Монгол хамтлаг, дуучин гаднын зах зээлд топ од болон гарна гэдэг бидний хувьд холын мөрөөдөл байлаа. Харин тэр үндэстний мөрөөдлийг “Чонон сүлд”, “Юу вэ, юу вэ” дуугаараа шуугиулж асан хүннү рок “The HU” хамтлаг биелүүлж, өдгөө монголчуудынхаа хайр, хүндэтгэлийг хүлээхээс гадна дэлхийн урлаг судлаач, экспертүүд, хөгжимд шимтэгчдийн дурлан сонсдог амьд хөгжмийн хамтлаг болжээ. Үндэсний уламжлал, ардын хөгжмөө орчин үеийн цахилгаан хөгжимтэй хослуулж, хүний оршихуй, байгаль эх, нэгнээ хайрлах сэтгэл, мөн чанарын тухай уран бүтээлүүд туурвидаг “The HU” хамтлаг Монгол Улсын төрийн дээд “Чингис хаан” одонгоор шагнуулж, ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр тодроод буй билээ.
“The HU” дэлхийд томоохонд тооцогддог “Coachella”, “Hellfest” хөгжмийн фестивальд оролцохын зэрэгцээ Америк, Европ тивийн аялан тоглолтууддаа оролцож явсаар өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирэв. Түүнээс таван сарын өмнө “Rumble of Thunder” метаверс тоглолтоо хийх гэж байхад хамтлагийн ахлагч Ц.Галбадрахтай цөөн хором ярилцаж, дараа ирэхэд нь хамтлагийн бүх гишүүнтэй уулзаж ярилцлага хийх ам аваад байсан юм. Наймдугаар сарын сүүлчээр нэгэн бороотой өдөр “The HU” хамтлагийн продюсер Б.Дашдондог ах утас цохив. Б.Дашдондог ахтай утсаар ярьсныхаа дараа өдөр үд өнгөрч байх үеэр Бөхийн өргөөний урд байх “The HU” хамтлагийн студи руу явж оров. Продюсер Б.Дашдондог ах өрөөндөө бичиг цаасны ажилтай, хамтлагийн гишүүд бичлэгийн өрөөнд нь бэлтгэл хийж байна. Ороод харвал, “The HU”-гийнхэн хуураа татаж, товшуураа товшиж, бөмбөрөө дэлдэж, гитараа дараад тун завгүй. Дэлхийн дөрвөн тивд товлосон аялан тоглолтууддаа бэлдэхийн сацуу шинэ цомгийн уран бүтээлээ хийж эхэлсэн учир ийн завгүй байгаа гэнэ. Ярилцлагын эхлэл болгож продюсер Б.Дашдондог ах “The HU” хамтлаг шинэ цомгийн ажлаа эхлээд аялан тоглолтуудаа түр завсарласан энэ үедээ танай сэтгүүлд ярилцлага өгөхөөр боллоо. Бид анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголын хэвлэлдээ ярилцлага өгөх гэж байгаа нь бидэнд ч нэр төрийг хэрэг болж байна” хэмээсэн юм.
-Ердөө таван жилийн өмнө үндэсний соёлоо амьд хөгжимтэй хослуулсан “The HU” хамтлаг байгуулагдаж, “Чонон сүлд”, “Юу вэ, юу вэ” дуугаараа олонд танигдаж байлаа. Төдийгөөс өдийг хүртэлх “The HU”-гийн бүтээсэн нь олон, олсон нь арвин санагддаг. Энэ хугацаанд олсон, бүтээсэн арвин түүхээсээ манай уншигчидтай хуваалцана гэж найдаж байна?
