• Өнөөдөр 2024-05-05

АЙМГИЙН АРСЛАН Б.ӨСӨХБАЯР: Аав миний магнайг зөөлөн илбээд “Миний хүү сайн бөх болно” гэдэг байсан даа

2024-01-27,   8840

 
Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн “Эр бор харцага” булангаараа Увс аймгийн тэс сумын харьяат аймгийн арслан Б.Өсөхбаяртай ярилцсаныг уншигч таны дэлгэж байна.

-Эргэлт.мн нийт уншигч, үзэгчдийн өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе?

          -Баярлалаа. Эргэлт.мн мэдээллийн сайтын нийт уншигч, үзэгч болон танай хамт олонд энэ өдрийн халуун мэндийг хүргэе. “Эр бор харцага” булангаар бөхдөө хайртай монгол түмэнтэйгээ мэндчилэх болсондоо баяртай байна.

-Та үндэсний бөхийн спорт гэх айл руу анхлан хэрхэн орж байсан бэ. Энэ тухай яриагаар хөөрөлдөөнөө эхлэх үү?

          -Би багасаа л барилдаж өссөн гэж хэлж болно. Манай аав, ах нар барилддаг байсан. Тийм ч болохоор багасаа л бөхөд дуртай байв. Миний төрж, өссөн нутаг Увс аймгийн Тэс сумын улсын начин Улаан гуталт М.Цэрэндорж, Оргилболд гээд үлгэр жишээ авах олон бөх байдаг. Ер нь намайг бага байхад аав минь “Миний хүү бөх болно” гэж их хэлдэг байсан. Тийм ч болохоор би бөх болно гэж багасаа л боддог байв. 10-н жилийн дунд сургуульд сурдаг байхаасаа л сум орон нутгийнхаа наадамд барилдаж, том цолтой бөхчүүдийн аманд гардаг байсан. Тэр үед давж, унах нь чухал биш. Харин барилдах нь хамгийн сайхан байлаа.

Дээлийн суга, өвдөг тохой ер нь тэсэхгүй байнга л урагдана даа.

-Багасаа л барилдах дуртай байсны хувьд бөхийн дугуйланд хамрагддаг байв уу, эсвэл айл саахалтын хүүхдүүдтэйгээ барилдаж, бөхийн эрдэмд суралцаж байв уу?

          -Бөхийн эрдэм заадаг дугуйланд хамрагдаж, гол усныхаа ч хүүхдүүдтэй ч барилддаг байлаа. Тэс сумынхаа бөхийн дугуйланд мэх сурч түүнийгээ малын бэлчээрт хүүхдүүдтэй барилдахдаа туршдаг байсан.  Ер нь хөдөөний хүүхдүүд өдөржин л малын бэлчээрт барилдан шүү дээ. Өөр хийгээд байх онц ажилгүй. Өглөө нарнаас орой жаргах хүртэл барилдана. Дээлийн суга, өвдөг тохой ер нь тэсэхгүй байнга л урагдана даа.

          Тавдугаар ангид сурч байхдаа анх Баттулга багшийг дагаад аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Тухайн үед нэгдүгээр тойрогтоо унаад их сүртэй уйлж байв.

-Тэгэхээр та их хор шартай хүүхэд байж ээ?

          -Хүүхэд байхдаа их хор шартай хүүхэд байсан даа. нэгдүгээр тойргийн барилдаанд унаад бараг 30 гаруй минут уйлсан. Гэтэл Баттогтох багш ирээд “За хүү минь бос. Чи бөх болох гэж байгаа бол халаалтаа сайн хийх хэрэгтэй” гээд хаалтын дасгал зааж байсан даа.

          Би 10 жилийн сургуулиа төгстлөө сумандаа л байсан. Сумынхаа биеийн тамирын багшаас мэх сурч үеийнхээ хүүхдүүдтэй барилдаж, аав, ээждээ тусалж бусдын адил өссөн. Мэдээж бусад хүүхдээс ялгаатай нь надад бөх болох хүсэл тэмүүлэл дүүрэн байсан. Үүнээс гадна 2013 онд өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гээд сумаасаа Улаанбаатар хотод ирж байлаа. Хотод нэг сар гаруй хугацаанд бэлтгэл хийгээд Сүхбаатар аймагт болсон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 10 дугаар байрт орж, уран барилдаанд бөхөөр шалгарч байв. Энэ нь надад бөх болох том урам зоргыг өгсөн. Бөөн баяр болоод л сум руугаа буцаж байсан даа.

-Та бөхийн эрдэмд хэзээнээс дүрэм журмаар нь хэдэн оноос суралцаж бэ?

          -2015 онд оюутан болж хотод ирээд Аварга сургуульд Б.Адъяахүү багш дээр бэлтгэл хийж эхэлсэн. Дараа нь Алдар спорт хороонд бэлтгэл хийсэн. Ер нь бол 2016 оноос хойш л тууштайгаар бөхийн бэлтгэл хийж, барилдах эрдэмд эргэлт буцалтгүй орж байлаа. Зун нь “Увс нуур” галд нэгдэж бөхийн бэлтгэлд гарсан. Дараа жил нь сумынхаа наадамд барилдаж сумын цол хүртсэн дээ.

