• Өнөөдөр 2024-04-29

Б.АЛТАНХӨЛӨГ: “ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ” ШОУНЫ ФИНАЛЫН ҮЗҮҮЛБЭР ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ БАЙСАН ДАА

                Би түүнийг анх “Ододтой бүжиглэе” шоуны үеэр харж байсан юм. Мэргэжлийн бүжигчин биш хэрнээ жүжигчин Т.Бадамжавын тайзан дээр гялалзаж, тодорч харагдаж байгаа нь түүний  хамтрагчтай салшгүй холбоотой санагдаж байлаа. Хамтрагчаа гэрэлтүүлж, тодруулахынхаа хажуугаар тэр бүжгийнхээ утга санааг үзэгчдэд мэдрэгдтэл нь царайгаараа, биеийн хөдөлгөөнөөрөө илэрхийлж байлаа. Өв тэгш биетэй, нүүр дүүрэн инээмсэглэсэн авьяаслаг бүжигчин түүнийг Б.Алтанхөлөг гэдэг. Тэр Монгол Улсын нэр хүндийг цэнгээнт бүжгийн салбарт өндөрт өргөж яваа “Moon dance” бүжгийн хамтлагийг анх байгуулсан гишүүдийн нэг. Тэд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Азийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан гайхалтай амжилтын эзэд билээ. 

-Бүжгийн урлагтай анх хэрхэн холбогдож байсан тухайгаас яриагаа эхлэх үү?

                -Цэцэрлэгийнхээ бүжгийн хамтлагийн ахлагч нь байлаа. Дуу хөгжмийн багш маань хөдөлгөөний эвсэлтэй хүүхдүүдийг сонгож хамтлаг болгож байсан нь тэр л дээ. Ээж минь бүжиглэх дуртай, энэ урлагт хайртай учраас намайг их дэмждэг. Ингээд бодоход тэр үеэс хойш бүжгийн урлагаас огт холдоогүй юм байна. 

-“Moon dance” хамтлаг Монгол Улсын нэрийг өндөрт өргөсөн олон амжилтын эзэн болжээ. Хамтлагт анх нэгдсэн үеийнхээ талаар яривал?

                 -Монгол Улсын анхны цэнгээнт бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. ДАШТ-ий латин бүжгийн төрөлд мөнгөн медаль хүртсэн анхны Ази хамтлаг нь манайх байсан. Хамтлагаа байгуулагдсан цагаас нь эхлээд аз жаргалтай, гунигтай, баярлаж, бахархсан 10 жилийг тэдэнтэйгээ өнгөрүүлсэн байна. 2013 онд хамтлаг байгуулагдаж байх үед би нэгдүгээр курсийн оюутан байлаа. Бүгд өөр өөр мэргэжлээр их сургуульд сурдаг ч хүсэл эрмэлзлэлээрээ цугларсан залуус учраас анхны бүрэлдэхүүн их гал цогтой нэгдсэн гэж боддог. Анхны гишүүд сууриа сайн тавьсан учраас хамтлаг маань арван жил оршин тогтнож байгаа байх. Ашгийн төлөө бус хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн залуусын байгуулсан хамтлаг л даа. Багийн спорт бол нэг хүнээс хамааралтай зүйл огт биш. Талбай дээр бүжиглэж байгаа 16 бүжигчнээс гадна арын алба, багш дасгалжуулагч гээд олон хүний хөдөлмөр шингэж, хамтарч ажилладаг учраас гайхалтай амжилтууд гаргадаг байсан. Тууштай байдал бол хамтлагийн минь үнэт зүйл. Бид хэзээд зогсолтгүйгээр хөдөлмөрлөж, үргэлж өсөж дэвжихийг эрмэлздэг. Хэзээ ч бүжиг, хамтлаг гэх нэг жанжин шугамаасаа хазайгаагүй, зогсоогүй, ухраагүй. Бүгд нэгэнтэйгээ нягт холбоотой бүжиглэдэг. Нэг гишүүн алдаа гарахад багийн оноонд нөлөөлнө гэдгийг бүгд сайн мэдэж байдаг.

-Дэлхийн аваргын тэмцээнд өвдөгний бэртэлтэй оролцож байсан юм билээ. Тэр тухай дурсамжаас ярих уу?

                -2015 онд сонирхогчдын хөл бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох үеэрээ өвдгөндөө бэртэл авсан. Дэлхийн аварга шалгаруулах чухал тэмцээнд явахаас долоо хоногийн өмнө гэсэн үг л дээ. Тухайн үед багшдаа хэлж чадаагүй ээ. Багшийгаа “Хөл бөмбөгийн тэмцээнд орж болохгүй шүү” гэж байхад нь дураараа дуртай зүйл рүүгээ тэмүүлээд бэртчихсэн хэрэг. Баруун хөл дээрээ ачаалал авч болохгүй, хавдчихсан. Бэртсэн гэдгээ ганцхан бүжгийн хамтрагчдаа л хэлээд талбай дээр гарч байсан даа.  Тэмцээнээс ирээд өвдгөн дээрээ ямар ч ачаалал авч чадахаа больсон. Булчин нарийсаад, хатчихдаг юм билээ. Бэртлээсээ болоод “Авьяаслаг монголчууд” шоуны эхний шатанд оролцож чадалгүй багийнхыгаа тайзны араас дэмжиж байлаа. Жилээс жилд бэртэл маань эдгэрч хэвийн болж эхэлсэн. Харамсалтай нь, 2021 онд бэртлээ дахиж сэдрээгээд хагалгаанд орохоос аргагүй болсон. Хагалгааны дараа ДАШТ-д оролцож чадах эсэх нь ч тодорхойгүй болсон. Эмчээс гурван сарын дараагаас бэлтгэл хийж эхлэх заавар авсан ч хөнгөн бэлтгэлээс эхлээд тэмцээний бэлтгэлийг хүртэл хийж эхэлсэн. Ингээд дахин  нэг удаа өвдөгний бэртэлтэй ДАШТ-д орсон доо. Баруун өвдөг нь бэртэлтэй учраас бүх ачааллаа зүүн өвдөг дээрээ өгч байгаад дахиад бэртчихсэн. 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хэдхэн сарын өмнө л дөө. Өвдгөө нугалж чадахгүй болохоор “Тэмцээндээ оролцож чадахгүй юм байна” гэж бодсон. Гурван сарын өмнөөс хамтлаг маань тэмцээний бүжгийн бэлтгэлээ хийж эхэлсэн. Тэр үед ганцаараа, багаараа бэлдсээр байгаад тэмцээндээ оролцохоор болж байлаа. Бэртлээ сэдрээж, тайзан дээр унахгүйн тулд түгшиж, биеэ барьсаар үзүүлбэрээ дуусгасан даа.