Б.ДАШДОНДОГ: Хүннү рок урсгалын санааг анх 2008 онд олж, түүнээс хойш есөн жилийн турш эрэл, хайгуул хийж, судалсны дүнд “The HU” хамтлагаа байгуулж байжээ. “Чонон сүлд”, “Юу вэ, юу вэ” дуугаа олон нийтэд цацаж эхэлснээс хойш долоон жил өнгөрч. Өдгөө бид хоёр цомог, дөрвөн сингл цомог гаргаж, Америк, Европ, Австрали, Ази тивд нийт 270 гаруй тоглолт хийсэн байна. Хамтлаг бий болж, бүтэн болсноос хойш залуус маань нэгэнтэйгээ эвтэй сайн нөхөрлөж, нэгнийгээ хүндэтгэж, нэр төрийг нь өндөрт өргөж яваа нь сайхан байдаг. “The HU”-гийн нөхөрлөл, хүндэтгэл бидний олсон хамгийн том шагнал байлаа.
-“The HU” хамтлаг бүрдсэн түүхийг уншигч, сонсогчид тэр бүр мэддэггүй. Цагийн дуудлагаар гэдэг шиг тал талаасаа нэгнийгээ олж, нэг дээвэр дор цугласан залуус байв уу?
Б.ЭНХСАЙХАН: Ардын урлагийн уран бүтээлчид маань язгуур урлагаа л тоглохоос амьд хөгжим, рок гэсэн нарийн нандин юм тоглох хүсэлгүй байх шиг санагддаг. “The HU”-г байгуулахын тулд Б.Дашдондог ах бараг ардын урлагийн бүх хамтлаг, уран бүтээлчтэй уулзаж байсан юм билээ. Би ч тэгж уулзсан. “The HU”-д элсэхээсээ өмнө нь “Домог” нэртэй ардын урлагийн хамтлагийн гишүүн байсан. Тухайн үеийн хамтлагийнхандаа “Юм цаанаасаа учиртай. Хэдүүлээ хамтдаа хийе” гэхэд зөвшөөрөөгүй юм л даа. Харин Б.Дашдондог ахтай хамтарч, шинэ юм хийж, бүтээе гэсэн залуус тал талаасаа сэтгэлийн дуудлагаар нэгдэж, “The HU” хамтлаг бүрдсэн.
-Уран бүтээл “төрүүлнэ” гэдэг амаргүй. Сэтгэлийн дуудлагаараа нэгдэж, нийлсэн залуус хэдий ч зарим үед нэгнийгээ хурцалж, нэгэндээ хурцлагдаж байж урагшилдаг болов уу. Тэр дундаа дан эрчүүд цугласан хамтлаг уран бүтээлийн ажилд “чанга гар”-аар орно биз?
Ц.ГАЛБАДРАХ: “The HU” хамтлаг олон жилийн нөхөрлөл, нэгнийхээ чадвар, чадамжийг мэддэг, хүндэлдэг залуусын нэгдэл. Гэхдээ уран бүтээл гэдэг олон туршилт, шалгуурыг давж, хэн хэнийх нь санаа, бодолд тулгуурлаж байж гарна. Тэр бүрд нэгэнтэйгээ санал зөрөлдөх асуудал байлгүй л яах вэ. Уран бүтээлийн хувьд мэтгэлцэж, санаа, оноогоо хэлсний хүчинд л чанартай, сайн уран бүтээл гаргана. Түүнээс биш, бид амьдрал дээрээ муудалцаж байгаагүй. Нэгнийгээ ойлгож, хүндэтгэдэг амьдралаа, ирээдүйгээ илүү гэрэл гэгээтэйгээр харж яваа залуус.
-Дэлхий дахинд Монголын түүхийг сөрөг талаас нь хүлээж авдаг, эзлэн түрэмгийлэгч гэж хардаг орон цөөнгүй. Харин тэр улсаас нь хүннү рок урсгалын “The HU” хамтлаг бий болж, уран бүтээл туурвихад дэлхий хэрхэн хүлээж авсан гэж боддог вэ?
