• Өнөөдөр 2024-05-03

ДАНЗАНГИЙН НЯМСҮРЭН ГУАЙН ХӨШӨӨГ УРЛАСАН ЗУРААЧ, УРАН БАРИМАЛЧ Ж.ДҮҮРЭНТӨГСИЙН ДҮҮ Ж.БАТБИЛЭГ: АХ МИНЬ МОНГОЛЫН СОР БОЛСОН ХӨШӨӨ, ДУРСГАЛУУДЫГ ЧИН СЭТГЭЛ, АВЬЯАС, УР, ХӨДӨЛМӨРӨӨ ШИНГЭЭН БҮТЭЭСЭН ДЭЭ

2024-02-18,   2600

               Ж.Дүүрэнтөгс гэж гайхалтай авьяастай барималч, зураач бидний дунд даруухнаар аж төрж байлаа. Тал нутаг шигээ тэнүүн сэтгэдэг  нэрт  барималч, зураач  бурхан зүг одоод хэдхэн сар болж байна. Хэдийгээр түүний бие  үгүй болсон ч бүтээл нь түүнийг үеийн үед мөнхжүүлэх нь тодорхой юм. Бүтээлүүдээс нь ганцхан жишээ татахад, тэрээр Эрээнцавын их найрагч Данзангийн Нямсүрэн гуайн хөшөөг ямар сайхан урласан гэж санана. Хуучин модон тэрэгний арал түшиж зогсоод шувууны үүрэнд байх гурван алтан өндгийг харж байгаагаар их найрагчийг бүтээсэн нь яг л амьд мэт. Өмссөн дээлнийх нь хуниас, үснийх нь ширхэгүүд, хуруу, гарных нь үрчлээ гээд нарийн ур, далдын авьяасаар “төрсөн” баримал гэдгийг үзсэн бүхэн шагшин хэлдэг билээ.

              Түүнчлэн тэрээр аавынхаа эхлүүлсэн санааг гүйцээж, Сүхбаатар аймгийн Гангын овооны энгэрт байх Тоорой бандийн хөшөөг  “Монгол эр хүн ийм л байдаг болов уу” гэмээр шанаа түүш, харц эрэмгий урласан байдаг. Түүний энэ мэт олон бүтээлийг гадаад, дотоодын урлаг судлаачид “Дэлхийн шилдэг баримлуудтай ур дүй, сэтгэлгээний хувьд эн тэнцэх бүтээлүүд” хэмээн  үнэлсэн нь цөөнгүй.

             Бид Баянгол дүүргийн Модны хоёрын зам дагуух саарал байшингийн хоёр давхарт байх зураач, барималч Ж.Дүүрэнтөгс агсны урланг зорьж очлоо. Зураачийн амьд ахуйд зочдын хөл тасардаггүй асан энэ өрөө өдгөө аниргүйд автаж, түүний эдлэж, хэрэглэж байсан зүйлс нам гүмд оршино. Хамгийн сүүлд бүтээсэн уран зургуудыг нь урлангийн ханаар тойруулан өлгөсөн байх ба өрөөний баруун урд байрлуулсан бичгийн шилэн ширээн дээр будаг  нь “хатаагүй” бийрүүдийг эгнүүлэн тавьж, шовх гэгч нь үзүүрлэсэн харандаанууд, харандааны мөрөө олон удаа баллуурдаж арилгаад төчнөөн удаа шинээр зурсан бололтой цаас дэлгээтэй байв. Мөн өрөөний голд хоёр метр гаруй өргөн даавуун дээр наадам дүрсэлсэн зургийг дөнгөж эхлүүлээд үлдээжээ. Энэ түүний гүйцээж чадаагүй бүтээл аж. Нэрт зураач, барималчийн эзгүйд урланг нь ийн амилуулж яваа хүн бол түүний дүү Ж.Батбилэг. Тэрбээр “Ах минь бүтээл эхлэхээрээ өөрийгөө зөнд нь хаячихдаг хүн байлаа. Хоол, унд идэхээ ч мартчихсан шөнө, өдрийг ялгахгүй “ноцолдчихно”. Хамгийн сүүлд Дарьгангын наадмыг дүрсэлсэн уран зураг эхлүүлсэн юм. Даанч дуусгаж чадалгүй бурхан болсон. Тэр бүтээл нь энэ юм шүү дээ. Та бүхэн ахыг минь амьд сэрүүнд уулзсан сан бол хэчнээн сайн байх вэ. Хүн бүхний мэддэг мөртлөө бүтээсэн эзнийг нь таньдаггүй сайхан баримлуудынхаа тухай ах минь хэчнээн гоё дурсамж, мэдрэмжярих байсан бол. Миний хувьд уран бүтээлүүдийнх нь мөн чанар, амин сүнсийг ах шигээ ярьж чадахгүй ч ахынхаа тухай ярих хүсэл бол байна” хэмээн өнөөх зургийг заангаа чухалчлан ярьж явлаа. Уулзалт нэгэнт ийм дээрээ ирсэн тул бид ярилцлагын ширээний ард суулаа.



