• Өнөөдөр 2024-04-29

НИКОЛА МАС: МОНГОЛ УЛСАД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХГҮЙ

2024-01-29,   638

        Монгол, Франц Улс ураны төсөлд хамтран ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад буй. Үүнтэй холбогдуулан бид Франц Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Орано” группийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр “Орано” группийн Ерөнхийлөгч  Никола Мастай ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газар Франц Улсын “Орано” групптэй уул уурхайн салбарт хамтран ажиллах гэж буй. Франц Улсын “Орано” группийн үйл ажиллагааны талаар та юун түрүүнд мэдээлэл өгөхгүй юү?

           -“Орано” группийн 90 хувийг, Франц Улсын Засгийн газар 10 хувийг нь Японы аж үйлдвэрийн компаниуд эзэмшдэг. Бид цөмийн материалын олборлолтоос эхлээд хувиргалт, баяжуулалтын салбарт ажилладаг. Өөрөөр хэлбэл, цөмийн цацраг идэвхт материалыг олборлох, хувиргах, баяжуулах, цөмийн цахилгаан станцын ашигласан түлшийг дахин боловсруулах гэсэн цөмийн эрчим хүчний салбарт ажилладаг. Манай “Орано” группийн “Орано майнинг” компани  буюу цацраг идэвхт материалын олборлолтын салбар нь 70 жилийн түүхтэй. Бид АНУ, Франц,  Япон, Канад, Египет, Казахстан Улсад олборлолт явуулж байна. Мөн одоо Узбекистан, Монгол Улсад олборлолт хийхээр төсөл хэрэгжүүлэх гэж байна. Бид Монгол Улсад геологийн хайгуул, үйлдвэрлэлийн туршилт хийж 25 жилийн үйл ажиллагаа явуулсны үр дүнд Хөрөнгө оруулалтын гэрээгээ Засгийн газартай хэлэлцэж байна. Би урьд нь “Орано майнинг” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Монгол Улсад хэд хэдэн удаа очих завшаан тохиож байлаа.

ГАЗАР ДОР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ НЬ ГАЗРЫН ГАДАРГА ГҮНИЙН УС МАШ БАГА АШИГЛАДАГ, НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХЭД ХАМГИЙН ХЯЛБАР, ҮЙЛДЭРЛЭЛИЙН ЯВЦАД ХАМГИЙН БАГА ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭДЭГ

-Хоёр улсын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах бэлтгэл ажил хангагдсан. Манай улсын хувьд ураны олборлолт хийхэд аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ гэдэг дээр анхаарал хандуулж байна. Энэ талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юү?

          -Хоёр улс уран олборлох төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг 25 жилийн хугацаанд хангаж байна. Бид өнгөрсөн хугацаанд хайгуул хийж, орд газраа тогтоосон. Улмаар туршилтын олборлолтоо хийгээд байна. Монгол Улсад уран олборлохдоо газар дор уусган олборлох технологиор олборлолт хийх юм. Энэ нь байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөө үзүүлдэг, байгалийг унаган төрхөөр нь хадгалах боломжтой технологи юм. Бидний ашиглах гэж байгаа газар дор уусган олборлох технологийг 1960 оноос АНУ ашиглаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл олборлолт явуулж байгаа юм. Манайх энэ технологиор Казахстан Улсад олборлолт хийж байна. Дэлхийд жилд олборлож байгаа нийт ураны 50 орчим хувийг энэ технологиор олборлодог. Энэ нь бол газрын гадарга дээрх гүнийн ус маш бага ашигладаг. Мөн нөхөн сэргээлт хийхэд хамгийн хялбар, үйлдвэрлэлийн явцад хамгийн бага эрчим хүч хэрэглэдэг гэдгээрээ давуу талтай.

