• Өнөөдөр 2024-04-29

МУГЖ Х.БАТЖАРГАЛ: ХҮҮХЭД ХЭМЭЭХ БУРХАД НАДАД ГАВЬЯАТ ЦОЛ ӨГЛӨӨ

           Түүнгүйгээр хүүхэлдэйн театрын тайзнаа тавигдах бүтээлийг төсөөлөшгүй, түүний уйлж, дуулж, уурлаж, гомдсон хоолойн өнгө, эмоцигүйгээр хүүхэлдэй ч амилахгүй. Эцэг, эхдээ “шоовдорлогдсон хүүхэд” шиг манай улс Хүүхэлдэйн театраа үнэндээ л хөсөр орхисон. Хэн ч анхаардаггүй, эргэж тойрдоггүй энэ буйдхан театрт арав хүрэхгүй хүмүүс л хүүхдийн төлөө, тэдний оюун санаа, төлөвшилд нэг ч болов гэрэл нэмэхийн тулд чин сэтгэлээсээ дурлаж ажилладаг.

        Тэдний нэг, тэгээд бүр ахмад нь уран бүтээлчиддээ Амбажаа гэж алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Батжаргал. Хүүхэлдэйн театрыг өдгөө 40 жил нуруун дээрээ үүрч яваа түүнд гарцаагүй онож өглөө, гавьяат цолыг. Түүнийг хүмүүс төдийлөн танихгүй ч хүүхэлдэй амилуулдаг дотно дулаан хоолойг нь хүүхэд бүр андахгүй болов уу. Хорь гаруйхан настайгаасаа энэ тайзнаа гарч хүүхдийн төлөө тууштай зүтгэж яваа түүнтэй ярилцлаа. Тэрбээр театртаа жүжигчнээс гадна найруулагч, гэрэлтүүлэгч, тайзны ажилтан гээд олон ажлыг хийсэн юм. Дэлгэцийн ганцхан бүтээлд тоглосон нь “Эцсийн тушаал” теле жүжиг байна.

ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ГУРАВ ДАХЬ ГАВЬЯАТ

    -Танд МУГЖ цол хүртсэнд баяр хүргэе. Уран бүтээлчид, үзэгч багачууд нь баярлаж байгаа байх аа?

              -Баярлалаа. Хүүхэлдэйн театрт 40 жил болж байна. 25 жилийн дараа гавьяат жүжигчин гэдэг эрхэм цолыг театрын хамт олон, бидний бурхад болсон хүүхдүүд минь өглөө. Театр минь анх 1948 онд байгуулагдсан. Энэ хугацаанд гурван гавьяат төрлөө. А.Чойсон найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан. Тэгэхээр гавьяат цол ганц надад өгч байгаа шагнал биш. Монгол Улсын Хүүхэлдэйн театрт өгч байгаа шагнал гэж бодож байна.

Мөн хүүхэд хэмээх бурхадын ач буян, ээл ивээл шүү дээ.

-Та театртаа тууштай үнэнч ажиллажээ. Аливаад тууштай энэ зан чанар өнөөд их ховор байна шүү дээ?

            -Энэ бол хувь хүний мөн чанарт байдаг болов уу. Намайг төрүүлж, өсгөсөн аав, ээж, сурган хүмүүжүүлсэн багш нарын ач тус байх, тэдний ур чадвар, зааж сургасан зүйлийн үр нөлөө байх аа. Мэдээж театраасаа өөр газар орох, арай цалин мөнгө гайгүйтэй ажил хийх хүсэл тэмүүлэл байсныг нуугаад яах вэ. Гэхдээ ахмадуудынхаа захиасыг биелүүлэхгүй орхиж чадаагүй. Анх 1984 онд уран бүтээлийнхээ дадлагыг Хүүхэлдэйн театрт хийгээд хүүхэлдэйн урлагийн босгыг алхаж байлаа.  1985 онд сургуулиа төгсөж ирээд, Хүүхэлдэйн театрт томилогдон очиж байсан. Томилолтоор ирсэн хугацаанд ямар ч байсан гурван жил ажиллах ёстой гэсэн журамтай байдаг байв. Хүүхэлдэй гэж юу байдгийг ч мэдэхгүй, хэрхэн амилуулах ойлголт ч байхгүй байхад Хүүхэлдэйн театрын ахмад, архаг уран бүтээлчид бидний чиглүүлж, зааж, эхнээс нь сургаж байлаа. Хүүхэлдэйгээ гар дээрээ өргөхөөс л эхэлж байлаа шүү дээ. Удаан дээш өргөхөөр гар их чилнэ. Тэгээд өөрийн дураар доош буулгаж болохгүй нарийн дэгтэй байлаа. Дараа нь дуу хоолойгоо, хүүхэлдэйны үйлдэлтэй нэгтгэж, зөрөхгүйгээр амилуулахыг сурсан. Үзэгчийг харахад хүүхэлдэйн дуу оруулаад байгаа юм шиг боловч их нарийн ур чадвар, мэдрэмж шаарддаг.Драмын театрын жүжигчин өөрийн биеэр тайзнаа гараад тоглодог бол хүүхэлдэйн жүжиг өөр онцлогтой. Хүүхэлдэйг хүн шиг амилуулахын тулд уран бүтээлчээс их ур чадвар шаарддаг. Дэлхийн бусад оронд хүүхэлдэйн жүжигчний анги гэж тусдаа байдаг юм билээ.