             -Тантай ахын тань амьдрал, уран бүтээлийн талаар ярилцах санал тавихаасаа өмнө бага зэрэг эмээж байлаа. Харин таныг татгалзалгүй хүлээж авсанд баярлалаа?

           -Ахынхаа амьд ахуй цагтаа бүтээж туурвисан уран бүтээлийг ард түмнийхээ дунд мөнхөлье гэсэн санаа, зорилго тээж явсан учраас ярилцлага өгөхөөс татгалзсангүй. Ахын минь бүтээсэн урлагийн олон бүтээлийг ард түмэн мэддэг ч ах өөрөө “Үүнийг би хийсэн” гэж зориуд таниулах дургүй, эгэл даруухан хүн байсан юм. Тиймээс үр хүүхэд, ах дүүс бид л ахынхаа бүтээл, туурвилыг мөнхжүүлэх нь зүйтэй гэж бодож явна даа. Энэ өрөөнд ирэх тоолонд ах минь амьд сэрүүн, буцаад ороод ирэх юм шиг л бодогддог. Будаг, бийр авахаар түр гарсан ч юм шиг санагддаг даа. Тиймдээ ч бийрийг нь ч хөдөлгөлгүй, яг үлдсэнээр нь хадгалж сууна.

       -Та эхээс хэдүүлээ вэ?

         - Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын айл. Найман хүү, нэг охинтой айлын ууган хүү нь Төгс ах. Бид Дүүрэнтөгс ахыгаа Төгс ах гэж дууддаг юм. Аав минь жүжгийн зохиолч, найруулагч О.Жамбалжамц гэдэг хүн байлаа.

           -Ах тань багаасаа зурдаг байв уу?

           -Аав минь урлагийн хүн учраас бид ч багаасаа урлаг, уран сайхантай ойр өссөн. Надаас бусад ах, дүү нар маань бүгд зурах авьяастай. Тэр дундаас Төгс ах онцгой авьяастай нь. Ах найман настайдаа олон улсын зургийн уралдаанд байр эзэлж, Диалфильм гэдэг зургийн аппаратаар шагнуулж байсныг нь санадаг юм. Ах Баруун-Уртын дунд сургуульд суралцаж төгсөөд, Дүрслэх урлагийн сургуулийн Монгол зургийн ангид 1977 онд элссэн. Тухайн үед Ардын багш, зураач Д.Амгалан Дүрслэх урлагийн сургуульд хүүхдүүд шалгаруулж авсан. Тэр шалгалтад миний хоёр ах хоёулаа шалгалт өгсөн. Манай аймгаас 12 хүүхэд шалгалтад оролцож, хоёрыг нь шалгаруулж авах байсан юм билээ. Тэгсэн манай хоёр ах хоёул тэнцсэн.

         Гэтэл нэг айлын хоёр хүүхэд нэг сургуульд явж болохгүй гээд том ахыг авч явснаар мэргэжлийн зураач болох эхлэл нь тавигдсан. Ах минь Дүрслэх урлагийн дунд сургуулийн монгол зургийн ангийг 1981 онд дүүргээд, Сүхбаатар аймгийн Уран зургийн хэлтэст зураачаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед юм их ховор байлаа. Одоогийнх шиг өчнөөн төрлийн харандаа байх нь битгий хэл бичгийн цаас, зургийн дэвтэр ч олддоггүй байлаа шүү дээ. Гэсэн ч ах юмаар дутагдаж, гачигдлаа гэж нэг ч өдөр хойш сууж, залхуураагүй. Модон хавтан дээр шохойгоор хүртэл зурчихдаг байв. Тэр битгий хэл уран бүтээл, сургуулийнхаа хажуугаар сумынхаа сургуулийн сурагчдын дунд зургийн дугуйлан үнэ төлбөргүй хичээллүүлж, хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг асаах, авьяасыг нээх ажил хийдэг байлаа.

          -Уран баримал бүтээж эхэлсэн тухай нь?

