь борооны дусал, цасан ширхэгийн тоогоор таны минь буян дэлгэрч охидынхоо сэтгэлд мандсан нар, бадарсан гал нь байх болно. Бид таны үргэлжлэл” гэж бичсэн байдаг. Тэр минь шөнө дөлөөр бороо, цас аль нь ч орж байсан биднийг сэрээгээр “Гадаа бороо орж байна эсвэл цас орж байна. Би гарлаа” гээд охидоо дагуулаад гардаг байсан. Тэгээд хувцсаа нортол хамт алхаж байгаад орж ирдэг байж билээ.

-Сэтгүүлчээрээ ажиллаж байхдаа хөдөө орон нутгаар, гадаад руу томилолтоор их явдаг байсан гэдэг. Ийш, тийшээ явахад нь та хэр санаа зовдог байсан бэ?

       -Би ханийгаа хаашаа ч томилолтоор явсан санаа зовдоггүй байсан. Гэхдээ 10 гаруй хоногоор явахад нь санана. Хажууд байхад нь “Битгий тамхи татаад бай” гэдэг мөртлөө томилолтоор явахаар нь тамхиных нь үнэрийг санадаг байсан. Тэгээд ирэхэд нь “Сайн явж ирсэн үү. Тамхи тат, тамхиа тат” гээд үнснийх нь савыг дөхүүлж өгдөг байлаа. Бурхан болсноос нь хойш ханийгаа их зүүдлэх юм аа. Номыг нь хэвлүүлэхээс өмнө тэр зүүдэнд орж, надад их сайхан үг хэлж билээ. Тэгж байж би сэргэж эхэлсэн шүү дээ. Заримдаа шийдвэр гаргаж чадахгүй байхад ч юм уу, хэцүү үед зүүдэнд ирж бүтэхгүй байгаа ажлын минь гаргалгааг хэлдэг. Зүүд учраас заримыг нь би санадаггүй. 

ХАНИЙГ МИНЬ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ААВ, ЭЭЖДЭЭ, НУТАГ, УСАНДАА ТАЛАРХАЖ АМЬДАРДАГ

-Та ээжийн үүргийг сайн биелүүлэхээр гэр бүлийнхэндээ илүүтэй анхаардаг байв уу?

      -Би Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул. Миний аав, ээж намайг 15 настайдаа төрүүлсэн болохоор би өөрийгөө цог, золбоотой төрсөн гэж боддог. Манай нутгийнхан ээжийг минь том Наранцэцэг гэдгээр нь илүүтэй мэднэ. Ээж минь бодь их сайхан хүн бий. Би “Цагаан лавай” гэх багшийн сургууль төгсөөд Удирдлагын академийг удирдлагын менежер мэргэжлээр сурч, төгссөн. Би өөрийгөө ээжийн, эхнэрийн үүргийг хангалттай гүйцэтгэсэн гэж боддог. Хоёр том охин минь гадаадад ажиллаж, амьдардаг. Би бага охинтойгоо Монголд амьдарч байна.

     Би өвөө, эмээтэйгээ өссөн айлын том охин болохоор зөөлөн зантай, аливааг хүлээцтэй сонсдог, хүмүүжилтэй хүүхэд байсан. Би ханийнхаа тухай ярихдаа хадам ээжийгээ заавал яримаар санагддаг. 18-хан настай, нөхөртөө хөтлүүлээд ороход хадам ээж минь намайг “Дээшээ суу, цай уу” гэж хүндэлж, дайлж билээ. Тэгээд “За Гангаа, дагуулж ирсэн охиноор чинь хуушуур хийлгэнэ ээ” гэдэг байгаа. Тэгэхэд би хуушуур битгий хэл мах ч олигтой татаж чадахгүй нөхөр байсан гээд л бод. Миний санаа зовж байгаа гэж жигтэйхэн. Ж.Гангааг “Хамт гаръя” гэж гуйж байгаад “Би мах татаж чадахгүй. Гурил муухан зуурчих байх. Гэхдээ хатуу зуурчих вий гэж айж байна” гэтэл “Зүгээр ээ, зүгээр. Би ээжийн хий гэсэн болгоныг нь чиний өмнөөс хийнэ. Харин чи надад туслаарай” гэж билээ.