-Монголчуудын хувьд уран химийн цацраг идэвхт бодис. Тиймээс цацрагийн болон химийн аюултай гэх ойлголт бий. Мөн Чернобылийн станцын аюул болон Фүкүшимагийн ослоор хүлээж авах нь бий. Уран олборлож эхэлснээр цацрагийн болон химийн аюул бий юү?

           -Цөмийн эрчим хүчний салбарт уран олборлолт хамгийн аюул багатай нь. Цөмийн эрчим хүчний салбар жил ирэх тусам хөгжиж байна.Үйлдвэрээс тоног төхөөрөмжийн хоолой, сэлбэг хэрэгсэл, цэвэрлэгээнд ашигласан алчуур зэрэг байгалийн уранд бохирдсон эд зүйлс гарна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан цөмийн материалтай хаягдал гарахгүй. Үйлдвэрт ажиллах ажилчид ердийн ажлын хувцастай ажиллаж болно.

ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНЭЭС ГАРГАСАН ХОГ ХАЯГДЛЫГ ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦ НЬ БҮРЭН ХАРИУЦДАГ

-Монгол Улсад уран олборлосны дараа цөмийн хог хаягдлаа булшилна гэсэн ойлголт байдаг.  Цөмийн хаягдлаа яадаг юм бэ?

           -“Орано” групп цөмийн эрчим хүчний материал үйлдвэрлэх салбарт үйл ажиллагаа явуулдаг гэдгийг дээр дурдсан. Цөмийн эрчим хүчнээс гаргасан хог хаягдлыг цөмийн цахилгаан станц нь бүрэн хариуцдаг. Тэгэхээр Монгол Улсад цөмийн хог хаягдлыг булшилна гэдэг ойлголт байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

-Ураныг газар дор уусган олборлох технологиор хүхрийн хүчил уусган олборлоно гэж байгаа. Иргэдийн хувьд химийн урвал явагдаж байгаа учраас ирээдүйд учрах эрсдэл байх вий гэх болгоомж байна. Газар дор уусган олборлох нь хэр аюулгүй технологи вэ?

            -Газар дор уусган олборлох технологиор уран олборлоход ундны устай холбогдохгүй. Энэ олборлолтыг хийхэд судалгаа хийдэг. Маш сайн шавран давхарга бий болсон эсэхийг харж байж олборлолт явуулдаг. Тэгэхээр бид геологийн загвараа маш сайн судалдаг. Загвараа зөв гаргасны дараа "Олборлолт хийх боломжтой юм байна" гэдгийг нь тогтоодог. Дараа нь уурхай ажиллах бүх хугацаанд хяналтын цооногоор дамжуулан өөр өөр давхаргын усыг дээжилж шинжилдэг. Ингэж хийсэн бүх судалгааг харъяалагдах мэргэжлийн байгууллагад танилцуулдаг. Түүнээс гадна усыг давхаргын ус ангилдаг. Уурхайн олборлолт хийхэд тухайн усны чанар ямар байсан  тэр ангилалд бид буцаан хүлээлгэж өгнө. Элсэн чулуун ордууд дээр хуримтлагдсан ордод нэг тонн хүдрийн баяжмалд 300 грамм уран агуулагддаг.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСНААР 2024 ОНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ, 2028 ОНООС ОЛБОРЛОЛТЫГ ЭХЛҮҮЛНЭ

-Монгол Улс ураны төслийг Франц Улстай хамтарч хэрэгжүүлэх давуу тал нь юу юм бэ?

              -Монгол Улсын экспортын дийлэнх хувийг нүүрс, тодорхой хэмжээгээр газрын тос эзэлж байна. Энэ бол дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлж байгаа эрчим хүчний эх үүсвэр гэгддэг. Тиймээс Монгол Улс уран олборлож, экспортод гаргаснаар дэлхийн дулаарлын эсрэг тэмцэж байгаа бүх нийтийн тэмцэлд нэгдэж байгаа нэг илэрхийлэл болох юм. 