        -1984 онд Ардын армийн 125 дугаар цэргийн ангид цэрэгт татагдсан юм. Тэгээд л цэрэгт байх хугацаандаа уран баримлын чиглэлээр өөрийгөө хөгжүүлж, үеийн нөхөдтэйгээ хөшөө, дурсгал хийж эхэлсэн юм билээ. Тэр үедээ 124 дүгээр цэргийн ангид одоо ч байдаг Улсын баатар Х.Жанчивын хөшөөг урласан гэдэг. Цэргээс халагдаж ирсний нь дараа нийгмийн шилжилтийн үе таарч, дан ганцхан зураг зураад амьдрах хэцүү байлаа. Тиймээс амьдрал, ахуйгаа авч явахын тулд уран баримлаа түлхүү хийж, хэд хэдэн томоохон хөшөөг богино хугацаанд бүтээсэн. Тэгээд л баримал руу эргэлт буцалтгүй орсон байх.                                        

 

ТООРОЙ БАНДИЙН ХӨШӨӨГ ҮЕ ДАМЖИН СУДАЛСАН НЬ


          -Хөшөө дурсгалын олон том бүтээл бүтээсний нэг нь яах аргагүй Тоорой бандийн хөшөө. Тоорой банди гэх түүхэн хүнийг монголчууд таны ахын бүтээлээр л төсөөлж, эрчүүд аз, хийморио даатгасаар ирсэн шүү дээ. Хөшөөний үүх түүхийн талаар та бидэнтэй хуваалцаач?

             -Аав минь Сүхбаатар аймгийн Соёлын ордон буюу “Жавхлант шарга” театрыг үүсгэн байгуулсан хүн. Анх манай аав Тоорой банди буюу Г.Нанзадсүрэн гэх хүний судалгааг хийж, 1954  онд  Зүүн Монголын анхны хөгжимт драмын жүжиг “Тоорой банди” жүжгийг бичиж, тайзнаа тавьж байсан юм. Тоорой бандийн талаарх судалгааг манай гэр бүл хоёр гурван үе дамжин хийж байгаа гэсэн үг. Энэ бол Монголын театрын түүхэнд томоохонд тооцогдох алдартай уран бүтээл шүү дээ. Ингээд аавын хийсэн Тоорой бандийн судалгааны ажлыг ах минь үргэлжлүүлсэн. Аавын бичсэн жүжгийг ах кино зохиол болгож, аавын эхлүүлсэн судалгаан дээр өөрийн судалсан, мэдсэнээ нэмж, кино зохиол гаргасан гэсэн үг.

            Энэ судалгаандаа үндэслээд 1999 онд ах минь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Гангын цагаан овооны энгэр дээр Тоорой бандийн хөшөөг босгосон. Сайн эрчүүдийн хөшөө босгох талаар Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо гуай ахад минь зөвлөсөн юм гэдэг. Тэрбээр “Дарьгангад 200-гаад сөнөсөн галт уул бий. Үүнээс урагшаа амтай ганцхан уул байдаг. Бусад нь хойш харсан амтай. Хилийн заагт байдаг энэ уулнуудаас ганц тэр уул Монголын буяныг урагш гаргахгүй гэсэн бэлгэдэлтэй юм. Тиймээс Ганган цагаан овооны энгэр дээр хөшөө босгох нь зүйтэй. Чи нэг үзээд алдах уу” гэж зөвлөсөн гэдэг. Ах минь энэ хөшөөг бүтээхэд сэтгэл, оюун санаа, хөдөлмөрөө чамгүй зориулсан даа. Их ч бодсон, их ч суусан.

              -Д.Нямсүрэн гуайн хөшөөг их сайхан урласан байдаг. Энэ хөшөөний түүхийн талаар та яриа дэлгээч?

           -Аав минь зохиолч байсан болохоор манайхаар уран зохиолын томчууд их ирнэ. Ах бид хэд ч уран зохиолынхныг сайн танина. Д.Нямсүрэн гуайн хөшөөг урлахдаа хэн нэгний захиалгагүй өөрийнхөөрөө, өөрөө бодож сэтгэж, сэтгэлээрээ хийсэн юм билээ. Энэ тухайгаа “Алтан шаргал өнгөтэй гурван өндгийг их найрагчийг амьд ахуйдаа гаргасан гурван номоор нь бэлгэдэж хийсэн. Нямсүрэн гуайн хөшөөг жирийн цээж баримлаар эсвэл гараа өргөсөн тэмүүлсэн дүртэй хийх нь зохимжгүй. Бодсон, үл ялиг гунигласан байвал оновчтой гэж төсөөлдөг. Нэг их холыг бараалж, дээгүүр харсан, дэндүү их юм санаж явдаг хүн биш. Хамгийн энгийн зүйлийг хамгийн гоё сайхан болгож чаддаг хүн шүү дээ” гэж дурсан ярьж байсан. Энэ уран бүтээлдээ ах минь их хайртай байлаа.



          -Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг мөн Сүхбаатар аймагт бүтээсэн байдаг байх аа?