Тэгээд хадмынхтайгаа хоёр жил айл өвөлжихдөө би маш ихийг сурсан. Аргалын авдар, усны саваа хоосон байлгаж болохгүй, гэрийн эзэн болон зочиддоо цай, хоолыг дүүрэн аягалж өгөх ёстой гээд л амьдралд суралцсан. Эхэндээ үнээгээ саачихаад тугалыг нь тавьж өгөөгүй гэж хүртэл загнуулдаг л байлаа. Тэр болгонд нь Гангаад эрхэлж, “Би явлаа” гэдэг байсан ч хань минь намайг зөвөөр ойлгож, аргадаж байсан. Ингэж л хадам ээж минь надад дүүрэн, сайхан амьдрах замыг минь тавьж, засаж өгсөн дөө.

Манай хадмынх газар тариалан эрхэлдэг байсан болохоор хадам аав, ээж минь ажилсаг хүмүүс. Ханийг минь төрүүлж, өсгөсөн аав, ээждээ, нутаг, усандаа талархаж амьдардаг даа.

-Ж.Гангаа сэтгүүлч бичихээс гадна ямар авьяастай, юунд дуртай хүн байсан бэ?

       -Хань минь зурах авьяастай, газар зүйн мэдлэгтэй байсан болохоор биеийн тамирын багш, сэтгүүлч гэдгээр нь төсөөлж болохгүй. Аливаа зүйлд эв дүйтэй, ажилсаг, ухаалаг сайхан эр байсан. Алдарт дуучин П.Адарсүрэнгийн дуунуудад ээж, аав, эх орны сэдэвтэй дуунд  их дуртай байж билээ. Тэгээд  надад бичгийн цаасан дээр машиндаа сонсох дууныхаа нэрийг бичиж өгч, си-ди болгуулж байлаа. Заримыг нь би машиндаа одоо ч сонсдог юм.

-Таны хань их тэсвэр, тэвчээртэй хүн байсан юм шиг ээ?

      -Хань минь 2014 оны арваннэгдүгээр сард өвчний улмаас бурхан болсон. Ханийгаа “Сонгдо” эмнэлэгт үзүүлэхэд “Ходоодны хорт хавдраар өвчлөөд сүүлчийн шатандаа орчихсон байна. 3-6 сарын настай” гэж эмч нь хэлж байсан. Тухайн үед бага охин минь гэдсэнд байсан. Гэхдээ миний хань түүнээс хойш таван жил амьдарсан. Тэр хугацаанд би нэг ч хүнд “Хэцүү байна. Болохгүй байна” гэж хэлж үзээгүй. Нас барахаас нь хоёр өдрийн өмнө би хадам ах нартаа хэлсэн. Тэр хүртэл бид хоёрын хэн ч өвчиндөө ялагдаж, бууж өгөөгүй. Хань минь явахаасаа өмнө ч гэсэн миний сэтгэлийг бэлдэж байсан. Харин бурхан болсных нь дараа жил нь би юу ч хийж чадаагүй. Үнэндээ сэтгэл зүйн байдал тогтворгүй байсан болохоор бусадтай уулзаж, ярилцдаггүй байсан. Харин  2016 оноос хойш би эрч хүчтэй амьдрах ёстой, ханийнхаа төлөө ямар нэгэн зүйл хийх ёстой юм байна гэдгийг ухаарсан. Жаахан гунигласан, гутарсан үедээ түүнийхээ хэлж байсан сайхан үгээр жигүүр хийгээд л амьдарч байна. Хань минь бурхан болоод 10 жил болж байна. Ханийнхаа тухай сайхан дурсамжууд бодохоор, ярихаар сэтгэл эзгүйрээд ч байгаа юм шиг эсвэл бүр дүүрээд ч байгаа юм шиг санагдаж байна” гэсэн юм.

Харин Урнаа эгч ханийгаа санахдаа дуртай дууг нь сонсож, сүрчигийг үнэрлэж, “Өдрийн сонин” уншиж сэтгэлээ сэргээдэг гэсэн юм.

