• Өнөөдөр 2024-05-03

“БӨРТЭ ЧОНО-2023” НААДМЫН ШИЛДЭГ ШҮҮГЧ Б.АЛТАНГАДАС: Бидний гол зорилго бол олимпын аварга төрүүлэх

     “Бөртэ Чоно-2023” наадмын шилдэг шүүгчээр олон улсын олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас шалгарсан билээ.портын салбарт зүтгэж байгаа тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийн гол зорилго бол Монгол Улсаас олимпын аварга төрүүлэх" гэж бахархал дүүрэн ярих түүний ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

-“Бөртэ Чоно-2023” наадмын шилдэг шүүгчээр шалгарсанд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаад яриагаа эхэлье?

             -Баярлалаа. “Бөртэ Чоно” шагнал спортынхны хувьд оны хамгийн чухал шагналын нэг байдаг. Тухайн жилдээ спортын амжилтаараа тэргүүлж буй хүмүүс хүртдэг шагнал. Тэр ч утгаар нэр хүндтэй энэ сайхан шагналыг хүртсэндээ баяртай байна.

Миний төлөө сэтгэл зүрхээ зориулж, нэг зорилгод тэмүүлдэг хүмүүсийн шагналыг би төлөөлөн гардлаа гэж бодож байна.

-Чөлөөт бөхийн шүүгчээр хэчнээн жил ажиллаж байна вэ?

           -Шүүгч болох замнал 2008 оноос эхлэлтэй. Тэр жил аав шагнал авахад шар зангиа бэлгэнд ирсэн юм. Тухайн үед аав минь бэлэгшээгээд, “Чөлөөт бөхийн шүүгч шар зангиа зүүдэг. Миний хүүд энэ хэрэг болно” гэж байсан. Тэгээд 2009 онд Аварга биеийн тамирын дээд сургуульд элсэж ороод,  Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Х.Намшир, ОУХМ Ю.Гандолгор багш нар “Шүүгчийн сургалт болно, чи хамрагд” гэж санал тавьснаар, хамрагдаад шүүгч болж байсан түүхтэй.

Анх аавынхаа өгсөн шар зангиаг зүүгээд дүүргийн аварга шалгаруулах тэмцээн шүүгээд эхэлж байлаа.

-Аав нь таныг яагаад спорт, тэр дундаа спортын шүүгч рүү хөтлөх болсон юм бэ?

        -Аав өөрөө байгаль орчны мэргэжилтэй хүн мөртлөө бөх сонирхдог. Тиймээс ч  намайг бөхийн спорт руу хөтөлж, Монгол Улсын начин Ренчидорж багш дээр жүдо самбо төрлөөр барилдуулах гэж шавиар оруулж байсан юм. Би харин төдийлөн идэвхтэй барилдаж чадаагүй л дээ. Дараа нь Архангай аймгийн хоёрдугаар арван жилийн Ёндонжамц багш дээрээ шавь орж, чөлөөт бөхийн спорт руу орж байсан түүхтэй. Тэгээд тамирчнаар яваад, аймгийн шигшээ багтаа багтаад, бүсийн тэмцээн, улсын аварга, хүүхдийн наадам гээд оролцож байсан. Мөн улс, бүсээс тодорхой медаль ч хүртсэн. Дараа нь дасгалжуулагч, шүүгч болсон. 

-Спортод аав нь хөтөлсөн ч гэлээ ороод суралцах явцдаа өөрөө дуртай болсон байх. Спортын шүүгч байхын сайхан нь юу вэ?

          -Тамирчин байсан хүн чинь спортоо орхиж чаддаггүй. Спортын шүүгч  тамирчдыг бэлтгэж төрүүлэх, шүүлтийн талаараа үнэнч шүүснээрээ тухайн тамирчныг зөвөөр дээшээ гаргаж ирэх нь чухал байдаг. Чөлөөт бөхийн спортын тулгын гурван чулуу нь дасгалжуулагч, тамирчин, шүүгч гурав. Нэг нь байхгүй бол тухайн спорт явдаггүй. Шүүгч харин шударга, зарчимтай байх ёстой.