        2023 онд Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц Улсад хийсэн айлчлал хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг харилцааг шинэ шатанд гаргасан. Үүн дээр нэмээд уул уурхайн төслөө урагшлуулбал хоёр улсын харилцаа улам өндөр түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна. Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлсэн “Бадрах-Энержи” компанийн ажилчид хөрөнгө оруулалтын төслийг тэсэн ядан хүлээж байна. Ингэснээр тэдний ажлын байр баталгаатай болж, нэмэгтээр ажлын байр бий болно. Дорноговь аймаг болон Монгол Улсын эдийн засагт маш эерэг нөлөө үзүүлнэ. Төсөл эхлэхээс өмнө 400-500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Төсөл хэрэгжих хугацаанд нэг тэрбум 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм.

МОНГОЛ УЛС ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ШИЙДВЭР ГАРГАЧИХВАЛ ФРАНЦ УЛСЫН ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖ ҮЙЛДВЭР БҮХ ТАЛААР ТУСЛАХАД БЭЛЭН

-Хөрөнгө оруулалтын гэрээ хойшлох нь ямар сөрөг үр дагаварт хүргэж байгаа юм бэ?

               -Хөрөнгө оруулалтын гэрээг бид хэлэлцээд бүтэн жил болсон. Нэг жилийн турш хэлэлцээр хийх ерөнхий хүрээгээ тохирч, тодорхойлсон. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ зурагдахгүй байх асуудал үүсэхгүй байх гэж бодож байна.

           Энэ гэрээг албажуулах хугацаа хойшлох тусам Монгол Улсад ирэх эдийн засгийн үр өгөөж хойшилно. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын  гэрээ хийсний дараа хийх чухал ажлууд хүлээгдэж байна. Төслийг тодорхойлох чухал баримт бичгүүдэд хөрөнгө оруулалтын гэрээнд тохируулан өөрчлөлт хийх ажил байгаа юм. Үүний дараа 2024 оны сүүлчээр бүтээн байгуулалтыг хийж, 2028-2029 оноос олборлолтыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 2500 тонн байна. Төсөл хэрэгжсэнээр 1000 гаруй ажлын байр бий болгоно.

-Монгол Улсын хувьд эрчим хүчний эх үүсвэртэй болох зорилт тавьж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж, төсөл эхэлчихвэл энэ тал дээр “Орано” групп хамтран ажиллах уу?

           -“Орано” групп нь цөмийн эрчим хүчний станцын асуудлыг хариуцдаггүй. Монгол Улсад цөмийн цахилгаан станц барих үгүйг өөрсдөө шийдэх эрхтэй. Монгол Улс цөмийн цахилгаан станц барих шийдвэр гаргачихвал Франц Улсын Цөмийн эрчим хүчний аж үйлдвэр бүх талаар туслахад бэлэн байгаа.

-Оюутолгойн гэрээг байгуулснаас хойш манайд хийх гэж байгаа том төсөл нь энэ. Тиймээс эдийн засгийн хүлээлт өндөр байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсад айлчлал хийх үеэр хөрөнгө оруулалтын гэрээний протколд гарын үсэг зурсан. Энэ үеэр манайх татварын асуудал дээрээ өгөөж өндөртэй байх талаар ярилцсан гэж мэдээлсэн. Гэхдээ зарим асуудалд “Орано” групп ярилцах шаардлагатай гэсэн. Хүлээгдэж байгаа асуудал бий юү?

            -Хувьцаа эзэмшигчийн болон оффтейк гэрээг хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа шинэчилнэ. Мөн ТЭЗҮ-ийг хөрөнгө оруулалтын гэрээний заалтад тохируулж өөрчлөлт оруулна. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурчихвал том хэлэлцээр хийхэд асуудал гарахгүй.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

          -Баярлалаа.


 

 


НИКОЛА МАС: МОНГОЛ УЛСАД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-29 13:41:55
    Зочин : Манайд ашиггүй бол хийх шаардлагагүй ш тээ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188