Г.НЯМЖАНЦАН: Бид өөрсдийгөө дүгнэж, тодорхойлохгүй. Аливаа зүйлд анхдагч, мөс хагалагч байна гэдэг хариуцлагатай ажил. Харин гаднын хөгжмийн экспертүүд, сонсогчид дэлхий биднийг хэрхэн харсан талаар ярьж, бичвэл илүү оновчтой болох болов уу. Дэлхий дахинд “The HU”-г найман настай балчираас 80 настай буурал хүртэл сонсож байна. Тэр дунд дэлхийд танигдсан олны танилууд ч бий. Жишээлбэл, домогт дуучин Элтон Жон байна. Элтон Жон “Би рок хөгжмийн хөгжлийг нэг шат ахиулсан учраас Хатан хаанаас баатар хэргэм хүртсэн. Харин надаас хойш рокыг дахин нэг шат ахиулсан хамтлаг бол “The HU” шүү. Тийм ч учраас би танай хөгжмийг сонсдог, хүндэлдэг” гэж байв. Бүр Гластонберигийн хөгжмийн наадамд биднийг онцлон танилцуулсан. Дуу хөгжмийн амьд домог болсон дуучин тэгж сайшаасан нь бидэнд маш том урам зориг өгсөн.
Б.ДАШДОНДОГ: Дэлхийн олон орон Чингис хааныг алуурчин, дарангуйлагч гэж цоллодог. Гэхдээ тэд монголчууд хүн төрөлхтөнд юуг нээж, бүтээж, шинэчилж өгснийг боддоггүй. Би XIII зууны үеийн монголчууд дэлхий даяарчлагдах суурийг тавьж өгсөн гэж боддог. Монголчууд тэр үед л төрт улс, дипломат харилцаа, шуудан холбоо, олон улсын худалдааг бий болгосон. Хэн нэгнийгээ итгэж, шүтэж явдаг зүйл, бүх шашныг хүлээн зөвшөөрсөн. Ингээд харвал бидний өвөг дээдэс дэлхий дахинд шинэчлэл авчирсан. Харин үүнийг дэлхий тэр бүр мэддэггүй. Тиймээс л “The HU” хамтлаг өвөг дээдсээ магтан дуулж, хүн хүнээ хайрлах, байгаль эхээ хайрлах сэтгэлийн тухай дуулж байгаа юм шүү дээ.
-Магад “The HU” хамтлагийн тэр зорилго биеллээ олж, дэлхий дахин хүннү рокыг маш дотноор хүлээж авч байгаа бололтой?
Б.ДАШДОНДОГ: Хүннү рок гарч ирснээсээ хойш л дэлхийн олон оронд танигдаж, таалагдаж байгаа. Өвөг дээдэс маань нэгнийгээ хүндэтгэдэг, эв нэгдэлтэй, нэгнийхээ мөрөн дээр илд буулгадаггүй байсан учраас хүчтэй байсан. Дээдсийн ухаан нэгнээ хайрлах, хүндэтгэх, байгалиа хайрлах, хамгаалахыг “The HU” дуулдаг. Харин “The HU” хамтлагийн уран бүтээлээр зөвхөн монголчууд гэлтгүй дэлхийн олон орны хүмүүс цаг хугацааг, байгаль эхийг, өөрийгөө танин мэдэж, ойлгож байна. Гаднын сонсогчид маань “The HU”-гийн уран бүтээлүүдийг сонссоныхоо дараа “Би хэн юм бэ”, “Нартад яах гэж ирсэн юм бэ” гэдгээ бодож, тунгааж “Яагаад ийм нэгэн хэвийн амьдралын урсгалд орчихоо вэ” гэж асуудаг. Бид өөрсдийн мэддэг зүйлээ бусдад илэрхийлж, бусдад ойлгуулж, ямарваа нэгэн зүйлийг ухааруулж байгаа гэж бодохоор сайхан байдаг.