         -Тийм ээ, энэ хөшөө бас их том түүхтэй. Одоогийн Чингис хааны хөшөө байгаа Төрийн ордны урд хэсэгт жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан нарын онгоныг бунхалсан гэдэг. Ингээд 1990-ээд оны үеэр цаг үе өөрчлөгдөж, нийгмийн шилжилт болоход Төрийн ордныг шинэчлэн засаж, Чингис хааны хөшөөг босгосон. Харин хуучин бунхны эд зүйлсээр Сүхбаатар аймгийн нутагт байх Д.Сүхбаатар жанжны хөшөөг босгосон юм билээ. Энэ талаар ах минь “Д.Сүхбаатар жанжны хөшөө бол зүгээр ч нэг хөшөө биш. Өөрийнх нь онгоныг залсан, бунхант хөшөө” хэмээн ихэд бэлгэшээж ярьдаг байсан. Энэ хөшөөг босгохын тулд дүн өвлийн хүйтэнд Бичигтийн боомтоор Зил-130 машинаар эд материалыг нь зөөж, өвлийн хүйтэнд зогсолтгүй хөдөлмөрлөсөөр бүтээж байсан. Энэ бол их сэтгэл, их дур юм шүү дээ. “Би дулаарахаар, өөртөө түвэггүй хийж бүтээнэ” гэсэн бол хэн ч ахыг хүчлэхгүй шүү дээ. Тэгэхэд өөрөө зүтгэсээр, өвлийн хүйтнийг ч ажрахгүй бүтээсэн гэж бодохоор яах аргагүй хүндлэн бэлгэшээдэг байсан байгаа юм.

       Ганц Сүхбаатар ч гэлтгүй бүтээл бүрдээ тийм үнэнч сэтгэлээр ханддаг байсан даа. Нийслэлд байгаа томоохон гэгдэх олон хөшөө, дурсгал миний ахын бүтээл юм шүү дээ. Тухайлбал, Баянзүрх уулын сүлд “Нохойтой хөшөө”, Сансарын хойд уулзварын “Эвтэй дөрвөн амьтан”, Төмөр замд байх “Алангуа хатан” зэрэг томоохон хөшөө дурсгалууд цөм ахын минь оюун санаа, авьяас, сэтгэлээ шингээсэн бүтээлүүд.

              -Түүхэн, томоохон хөшөө, дурсгалуудаас гадна байгууллагууд түүхт ойдоо зориулж захиалга их өгдөг байсан гэдэг. Тэгэхэд “Миний гараар бүтэх учиртай юм бол хийж өгнө дөө” гээд ямар ч их ажилтай байсан амжуулаад хийгээд өгдөг байсан тухай нь хүмүүс дурсан ярьдаг юм билээ?

           -Тийм ээ, ах хүний ажил бүтээхийн төлөө өөрийгөө гаргуунд нь их хаяна. Жишээ нь, Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” хөшөөг ах минь урласан юм шүү дээ. Хөдөө, орон нутгуудад түүхэн хүмүүсийн томоохон хөшөөнүүдийг ч мөн урласан. Үүнээс Сүхбаатар аймгаас төрөн гарсан анхны Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын хөшөөг, “Нийгмийн Хонгор” хэмээн алдаршсан хонгор морины хөшөө, уурхайчдын хөшөө зэрэг 20 гаруй том хөшөөг зөвхөн нутагтаа цогцлоосон нь бидний бахархал болдог.

        Ахын сүүлд хийсэн хамгийн том хөшөө, дурсгал бол Сүхбаатар аймаг руу ороход хийсэн угталт, үдэлтийн хаалга. Баруун талд нь уургатай адуучин морь уургалж байгаагаар, зүүн талыг нь уургалсан морийг нь толгойгоо эргүүлж зүтгэж байгаагаар дүрсэлсэн байдаг даа. Тэр хаалгаар орсон, гарсан хэний ч сэтгэлийг булааж, хийморийг сэргээхээр тийм сайхан бүтээл болсон. Үзсэн бүхэн гайхан харж, сайн сайхан зүйлс бодон баярладаг байх гэж итгэдэг. Сүхбаатар аймаг бол хурдан адууны нутаг гэсэн агуулгыг гаргаснаас гадна нутаг руугаа хүмүүсийг уургалан татаж байгаа санааг дүрслэхийг зорьсон гэж ярьж байсан. Энэ хөшөөг хийх санал ирэхээс өмнө ах “Би олон жил чамлахааргүй тооны хөшөө хийлээ. Одоо хөшөөний ажил болсон. Бие ч дийлэхгүй нь. Зургаа зурна. Зурах ёстой зургууд нэлээд байна, надад” гэж байсан юм. Гэтэл удалгүй л “Нутагтаа зориулж хийх хөшөөг таниас өөр хэн хийх юм бэ гээд хүн хүрээд ирлээ. Нутгаа гэж бодохоор татгалзаж чадсангүй. Одоо шууд эхэлнэ ээ” гээд явж байсан. Өнгөрсөн зун бүтээсэн энэ хөшөө ахын минь нутгаа гэх, тийш тэмүүлэх сэтгэлээр бүтсэн дээ.           