-Тэмцээнд шүүгчээр ажиллаж байхад улсынхаа тамирчдын барилдахыг хараад сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гээд байдаг тохиолдол бий болов уу?

   -Тэмцээний шүүгч ямар нэгэн тамирчныг дэмжихгүй, орилохгүй гэдэг заалт дүрэмтэй. Иймээс дүрмэндээ барилдаад шүүж байх явцдаа орилж чаддаггүй. Мэдээж суудал дээрээ сууж чадахгүй өндөлзөх үе бий.

-Тухайлбал ямар тэмцээний үеэр сэтгэл хөдөлж байв?

       -Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр чөлөөт бөхийн Г.Ганхуягийн барилдаан байна. Намайг Аварга сургуульд багшилж байх үед байсан хүүхэд л дээ. Мөн М.Лхагвагэрэлийнхээ барилдааны үеэр өндөлзөнө. Нэг удаа энэ хоёр тамирчныг Азийн аваргад барилдах үеэр орилчих гээд болдоггүй. Тэгээд аргагүйн эрхэнд буруу хараад сууж байсан тохиолдол бий.

-2009 оноос хойш та хэчнээн тэмцээн шүүсэн байна вэ?

               -Тоолж байгаагүй юм байна. Гэхдээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаа, өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн найман тивийн аварга шүүсэн байна. Мөн Зүүн Азийн, Азийн, олон улсын хүүхдийн, Монгол туургатны хүүхдийн зэрэг арваад наадам, 10 гаруй Олон улсын алтан гранпри тэмцээн, 60 гаруй олон улсын зэрэглэлийн тэмцээн шүүсэн байдаг.

-Олимпын шүүгчээр ажиллахаар зорьж байна уу?

   -Олон улсын олимпын зэрэглэлийн шүүгчдийн сонгон шалгаруулалт энэ жил болж байна. Сонгон шалгаруулалт нэгдүгээр сараас эхэлсэн. Олимпын зэрэглэлийн шүүгчдийн нэгдсэн семинар явагдаад, шалгалт аваад тэнцсэн шүүгчдийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр сонгож аваад, ангиллаар нь хуваагаад томилдог.

             Миний хувьд U23 насанд хүрэгчдийн дэлхийн аваргад шүүгчээр ажилласан.

Олимпын шүүгчээр оролцох хүмүүсийн хариу урьдчилсан байдлаар ирэх нэгдүгээр сард гарах бол тавдугаар сард эцсийн байдлаар нэрсээ зарлана.

-Спортын шүүгчийн хувьд олимп хамгийн том мөрөөдөл нь байх?

           -Тэгэлгүй яах вэ. Тамирчин, дасгалжуулагч, шүүгч хүний олимпын наадам гэдэг нэг л мөрөөдөл бий. Гэхдээ Б.Алтангадас гэдэг хүн олимп шүүж байна гэхээс илүү монгол хүн шүүж байна л гэж харна. Олон улсад Монголоо, аавынхаа нэртэй хамт дуудуулах хамгийн сайхан мэдрэмж байдаг.

-Шүүгчийн эрдэмд хөтөлж, зааж сургасан багш нар нь танд юу гэж захиж зөвлөдөг вэ?

               -Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Х.Намшир, ОУХМ Ю.Гандолгор багш бол намайг шүүгч рүү хөтөлсөн анхны багш нар. Дараа нь нэгдсэн сургалт, семинар удирдсан Чөлөө бөхийн шүүгч, дасгалжуулагч Г.Баясгалан, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Сэрээтэр багш нар байна. Багш нар минь шүүгч хүн шударга, төвийг сахидаг, аль нь нэг талыг барьдаггүй, өөрийн гэсэн зарчимтай, аль нэг талд үйлчлэхгүй байх ёстой гэдэг.   