Г.НЯМЖАНЦАН: Аялан тоглолтуудыг маань үзсэн гадаад сонсогчид “Цар тахлын хүнд үеийг туулахад “The HU”-гийн хөгжим итгэл найдвар өгсөн” гэж хоолойгоо зангируулан хэлээд биднийг тэвэрч байсан тохиолдол цөөнгүй. Тэр тэврэлт хамтлагийг маань зөв зүйл хийж байгааг, бусдад тустай зүйл хийж байгааг мэдрүүлсэн. Бид аялан тоглолтоор явж байхдаа осолд ороод суумгай болсон чопперчин сонсогчтойгоо таарсан юм. Тэр залуу “Амьдрах утга учиргүй болсон. Амиа егүүтгэх оролдлого олон хийж байсан. Гэхдээ танай хөгжим надад амьдрах утга учир өгсөн” гэж хэлсэн. Үндэсний соёл, ардын урлагаа цахилгаан хөгжимтэй хослуулан хүннү рок урсгалыг бий болгож, уран бүтээл туурвихдаа тэр залуу шиг хүмүүст амьдрах итгэл, гэрэл гэгээ харуулж байгаадаа үнэхээр баярладаг.
-“The HU” хамтлаг дэлхийд томоохондоо тооцогддог “Coachella”, “Hellfest” зэрэг хөгжмийн олон фестивальд оролцсон. Тэгэхдээ рок, металл хөгжмийн домог болсон уран бүтээлч, хамтлагуудтай нэгэн тайзан дээр гарч уран бүтээлээ тоглосон. Бага наснаасаа харж өссөн дуу хөгжмийн домог болсон хүмүүстэй хамтарч, нэг тайз хувааж тоглох ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
Н.ТЭМҮҮЛЭН: Хар багаасаа сонсож, биширч өссөн, хэзээ ч уулзана гэж бодож байгаагүй алдартай хүмүүстэй хувцас солих өрөөнд хамт зогсох эхэндээ их хачин догдлуун мэдрэмж төрүүлдэг юм билээ. Гэхдээ яг тийм үед хүний төрсөн нутаг хамгийн их бодогддог. Талын монгол нутгаас очсон залуус дэлхийн дуу хөгжмийн амьд домог болсон хүмүүстэй хамт уран бүтээлээ тоглож, өөрсдийн өнгө донж, уламжлал, өв соёлоороо гангарч байгаа хүмүүст эх орон нь л бодогдоно шүү дээ. Үнэхээр үгээр илэрхийлшгүй.
Б.ДАШДОНДОГ: Залуус маань дуу хөгжмийн амьд домгуудтай тайзаа хуваагаад зогсохгүй оргилыг нь булаацалдсан шүү дээ. Алдарт “Queen” хамтлагийн тухай кино нээлтээ хийгээд “Bohemian Rhapsody”-г дэлхий даяар сонсож байхад “The HU”-гийн маань “Чонон сүлд”, “Юу вэ, юу вэ” дуу “Queen”, “Metallica” хамтлагтай байр булаалдаж, шилдэг дууны жагсаалтад дээр, доороо орж явааг нь харах бахархам байсан. Өөрсдөө ч нүдэндээ итгээгүй. Сүүлд гэхэд, “This is Mongol” дуу Америкийн шилдэг дууны жагсаалтыг хэдэн сарын турш байр ухралгүйгээр тэргүүлсэн. Орчин цагт хамгийн том орон гэж танигдсан Америкийн шилдэг хөгжмийн жагсаалтыг “Энэ бол Монгол” гэсэн нэртэй дуу тэргүүлж байна гэдэг нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгах биз ээ.
-Хамтлагийн аялан тоглолтыг үзэж байгаа гадаад сонсогчид монгол үндэсний хувцас өмссөн байгааг зураг, дүрс бичлэгээс олон удаа харж байсан юм байна. Дэлхий дахин дахь “The HU” хамтлагийн сонсогч, фэнүүд хэр монголжиж байна вэ?
Н.ТЭМҮҮЛЭН: Аялан тоглолт үзэхээр ирдэг олонх сонсогч монгол үндэсний хувцас өмссөн байдаг шүү. Тэр ч бүү хэл, тоглолтын дараа хамтлагийнхантай уулзаж, гарын үсэг авч, зураг даруулахдаа монголоор мэндэлж, “Баярлалаа” гэж хэлдэг. Биднийг тайзан дээр дуулж байхад хэлийг нь мэдэхгүй ч даган дуулж байгаа үзэгчдээ харах сайхан байдаг.