ОРЧИН ЦАГИЙН “МАРЗАН ШАРАВ”


             -Урланд нь байгаа энэ зургууд сүүлийн үед хийж байсан бүтээлүүд нь үү?

        -Тийм ээ, ер нь сүүлийн хэдэн жил зургаа зурсан. Уран баримлын томоохон бүтээлүүдээс гадна монгол зургийн түүхэнд өөрийн гэсэн өнгө аясыг тодорхойлсон, шинэ цагийн дуулал болсон томоохон бүтээлүүдийг ах минь туурвисныг судлаач, шүүмжлэгч, сонирхогч, мэргэжлийнхэн хүлээн зөвшөөрч, тодорхойлдог. Ахын бүтээлд монгол зураг, монгол ахуйг дүрслэхдээ ёгт, ёжилсон өнгө аясыг илэрхийлсэн шүүмж бүтээл олон бий. Жишээлбэл, том нударгатай дээлтэй, хэт хутга зүүж, хивс тэвэрсэн, алтаншонхор малгай дээрээ залсан марзан царайтай алдарт уяачийг ундаа, зайрмаг барьчихсан унаач хүүхэдтэй нь хамт ёгтлон зурсан нь хүмүүст их хүрсэн. Энэ мэт ёгт, ёжилсон зургуудаар нь уран бүтээлчид ахыг минь орчин цагийн “Марзан Шарав” хэмээн хүндэлдэг байв.

            - Анхны бүтээлүүдээс нь та бүхэнд бий юү?

          -Төгс ах Дүрслэх урлагийн сургуулийг төгсөж байхдаа “Дарьгангын бага сургууль” гэдэг зургаараа дипломоо хамгаалж байлаа. Одоо тэр зураг нь Дарьгангын бага сургуульд хадгалагдаж байгаа. Ах минь зургаа зарж, ашиг хонжоо олно гэж байхгүй. Зургуудаа хүмүүст зүгээр л бэлэглэчихнэ. Дүү нартаа бас их өгнө. Манайд гэхэд л ахын 10 гаруй бүтээл бий. Мөн Сүхбаатар аймагт ахын зурсан зураг нэлээд бий.

               -Түүхэн домогт сэдэвтэй зургууд олон байх шиг байна. Энэ тухай сонирхуулаач?

              -Миний ах уран бүтээлийнхээ хажуугаар түүх, домог судалдаг хүн байв. Тэр дундаа Дарьгангын газар усны түүх, домог их сонирхоно. Археологийн олдворууд бас сонирхоно. Уран бүтээлийн эрэл хайгуул хийж явахдаа Сүхбаатар аймгаас археологийн их том олдвор олж байсан юм. Манай ээжийн төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгойн цогцолбор газраас алтан шармал чимэгтэй, торгон тохоштой эмээл бүхий морь дагалдуулан оршуулсан ахимаг насны эмэгтэйн оршуулга, үүнтэй хамт цагаан шонхор шувууны дүрсийг сийлсэн хос алтан бөгж бүхий олдвор олсон. Ингээд археологич, доктор, профессор Д.Наваан гуайтай уулзаж, мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж, археологийн том нээлт хийж байлаа. Тэр нь XIII зууны үеийн дурсгал болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Их эзэн Чингис хаан, Алтан ургийн хаадын үеийн дурсгал байж магад юм билээ. Түүх судлаад үзэхээр Сүхбаатар аймгийн Онгон сум бол Онгуд аймгийн нутаг. Онгуд аймгийн захирагчийн хатан бол Чингис хаан, Бөртэ хатан нарын охин Алага Бэхи юм. Тиймээс энэ олдворыг Чингис хааны алтан урагтай холбоотой байж магадгүй ч гэж үздэг. Энэ олдворууд одоо бүгд Чингис хаан музейд хадгалагдаж байгаа.

            Ах эртний баатруудын хуяг дуулга, хувцас эдлэл хэрэглэл бүгдийг нь судалж, зав гарсан үедээ хүмүүстэй мэтгэлцдэг байв. Нутагтаа очихоороо ахмадуудтай их уулзаж, ярилцана. Уулзсан хүмүүстэйгээ зургаа авахуулж, тэмдэглэл хөтөлдөг байсан.Онцлоход анх удаа Чингис хааны хөргийг морьтойгоор дүрслэн буулгасан хүн нь бас л ах юм шүү дээ. Чингис хааныг урьд нь өөрөө зурж байсан ч энэ удаагийнх нь илүү бүтээлч болсон. Чингис хааны хөргийг буулгасан олон зураг байдаг ч яг бүтэн зурсан нь ховор. Мөн морьтой зурсан Монголын анхны бүтээл болсон.


