• Өнөөдөр 2024-05-02

Балетчин М.Тэргэл: 13 настайдаа “Щелкунчиг”-ийн Маша гүнжийн дүрд тоглож байлаа

2024-03-04,   243

       УДБЭТ-ийн балетчин М.Тэргэлтэй ярилцлаа. Тэрбээр дэлхийн сонгодог А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийн гол дүр болох Жизелийн дүрд тоглосон билээ. Тус жүжгийн ДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Д.Дашлхагвын шинэчлэн найруулсан юм. Мөн балетчин М.Тэргэл гуравдугаар сарын 2, 3–нд тайзнаа тавих “Хунт нуур” жүжгийн  жижиг хунгийн дүрд тоглохоор бэлтгэлээ базааж байна.

         -Сайн байна уу. А.Аданы “Жизель”-ийн гол дүр болох Жизелийн дүрд тоглосон танд баяр хүргэе. Балетчин бүрийн хүсэж, мөрөөддөг дүрийн нэг бол Жизель шүү дээ. Жизельд тоглохын тулд хэдий хугацаа зарцуулсан бэ?

       -Баярлалаа. Шинэчилсэн найруулгын анхны тавилт тавигдаж эхлээд буюу хоёр жилийн өмнөөс Жизельд тоглохоор бэлдэж эхэлсэн. Урт хугацааны бэлтгэлийн дараа бие бялдар, сэтгэхүйн хувьд бэлэн болчихсон учраас айх айдасгүй тайзан дээр гарч чадсан. Анх тавьж эхлэхэд нь цаг хугацааны эсвэл хувь хүний хувьд бэлэн болоогүй байсан гэж боддог.

-Энэ дүрд бүжиглэснээрээ та хэрхэн өөрчлөгдсөн бол?

   

   -Жизелийн дүрийг бүтээж, тоглосноор бүжигчний хувьд ур чадвар, тэсвэр хатуужил нэмэгдсэн. Хичээнгүй байдал өмнөхөөсөө илүү болсон.

-Дүрийн онцлогийг та өөрийнхөөрөө хэрхэн илэрхийлсэн гэж бодож байна вэ. Шинэчилсэн найруулгын хувьд өөрчлөгдсөн зүйл бий юү?

         -Жизель бол хайр мөнх гэдгийг харуулсан, онцлогтой дүр. Тиймээс ч Жизель гэх эмэгтэйн дүрээр тайзан дээр гарахад тухайн дүрийн уйтгар гуниг, баяр хөөрийг нь бодох шаардлагагүй шууд мэдрээд, хөглөгдчихдөг юм шиг санагддаг.

 Шинэчилсэн найруулгын тухайд жүжгийн агуулга бол өөрчлөгдөөгүй. Харин драматик хэсгүүд нэмэгдэж, бүжгийн техникүүд нь ахисан түвшинд очсон. Мөн бүжгийн давхцалууд нь нэмэгдэж, тайз засалт, хувцас хэрэгслүүдээ шинэчилсэн.

-Та 13 настайдаа “Щелкунчик”-ийн Маша гүнжийн дүрд тоглож байсан гэсэн. Энэ таны анхны том тайз байсан уу. Тухайн үед танд ямар мэдрэмж төрсөн бэ?

       -Тухайн үед хүүхэд байсан болохоор их л баярлаж байснаас биш дүрдээ хэрхэн орж, дүрээ хэрхэн бүтээх вэ гэдгийг анзаарч байгаагүй юм шиг байгаа юм. Алдартай бүжгэн жүжгийн гол дүрд тоглож байна гэхээс илүү анх удаа тайзан дээр гарч үзсэндээ баярлаж байсан. Багш нарынхаа урмын үгийг сонсож, хүмүүс алаг ташихаар баярлаж хөөрсөөр өнгөрүүлсэн. “Щелкунчик” жүжиг хүүхдүүдэд инээд хөөр авчирдаг. Тийм ч учраас маш аз жаргалтай байсан.

