• Өнөөдөр 2024-05-02

Ц.ШИЙРЭВДОРЖ: АНГИЙНХАН МИНЬ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ҮРЧЛЭЭНИЙ ЭСРЭГ ТОС АВСАН ГЭДЭГ ШИГЭЭ ГОЁ БИЧЛЭГ ХИЙЖ, ХҮМҮҮСИЙГ ИНЭЭЛГЭЕ ГЭЭД ГУЙГААД БАЙГАА

2024-03-04,   719

      Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Нэгдүгээр сургуулийн 8в ангийн сурагчид "Үрчлээний эсрэг тос авсан" хэмээн багшийгаа хуурсан бичлэг олон нийтийн сүлжээнд эерэг хандлага түгээж байгаа. Тодруулбал, “Багш нь ямар залуухан юм бэ. Сурагчид нь хөгшин харагдаж байна” гэх сэтгэгдэлүүдээс болоод сурагчид нь "500 мянган төгрөгөөр үрчлээний эсрэг тос авсан" гэх хөгжилтэй бичлэг хийжээ. Бид тус ангийн багш Ц.Шийрэвдоржтой ангийнхнийх нь талаар ярилцлаа.

-Танай ангийнхны үрчлээний эсрэг тос авсан гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, эерэг сэтгэгдэл, хандлагуудыг бий болголоо. Ямар зорилгоор тус бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан бэ?

       -Манай сургуулийн наймдугаар ангийн багш нар хаврын сургалтын хөтөлбөртөө олон нийтийн сүлжээнд эерэг хандлага түгээх бичлэг хийж, хүмүүст хүргэе гэж ярьсан юм. Үүний хүрээнд манай ангийнхан "Ву хийвэл зүгээр вэ" гэж ярилцаж байсан. Тэгээд надад медаль зүүж өгч байгаа бичлэгийг нь би олон нийтийн сүлжээнд байршуулчихсан юм. Гэтэл хүмүүс “Багш нь ямар залуухан юм бэ. Яг хүүхэд шиг байна. Сурагчид нь бараг хөгшин харагдаж байна” гэх сэтгэгдэл ирсэн байсан. Тэдгээрийг ангийнхан минь групп чат дээр ярилцаж, инээлдэж байгаад үрчлээний эсрэг тос авчирч байгаад бичлэг хийхээр болцгоосон. Тэгээд манай ангийнхан ээж, эмээ нарынхаа хэрэглэдэг үрчлээний эсрэг тосыг аваад ирчихсэн байхаар нь би тус бичлэгийг хийхийг зөвшөөрсөн юм. Түүнээс биш манай ангийнхан 500 мянган төгрөгөөр үрчлээний эсрэг тос аваагүй. Бид ярилцаж байгаад тус бичлэгийг хийж, олон нийтийн сүлжээнд тавьсан гэсэн үг. Ангийнхан минь бичлэгээ өөрсдөө эвлүүлж хийсэн. 

-Танай ангийнхны бичлэгийг олон хүн үзэж, сэтгэгдэл үлдээсэн байсан. Сурагчид нь хэрхэн хүлээж авсан бэ?

     -Тус бичлэгийг олон хүн шэйрлэж, сайтууд пэйж дээрээ тавьж, үзэлт нь огцом өсөхөд манай ангийнхан гайхаж, "Буруу юм хийчихсэн байх вий" гэж санаа нь зовж байсан. Тэгээд оройхондоо бүгд баяртай хүлээж аваад, сэтгэгдэлүүдийг нь уншиж, инээлдэж байсан нь хөөрхөн санагдсан. Тэгээд бид хоёрдугаар хэсгээ хийж, дахин олон нийтийн сүлжээнд байршуулсан. Тус бичлэгт намайг оролцсонд хүүхдүүд их баяртай байгаа.  

-Тус бичлэгт гуравдугаар хэсэг гэж бий юү?

     -Хүүхдүүд минь үрчлээний эсрэг тос авсан гэдэг шигээ гоё бичлэг хийж, хүмүүсийг инээлгэе гэж гуйгаад байгаа. Дахин бичлэг хийх эсэхийг одоохондоо мэдэхгүй байна. 

-Дээрх бичлэгийн хүрээнд танай ангийнханд өсвөр насныхны арьсны асуудлыг шийдэх органик бүтээгдэхүүн бэлэглэхээр болсон байсан. Бүтээгдэхүүнээ авсан уу?