        Домгийн сэдэвт бүтээл гэвэл “Гурван баатар”, “Хөхөө намжилын түүх”, “Дугар зайсан”, “Ганга нуурын домог” тэргүүтэй зураг байна. Энэ зургуудыг ажиглавал маш нарийн техникээр зурсан нь мэдэгддэг. Тухайлбал, “Хөхөө Намжилын түүх” зурган дээр түүний өмссөн дээл, хувцасны ширхэг бүрийг салхины аясаар нэг чигт, биеийн хэлэмж хөдөлгөөнийг нь хүртэл айхтар нарийн дүрслэн харуулсан байгаа юм.       


                       “АХ МИНЬ “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” ЗУРГИЙГ ЗУРАХААР БУУГАА ЗАРААД ХОТ РУУ ЯВЖ БАЙЛАА”



             -Уран зургийнх нь арга барилын талаар та сонирхуулаач?

            -Сонгодог монгол зургийн өөрийн гэсэн арга барилтай зураач юм шүү дээ. Зөөлөн дүрслэлтэй, усан будгаар зурдаг. Зураад эхэлчихвэл хэр барагтай босно гэж байхгүй. Энэ урландаа л амьдардаг байлаа. Монгол зураг өөрөө маш нарийн техник, ур чадвар шаарддаг урлаг шүү дээ. Нэг ширхэг үсээр ч зураг зурна шүү дээ. Салхины хөдөлгөөн, гол баатрынхаа дээлний нугалаасыг нь хүртэл яг бодитоор дүрслэн бүтээдэг нь ахын минь онцлог, чадвар гэж боддог.

               -“Марзан” хочит нэрт зураач Б.Шарав гуайн “Монголын нэг өдөр” зургийг таны ах эрхийг нь авч хуулбарласан гэдэг. Энэ тухай та юу мэдэх вэ?

            -Тийм ээ, нэрт зураач Б.Шарав гуайн “Монголын нэг өдөр” зураг олон жил болсон учраас гаднын улс орнуудад үзүүлэхээр авч явахад тээвэрлэлтийн ая даахааргүй болсон юм билээ. 1998 оны үеэр энэ зургийг сэргээн завсарлах гээд чадахгүй байна гэдэг яриа гарч байж. Энэ үеэр ах СГЗ Г.Мэнд-Ооёо гуайд “Монголын нэг өдөр” зургийг сэргээн зурах сонирхолтой байгаагаа хэлсэн гэдэг. Г.Мэнд-Ооёо гуай тухайн үед Соёл урлагийн газрын дарга байсан юм билээ. Ингээд төсөл бичиж, тэнцсэн гэсэн. Ах уг нь чамгүй анчин байсан юм. Гэтэл нэг өдөр “Монголын нэг өдөр” зургийг зурахаар болсон гээд өнөөх буугаа зараад, өртгөөр нь замын зардал, будаг, хэрэгслээ авна гээд хот руу явсан. Тэгээд зураач Г.Соёл-Эрдэнэ, С.Ганзам нартай хамтран тэр алдарт зургийг сэргээн зурсан даа.

             -Өөрийнхөө бүтээлүүдээс "Энэ бол сайн бүтээл” гэж тоож нэрлэж байсан бүтээл бий юү?

            -Надтай зургийнхаа талаар хааяа ярилцана. Гэхдээ “Би сайн бүтээл хийчихсэн шүү” гэж ер онгирохгүй, онцолж байгаагүй. Бүтээлүүдээсээ “Тэмээн жингийн цуваа” гэх бүтээлээ нэг удаа их тоож байсан юм байна. Энэ тухайгаа “Өвлийн хүйтэнд хэдэн сараар жин тээдэг учраас хамгийн ахмад туршлагатай нь жингийн цувааг ахалж, цуваандаа дандаа хүч тэнхээтэй эрчүүдийг авч явдаг. Тиймдээ ч энэ зураг монгол эрчүүдийн тэсвэр тэвчээр, хүч чадлыг өгүүлсэн бүтээл боллоо” гэж дурсаж байсан. Минийхээр онцлох зураг гэвэл “Гурван баатар” зураг нь.   “Нүүдэлчин” гэдэг зураг дээрээ монгол ахуйг ямар сайхан дүрсэлсэн байдаг гэж санана. Монголчууд бол нүүдлийн соёлтой ард түмэн. Нэг нутагт ган гачиг боллоо гэхэд нөгөө нутаг нь хүлээж авдаг тийм дэлгэр ард түмэн гэдгийг энэ зургаараа харуулсан байдаг юм.