-Улс, аймгийн цолтой бөхчүүдтэй бэлтгэл хийж мэх сурахаас гадна ёс зүйтэй төлөв түвшин байхад суралцдаг байв уу?

          - Бөхийн ёс зүй гэдэг бол асар том хүндлэл. Ахмад настай бөхчүүдээ хүндэлнэ. Тэднээс суралцана, үлгэр дуурайлал авна гэдэг бол том завшаан шүү дээ. Бөхийн ёс зүй бол хүндлэл. Хүндлэл бол жудаг. Том цолонд хүрэх гэж бөх хүн маш их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулдаг. Тэгж байж л том цолонд хүрж байгаа. Тийм учраас бид тэр хүний хөдөлмөрийг хүндлэх ёстой.

Манай аав, ээж бөх удамтай хүмүүс л дээ. Улсын начин улаан гуталт Цэрэндорж бол манай авга ах

          Манай нутгийнхан бөхөд их хайртай хүмүүс байдаг. Тийм ч учраас намайг барилдаж байхад миний ард нутгийн ах, дүүс харж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн итгэл, сэтгэлийг алдахгүй байх нь их чухал. Тиймээс би нутгийнхаа том цолтой бөхчүүдийн залгамж халаа болоод улсын цолонд хүрч сайхан барилдах юмсан гэж боддог.

-Монголчууд бид “Удмаа дагаж бөх төрдөг” гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр танай аав, ээжийн удамд танаас өөр барилддаг хүн бий юу?

          -Манай аав, ээж бөх удамтай хүмүүс л дээ. Улсын начин улаан гуталт Цэрэндорж бол манай авга ах. Мөн улсын харцага Батбаатар, улсын начин Оргилболд гэх мэт 20 гаруй барилддаг болон барилдаж байгаа бөх манай аавын удамд бий. Харин ээжийн талд манай сумын анхны аймгийн арслан Төгсжаргал хүн байсан юм билээ. Үүнээс гадна Өмнөговь аймгийн арслан Төгсдөлгөөн манай ээжийн талын хамаатан. Аав, ээжийн талд бөх удамтай хүн л дээ, би. Түүгээр ч бахархаж энэ гал голомтоо залгуулж, үргэлжлүүлэхийг л боддог.

Тухайн үед Чойжилсүрэн бид хоёр залуу бөхчүүд байлаа. Хоёулаа л сумын заан цол хүртэх гээд тажигнатал сайхан барилдсан даа

          Миний аавыг Т.Баттулга гэдэг. Сумын заан цолтой, тойргийн аймгийн начин бөх хүн байлаа. Мөн аймгийн алдарч уяач цолтой. 1994 онд сумын заан цолтой бөхчүүдийн барилдаан бөхийн өргөөнд зохиогдож байхад Тэс сумаас зорьж ирж барилдаад зургаадугаар байранд шалгарч байсан юм билээ. Бөх сонирхогчид тухайн үед “Увсын аймгийн Тэс сумын бөх Т.Баттулга түрүүлэх юм байна даа” хэмээн ярьж байсан гэдэг. Аав маань хурдан хүлэг уяж, хурдлуулаад аймгийн алдарч цол хүртэж байсан.Харамсалтай нь 2017 онд тэнгэрт дэвшсэн дээ.

 

Нэг л болж өгөхгүй доогуур даваанд унаад байлаа

-Анхны юм гэдэг хүний сэтгэлд хэзээ ч мартагдахааргүй дурсамжыг тээж байдаг шүү дээ. Тэгэхээр таныг сумын заан цол хүртэж байсан дурсамжаасаа хуваалцана гэж бодож байна?

          -Би 2017 онд сумандаа очиж барилдаад заан цол хүртэж байсан. Тухайн үед сумынхаа наадамд хоёр давчихаад байж байтал улсын начин Хүрэлсүх ах гурвын даваанд амлаж, гурвын даваанаас гаргаж өгсөн. Харин дөрвийн даваанд аймгийн арслан Нямбат ахтай нэлээд удаан барилдаж, барьц сонгоонд хүрч давсан даа. Тавын даваан аймгийн начин Саранзолбоо  ахтай тунаж барилдаад өвдөг шороодуулсан. Зургаагийн даваанд Чойжилсүрэн найзтайгаа барилдаж давсан. Тухайн үед Чойжилсүрэн бид хоёр залуу бөхчүүд байлаа. Хоёулаа л сумын заан цол хүртэх гээд тажигнатал сайхан барилдсан даа. Харин дараа жил нь буюу 2018 онд сумын заан цолоо батлаж байв.

-Сумын заан цол хүртэхэд нь гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан бэ. Аав, ээж, хамаатан, садан нь сайхан урмын үгээр мялаасан байх?

