• Өнөөдөр 2024-05-04

“IHC” БАГИЙН ТАМИРЧИН Н.ДУЛААНЖАРГАЛЫН ААВ О.НЯМЛХАГВА: ЦАХИМ ТОГЛООМ ТОГЛУУЛАХГҮЙ ГЭЖ БИД ХОРЬДОГ БАЙСАН Ч ХҮҮ МИНЬ ЗОРИЛГО, МӨРӨӨДЛИЙНХӨӨ ТӨЛӨӨ ХИЧЭЭСЭЭР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

         Монголын и-спортын “IHC” баг “PUBG Mobile”-ын дэлхийн аварга болж тус спортын хорхойтнууд болон монголчуудыг баярлууллаа. Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн тус тэмцээний Grand Final шат гурван өдөр үргэлжилж “IHC” багийн ялалтаар өндөрлөж тэд 400000 ам.долларын шагналын эзэд болсон билээ. Alex, Godless, Zyol, DEMO, Abely гэсэн таван гишүүнтэй бөгөөд өмнө нь “Zeus” нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг байжээ. Тус багийн тамирчин Abely буюу Н.Дулаанжаргал нь 1999 оны аравдугаар сарын 25-нд төрсөн бөгөөд и-спортын мэргэжлийн багт  2020 оноос эхлэн харьяалагдаж эхэлжээ.Тэрбээр тоглогчоос гадна багийнхаа аналист, дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Н.Дулаанжаргалын аав О.Нямлхагватай холбогдож баярынх нь сэтгэгдлийг хуваалцлаа.

-Хүүгийнх баг  "PUBG Mobile Global Championship 2023” тэмцээний ялагч болоод эх орондоо ирэх гэж байна. Цом өргөөд зогсож байгаа хүүгээ харсан сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

                -Сайн байна уу, намайг О.Нямлхагва гэдэг. И-спортын "PUBG Mobile Global Championship 2023”  тэмцээний тэргүүн цомыг өргөсөн  “IHC”  багийн  тоглогч Abely буюу Н.Дулаанжаргалын аав. Сэтгэл тэнүүн байна аа. Хүүгээрээ болон багийнхнаар нь их бахархаж байна.

-Тэмцээнийг нь үзсэн үү. Баярт мэдээг нь сонсоод хүүтэйгээ ярьсан уу. Хүү нь юу гэж байна?

                -Хүүтэйгээ хараахан ярьж амжаагүй л байна. Цахим сүлжээнээс хүүгийнхээ амжилтын талаар мэдсэн. Амжуулах ажил олон байгаа учраас завгүй байгаа байх. Би хүүгийнхээ 2021 онд Дубайд оролцсон  тэмцээнийх нь тоглолтыг нь их сонирхож, догдолж үзсэнээ санадаг юм. Хүүгээ дэлгэцээр харах бүрд л сэтгэл хөдлөөд байсан даа.

-Эцэг, эхчүүд хүүхдүүдээ цахим тоглоом тоглуулахгүй  гэж хязгаарладаг шүү дээ. Та хүүгээ тоглохыг нь болиулах гэж оролддог байв уу?

                -Мэдээж тэгэлгүй яах вэ. Бусад эцэг, эхчүүд шиг цахим тоглоом тоглохыг нь хориглож, болиулах гэж их л үздэг  байлаа. Тэгсэн хэрнээ гар утсыг нь сайжруулж, сольж өгөөд битүүхэн дэмждэг байж. Хүүхдийн минь эрүүл мэнд нэн тэргүүнд чухал учраас “Шөнөжин тоглоом тоглоод унтсангүй, хичээлээ орхигдууллаа” гэж үглэж, загнадаг байсан. Дубайд оролцсон тэмцээнээсээ хүрэл цом авч ирсэн цагаас нь хойш хүүдээ илүү итгэж хориглохоо больсон доо.

-Хүү нь багадаа ямар зан чанартай хүүхэд байсан бэ. Өөр чиглэлээр сурсан бол ямар чиглэлээр ажиллах байсан бол?

                -Би эрчим хүчний салбарт ажилладаг юм. Өөрийнхөө мэддэг салбар гээд хүүгээ ШУТИС-д дулааны инженерийн мэргэжлээр сургаж байсан. Гэхдээ одоо өөрийнхөө дуртай, хийж чаддаг IT салбарын чиглэлээр сурч, ажиллавал  дээр юм байна гэж бодох болсон.

 

-Хүүгээ амжилт гаргасан и-спортын шилдэг тамирчин болно гэж боддог байв уу?

                -Дубай хотод болсон тэмцээнээс цом гардаж авахаас нь өмнө их боддоггүй байсан. Төдийлөн найдлага тавьдаггүй байсан хэрэг. Гэхдээ олон улсын тэмцээнд амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дуудуулаад ирэх үед нь итгэл даах юм байна гэдгийг нь ойлгож, илүү дэмжиж эхэлсэн.

-Хэцүү үед нь хүүгээ хэрхэн дэмждэг вэ? 

                -Н.Дулаанжаргал их биеэ даасан хүүхэд. Тэр бүр анхаарал халамж авах гээд байдаггүй юм. Гэр бүл нь хүүгээ сэтгэл зүйгээр нь л их дэмждэг дээ.

-Хүүгээрээ хамгийн их бахархсан мөч нь хэзээ вэ?

                -Хүүгээ "PUBG Mobile Global Championship 2023” тэмцээнд түрүүлж, цомын эзэд болсныг мэдээд хүүгээрээ бахархлаа. Анх Дубайд болсон тэмцээнийхээ хүрэл медалийг аваад ирэхэд нь огшоод уйлж байсан юм. Энэ удаа ч бас огшоод уйлчихлаа. Сэтгэлд багтамгүй баяр төрдөг юм байна.

-Та хүүдээ хандаж юу гэж хэлэхийг хүсэж байна вэ? 

                -Хүүгээ тэсэн ядан хүлээж байна, бид. Эх орондоо ирэхээр нь хүүдээ хэлэхийг хүссэн үгээ өөрийн биеэр очиж хэлнэ гэж бодож байна.

-Хүүгийнхээ тэмцээнийг үзэх үед ямар мэдрэмж төрдөг вэ. Одоо тоглодог тоглоомыг нь сайн ойлгодог болсон уу?

                -Сайн ойлгож, үзэж, дэмждэг болсон. Хожигдоод ирэхээр нь үзэж чадахгүй уйлчих гээд байдаг юм. Ялж байгааг нь харсан ч баярын нулимс унагаана. Тоглолтынхоо үеэр илүүрхээд ирэхээр нь өөрийн мэдэлгүй огшоод “Алаад өг, янзын, зөв” гээд л дэмжинэ шүү дээ. Амьдралаас хүртэж болох хамгийн сайхан мэдрэмжүүдийг л мэдэрч байна даа. Хүүдээ баярлалаа.

-Ярилцсан танд баярлалаа.

         -Баярлалаа.

 


 

 


“IHC” БАГИЙН ТАМИРЧИН Н.ДУЛААНЖАРГАЛЫН ААВ О.НЯМЛХАГВА: ЦАХИМ ТОГЛООМ ТОГЛУУЛАХГҮЙ ГЭЖ БИД ХОРЬДОГ БАЙСАН Ч ХҮҮ МИНЬ ЗОРИЛГО, МӨРӨӨДЛИЙНХӨӨ ТӨЛӨӨ ХИЧЭЭСЭЭР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188