Харин одоо бол хайр, дурлал, үхэл хагацал зэргийг харуулсан дүрүүдэд ажиллаж байгаа болохоор бодох, мэдрэх зүйл нь ч өөр болсон. Мэдээж ур чадварын хувьд ахисан, дахиад ч суралцаж явна.

-Та багаасаа бүжгийн урлагт сонирхолтой байсан уу. Таныг урлагт ороход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

       -Би айлын хоёр дахь хүүхэд. Гэхдээ Дорнод аймагт эмээ, өвөөтэйгөө өссөн учраас  айлын ганц охин шиг эрх дураараа өссөн. Би балетчин болно гэж бодож байгаагүй. Бага байхдаа балет бүжиглэдэг хүүхэлдэйн кино их үздэг байсан. Тийм болохоор дуурайж бүжиглэдэг байсан. Ингээд 10 настайдаа Улаанбаатар хотод ирж, Монгол Улсын Консерваторын балетын жүжигчний ангид суралцаж эхэлсэн юм.

Тухайн үед өвөө, эмээ минь хөдөө байсан учраас намайг сургуулийн дотуур байранд үлдээж байлаа. Эхэндээ шантрах үе их байсан. Эмээ, өвөө хоёр минь намайг ойр ойрхон эргэж ирнэ. Долоо хоногт бараг тав, зургаан удаа ирнэ. Тэгээд би уйлаад “Хэцүү байна” гэсэн ч дуртай мэргэжлээсээ больж чадахгүй, хичээсээр өнөөдрийг хүрсэн.

 Манай гэрийнхэнд урлагийн хүн байхгүй ч урлагт хайртай, урлагийн өндөр мэдрэмжтэй гэж боддог. Тиймдээ ч миний хүсэл мөрөөдлийг анхнаасаа дэмжиж “Балетчин болно” гэхэд маш уриалгахнаар хүлээж авсан. Хөл гарын шөрмөс татвал барьж өгөх, шалбархайг маань үлээж өгөх гээд ямар ч хэцүү зүйл болсон хамт байж, урмын үгээр босгож, хайрлаж ирсэн. Энэ ч надад шантарч, ухарч болохгүй юм байна гэдгийг ойлгуулсан байж мэдэх юм.

       Ингээд 2017 онд Монгол Улсын Консерваторыг бүжигчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд УДБЭТ-т ажиллаж, тасралтгүй долоон жил энд бүжигчнээр ажилласан байна. Энэ хугацаанд олон бүжгэн жүжгийн гол болон туслах дүр бүтээжээ. Сургуулиа төгсөөд удаагүй байхдаа “Дэггүй Лиз” хошин балетад гоцолж бүжиглэж  байлаа. Мөн “Коппелия”, “Хунт нуур”-ийн дөрвөн жижиг хунгийн дүр бүтээж байсан. Харин 2021 онд би хөлөө гэмтээгээд, шинэ хүнээ өлгийдэж авсан учраас тайзан дээр гаралгүй хэсэг удсан. 2022 оноос бүжгийн бэлтгэлдээ дахин орж, тайзан дээр гарсан. Ингээд төрсний дараах том жүжигт гол дүрээр ажилласан нь “Жизель”-ийн дүр байсан.

-Та гэр бүлийнхэндээ юм уу, хайртай дотнын хүндээ зориулж бүжиглэж байсан уу?

       -Гэр бүлийн хүн маань мөн адил Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчин байгаа юм. “Жизель”-ийг ээж, эгч хоёр минь үзэгчдийн суудлаас үзсэн. “Охиныгоо хараад хамт баярлаж, хамт уйлж, сэтгэл хөдлөл өндөртэй үзсэн” гэж хэлж байна лээ.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

       -Чөлөөт цагаараа өөрийнхөө бэлтгэлийн хувцас, хэрэгслээ угаах, хөл гараа эмчлэх, массаж хийх, дүрийн судалгаа хийх  гээд урлаг руугаа л чиглээд явж байдаг. Гэхдээ аль болох илүү цагаа гэр бүлийнхэндээ зориулахыг хичээдэг.