Г.НЯМЖАНЦАН: Нэг удаа тоглолтод унжлагатай малгай өмссөн сонсогчид ирэв ээ. Хаанаас авсныг нь лавлаад асуутал “Монголын “Нарантуул” захаас захиж авчруулсан” гээд малгай, дээл өмссөн байсан. Үүгээр ч зогсохгүй дээл, хантаазаар гангарч, зарим сонсогч баатрын хувцас өмсөөд ирдэг. Тэр сонсогчид маань “Та нарын хөгжмөөр дамжуулж Монголтой ойртож байгаа” гэдэг. Биднийг сонссон олон хүн Монгол руу очсон, аялсан, аялахаар төлөвлөсөн тухайгаа ч ярьдаг.
-Гаднын сонсогчдын дунд “The HU” хамтлаг рок уу, металл уу гэсэн маргаан өрнөдөг юм билээ. Энэ тухай амьд хөгжмийн “Loudwire” сэтгүүл нийтлэл дээрээ дурдсан байна лээ. Харин “The HU”-гийнхэн өөрсдийн хөгжмөө аль төрлийнх нь гэж тодорхойлох вэ?
Б.ЭНХСАЙХАН: Манай хамтлаг анх хүннү рок гэж гарч ирсэн. Гэхдээ уран бүтээл дэх халгиа, цалгиа дуугаралт яах аргагүй металл мөн. Тиймээс “The HU” хамтлаг хүннү рок, хүннү металл аль алийг нь хослуулдаг.
Г.НЯМЖАНЦАН: Бид рок уу, металл уу гэдгийг оролцож байгаа хөгжмийн фестивалиудаас харж болно. Гэхдээ бид ямар нэг төрөл зүйл, ангилалд баригддаггүй. “The HU” хамтлаг Америкийн “Coachella”-гаас эхлээд металл хөгжмийн “Hellfest”-д орсон. Бүр хип хоп, поп фестивальд хүртэл оролцож ирсэн шүү дээ. Мэдээж, бидэнд өвөг дээдсээс уламжлан ирсэн халгиа, цалгиа, хөөмий, морин хуур, товшуур зэрэг металл хэлэмж бий. Гэхдээ “The HU” хамтлаг хөгжмийн ямар нэгэн төрөлд баригдалгүйгээр бүтээхийг зорьдог.
Б.ДАШДОНДОГ: “The HU” хамтлаг хүннү рок, хүннү металл бүтээх замдаа ардын урлагийн морин хууртаа нэгэн том шинэчлэл авчирсан. Анх хамтлагаа байгуулаад загвар, стилийн талаар бодож байхдаа “Морин хуур яагаад заавал бор өнгөтэй байх ёстой гэж” гэсэн бодол төрсөн. Түүнээс улбаалан зургаа гаргаад хуураа хар, хөх өнгөтэй, морины толгойг нь өөрчилж, хамтлаг маань морин хуурыг анх удаа зогсоогоороо тоглосон шүү дээ. Би “The HU” хамтлаг Монголын морин хуурт шинэчлэл авчирсан гэж боддог. Үүнтэй холбоотойгоор ч дэлхийн олон орны хүмүүс морин хуурыг сонирхох болсон. Тийм учраас бид хуур хөгжмөө олноор үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргаасай гэж боддог.
-БИДНИЙ ӨНГӨРСӨН ДОЛООН ЖИЛИЙН АЯН МӨН Ч УРТ АЯН БАЙЛАА ДАА-
-“The HU” хамтлаг анхны “Гэрэгэ” цомгоороо л дэлхийд танигдаж, тодорхой хэмжээнд байр сууриа олчихсон байв. Харин тэр байр суурьт энэ онд шинээр гаргасан “Аянгын нүргээн” цомог хэрхэн нөлөөлсөн бэ. “Аянгын нүргээн цомог” ямар өөрчлөлт, шинэчлэл авчрав?