 


СЭТГҮҮЛЧ Ж.ГАНГАА АГСНЫ ГЭРГИЙ Т.УРАНЧИМЭГ: ХАНЬ МИНЬ УРТАЙ БИЧСЭН АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛҮҮДЭЭРЭЭ МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙД ДАРХЛАГДАЖ ҮЛДСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 19
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-14 04:07:16
    Боюунцэцэг : Vvriin 4 stagt unshij mash saihan energe avlaa saiha n hvmvvs bi bas ongo ijil hvn bn.mundag emegtei bn chamdaa saihan bvhniig hvsii ganstaaragiin zovlon hestvv shvv davaal garahaas oor arga alga bdg ym mundag setgel sergelee bvsgui mini
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-07 08:32:47
    Улаан: Тува орноор аялсан аян замын тэмдэглэл нь бараг өөрөө оччихсон явж байгаа санагдтал бичсэн байдаг. Маш сайхан бичдэг байсан . Байнга инээж явдаг зөөлөн сайхан хүн байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 22:03:08
    Ариунаа : Намайг санаж байна уу үг үсэг алдалгүй бүгдийг нь уншлаа нэг сайхан уулзаад сууж байгаа юм шиг байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 19:16:20
    chimgee: Saikhan dursamj
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 18:18:27
    Зочин: Ганчимэг, Гангаа нарыг уншиж таашаал авдаг Өдрийн сонин байсан даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 16:28:44
    Л.Батцэнгэл : Урнаадаа баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 16:28:00
    Л Батцэнгэл : Сайхан хүмүүн байсан даа ах минь. Ургаасай баярлалаа. Хүний дээд ханиа ийн сайхан дурссанд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 16:16:10
    Azgi: Togs
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 16:05:13
    Зочин: Онцгой хүн байсан. Уур омог багатай их энгийн хүн байсан даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 16:00:02
    Shuree: Saihan yariltslaga bolsn bna ehner ni bas sain hun shig sanagdlaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 15:06:17
    Мандах: Бичсэн болгоныг нь уншдаг байлаа. Авьяастай сэтгүүлч байсан даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 14:44:30
    Т. Даваадорж: Эрхэм сайхан ахаасаа ихч юм сурсандаа бусдаас содон төрмөл авяастай оюуны их уурхай байсан да . Эгчдээ болон гурван хөөрхөн дүүдээ сайн сайханы дээдийг хүсэе. Сайхан ярилцлага болжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 14:26:56
    Ангийн анд Отгон.З: Байгалиас заяасан билэг авьяастай эрхэм байсан юм даа. Унаган багын найз минь ... Уран зураг, ялангуяа Морьдын хөдөлгөөн төрх байдлыг гайхалтай сайхан зурдаг, барилдаж ноцолдох үед ерөөсөө унаж өгдөггүй шөрмөслөг хүүхэд байсан нь гоц авьяастай уран бүтээлч, хүндийг өргөгч болох заяагдмал өгөгдлийнх нь зах зух л байсан юм билээ. Хайрт найзыгаа мөнхөд дурсана ...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 13:40:23
    Tuya egch ni : Saihan dursamj bichjee duudee az jargal eruul enhiig eruue
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 13:20:09
    Эрдэнэ сүх : Сайханч сайн хүн байсандаа урнаад энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсьё мундаг бүсгүй шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 11:30:03
    Зочин: Ёстой гоё амьдарч байсан хүн юмаа. Ханиар нь бахархаж байна шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 11:21:03
    Амраа: Тэмдэглэл үүдийг нь амтархан уншдаг байсан. одоо дахиад эхнээс нь уншин аа сэтгэл сэргэтэл сайхан бичдэг юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 10:55:13
    Гэрэл: Сайхан ярилцлага болжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-06 10:36:01
    B: Urnaa egch min mundag emegtei shuu, setgel saitai shan hun. Hund tusarhuu, uurt baigaagaa dandaaa huvaaltsaj busdiig jargaltai bailgah geh hicheedeg. Ahiin min ner hundiig undurt urguj sain yavaa shn emegtei. Dandaa erch hucheer duuren baigaatai. Hairtai shuu
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188