          -Мэдээж урмын сайхан үг хэлж, зам мөрийг минь мялаалж, баяр хүргэсэн. Гэхдээ манайхан бөх ихтэй болохоор ч тэр юм уу, ер нь даруухан хүлээж авсан. Түүнээс биш найр наадам болж, сүртэй хүлээж аваагүй л дээ. Харин аймгийн арслан цол хүртэхэд бол сайхан хүлээж авсан даа. Би 2017 оноос хойш аймгийн арслан цол хүртэх гээд үзээд л байсан. Нэг л болж өгөхгүй доогуур даваанд унаад байлаа. 2022 онд Дархан-Уул аймгийн наадамд зодоглоод аймгийн Арслан цол хүртсэн. Тухайн үед намайг аймгийн арслан цол хүртэхийг хүлээж байсан олон хүн байлаа. Тэр хүмүүсиийн хүлээлтийг гүйцээж чадсан даа баярладаг. Тухайн жил манай үеэл ах Оргилболд улсын начин цол хүртээд давхар баяр болж байлаа.

Аймгийн арслан цол хүртээд бөхийн өргөөнд барилдахаар хариуцлага өндөр болдог

-Та заал, танхимын барилдаанд нэлээд сайн барилддаг байсан. Тухайн үеийн дурсамжаасаа сонирхолтой түүх хуваалцана гэж бодож байна?

          -2019 онд сумын заануудын барилдаанд анх түрүүлж байлаа. Тухайн үед бэлтгэл тийм ч сайн байгаагүй. Гэхдээ тухайн үед үнэхээр их баярлаж байсан. Нутаг нутгийн шилдэг сумын заанууд шүү дээ. Бүгд л аймгийн цол горилж байгаа шилдэг сумын заанууд. Тэднийг давж түрүүлэхээр баярлахгүй байхын аргагүй л дээ. Дараа нь 2022 онд мөн л сумын заануудын барилдаанд дахин түрүүлсэн. Би сумын заануудын барилдаанд хоёр түрүүлж, долоо шөвгөрсөн дөө. Аймгийн арслан цол хүртээд бөхийн өргөөнд барилдахаар хариуцлага өндөр болдог. Мөн сэтгэл зүйд өөр түвшинд очдог юм билээ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа

-Баярлалаа

 


АЙМГИЙН АРСЛАН Б.ӨСӨХБАЯР: Аав миний магнайг зөөлөн илбээд “Миний хүү сайн бөх болно” гэдэг байсан даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 18
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-29 23:14:29
    Зочин: Допингчин
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-27 19:43:45
    Зочин: Өөрөө л сайн хичээхгүй бол улсын цолонд хүрэхгүй дээ, ямар сонгууль биш иймэрхүү юм захиалгаар бичүүлж пиар хийх хэрэг юун, бэлтгэлээ чанартай сайн хий, допинг хэрэглэдэг бол тэрнийхээ дозыг сайхан тааруул, найрааны мөнгө цаасаа бэлд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-24 20:18:56
    Дүгэржав: Амжилт хүсэе сайхан барилддаг аймгийн арслан үргэлж барилдааныг нь шимтэж хардаг өндөр цолонд хүрэх ерөөл өргөе чи чадна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-24 15:43:20
    Нямаа : Дүүдээ амжилт хүсье үндэсний бөхөөр сайн барилдаж улсын цолонд удахгүй хүрээрээ гэж ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-24 00:15:17
    Зундуйн Цэнд-Аюуш : Амжилт хүсье дүүд Сэтгэгдэл дээр нутаг ус удам судраар нь доромжилж хулгайч худалчаар дуудаад буй нөхөр амаа татаарай бусдын амжилтаар бахархаж дэмжиж сур Би зөв гэж байгаа биш гэхдээ 3 хоногийн нойр даах 3 хоногийн өл даах чадвартай байж хулгай хийдэг байх шүү Манай нутгийнхан альч талаараа чадвартай төрдгийм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 21:32:04
    А. Мөнхбилэг: Ulsiin tsoltni egneed orooroi ah
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 20:17:18
    О.Баянмөнх: Спортын өндөр амжилт хүсье Үндэсний бөхөөр сайн барилдаж улсын цолтоны эгнээд удахгүй орох болтугай гэж ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 18:40:30
    Даалхай: Найздаа спортын өндөр амжилт хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 18:34:54
    Зочин: Мөнгөтэй байхад зовлого хэрэггүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 17:46:45
    Ichinhorloo: Nutgiin dvvdee amjilt hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 14:43:16
    Д.Цэнгэлмаа: Дүүдээ амжилтын дээдийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 14:28:50
    Baldorj'Y: Amjilt hvsie barildanigen vgvlj bain shvv
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 12:42:14
    Мөнкөө: Амжиль хүсье. Мундаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 12:02:05
    О.Цэвэлмаа: Огшиж уншлаа.Дүүдээ амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 11:46:40
    1: Амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 11:45:35
    Х: Амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 11:31:34
    Зочин: Эр хүүхэд нь бөх дуучин хулгайчын сонголттой л төрдөг Тэсийн малын хулгайчын удам Допинг гшаагаад тэр ньнээсээ болж бас л зүрхний хэм алдагдсан Батсуурийн ижил бодис хэрэглэжээ энэ бөхөнцөр
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-23 11:19:08
    Ба: амжилт андааа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188