-Таны бүтээж байсан дүрүүдээс хамгийн их тэвчээр, ур чадвар шаардсан  дүр хэн байв?

         -Жизель хамгийн том балет, ур чадвар шаардсан дүр байсан. Багш нар маань “Хайрыг хүмүүст хүргэх ёстой” гэж хэлж байсан. Гэхдээ “Эхлээд өөрөө хайрыг мэдрээд дараа нь тэр хайр гэдэг нь гайхалтай мөнх юм байна” гэдгийг үзэгчдэд мэдрүүлэх, ойлгуулах хэрэгтэй гэж зөвлөсөн.

-Таны хамгийн хайртай мөн чамлалттай санагддаг дүр юу вэ?

         -Дахиад л “Жизель” гэж хэлмээр байна. Хамгийн хоногшсон, хайрыг мэдрүүлсэн хайртай дүр юм. Цаашлаад илүү мэрийх, өөрийгөө чамлах ёстой гэдгийг ойлгуулж ухааруулсан дүр юм шүү дээ.

-Жүжигчин, бүжигчин бүрд тоглож үзэх юм сан гэж мөрөөдөг, хүсдэг дүр байдаг шүү дээ. Танд тийм дүр бий юү?

        -“Хунт нуур”-ын хар, цагаан хунд тоглохыг хүсдэг. Бараг бүжигчин болгоны мөрөөдөл байж магад.  Энэ дүрд тоглохыг төлөө хичээж явна.

-Балетын урлагт үлгэр жишээ авах олон гайхалтай хүн байгаа байх. Харин үлгэр жишээ авдаг бүжигчин хэн бэ?

       -МУГЖ О.Анужин эгчийн хөдөлмөрч зан, мэрийлттэй байдлаас үлгэр жишээ авч суралцдаг. Мөн МУГЖ Б.Саруул эгчийнхээ бүжиглэж байгаа мэдрэмж, биеэ авч явж байгаа байдал, жүжигт хандаж байгаа байдлаас нь авахуулаад урам зориг авдаг. МУГЖ Г.Цолмон багшаасаа зааж сургасан бүх зөвлөгөө, ур чадварын сурч, одоогийн би болтлоо өөрчлөгдсөн. Хүндэлж, хайрлаж явдаг багш нарын нэг бол Г.Цолмон багш юм.

-Балет сурахад хүний биед олон янзын өөрчлөлт гардаг болов уу. Таны хувьд хөл, гар цэврүүтэх, нуруу өвдөг зэрэг бүхий л бэрхшээл тулгарч байсан байх. Балетаар хичээллэхээр сонирхож байгаа хүүхдүүдэд юу зөвлөх вэ?

         -Мэргэжлийн бүжигчин болно гэж бодож байвал суурийг нь сайн тавьж өгөх багшаа зөв сонгох, цаашлаад шаардлага хангасан орчныг харах хэрэгтэй. Мөн гэр бүлийн дэмжлэг, тухайн хүний өөрийнх нь хүсэл тэмүүлэл, тууштай байдал байна. Хамгийн чухал нь багшаа л зөв сонгох юм. Хөл, гар цэврүүтэх нь бүр дараагийн асуудал юм. Хэдий хэцүү байсан ч бид нар тэрэндээ дуртай байдаг. Тиймээс балет гэх мэргэжилдээ хайртай байх хэрэгтэй шүү.

-Балетаар хичээллэхэд тэсвэр, тэвчээр шаардахаас гадна хувь хүний зан чанар чухал нөлөөлдөг болов уу гэж боддог. Шантарч, ядрах үе цөөнгүй байдаг болов уу. Тэр бүрд өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

       -Өөрийнхөө хүссэн хэмжээнд бэлтгэлээ хийж чадаагүй, сэтгэл санаа муу үед хүүхдээ хараад л зүгээр болчихдог. Хүүгийнхээ төлөө 1000 дахин бэлтгэл хийж чадах урам зориг, эрч хүчийг хүүгээсээ авдаг.

