• Өнөөдөр 2024-05-03

ТЭД: БИД ЦААШИД ЯМАР Ч ХҮН БОЛСОН “БААВГАЙ БОЛОХ СОН”, “СЭР СЭР САЛХИ” КИНОГООРОО ОВОГЛОНО

      Азийн олон улсын кино наадмаас шинэ авьяас шагналын эзэн болсон "Сэр сэр салхи" киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэлийн ярилцлагыг хүргэж байна.

         Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” кино 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадамд шалгарч, найруулагч П.Золжаргалын “Баавгай болох сон” кино Каннын кино наадамд оролцсон амжилттай байгаа билээ. “Сэр сэр салхи” киноны нээлтийг энэ оны аравдугаар сарын 16-нд хийж, тав хоног театрын дэлгэцнээ гаргаад, “VOO” кино санд байршуулсан. Харин ирэх сарын 12-нд “Баавгай болох сон” кино Монгол дахь албан ёсны нээлтээ хийх юм. “Улаанбаатар” кино наадмын үеэр “Сэр сэр салхи” киноны гол дүр Б.Тэргэл, “Баавгай болох сон” киноны гол дүр Ү.Батцоож нартай ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

-Сайн уу, юуны өмнө та хоёр болон киноны багт нь баяр хүргэе. Тоглосон уран бүтээлүүд нь үзэгчдэд хүрч, олон улсын кино наадмаас шагналын хур буулгаад амжилт дүүрэн байна. “Улаанбаатар” кино наадмын үеэр үзсэн үзэгчид ч эерэг сэтгэгдэл хуваалцлаа. Та хоёрт болон киноны баг хамт олонд нь урмын сайхан үгс ирж байна уу?

             -Б.ТЭРГЭЛ:  Баярлалаа, “Сэр сэр салхи” кино “Улаанбаатар” кино наадмын үеэр кино театрын дэлгэцнээ таван өдөр гараад, “VOO”  кино багцад орсон. Үзсэн үзэгчид манай хамт олонд эерэг, урам зориг өгсөн олон сайхан сэтгэгдэл бичиж, нийтэлж, илгээж байгаа. Бидний бүтээлийг үзэж, дэмжиж байгаа бүх хүнд баярлалаа.

               -Ү.БАТЦООЖ: “Баавгай болох сон” кино харин “Улаанбаатар” кино наадмын үеэр ганцхан удаагийн үзвэрээ хүргэсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 12-нд Монголдоо албан ёсны нээлтээ хийж, кино театруудаар гарч эхэлнэ. Кино үзээд сэтгэгдлээ илэрхийлсэн хүмүүст баярлалаа. Мөн алдаа оноог минь хэлж, шүүмжилж байгаа хүмүүст ч бид баярлаж байгаа. Миний хувьд “Үг нь чин сэтгэлийн угаас гарч байна” гэсэн үзэгчийн сэтгэгдэл хамгийн том урам өгсөн.

-Та хоёр нэгнийхээ тоглосон киног үзэж амжив уу, ямар санагдсан бэ?

           -Б.ТЭРГЭЛ:  Арай үзэж амжаагүй. Миний хувьд өмнө нь “Баавгай болох сон” киноны талаар сошиалоос мэдээлэл авсан. Манай киноны хувьд тухайн үед постер, мэдээллээ олон нийтэд хүргэж амжаагүй байсан.

           -Ү.БАТЦООЖ: Киноны ажил ид өрнөж байсан учир сайн анзаараагүй. Сая “Улаанбаатар” кино наадмын үзвэрийн үеэр л мэдээлэл авч, гол дүрд нь үеийн хүүхэд тоглосныг мэдээд, “Хэрхэн тоглосон бол” гэж бодсон.

-Анх кинондоо хэрхэн сонгогдож байсан  бэ. Мэргэжлийн жүжигчин  хүнд ч киноны гол дүрд тоглоход амаргүй байдаг. Та хоёрын хувьд гол дүрд тоглоход бэрхшээлтэй зүйл нь юу байв?

         -Б.ТЭРГЭЛ: Би өмнө нь хоёр, гурван кинонд зураглаач хийж, арын албанд нь ажиллаж байлаа. Тэдний нэг болох “Молко” кинонд ажиллаж байхад тухайн киноны продюсер, “Есдүгээр сарын цас”, “Шилүүс” зэрэг киног найруулсан П.Лхагвадулам найруулагчийг таньдаг байсан юм билээ. Тэгээд надад “Манай найруулагч бүрэн хэмжээний кино гол дүрдээ залуу жүжигчин хайж байгаа” гэж хэлснээр очиж шалгуулсан. Тэгсэн хэд хоногийн дараа “Тэнцсэн байна, баяр хүргэе” гэсэн хариу ирснээр “Сэр сэр салхи” кинонд тоглох болсон. Киноны арын албанд ажиллаж, кино хэрхэн бүтдэгийг мэддэг ч хэрхэн жүжиглэх, дүрдээ ажиллахаа мэддэггүй байсан. Гэхдээ найруулагч болон уран бүтээлч ах, эгч нарынхаа зааж зөвлөсний дагуу ард нь амжилттай гарсан.

       -Ү.БАТЦООЖ: Миний хувьд “Баавгай болох сон” кинонд тоглосон минь хувь тавилан гэж боддог. Учир нь, багаасаа жүжигчин болно гэж мөрөөддөг байсан болохоор “Тэнцсэн” гэсэн хариуг сонсоод их баярласан. Анх киноны проб авах зарыг автобусанд явж байхдаа уншсан л даа. Тэгээд л “Очоод шалгуулаад үзье” гээд зориглосон. Тэнцэж орсондоо баяртай байна. Багадаа зурагтан дотор хүмүүс байгаа болохоор кино гардаг гэж боддог байсан. Тэгээд том болоод жүжигчид байдгийг ойлгосон ч кино хэрхэн бүтдэгийг мэдэхгүй л байлаа. Харин азаар кинонд тоглосноор баг хамт олны дунд орж, арын алба, найруулагчийн ажил ямар хүнд болохыг мэдэрсэн.