    -Манай ангийнханд 1.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн бэлэглэнэ гэсэн. Одоохондоо бүтээгдэхүүнээ аваагүй байгаа. 

-Та хэдэн жил багшилж байна вэ. Хүүхдүүдтэйгээ илэн далангүй нээлттэй харилцдаг юм шиг санагдсан, бичлэгээс үзэхэд. Энэ нь таны багшлах арга барилын нэг хэлбэр гэж ойлгож болох уу?

     -Би дөрөв дэх жилээ багшилж байна. Өөрийнхөө суралцаж байсан сургуульдаа болон хичээл зааж байсан багш нартайгаа ажиллах үнэхээр сайхан байдаг. Би хүүхдүүдтэйгээ яг л найз шиг нь харилцаж, хөгжилдөж явдаг. Харин хичээл заах үедээ болон багшийн хувьд хэлэх шаардлагатай зүйлээ хэлдэг. Хичээлийн бус цагаар тэдний асуудлыг сонсож, ярилцаж, зөвлөж өгдөг. Хүүхдүүдээ өөрсдийгөө илэрхийлэх, олон нийтийн дунд биеэ зөв авч явах чадвартай болоосой гэсэндээ илэн далангуй харилцдаг. Зарим эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ илэн далангуй байлаа гэж дургүйцдэг бол зарим нь баяртайгаар хүлээж авдаг.

-Суралцаж байсан сургуульдаа болон хичээл зааж байсан багш нартайгаа нэг сургууль ажиллахад ямар мэдрэмж төрдөг вэ. Багш нараасаа зөвлөгөө авах үе бий юү?

      -Төрөлх сургуульдаа багшаар ажиллана гэдэг үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэг. Багш мэргэжлийн хамгийн сайхан нь хүүхдүүдтэйгээ харилцах байдаг. Мэдээж багш нараасаа зөвлөгөө авдаг. Надад хичээл зааж байсан багш нар манай ангийнханд хичээл орж байгаа нь бүр сайхан санагддаг юм. 

-Багшаар ажиллах төсөөлж байснаас өөр байна уу?

    -Би бага ангийн сурагч байхдаа багш болно гэж мөрөөддөг байсан юм. Тэр нь манай ангийн багштай бас холбоотой. Би МУБИС-ийг 2020 онд математик, мэдээлэл зүйн багшаар төгсөж, сургуульдаа багшилж байгаадаа баярладаг. 

-Та ангийнхныхаа амжилтаас манай сайтын уншигчдад ярьж өгөөч? 

      -Би хүүхдүүдтэйгээ илэн далангуй байхаас гадна нийгмийн идэвхтэй бүхий л арга хэмжээнд оролцдог байгаасай гэж хүсдэг. Тийм болохоор бүгдийг нь спортоор хичээллүүлэх, олимпиадад бэлдэх зэргээр хөгжүүлдэг. Манай анги математикийн гүнзгүүрүүлсэн сургалттай анги болохоор хоёр, гурван хүүхэд жил бүрийн олимпиадад амжилттай сайн оролцдог. Мөн үндэсний бичгээр ангиараа манлайлдаг авьяас, чадвартай хүүхдүүд бий. 

Ц.ШИЙРЭВДОРЖ: АНГИЙНХАН МИНЬ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ҮРЧЛЭЭНИЙ ЭСРЭГ ТОС АВСАН ГЭДЭГ ШИГЭЭ ГОЁ БИЧЛЭГ ХИЙЖ, ХҮМҮҮСИЙГ ИНЭЭЛГЭЕ ГЭЭД ГУЙГААД БАЙГАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-04 14:32:38
    Zochin: Дахин, ойрхон бичлэг хийх дэмий. Юм олон болохоороо, хэмжээ нь хэтрэхээрээ дэмий . Зохимол гэдэг нь мэдэгдээд ирэхээр зарим хүмүүсийн сэтгэгдэл өөрчлөгдөж болзошгүй. Монголчууд хүнийг огцом өргөсөн шигээ огцом бас элдвээр хэлж эхэлдэг. Барьцгүй хүмүүс. Хөөрхөн хүүхдүүдийг эмзэглүүлж ч мэднэ . Иймд маш хашир, бодолтой бай. Багш ч сурагчид гэнэн цайлган хөөрхөн үедээ байна. Гэвч нийгэмд дан сайн хүмүүс байдаггүй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-04 07:28:16
    Эрч: Хөөрхөн үүд Сурлагын өндөр амжилт хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188