Харин манайд жүжигчнээр төгссөн уран бүтээлч өөрийн сонирхлоороо хөтлөгдөн сурч, тоглодог.

-Хамгийн гол нь амьгүй зүйлийг амилуулдгаараа онцлог юм байна?

        -Тэгэлгүй яах вэ. Тухайн дүрийг хүүхэлдэйгээр дамжуулан гаргахын тулд тухайн уран бүтээлч бүх сэтгэл, оюун ухаан, үйл хөдлөлөөрөө амилуулна. Үүгээрээ онцлог. Мөн хүүхэлдэйндээ тохирсон дуу хоолой хийж байх ёстой. Нэг хүүхэлдэйг хоёроос гурван хүн нийлж байж амилуулна. Тухайн гурван хүн гурвуулаа нэг бодол, сэтгэхүйтэй байх ёстой гээд нарийн зүйл их бий. 

-Анх та ямар бүтээлд тоглож байв?

     -Анх А.Чойсон гуайн зохиол “Илбэчин” жүжигт тоглосон. Оюутан байхдаа дадлагаа хийгээд явж байтал Хүүхэлдэйн театраас "Жүжигт хүн дутаад байна" гээд жүжигчин Баасансүрэн бид хоёр ажилласан. Тухайн үед утас мөртлөө таягт хүүхэлдэй байсан. Өөрийн биеэр гарч ирдэг, амилуулдаг төрөл л дөө. Харин сургуулиа төгссөнийхөө дараа “Хүн чулуу” таягт хүүхэлдэйг тоглож амилуулж байлаа. Хүүхэлдэйн театрын гол зүйл бол таягт, хуруун, утсан, сүүдрэн хүүхэлдэй, хар жүжиг гэсэн үндсэн таван суурин дээр салаалж жүжгээ тавьдаг.

-Хүүхэлдэйн театрын юу нь таныг хамгийн их татсан бэ. Магад ямар нэгэн шалтгаан бий болов уу?

            -Хүүхэлдэйн театрт намайг анх жүжигчнээр авсан ахмад уран бүтээлч нарын итгэл л намайг өдгөө хүртэл тууштай алхуулсан хамгийн гол зүйл болов уу. Биднээс хойш нуруун дээрээ авч явна шүү гэсэн итгэлийг өгч байсан. Залуу байхдаа олон сайхан жүжигт ажиллаад, ахмадууддаа магтуулж байлаа. Тэр магтаал, урам, итгэл л театраа орхиж болохгүй гэсэн бат чанарыг өгсөн байх аа. Энэ хугацаанд тавуулаа ч ажиллаж байлаа.

Асуудал, бэрхшээл багагүй байсан ч нэг ч удаа театраасаа холдоогүй дээ.

Мөн нөгөө талаар таны театраас холдоогүй шалтгаан нь хүүхдүүд байх. Тэд хамгийн үнэнч үзэгч байх шүү?

        -Хүүхдүүд бол бурхад. Хамгийн үнэнч, шударга үзэгчид. Жүжиг тоглож байхад өөрсдийнхөө эмоцийг шууд илэрхийлнэ. Зөв, бурууг сайтар ялгана. Бид чинь театрын үзэгчдийг багаас нь бэлдэж байгаа юм шүү дээ. Хамгийн гэгээн тунгалаг ертөнцтэй, бүх зүйлийг үнэн, зөвөөр нь шүүдэг нь хүүхдүүд байдаг. Хүүхдүүдийн тархинд нэг ч болов зүйл хийх, тэдний төлөвшил, хүмүүжилд нөлөөлөх сөн гэж бид ажилладаг. Хүүхдүүд аав, ээж нь хэлэхээр төдийлөн үг авдаггүй мөртлөө жүжиг, кино үзэхээрээ итгэдэг. Тийм болохоор сургамж авч, өөрчлөгддөг шүү дээ. Тэгэхээр хүүхдийн жүжгийн хүүхдүүдэд үзүүлэх гол нэг нөлөө нь тэр юм.

Хүүхдүүд аав, ээж нь хэлэхээр төдийлөн үг авдаггүй мөртлөө жүжиг, кино үзэхээрээ итгэдэг. 

-Одоо театраа ямар болоосой гэж хүсэж байна вэ?

      -Театр минь өөрийн байр, номын сантай болоосой гэж хүсэж байна. Мөн уран бүтээлчид тэлж, олон сайхан жүжгийг хүүхэд багачууддаа хүргэх хэрэгтэй. Хүүхэлдэйн театрын үндсэн таван төрлөөс илүү тэлж, өөр, шинэлэг болох хэрэгтэй болов уу.

-Ярилцсанд баярлалаа.

   -Баярлалаа.


МУГЖ Х.БАТЖАРГАЛ: ХҮҮХЭД ХЭМЭЭХ БУРХАД НАДАД ГАВЬЯАТ ЦОЛ ӨГЛӨӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-06 08:56:36
    аод: Сайхан бнаа Амжилт
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188