             -Өрөөний голд байгаа энэ зургийн тухайд та юу хэлэх вэ?

           - Хамгийн сүүлд ах минь “Дарьгангын наадам” гээд монгол зураг эхлүүлсэн нь энэ. Хар зургаа хэдийнэ гаргачихсан ч, гүйцээж буулгаж амжсангүй дээ.  Хамгийн сүүлд эхлүүлсэн уран бүтээлээ зураг биш, кино шиг жинхэнэ монгол ахуйг тэр чигт нь нэг хавтгай дээр буулгасан байдлаар хийнэ гэж зорьж байсан юм. Ингэхдээ зураг тус бүрийг тайлбартай, тэр үеийн дуу хөгжмийг хажууд нь сонсогдох байдлаар, техникийн дэвшил ашиглаж хийнэ гээд их том зорилго тавьчихсан байсан. Том хүү Д.Одхүү нь одоо дүрслэх урлагийн чиглэлээр “Анима” дүрслэх урлагийн коллежид суралцаж байна. Энэ том бүтээлийг үр хүүхдүүд нь үргэлжүүлнэ гэж найддаг даа. Яг л аавын минь Тоорой бандийнх шиг үргэлжлэл. Ах минь урлагт бүх амьдралаа, өөрийгөө, оюун санаа, сэтгэл зүрх, эрүүл мэндээ зориулсан хүн. Хийж бүтээснээрээ бол хэнээс ч дутахгүй, ёстой л мөнөөх томчуудын эдэлж хэрэглэдэг үнэтэй, хүндтэй бүх л зүйлийг хэрэглэж байлаа. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчийн амьдралаар амьдарсан шиг амьдарсан гэсэн үг. Ахын минь амьд сэрүүндээ бүтээсэн бүтээлүүдийг нь түүний гэргий, бэр эгч минь мөнхжүүлэх ажлыг гардан хийж байна.

            -Ахынхаа гэрийн бүлийнх нь талаар танилцуулаач. Үр хүүхдэдээ юу захидаг байсан бол?

           -Миний ахын гэргий Ардын жүжигчин А.Очирбатын охин жүжигчин Оюун гэж сайхан эмэгтэй бий. Ард түмэнд “Илүү сартай зун” киноны Ариунаагийн дүрээрээ хүндлэгдсэн Оюун эгч минь сайн хань, сайн ээж. Ах минь хоёр хүү, хоёр охины аав болж, өнөр өтгөн, дүүрэн жаргалтай амьдарсан. Миний ах үр хүүхдүүд, дүү нартаа эд баялаг, нэр алдарт хүрээрэй гэхээс илүү хүн байхыг өөрөөрөө үлгэрлэдэг байсан. Илүү нэг ч үггүйгээр бүхнийг ойлгуулж чаддаг, зөөлөн, дулаахан хүн байсан” хэмээн ярилаа.


Үнэхээр л зураач, уран барималч хэмээх “хос морьтой” уран бүтээлч Ж.Дүүрэнтөгс Монголын урлагт их түүх, сэтгэлгээний эрх чөлөө, гүн ухаан, эрэл хайгуул гэж юу байдгийг зуурдхан хугацаанд тод харуулж, үүрд мөнхлөн үлдээжээ.


        Модны хоёрын зам дагуух саарал байшингийн хоёр давхрын энэ өрөөний гэрэл өмнө нь цас хаялсан, бороо шивэрсэн, салхи шуурсан, нар налайсан гээд бүх л цаг үед асаалттай байж, эндээс Монголын сор бүтээлүүдийн дээж “төрдөг” байсныг бид зах зухаас нь ийн ярилцлаа. Өдгөө эзэн нь түр “эзгүй” ч гэрэл нь унтраагүй байгаад олзуурхан баярласаар энэ удаад бид явлаа. Учир нь, хэзээ нэг цагт энд буцан ирж, нэрт барималч, зураач Ж.Дүүрэнтөгс гуайн үргэлжлэл болсон үр хүүхдүүдтэй нь уран бүтээлийнх нь олз омогийг уудлан ярилцах нь дамжиггүй билээ.    