-Тайзан дээр гарахаасаа өмнө өөрийгөө хэрхэн бэлддэг вэ. Сэтгэл зүй таагүй, хүнд үедээ тайзан дээр гарч байв уу?

-Манай театрын нэг онцлог нь таван цагт тоглолт эхэлнэ гэсэн бол яг цагтаа эхэлдэг. Эхлэх цаг болсон л бол хөгжим тоглоод, хөшиг нээгдэнэ. Тийм болохоор эхлэх цагаасаа таван цагийн өмнөөс өөрийгөө бэлдэж эхэлдэг. Дасгал хөдөлгөөн хийж биеэ халаахаас эхлээд хувцас, гаднах үзэмждээ анхаарч эртнээс бэлдэнэ.

Сэтгэл зүй ямар ч байсан тайзан дээр гарахдаа тэр бүх зүйлээ мартаж гардаг. Учир нь бүжиг, жүжиг байх ёстой хэмжээ, шаардлагадаа байхгүй бол үзэгчид тэр хүний сэтгэл санаа таагүй байна гэж харахгүй. Харин алдаа гаргачихлаа л гэж харна. Тиймээс сэтгэл зүйн асуудлаа бүгдийг нь орхиод л тайзан дээр инээгээд л гарах ёстой. Хийх ёстой юм аа хийх л хэрэгтэй гэсэн сэтгэхүйг багаас маань суулгаж өгсөн. Багш, найруулагчийн үг их чухал нөлөөтэй байдаг.

-Сонгодог урлаг тэр дундаа балет үзэхэд хүний сэтгэхүй, урлагаас авах мэдрэмж хэрхэн өөрчлөгддөг вэ?

       -Сонгодог урлаг бол урлагийн дотроосоо хамгийн шилмэл, гоц нь юм. Урлаг гэдэг нь хүнийг соён гэгээрүүлж, ухааруулж, сэтгэл санааг нь цэлмүүлж, сайхан хайрыг мэдрүүлж, гоо сайхныг тэлж, тэжээж байдаг. УДБЭТ-т балет, жүжиг гэх мэт сонгодог урлаг  үзэх гэж ирж байгаа хүн өөрийнхөө гадаад үзэмж гоо сайхандаа анхаарч, харилцаа хандлага, сэтгэл санаагаа бэлдэж ирдэг. Учир нь театрын хаалгаар орж ирэхэд л архитектур, зураг, тайз засалт, жүжиг, бүжгийн агуулгыг мэдэрч, театрыг болон тоглолт үзүүлж байгаа хүмүүсийг нь хүндлэхэд оршдог.

-Та балетыг өөрийнхөөрөө хэрхэн тодорхойлох вэ?

          -Балет бол миний амь амьдрал. Тийм учраас хүмүүст хайр, гоо сайхныг мэдрүүлдэг гайхалтай урлаг гэж тодорхойлно. Монголын балетын урлагийн өчүүхэн нэг хэсэг нь болж, оролцож байгаадаа маш их талархаж явдаг. Тайзан дээрх хугацаанд тухайн дүрээр л амьсгалж эхэлдэг. Тийм болохоор тайзан дээр гараад би Тэргэл биш болчихдог.

-Таны цаашдын зорилго, мөрөөдөл юу вэ?

            -Урын сангаа өргөжүүлэх, гайхалтай жүжгүүдийн дүрийг бүтээх, хөгжих юм. Бэлтгэл, санаагаа бэлдэж, гэмтэл бэртэлгүйгээр олон  удаа тайзан дээр гарч, арвин их дүрүүдийг бүтээж өндөр түвшний балетчин болох зорилготой.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Б.Хонгорзул


Балетчин М.Тэргэл: 13 настайдаа “Щелкунчиг”-ийн Маша гүнжийн дүрд тоглож байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188