Ц.ГАЛБАДРАХ: Амьд хөгжмийн хамтлаг өдөрт хэдэн зуугаараа гарч ирж, бас хэдэн зуугаараа алга болж байдаг. Харин манай “The HU” хамтлаг тэр дунд хүннү рокоороо байр сууриа тогтоосон болов уу гэж итгэдэг. Бид “Гэрэгэ” цомгоороо өөрсдийгөө тунхаглаж, рок хөгжимд хүннү рок гэдэг туг хатгасан. Тэр цагаас хойш гаднын олон хүнээс “Дараагийн цомогтоо англиар дуулах уу”, “Стандарт рок хамтлагууд шиг дуу хийх үү”, “Хүннү рок дуулсан ч одоо хүмүүс сонсох юм болов уу” гэсэн санал ирж байсан. Харин бид хүннү рок урсгалаа үргэлжлүүлж, илүү сайн бүтээлүүд хийж, байр сууриа батлах итгэлтэйгээр “Аянгын нүргээн” цомгоо гаргасан.
-“The HU” хамтлаг байгуулагдсан цагаасаа том хүндтэй шагналуудыг “түүжээ”. Монгол Улсын төрийн дээд “Чингис хаан” одон хүртэж, өнгөрсөн жил ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр тодорсон. Харин “The HU”-гийн хувьд энэ шагнал, хэргэм хэр үнэ цэнтэй юм бэ?
Б.ЭНХСАЙХАН: Шагнал гэдэг ямарваа нэгэн хүн, хамт олны хийж, бүтээснийг үнэлсэн үнэлэмж. Шагнуулах болбол дургүйлхэж, татгалздаг хүн байхгүй л байх. Гэхдээ бид шагналын төлөө юм хийдэггүй. Харин хөгжимчин, тэр дундаа ардын урлагийнхан бид чинь их үндсэрхэг хүмүүс. Тиймээс ч их хааныхаа нэрээр нэрлэгдсэн тэр том одон, шагналыг хүртсэн нь сайхан. “Чингис хаан” одонг өмнө нь зөвхөн хувь хүнд олгодог байсан. Харин “The HU” хамтлаг шагнуулснаар “Чингис хаан” одонгийн журамд өөрчлөлт орж, баг, хамт олон хүртэх боломжтой болсон. Тиймээс ч ирээдүйн “Чингис хаан” одонт баг, хамт олны эхлэл болсондоо баяртай байгаа. Харин ЮНЕСКО-гоос биднийг “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр тодруулсан нь бидэнд өгсөн урам, “ташуур” гэж ойлгож байгаа. Бид уран бүтээлээ маш том санаа, философитой хийхээс хоёрын хооронд аргацаасан зүйл хийх эрхгүй болоод дуусаж байна. Тиймээс ч чадах зүйлээрээ, дуу хөгжмөөрөө дэлхийд энх тайвныг магтан дуулах ёстой.
-“The HU” хамтлагийн хувьд хүннү рокыг, өв соёл, уламжлал, ардын урлагаа дэлхийд таниулсан долоон жилийн “тэмцэл” өнгөрчээ. Энэ хугацаанд олон ч зүйл олж, нээж, бүтээсэн долоон жил эсрэгээрээ их ч зүйл алдсан байх?
Б.ЭНХСАЙХАН: “The HU” хамтлаг хүннү рокыг бүтээж, дэлхийд гарахын тулд долоохон жилийг золиогүй. Бидний зарим нь 20 гаруй жил хөгжим тоглосон, энэ урлагт цаг хугацаагаа зориулсан. Гэхдээ анх хөгжимтэй холбогдож, тоглож эхэлсэн маань ч энэ үйлийн төлөө байж магад. Анх эхэлж байхад олон шүүмжлэл ирсэн. Ардын урлагийг сөнөөж байгаа, цахилгаан хөгжимтэй хослуулж мөн чанарыг нь гутааж байгаа гэж их шүүмжилсэн. Гэхдээ бид өөрсдийн итгэл үнэмшилдээ бат байсан нь өдийг хүргэсэн гэж итгэдэг.