-Бүжгийн клубт багшилж байгаа юм билээ. Энэ талаараа яривал?

                -“UNIQ dance studio” бүжгийн студийг найзтайгаа хамтарч байгуулаад хоёр жил болж байна. Хамгийн дуртай, сайн хийж чаддаг зүйлээ хүнд заах сайхан юм билээ. Миний заасан бүхнийг сураад бүжиглэж байгаа сурагчдаа харах хамгийн гайхалтай нь. “Багш аа” гэж дуудуулах надад маш том хүндлэл. Энэ их хүндлэл, итгэлийг алдахгүй байхыг л хүсдэг дээ.

-“Ододтой бүжиглэе” шоуны үеэр жүжигчин Т.Бадамжавтай хамтарч хийсэн үзүүлбэрүүд нь хүмүүсийн хамгийн дуртай үзүүлбэр байсан шүү дээ.  Тус шоуг дурсвал?

                -Жүжигчин Т.Бадамжавтай ойлголцож, хамтрах их амар байсан. Ямар ч хөдөлгөөн заасан заавал сурна гэж эрмэлздэг, хойш суухыг хүсдэггүй, дайчин эмэгтэй. Хүнд хөдөлгөөн байсан ч “Тэгье, болгоё, суръя” гэдэг. Бид үзүүлсэн үзүүлбэр бүрдээ их хөдөлмөр, сэтгэл шингээсэн. Тэр дундаас финалын шатны үзүүлбэр хамгийн шилдэг нь байсан даа.

-Хамгийн дурсамжтай үзүүлбэр үзүүлсэн тайзныхаа талаар дурсвал?

                  -Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх оролцох үеийн тайз юм болов уу. Тайзыг нь, тэмцээн үзэхээр эгнээд суучихсан тэр олон хүнийг хараад их сүрдэж билээ. Мөн “Ододтой бүжиглэе” шоуны тайз. Олон сайн хүнтэй танилцаж, их зүйл сурсан. Хэдхэн минутын үзүүлбэр үзүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж, бэлдсэн. Зүгээр бүжиглээд өнгөрөх бус хүмүүст мэдрэгдтэл бүжиглэхийг хичээсэн тайз даа. Нэвтрүүлэг дууссаны дараа дахиад шинээр хийгээсэй гэж их хүссэн.

-“Favway” уран бүтээлийн нэгдлийн вэб драмад ажиллаж байсан шүү дээ. Кинонд тоглох саналыг хэрхэн хүлээн авч байв?

                 -Өвдгөндөө бэртэл авч, хагалгаанд орсны дараа “Oh~Hi School” вэбдрамад тоглосон. Жүжиглэнэ гэдэг бодсоноос огт өөр хэцүү ажил байна лээ. “Favway”-ийн уран бүтээлчид байнга дэмжсэн учраас киногоо сайн дуусгаж чадсан. Сүүлд “Атаман охин” цувралд ажилласан. Дүрд хувирч, өөр хүний амьдралаар хэсэг  амьдрах сонирхолтой санагдсан. 

-Таны хүрэхийг хүсэж байгаа дараагийн шат юу вэ?

                -Энэ удаагийн ДАШТ-д амжилттай оролцож эх орондоо алтан медаль авчирмаар байна. Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан сайн бүжигчдийг бэлдмээр байна. Миний хийж чаддаггүйг чаддаг шилдэг бүжигчдийг бэлдэхийг хүсэж байгаа. Мөн биеэ хөгжүүлээд өөр спортод хүч сорих бодолтой байна.

           “Бүжигтэй хувь тавилангаараа холбогдсон юм шиг санагддаг. Цэцэрлэгээсээ эхлээд өнөөдрийг хүртэл бүжиглэж байна. Бэртсэн ч, шантармаар үе гарсан ч зогсоогүй, бүжиглэсээр л байсан” хэмээсээр бидний яриа дууссан юм. Түүнд хүрэхийг хүссэн зорилго, гарахыг хүссэн тайз олон бий. Тэдний нэг нь дараагийн цэнгээнт бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Түүний болон хамтлагийнх нь зорилго амжилтаа ахиулж, тус тэмцээний алтан цомыг эх орондоо авчрах. Эрч хүч нь үргэлж оргилж байдаг тэдний зорилго биелнэ гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

 

 


 

 


Б.АЛТАНХӨЛӨГ: “ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ” ШОУНЫ ФИНАЛЫН ҮЗҮҮЛБЭР ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ БАЙСАН ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188