Дээрээс нь шүүгч бол удирдаач. Шүүгч дэвжээн дээр шүүж байхдаа хэдий чинээ тамирчдаа гоё удирдаж, шахаж барилдааныг хэр гоё удирдаж явуулна тэр барилдаан гоё болно гэдэг.

-Чөлөөт бөхийн шүүгчийн цалин мөнгө, урамшуулалын хувьд ямар байдаг вэ?

           -Чөлөөт бөх зарим спортын төрлийн шүүгч нарын дэргэд хүндрэлтэй. Тухайлбал, жүдо гэхэд тухайн тэмцээний чанараас хамаараад цалинжаад явдаг. Харин чөлөөт бөхийн шүүгч бол сэтгэлээрээ хийдэг. Цаанаасаа нэр ирээд сонгогдсон тэмцээнд тодорхой цалин өгнө. Миний хувьд чөлөөт бөхийн спортод өөрийгөө өртэй хүн гэж боддог. Цэцэрлэгт байхдаа би хүнд бэртсэн юм. Энэ бэртлээ давж, хат суулгах гэж аав минь намайг энэ спорт руу оруулсан байх. Тэгэхээр чөлөөт бөх надад хатыг өгч, өдий зэрэгтэй яваа учир өртэй гэж бодож, хичээж зүтгэдэг.

-Тамирчдаасаа хамгийн эрчтэй, хүчтэй, иртэй байна даа гэж хэн хэнийг онцолж хардаг бол?

     -Чөлөөт бөхийн  65 кг жинд Т.Тулга, 57 кг жинд З.Занабазар, 125 кг жинд М.Лхагвагэрэл боломж өндөр байна. Эмэгтэйчүүдээс 50кг жинд Г.Отгонжаргал бий. Эдгээр тамирчдыг олимпын наадамд өндөрт итгэл тавин харж байгаа.

      -Нэгэн он дуусаж, хүн бүр нэгэн жилийнхээ амжилтыг дүгнэж байна. Таны хувьд энэ жил ямар амжилттай байна вэ?

       -Энэ жилийн хувьд миний анхны тэмцээн, арга хэмжээ бол дээр ярьсанчлан олимпын шүүгчдийн нэгдсэн семинар Турк Улсад болоход нь оролцсон. Дараа нь Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажилласан. Тус тэмцээнээс Азийн наадам шүүх 25 шүүгчийн нэгээр сонгон шалгараад Азийн наадам шүүсэн. Дэлхийн чансааны оноо болох насанд хүрэгчдийн тэмцээн байдаг. Мөн 23 хүртлэх насны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, U17 насны ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн шүүсэн байна. Хамгийн сүүлд 23 хүртлэх насны  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байна. Дотоодын бүх насны ангийн  улсын аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажилласан байна.

 -Спортын хүнд сайн ар тал их чухал байдаг шүү дээ. Гэр бүлийнхэндээ хандаж хэлэх зүйл бий болов уу?

  -Мэдээж тэгэлгүй яах вэ. Энэ их завгүй, ачаалалтай үед хамгийн их ойлгож, дэмжиж байгаа хүн бол гэр бүл. Гэр бүл минь байхгүй бол миний амжилт байхгүй. Тиймээс аав, ээж, намайг үргэлж ойлгож ар талыг минь баттай авч явдаг хань, үр хүүхэд, ах, эгч, дүү нартаа баярлалаа. Эдгээр бүх хүний ач тус амжилт гаргахад минь нөлөөлж байгаа. Мөн цэцэрлэг, сургуулиас эхлээд чөлөөт бөхийн бүх үе үеийн багш нартаа баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.

          -Баярлалаа.


“БӨРТЭ ЧОНО-2023” НААДМЫН ШИЛДЭГ ШҮҮГЧ Б.АЛТАНГАДАС: Бидний гол зорилго бол олимпын аварга төрүүлэх
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-22 14:29:53
    Zochin: Amjilt hvsie. Sportin hvn eh oron ulsinhaa neriig tiv delhiid gargaj ywah gedeg saihan yum daa..
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188