 


ДАНЗАНГИЙН НЯМСҮРЭН ГУАЙН ХӨШӨӨГ УРЛАСАН ЗУРААЧ, УРАН БАРИМАЛЧ Ж.ДҮҮРЭНТӨГСИЙН ДҮҮ Ж.БАТБИЛЭГ: АХ МИНЬ МОНГОЛЫН СОР БОЛСОН ХӨШӨӨ, ДУРСГАЛУУДЫГ ЧИН СЭТГЭЛ, АВЬЯАС, УР, ХӨДӨЛМӨРӨӨ ШИНГЭЭН БҮТЭЭСЭН ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-19 20:43:40
    Монгол хүн: Хөөх ямар сайхан урлагын бүтээл хийдэг хүн бэ.Жинхэнэ авьяастан байна даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-18 21:37:28
    Зочин: Анд минь агуу хүн байсан даа Нэр шигээ Дүүрэн Төгс Бас Төгс Дүүрэн хүн байсан даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-16 15:39:51
    З.Хайлда : Талийгаач зураач , барималч Ж.Дүүрэнтөгс агсны Гэр бүл , үр хүүхэд ах дүүст нь Гүн эмгэнэл илэрхийлье ээ...Гайхалтай тансаг , тасархай Жинхэнэ монгол Уран зургуудыг нь ...гайхаж биширдэг...ч Зурсан эзнийг нь тун саяхан Нэр усыг нь мэдэж авав дотны андаас нь Б.Энхбат ахаас ( Хон хэрээдэйн) зураач , барималч маань дэндүү гэмээр даруухан хүн байж дээ гэж бодогдох ...Ийм их том , мэргэжлийн дахин давтагдашгүй тансаг Уран бүтээлийг нэгэнт бүтээсэн хэрнээ ....Би үүнийг бүтээлээ гэж нэг ч удаа бараг ил гарч ирж Төр улсдаа үнэлүүлэхийг ч тэр бодсонгүй ээ...! Эзэн нь мөнх биш ...ч Бүтээл нь мөнх юмаа...Үүнийг Төр засаг анхааралдаа авч Нэхэн шагнах хэрэгтэй дээ....Ийм Онцгой хүнийг Төр онцгой л үнэлэх учиртай даа... тэр байтхаа бүтээлийг нь музейд нтр хамгаалтад авч хадгалах хэрэгтэй бус уу? Үр хүүхдэд нь аавынх нь авъяас ирсэн буйзаа хичээгээрэй Та бүхэнд эрхэм баян эрүүл энхийг хүсье ээ....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-15 01:46:31
    Basca Feiza: сайн байцгаана уу. Баярлалаа, Бадралмаа. Нийтлэлээс тань сайхан хүнийг + сайхныг олж дууллаа. Данзанигйин Нямсүрэн гуайн , бас, Торой Банди гуайн хөшөөнүүд ҮНЭХЭЭР САЙХАН БҮТЭЭЛҮҮД БАЙНАДАА.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-14 22:56:20
    Зочин: Энэ хүнийг биширч байлаа Шагнал нь нөхөөд олгоод өгөөсэй билээ Үнэхээр агуу бүтээлүүдийн дэндүү даруухан хүн байжээ тэнгэрийн орондоо тавтай морилдоо бурханд зураач барималч дутагдаж дээ янз нь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-14 20:02:13
    Навчаа: Дүүрэнтөгс ах минь энэ хорвоод ирээд буцахдаа хэний ч бүтээгээгүйг бүтээж чадсан эгэлгүй авьяастан , агуу уран бүтээлч , жирийн сайхан төлөв даруу нэгэн байлаа. Хараад байхад урлагынхан өнөөдөр хийж бүтээсэн зүйлгүй байж , одон медалийн эзэд болж байна..........нүдээ олоогүй шагнал гэх юм уу?!?!?! Хийж бүтээсэн , гарт баригдах , нүдэнд харагдах уран бүтээлтэй энэ хүнд нөхөн шагнах юү байна бүгдийг өгөх нь зүйтэй болов уу?!?!?!?! Хошин шогийхон аваад байхад энэ хүнд нөхөж өгөх нь буруу зүйл үгүй билээ........!!!! Дэндүү даруухан авьяас билэг нь ТӨГС хүн байсан шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-14 16:54:24
    Жирийн нэг иргэн: Сайхан нийтлэл уншлаа.. Баярлалаа . Энэ агуу уран бүтээлчийн. гэр бүлийнхнийг нь оролцуулсан сайхан нэвтрүүлэг хийгээсэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-14 15:16:43
    Зочин: Тоорой бандийн хөшөө бол үнэхээр агуу.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-14 14:55:11
    Зо: Энэ хүнийг огт танихгүй ч гэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын зүүн хойхно байх өндөрлөгт алтан гэрэгэ дээр далавчаа дэлгэсэн шонхор шувуу бүхий хөшөө барималыг босгож бүхийд нь таарч хэдэн үг солихуйд залуу хүн гэхэд ямар эгэл даруухан хүн юм бидээ гэж бодож байлаа. Агуу хүн байжээ. Түүний уран бүтээлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188