-Киноны гол дүрд тэнцээд, тоглоход гэр бүлийнхэн нь их баярласан байх. Гоё зүйл хийчихээд аав, ээжээрээ бахархуулах сайхан мэдрэмж шүү дээ?

           -Б.ТЭРГЭЛ: “Улаанбаатар” кино наадмын нээлтийн үзвэрийн үеэр аав, ээждээ урилга өгсөн. Арт төрлийн кино учир айхтар зүйл хэлээгүй. Гэхдээ уйлаад, үнсээд, “Мундаг байна шүү” гээд магтсан. Аав, ээжийгээ багахан ч болов баярлуулж чадсандаа баяртай байгаа.

         -Ү.БАТЦООЖ: Аав, ээж минь анх кинонд тэнцсэнийг сонсоод мэдээж надаас дутуугүй баярласан. Бүх зүйлийн ард ээж минь байдаг болохоор өдий зэрэгтэй яваа байх гэж боддог. Ямар нэгэн зүйлд шантрах үед ч ээж урам өгнө. Миний хувьд ээжээс илүү хүн хорвоо дээр байхгүй л гэж боддог.

-Б.Тэргэлийн хувьд Зэ гэх бөөгийн дүрд тоглосон шүү дээ. Өмнө нь бөөд үзүүлж байсан уу, шашин шүтлэгийн талаар ямар бодолтой байдаг вэ?

           -Б.ТЭРГЭЛ: Анх бөөгийн дүр гэж мэдээгүй, “Ямар ч дүр байсан тоглож чадна” гэж зориод орсон. Тэгээд бөө гэхээр нь эхэндээ гайхсан л даа. Би амьдрал дээрээ бөө дээр очиж байгаагүй. Харин кино эхлэхийн өмнө  нэр бүхий жүжигчнийг онгодоо буулгаж байгааг анх удаа харсан. Шинээр мөн хийл, хуур сурсан гээд тоочвол олон зүйл шинээр сурсан. Дүрийн минь хувьд надтай зан араншингийн хувьд ондоо. Зэ дуу муутай, хичээлдээ онц сурдаг бол би эсрэгээрээ яриасаг, хичээлдээ тааруу. Харин амьдралдаа үзэж, туулж байгаа зүйл нь төстэй. Би нүдэн дээрээ өвөөгөө алдаж байсан бол Зэ ч мөн өвөөгөө алддаг.

-“Баавгай болох сон” киноны хувьд өвлийн зураг ихтэй, гэр хорооллын хүүхдүүдэд тулгардаг асуудлыг хөндсөн. Ямар хүнд зураг авалт байв?

           -Ү.БАТЦООЖ: Миний хувьд гэр хоороололд амьдрах амаргүйг өөрийн биеэр мэддэг, амьдардаг болохоор хүнд зүйл бага байсан. Амьдрал дээрээ кинонд гарч байгаа шиг нүүрс түлж, мод хагалж, усанд явдаг. Цаашдаа энэ бүхэн байх хэвээрээ байх эсэхийг мэдэхгүй ч өөрөө өөрчилнө гэж боддог. Гэхдээ гэр хороололд амьдардаг хүүхдүүд хэцүү байна гээд хойшоо суудаггүй. Өглөө эрт босож хичээлдээ явна, орой хичээлээ тараад, дүү нараа цэцэрлэг, сургуулиас нь авна, усаа авч, түлээгээ хагалж оруулна, хоолоо хийнэ гээд бүх зүйлийг амжуулдаг. Аав, ээж нь ажил хийж амьдралаа авч явах учир ах, эгч нар нь дүү нараа авахаас аргагүй. Энэ ч зөв гэж боддог. Тийм болохоор бусад хүүхдийг бодоход эрт биеэ дааж, олон зүйл зохицуулж сурах чадвар суудаг.

-Одоо кинонд тоглох санал ирж байна уу?

          -Ү.БАТЦООЖ: Миний хувьд энэ жил арванхоёрдугаар ангиа төгсөж байгаа учир киноны санал ирсэн ч сургуулиа төгстөлөө кинонд тоглохгүй.

            -Б.ТЭРГЭЛ: Бидэнд магад киноны санал ирэхгүй байх. Учир нь, бидний нас хүүхдийн дүр гэхээр арай томдоно, том хүн гэхээр балчирдана шүү дээ. Тэгэхээр санал ирэх нь ховор л байх.

-Ү.Батцоожийн хувьд жүжигчнээр сурахаар шийдсэн юм байна. Б.Тэргэл харин ямар мэргэжил сонгох гэж байна вэ?

           -Б.ТЭРГЭЛ: Би мөн жүжигчнээр сурах бодолтой. Гэхдээ гадаадад сурахаар судалж байна.

         -Ү.БАТЦООЖ: Миний хувьд  ч мөн гадаад руу сургуульд сурахын тулд аль болох тэтгэлэг авахыг хичээнэ. Бүр чадахгүй бол Монголдоо сурахаас өөр аргагүй л дээ.

-Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

       -Баярлалаа.

 


ТЭД: БИД ЦААШИД ЯМАР Ч ХҮН БОЛСОН “БААВГАЙ БОЛОХ СОН”, “СЭР СЭР САЛХИ” КИНОГООРОО ОВОГЛОНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188