Б.ДАШДОНДОГ: Хүмүүс биднийг аялан тоглолтод автобусаар яваад л газар орон үзэж, хүмүүстэй уулзаж учирч, “Сайхан яваа юм байна” гэж хардаг. Ард нь ямар их ажил, хөдөлмөр өрнөж байдгийг мэдэхгүй. Залуус маань олон мянган километр замыг автобусаар туулж, хүрэх газраа ядарч хүрсэн ч тайзан дээрээ яагаа ч үгүй юм шиг гарч, эрч хүчтэй тоглочихоод буугаад ирдэг. Хүнийхээ хувьд залуусаа өрөвддөг, хайрладаг, бахархдаг. Бидний өнгөрсөн долоон жилийн аян мөн ч урт аян байлаа даа.
-“The HU” хамтлаг хэзээнээс Монгол дахь сонсогчидтойгоо ойртож, эх орондоо тоглолт, хөгжмийн наадам зохион байгуулах вэ?
Б.ДАШДОНДОГ: Эх орондоо хийх тоглолтуудаа төлөвлөж байгаа. Тэгэхдээ хөгжмийн том фестиваль хэлбэрээр зохион байгуулж, “The HU”-тэй хамтарсан гаднын том уран бүтээлч, хамтлагуудыг урьж оролцуулахыг зорьж байна. Үүгээр ч зогсохгүй “The HU” хамтлагийн нэрийн хүннү рок фестивалийн тухай бодож, зорьж явна.
-“The HU” хамтлаг бие даасан гурав дахь цомгийнхоо ажилд орсон гэж дуулсан. Ярилцлагынхаа төгсгөл болгож, “The HU” хамтлагийн шинэ цомгийн уран бүтээлийн тухай үзэгч, сонсогчдодоо бэлэг барихгүй юу?
Б.ДАШДОНДОГ: “The HU”-гийн гурав дахь цомгийн үндсэн санаа өөрөөрөө байх, өөрийн гэсэн бодол, зүтгэлтэй байх, хүн аз жаргалыг олох бус нартад ирээд төрсөн байгаа нь л жаргал гэдгийг харуулсан бүтээл болно. Мөн сонсогчдодоо нэг бэлэг барихад “The HU” хамтлаг “Оддын дайн”-тай хамтарч пянз, цомог гаргаж байгаа. Энэ цомгоороо дэлхийн хамгийн алдартай “Грэмми” хөгжмийн наадамд өрсөлдөнө. Бид “Грэмми”-д ойрхон байгаа, авч чадна. Хүний хүсэл, мөрөөдөл хязгааргүй гэдэг. Харин “The HU” хамтлаг хүссэн, зорьсондоо хүрэхийн тулд тууштай хичээнэ.
Энэ хүрээд монгол соёл, хүннү рокыг дэлхийд таниулж яваа “The HU” хамтлагийнхантай хийсэн ярилцлагаа өндөрлүүлэх болов. Биднийг ийн ярилцсанаас хойш “The HU” хамтлаг дахин Америк, Европ тивд аялан тоглолтоо хийж, амьд хөгжмийн домог болсон “Kiss”, “Iron Maiden”, “Pantera” зэрэг хамтлагтай нэгэн тайзан дээр уран бүтээлээ толилуулсан билээ. “The HU” бол амьд хөгжим сонирхогчдын хэдийнэ танил болсон яхир хүчдэл, хахир дуугаралтыг халж, шинэ өнгө аяс, уянга, далд хүч, гэрэл гэгээг эрэлхийлэн дэлхийн дуу хөгжмийн дэвжээнд нэгэнт цойлсон амьд домог билээ.
THE HU: БИД РОК ХӨГЖИМД ХҮННҮ РОК ГЭЖ ТУГАА ХАТГАСАН |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |